Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 017

 

 

 

 

К.С, К.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,

тус шүүхийн танхимд прокурор Б.Ботакөз, шүүгдэгч К.Ө, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч К.С-ын өмгөөлөгч Я.Сьезд, Т.Бахыт, орчуулагч Ж.Ахмарал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, К.С, К.Ө нарт холбогдох эрүүгийн 1713000170052 дугаартай хэргийг шүүгдэгч К.Ө болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн С сумын  дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт К-н С, регистрийн дугаар 00000,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сагсай сумын  дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл-3, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ссумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт К-н Өз, регистрийн дугаар 00000

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн нутагт К.Ст, К.Ө нар хоорондоо маргалдаж, улмаар зодолдох явцад К.С нь К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, К.Ө нь К.С-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, салгаж байсан иргэн М.Т-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор:   

“1. Шүүгдэгч А.С-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч К.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ыг 600 “зургаан зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-ийг 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө, К.С нар нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч З.Ө нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч К.С-аас 207600 /хоёр зуун долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж З.Ө-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Ө нь сэтгэл санааны хохирол болон цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч К.Ө болон түүний өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн нутагт К.С, К.Ө нар хороондоо маргалдаж улмаар зодолдох явцад К.С нь К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, К.Ө нь К.С-ын эрүүл мэнд хөнгөн хохирол, салгаж байсан иргэн М.Т-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ыг 600 "зургаан зуун" нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө-ийг 500 "таван зуун" нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Ингэхдээ анхан шатны шүүх нь зөвхөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч К.Ө-ийг гэм буруутайд тооцож, хэрэгт авагдсан бодит нөхцөл байдлыг илчилсэн гол нотлох баримтыг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 7-д "Энэ зүйлийн 4.5-д заасан хүнтэй харилцан ярьсан ярианы талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө задруулсныг сонссон гэрчийн мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар тооцож болно" гэж заасан. Шүүгдэгч К.Ө нь анхнаасаа өөрийгөө гэм буруугүй, хэнд ч гар хүрч байгаагүйгээ хэлж, харин өөрийг нь К.С, Ж, Н, Т нар бүлэглэн зодсон гэж удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Ж, Н, Т нар нь шүүгдэгч К.Ө-тэй утсаар ярих үед ам алдаж, хийсэн хэргийн талаар хэлж, түүнийг бүлэглэн зодсон талаар ярьж өгсөн байдаг. Үүнийг шүүгдэгч К.Ө гар утсандаа бичиж авч, СД хуурцагт буулган хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримт бол ганц ач холбогдолтой нотлох баримт бөгөөд түүнээс бусад нь хэрэгт сэжиглэж байгаа гэрч нарын зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг байсан. К.Ө-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гол нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгүүд нь зөрүүтэй байсан учраас өмгөөлөгчийн хувьд гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгуулахын тулд гэрч Н, Т, Ж, Тил нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

Хэрэгт авагдсан гэрч болон шүүгдэгч К.С нарын мэдүүлгээр К.Ө болон К.С нар зодолдох үед К.С-ын дүү Т нь хамт байсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч К.Ө нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "зөвхөн К.С бид хоёр л харилцан зодолдсон бол юу гэж нэг чихээ хазуулан зогсож байх юм бэ? намайг Тилеубек багалзуурдаж барьж байхад К.С ирж нэг талын чихийг минь хазаж авсан" гэж мэдүүлсэн. К.С анхнаасаа ийм байдлаар мэдүүлэг өгсөөр ирсэн. Харин шүүгдэгч К.С нь К.Ө бид хоёр хоёулхнаа зодолдсон гэж, согтуу байсан учраас юу болсныг сайн мэдэхгүй гэж зөрүүтэй байдлаар мэдүүлгээ өгсөн байсан. Ямартай ч К.Ө-ийн чихийг тасдсан аймшигтай хэргийг зөвхөн К.С ганцаараа хийх боломжгүй байсан. Энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгохын тулд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Үүнээс болж гэм буруутай этгээд ял завших нөхцөл байдал бий болсон.

Шүүгдэгч, хохирогч К.Ө нь нэг талын чихгүй болж эрүүл мэндээрээ хохирсон. Түүний гоо сайхан, гаднах үзэмжид өөрчлөлт орж, өөртөө итгэх итгэлээ алдсан. Нэг жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч гэсэн өмнөх байдалдаа буцаан ороогүй, нэг чихээ алдаж хохирч үлдсэн хэвээрээ байсан.

Анхан шатны шүүх ял оногдуулахдаа уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тэдэнд ялыг сонгон ялгамжтай оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Шүүгдэгч К.Ө болон түүний ар гэрийн хүмүүс "хүнийг хохироож эрэмдэг зэрэмдэг болгосон хүнд оногдуулж буй ял нь хөнгөн болохоос гадна хохирогчийг давхар үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Хохирсон хүн болон хүнийг эрэмдэг болгосон хүнд оногдуулж буй ял нь ялгамжгүй болсон" гэж маш их гомдож байгаагаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч К.Ө болон өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.Үүнд:

1. Үйлчлүүлэгч К.Ө мөрдөн байцаалтын шат болон шүүхэд “...К.С-ыг би зодоогүй, биед нь халдаагүй, түүнийг зодох надад ямар нэгэн шалтгаан байхгүй, харин К.С миний чихийг хазаж зодсон, тэгэхэд би амь тэмцэж өөрийгөө хамгаалж зугтсан” гэж тогтвортой мэдүүлж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч К.С нь үйлчлүүлэгч К.Ө-ийг фургон машинаас чирч буулгасан, К.Ө хашхирч байсан, К.Ө тухайн фургон машинаас 20 гаруй метр газар хүртэл зугтсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.Ө бусдад зодуулсан нь шүүгдэгч К.С-ын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Харин үйлчлүүлэгч К.Ө-ийн хохирогч К.С-ыг зодсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй буюу эргэлзээтэй байна. Үүнийг шүүх анхаараагүй.

2. Үйлчлүүлэгч К.Ө аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй явдалд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь довтолгоо бүхий гэмт халдлагуудын эсрэг хийгддэг учир халдлага бодитой байхыг шаардана. Гэмт халдлага бодитой тулгарсан байна гэдэг нь халдлага хийгдэж эхэлсэн буюу тэр даруй эхлэх байсныг ойлгох бөгөөд довтолгооны аюул өнгөрөөгүй байх ёстой. Халдлага бодитой байх гэдэгт иргэд, нийгэм төрийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа, эсвэл тийм хор хохирол учруулах бодитой шууд аюул заналхийлэл бий болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.Ө-ийн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхад шүүх анхаараагүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, үйлчлүүлэгч К.Өт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, шүүгдэгч К.Ө нарын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ алдаа гаргасан байна.

            Шүүгдэгч К.С нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн морь барианы газарт 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр К.Ө-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зодолдох явцад К.Ө-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

            Шүүгдэгч К.Ө нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн морь барианы газарт 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр К.С-тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар зодолдох явцад салгах гэж очсон М.Т-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, К.С-ыг чулуугаар нүүрэн тус газар нь, мөн толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч К.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тус бүрд торгох ял шийтгүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд К.Ө-ийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, К.Ө-ийн мэдүүлэг, хохирогч М.Т-ийн шүүгдэгч К.Ө-ийн өгсөн мэдүүлэг, хохирлын талаарх баримт, СД бичлэгтэй холбогдуулан гэрч нараас авсан мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулжээ.

            Анхан шатны шүүх хохирогч К.Ө, М.Т, гэрч А.Т, М.Н, К.Ер, Х.Тил, /болон бусад гэрч нарын/ мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтээр иргэн К.Ө-ийн цээжний баруун талд хөх ягаан өнгийн цус хуралт, нурууны хэсэг зулгаралт, зүүн талын чихний дэлбэнгийн гуравны нэг үлдэж гуравны хоёр тасарсан шарх гэмтлүүд учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, иргэн М.Тийн зүүн талын нүдний алимын салстад улаан ягаан дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралттай, хөнгөн зэрэгт хамаарах, иргэн К.С-ын баруун талын хацрын хэсэг болон зүүн талын нүүрний хэсэгт олон тооны бор өнгийн тав тогтсон зулгаралттай, баруун талын нүдний дээд, доод зовхи болон баруун талын гарын хурууны 1 дүгээр үений хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралттай, хөнгөн зэргийн гэмтлүүд учирсныг тус тус тогтоожээ.       

      Шүүгдэгч К.Ө нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч К.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт  “Машин дотроос Ө дуудсан. Т бид хоёр машин дээр очиход Ө, Ж, Н, Е, Тил, Б нар пиво уугаад сууж байсан. Тэгж байхад Т ирж машины жолооч талын суудал дээр ирж суусан. Тухайн үед Ө нэг пиво задалсан тойруулж байсан. Ө миний пивог чи уусангүй, чи засаг дарга Х тал засагч гэх мэтээр намайг доромжилсон. Энэ үед Т намайг машинаас чирч буулгасан, энэ үед Ө миний араас бууж ирээд газраас чулуу аваад миний баруун талын нүүрэн тус газар цохисон. Энэ үед миний нүүрэн тус газар шалбарч цус гарчихсан. Энэ үед Тил бид хоёрыг салгах гэж ирэхэд Ө нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тил нүдээ гараараа дараад цаашаа явсан. Ө дахин ирж намайг толгойгоороо нүүр лүү нэг удаа мөргөсөн. Би газар унасан. Ө миний дээр  ирээд суусан, Ө-ийн цээж тус газраас түлхээд босох гэхэд Ө миний баруун талын долоовор хурууг хазаад тавихгүй байхаар нь би Ө-ийн зүүн талын чихийг хазчихсан. Тилеубек бид хоёрыг дуудсан. Ө бид хоёрыг хэн нь юу хэлснийг хүмүүс гэрчлэх болно. Би бусадтай бүлэглэн Ө-ийг зодоогүй. Зөвхөн бид хоёр зодолдсон. Фургон дотор ямар нэгэн зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг,

            гэрч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний хажууд явж байсан С нь нэлээн халамцуу явж байсан. Ө эхэлж С чи улаан нам, Х нарын бөгсийг долоогч тэдний тал засагч гэсэн.  Ө багийн дарга шал согтуу байсан. Тэгээд бүгд хэрэлдэж маргалдахаар нь С-ыг фургоноос чирч буулгахад фургон дотор байсан залуус бүгд газарт буусан. Энэ үед Тилек, Ө хоёр барьцалдаад авсан. Бид бүгд салгахад Ө газраас чулуу авч Сайрат руу шидэхэд Сайратын нүүрэнд онож цус гоожив. Сайрат очоод ийг цохиод авах шиг болсон. Фургон дотроос Ө дуудсан. Тил ирж салгах гэж байхад Ө гараараа нүд рүү нь цохисон. Эхэлж Ө чулуу аваад С-ын нүүрэн тус газар нэг удаа цохисон. Дараа нь нэг нэгнийгээ барьж аваад зодолдоод байсан. Тилек эрүүл байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ө, С хоёр заамдалцаад зогсож байхаар нь салгах гээд очтол Ө гараа атгаж байгаад миний нүднээс гал манартал нэг удаа цохисон. Дараа нь С, Хоха хоёр мотоциклоор яваад өгсний дараа Ө чихээ барьж авсан бушуу эмнэлэгт хүргээд өг гэсэн. Ө Сайрат хоёр хоорондоо зодолдсон. Өийг бүлэглэж зодсон хүн байхгүй. Ямар ч байсан машины гадна орилж зодолдоод байсан. Ө нэлээн согтуу байсан. Б, Т хоёр эрүүл, С, Е, Ж, Тил, Нур, Тиле нар хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Н /Дудай/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ө эхэлж С-д улаан намын хог Х-т тал засагч гэх мэтээр хэлж хэрүүл маргаан үүсгэсэн. Нэг мэдэхэд С, Ө хоёр машинаас буусан барьцалдаж аваад зууралдаад явж байсан. Ө дуудсан уу нэг нь тэр хоёрыг дуудсан. Энэ үед Т фургоны хаалгыг онгойлгоод С-ыг буу явъя гээд дагуулаад буусан. Түүний араас Ө буусан. Би ч буугаад уясан морио тайлж авч байхад Ө, С хоёр зодолдоод эхэлсэн. Харин тэд нарын дунд Тил салгаж байсан. Би хэнтэй ч бүлэглэн Ө-ийг зодоогүй, зөвхөн Ө, Са хоёр хоорондоо зодолдсон. Машин дотор зодолдоогүй. С, Ө хоёр намаас болж хоорондоо маргалдсан.” гэсэн мэдүүлэг,

гэрч К.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Түүний араас Ө, С, Т гурав фургонд ирж суусан. Машинаас Ө, С хоёр буугаад хоорондоо зодолдож байх шиг байсан.Гадаа нэлээн харанхуй байсан болохоор гадаа яг юу болж байсныг хараагүй. Ах бид хоёр буухад Ө, С хоёр газар нэг нэгнийхээ дээр доор ороод зодолдож байсан. Ө доор нь хэвтсэн, С хажууд нь хагас суусан байдалтай Ө-ийг заамдаж аваад ноцолдож байсан. Тэгээд салгасан. Энэ үед С, Т хоёр мотоциклтой яваад өгсөн. Ө-ийг ах бид хоёр түшиж фургон дотор оруулж ирэхэд зүүн талын чихээ гараараа дарсан байсан. Ө-ийг бүлэглэн зодохыг хараагүй. Намын тухай яриад хоорондоо зодолдсон.” гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Тиле мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ө газар унасан хоёр залуу өшиглөөд байх шиг харагдсан. Тухайн үед хэн өшиглөж байсныг хараагүй. Би машинаас буугаад Ө-ийн хажууд очиход С, Т хоёр мотоциклтой, Н, Ж хоёр мориор яваад өгсөн. Би машинаас буухад Өийн хажууд хоёр хүн байсан ба өшиглөөд байх шиг харагдсан. Тэгээд би өшиглөж байсан байх гэж бодоод өшиглөж байсан гэж мэдүүлсэн. Түүнээс яг Ө-ийн биеийн аль хэсэгт хэн хэрхэн өшиглөснийг баттай хэлж чадахгүй байна. “ гэсэн мэдүүлгүүдийг тус тус шүүх яллах талын нотлох баримтаар үнэллээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж бүхэлд нь үнэлж, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчдийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг удирдлага болгон шүүгдэгч К.Ө нь тухайн үед хэрүүл маргаан анх үүсгэж, зодоон эхлүүлж, хохирогч К.С, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч К.С нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон гэж дүгнэв.

            Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч К.С-ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч К.Ө-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч нар 500.000 төгрөгийн орлого олдог, энэхүү орлогоосоо төлөх боломжтой, гэхдээ торгуулийн ялыг хоёр хувааж төлөх саналтай, анхнаасаа хүлээн зөвшөөрсөн тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж багасгаж өгөхийг хүсэж хөнгөрүүлэх байр сууринаас оролцжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч К.С-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч К.Ө-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ. 

            Анхан шатны шүүх шүүгдэгч К.С, К.Ө нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа шударга ёсны зарчим алдагдсан буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.С-ад холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгч К.С-ын үйлдэл нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, К.Ө-т учирсан хохирол, хор уршгийн шинж байдал зэргийг харгалзан, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч К.Ө түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 7 “... харилцан ярьсан ярианы талаар ... өөрөө задруулсныг сонссон гэрчийн мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар тооцож болно”, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байсан учраас гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, энэ хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, ялыг ялгамжтай оногдуулаагүй, “аргагүй хамгаалалт хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй явдалд гомдолтой байна.” гэжээ.

Хохирогч К.Ө нь “2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Н, Т, Ж, Тил, С нартай утсаар ярьж, яриаг утсандаа бичиж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж, утасны яриаг нотлох баримтаар цуглуулж бэхжүүлж өгнө үү. Иймд урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-т зааснаар, мөн хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т” заасныг удирдлага болгон хохирогчийн гаргаж өгсөн СД-г шууд нотлох баримтаар хангах боломжгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулан бэхжүүлэх, худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй тул мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримтад тооцох ба энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байна. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дуу, дүрсний бичлэг нь баримтат мэдээлэл бүхий нотолгооны нэгэн хэрэгсэл мөн боловч энэ нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул СД-нд буулгасан яриаг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар хохирогч К.Сын гаргаж өгсөн СД нь хоорондоо утсаар ярьсныг хуулсан СД бөгөөд гагцхүү энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн байх шаардлагыг хангаж байж нотлох баримтын шаардлага хангахыг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “харилцан ярианы талаар ...задруулсныг сонссон гэрчийн мэдүүлэг шүүхэд нотлох баримтаар тооцож болно” гэснээр СД буулгасан яриаг нотлох баримтаар тооцуулах хүсэлт гаргасан ч мөн зүйлийн 4.5-д “эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч” гэсэн заалттай уялдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар хуулийн энэхүү заалттай зөрчилдөж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч К.Ө нар шүүгдэгч К.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт учраас гэмт хэрэгт тооцохгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүйгээс гадна хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлан үзэхэд, К.Ө-ийн үйлдлийн хувьд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд уг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 1 дүгээр заалтад “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэснийг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэж, 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчлөлт оруулж, 3 дахь заалтын “, К.С нар...” гэснийг хасаж найруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч К.Ө-ийн “СД-нд бичигдсэн харилцан яриаг нотлох баримтаар тооцуулах, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах, аргагүй хамгаалалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “- Шүүгдэгч К.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “Шүүгдэгч К.Ө-г “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

2 дахь заалтын “ ... шүүгдэгч К.С-ыг 600 “зургаан зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,” гэснийг “...шүүгдэгч К.С-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,” гэж,

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтын “, К.С нар...” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолд:

“21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар эдлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан К.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж шүүгдэгч К.Ө, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлоос “шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй” гэх гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

              

 

ДАРГАЛАГЧ, 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ