Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,  

   Улсын яллагч М.Берикбол,

   Шүүгдэгч Л.А******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л********ийн А********д холбогдох эрүүгийн ********  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.А******** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.О********тэй бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Л.А******** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.О********тэй бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Ар хөндийн ам гэх газар О******** ахынд би очсон юм. Та яагаад хөгшин настай аавыг минь хэл амаар доромжлоо вэ гэж би хэлсэн. Тэгтэл О******** ах та нар шиг юмнууд намайг хөөдөг хэн юм бэ гээд миний урдаас төмөр лоом барьж босож ирсэн. Би төмөр лоомыг нь авч шидсэн намайг цохих гэхээр нь өөрийгөө хамгаалж О******** ахыг цохисон тэгээд байж байтал О******** ахын эхнэр Бүрэнжаргал нь гэрээсээ гарч ирээд намайг хэл амаар доромжилсон. ...О******** ахын эхнэр Бүрэнжаргал нь намайг О********тэй зодолдож байхад дундуур ороод байхаар нь би Бүрэнжаргал эгчийг таныг оролцох хэрэг биш гээд түлхчихсэн юм тэрнээс биш Бүрэнжаргал эгчийг цохиж зодсон асуудал байхгүй би О******** ахыг цохихдоо шүд хэсэг нь таараад шүд нь хөдөлгөөн орсон байсан. ...би О******** ахыг цохисон нь үнэн миний буруу. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө А******** гэх манай нутгийн залуу манай гэрийн гадаа ирээд намайг хонь гаргаж байхад хонь малдаа яваач гээд юун хонь мал гэхэд хөгшин хүн хонинд явууллаа хонь нийллээ гэхээр нь манай хонинд эхнэр, хүүхэд явж л байгаа шүүдээ гэхэд А******** мотоциклоосоо бууж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиод миний шүд гэмтсэн, миний дээрээс дарж аваад бие хэсэг рүү цохисон тэгээд байж байхад манай эхнэр Бүрэнжаргал ирж салгах гэтэл Бүрэнжаргалыг гурван удаа заамдаж аваад гаргаж байсан. хонин дээр унагаасан хадуурын иш салгаад тавьсан байхад тэр төмрөөр толгой хэсэг рүү цохиж, зодчихоод явсан. ...” гэх мэдүүлэг (хх-7-8х),

Гэрч Ө.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр гэрийнхээ гадаа хонь гаргаж байхад хонь малдаа яваач гэж ирээд манай нөхөр О********ийн нүүр хэсэг рүү шанаадаж аваад шүд рүү нь цохисон, мөн хоёр талын шанаа руу газар унагаагаад цохисон. Хонь малаа харахгүй хашаа хороо дээрээс аавыг минь хөөж туулаа гээд би тэр хоёрыг салгах гэтэл намайг заамдаж аваад гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-13-14х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 446 дугаартай:

1. Б.О********ийн биед зүүн 1,2-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, баруун хацар, хамрын үзүүр, зүүн хацар, дээд уруулын дээр зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Б.О********ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 10 хувь тогтонги байдлаар алдагдана.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. ...” гэх дүгнэлт (хх-17х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-36х), Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт (хх-37), Л********ийн А********гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-38х), 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-39х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Л.А******** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.О********тэй бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Л.А********гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.О********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-7-8х),

Гэрч Ө.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-13-14х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-21х),

 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-39х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.А********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.А******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.А******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч Л.А******** нь хохирогч Б.О********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй хохирогчтой эвлэрч хохирол төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Л.А********г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-39х),

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.А********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

  Шүүгдэгч Л.А******** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч хохирол төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Л.А******** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Л********ийн А********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л********ийн А********г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.А******** нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.А******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Л.А********гийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А********д  шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН