Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1077

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108000001396 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн О (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо .... байрны зүүн хойд талын булан хэсэгт Б.С-ыг “чи эхнэртэйгээ муудаад хөөгдчихсөн юм уу” гэж үгээр егөөдөж асуухад нь уурлаж, түүнийг газар унагаж дээрээс нь өшиглөж эрүүл мэндэд нь хоёр бугалга, хоёр дал, гуя, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 2х), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5х), хохирогч Б.С-ы мэдүүлэг (хх-ийн 22х, 24х), гэрч Б.Ч-ийн мэдүүлэг (хх-ийн 60х), гэрч Г.О-ийн мэдүүлэг (58х), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 15-16х), баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 17х), бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 18х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8986 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 34х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 35х), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 36х), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хх-ийн 39х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41х), шүүгдэгч Д.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-51х) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... байрны зүүн хойд талын булан хэсэгт Б.С-ыг “чи эхнэртэйгээ муудаад хөөгдчихсөн юм уу” гэж үгээр егөөдөж асуухад нь уурлаж, түүнийг газар унагаж дээрээс нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5х),

Хохирогч Б.С-ы: “...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байрны ертөнцийн зүгээр зүүн хойд буланд байрлах үйл ажиллагаа явуулахгүй байгаа, нэргүй пабын үүдний шатан дээр зүс таних О нь нэг танихгүй эрэгтэйтэй цуг архи ууж байхаар нь явж очоод яриа өрнүүлж байгаад хажуудаа чемодантай хувцастай явж байхаар нь би “яасан, чи эхнэртэйгээ муудаад гэрээсээ хөөгдчихөөд явж байгаа юм уу” гээд ёжлоод асуучихсан чинь О шууд надад уурлаад намайг газар унагааж байгаад дээрээс гар, нуруу, хөл, шилбэ хэсэг рүү нийт 5 удаа өшиглөж зодсон. Тэгээд тухайн үед зодуулчхаад юм ярилгүй өнгөрөөгөөд хэд хоног архи ууж явсан бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хамаг бие хөндүүрлээд зүгээр болохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Миний бие хохирлын мөнгөө бүрэн гүйцэт хүлээн авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 22х, 24х),

Гэрч Б.Ч-ийн: “...Манай ах С нь ээж *******гийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... байр ... тоотод хоёулаа амьдардаг. Ах маань ер нь гэртээ тогтохгүй Драгон орчмоор тэндхийн хүмүүстэй архи, дарс уугаад явдаг. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний бие нөхөр, ээжийнхээ хамтаар 23г байрныхаа хажуугаар явж байгаад байрны гадна ах нэлээн согтуу босож чадахгүй дээшээ өндийгөөд буцаж хэвтээд байгааг олж хараад гэртээ дагуулж орж ирсэн. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бие нь зүгээр болохгүй ах “миний толгой өвдөөд, бие хөндүүрлээд байна. Хойд дэлгүүрийн залуу О-т би зодуулсан” гэхээр нь би шууд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Анх үзүүлэхэд “архины хордлого” гэж оношлогдож эмчлэгдсэний дараа зодуулж бие нь гэмтсэн асуудал зовуурь байсан учир ээжтэй ярьж байгаад тус эмнэлэгт хэд хоног хэвтүүлсэн. Ахыг эмнэлэгт хэвтэх хойгуур зодсон гэх О-тай очиж уулзахад “та нар явдаг газраар нь явж, шалгадаг газраар нь шалгуул” гэхээр нь би нөхөр Эын хамт өөрийн ... дугаарын утсаар цагдаагийн 102-т 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед дуудлага өгсөн. Дуудлага өгөгчийн нэрийг хэлэхдээ нөхөр маань өөрийгөө Э гэж хэлсэн. Утга дээр андуурагдаад Э гэж бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 60х),

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 15-16х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8986 дугаартай шинжээчийн:

“1. Б.С-ы биед хоёр бугалга, хоёр дал, гуя, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 28х),

Шүүгдэгч Д.О-ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Ү” хүнсний дэлгүүрийг эхнэрийн хамт түрээслэн ажиллуулдаг. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэртэйгээ бага зэрэг маргалдаад 16 цагийн үед манай дэлгүүрээр ороод гарсан танихгүй эрэгтэйтэй дэлгүүрийнхээ зүүн талд байрлах ... байрны зүүн хойд талын үйл ажиллагаагаа явуулдаггүй, пабын үүдэнд архи уугаад нэлээн халчихсан сууж байсан. Гэтэл 18 цагийн үед зүс таних С гэх залуу ирснээ сонин сонин юм яриад яриа өдөж байснаа “чи яасан юм. Эхнэртэй муудаад хөөгдчихсөн юм уу” гэж хэлэх үед нь гэнэт миний уур хүрээд дээрээс нь нэлээн согтуу байсан учраас хяналтаа алдаад тухайн залууг газар унагаж байгаад дээрээс нь 4-с 5 удаа өшиглөж зодсон. Энэ үйл явдлыг харсан надтай хамт архи ууж байсан үл таних залуу юм хэлэхгүй яваад өгчихсөн байсан. Тэгээд С босож ирээд шууд хаашаа ч юм мэдэхгүй яваад өгсөн. Гэтэл нэлээн хэд хоногийн дараа над руу цагдаагаас ирж мэдүүлгээ өг гэж ярьсан. Би өөрийн гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч хохирлын мөнгө болох 390,200 төгрөгийг С-д хүлээлгэн өгсөн. Би тухайн үед хар өнгийн өөрийнхөө чимодамыг бариад явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.О нь хохирогч Б.С-ы  хэлсэн үгэнд дургүйцэн уурлаж түүнийг өшиглөж хохирогчийн бие махбодод халдсан хууль бус үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.О-ын дээрх санаатай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Д.О нь хохирогчид 390,200 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа нь Д.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Д.О-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Д.О-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ