Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Ц.Ц /цахимаар/, хохирогч С.С, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав,  шүүгдэгч Я.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, өсвөр насны шүүгдэгч Э.Г, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц, тэдгээрийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.М, М.Т,  Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Мт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835004100047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Мын М, /РД: ОЗ 93110718/.

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 /таван зуу дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Ш ургийн овогт Мын Т, /РД: ОЗ 00233015/.

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Я ургийн овогт Яын Х, /РД: ПЮ 01222233/.

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, М ургийн овогт Тгийн Ц, /РД: ОЗ 98082317/.

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т ургийн овогт Эийн Г /РД: ОЗ 04221110/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр лоом хэрэглэж машин механизм буюу 66-05 УВЗ улсын дугаартай мотоцикл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг 4-30 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Цийн амбаарт хууль бусаар нэвтэрч 20 ширхэг ямааны арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 448,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Сийн 10 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж нийт 825,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Т нь М.Мын Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хулгайлсан 10 ямаа буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох болсон үндэслэлийн талаарх нотлох баримтын агуулга:

1.1. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг гарсан гэх тус аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг 4-30 тоот хашаанд үзлэг хийхээр тогтов. ...9х4 метр хэмжээтэй, хоёр жижиг цонхтой, шар өнгийн хаалгатай, модон амбаар байв. Уг модон амбаарын хаалганы рамын дээд хэсгээс 56 см-ийн доод хэсэгт 23 см-ийн хэмжээтэй мод цуурч авагдсан байх ба цуурч авагдсан модны доод хэсэгт зууван хэлбэрийн хаалганы эх модонд хадагдсан хэсэгтээ хоёр нүхтэй цүү хадагдсан байв. Хохирогч Ц.Ц “Энэ цүүний дотор талын сэнжийг тасалчихсан байсан тул би яаралтай хаалгаа цоожлох гээд буцаагаад хадчихсан” гэж тайлбарлав. ...Байшингийн гол хэсэгт шалан дээр ямааны арьснуудыг дэлгэж тавьсан байв. Уг ямааны арьснуудыг тоолж үзэхэд ...нийтдээ 172 ширхэг арьсыг байшингийн шалан дээр өрж тавьсан байв. Тухайн өрж тавьсан арьснуудаас хоёр болон гурав дахь эгнээнээс арьс алга болсон байдалтай хоосон зай гарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-25-р хуудас/,  

1.2. Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” 1051 дугаартай зөвшөөрлөөр “...Т.Цийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-33-р хуудас/,

1.3. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орон байр болох хулгайлсан арьснуудыг авч ирж хийсэн гэх Наранбулаг сумын хуучин колонк гэх эзэнгүй байгууламжийн орчимд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-38-р хуудас/,

1.4. Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 13 дугаартай тогтоолоор шүүгдэгч Т.Цийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэн, тэмдэглэл үйлдэж, иргэний нэхэмжлэгч Н.Тд хариуцуулан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53-57-р хуудас/,       

1.5. Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2018 оны 6 сараас хойш малчдаас худалдан авч цуглуулсан 204 тооны ямаагаа 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мал нядлах цэг дээр нядлуулж махыг нь Улаанбаатар хот руу ачуулж явуулаад 204 ширхэг ямааны арьснаас 192 ширхгийг дөрөв болон зургаан давхраар 12 эгнээ болгон жижиг модон амбаарынхаа шалан дээр өрж тавьсан юм. ...Би дүүгийнхээ гэрт хоол, цай уугаад амарч байгаад ойролцоогоор 21 цагийн орчимд төрсөн дүү Ичинноровоор өөрийнхөө гэрт хүргүүлсэн. Гэртээ унтаж байгаад ойролцоогоор 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цагийн орчимд сэрээд гэрээсээ гарч бие засчхаад өөрийнхөө байшингаа тойрч үзэхэд модон амбаарын хаалга онгорхой байхаар нь “ямар учиртай юм бол” гэж бодоод явж очиж үзэхэд хаалганы цүүг нь эвдээд хаалгыг онгойлгосон байсан ба хаалганы цоож нь газар унасан байсан. Тэгэхээр нь модон амбаар дотор байсан ямааны арьснуудыг тоолж үзэхэд 172 ширхэг арьс байсан ба 20 ширхэг ямааны арьс дутаж байсан. Ямааны арьс хулгайлагдсаныг мэдээд хөрш Дийг сэрээгээд “манай модон амбаарын хаалгыг эвдээд дотор нь байсан арьсыг хулгайлж авсан байна, та ямар нэг юм анзаарсан уу?” гэж асуухад “надад анзаарч мэдсэн юм байхгүй байна” гэж хэлэхээр нь би “та манай гэрийг түр харж байгаач” гэж хэлчхээд сумын цагдаагийн хэсэг рүү явсан. ...эхнэр Бгийн гар утас руу залгаж болсон үйл явдлын талаар хэлэхэд эхнэр “би аймгийн цагдаагийн газарт дуудлага өгье” гэж хэлсэн. Би гэртээ байж байтал хэсгийн байцаагч, цагдаа хоёр хүрч ирээд манай модон амбаарт хулгай орсон байдлыг үзэж Хд явсны дараагаар би ажил руугаа явахдаа модон амбаарын хаалганд байсан хуучин цүүг дахин шинэ газарт хадаж, мурийсан төмөр сарыг нь цохиж янзлаад амбаарынхаа хаалгыг цоожилсон. ...Манай модон амбаарын хаалганд цүү Хтай байсан хэсгийн мод цуурч газарт унасан, цүүний нэг талын нүх сэтэрсэн, төмөр сар гол хэсгээрээ мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд учирсан байсан. Манай модон амбаарт ямааны арьс хураалттай байгаа гэдгийг манай хороололд амьдарч байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа байх гэж би бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61-р хуудас/,

-Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ ороход эхнэр Б “сая Т гар утсаар ярилаа. Манай амбаараас 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө З, Х, Г, Ц нар нийлж ямааны арьс хулгайлсан юм байна. Амбаараас гаргаж ирсэн ямааны арьсыг Ц өөрийнхөө мотоциклоор зөөвөрлөсөн гэнэ. Тухайн үед Цийн унаж байсан мотоциклийг цагдаа нар хэд хоногийн өмнө хурааж авлаа. Миний хүүхэд болон мотоциклийг хэргээс салгаж өгнө үү гэж ярилаа” гэж хэлсэн. Эхнэр Бг тэгж хэлэх үед нь би 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө нутгийн залуучууд болох Ц, З буюу М, Хуягтбаатар, Г нар бүлэглэн манай амбаараас ямааны арьс хулгайлж авсан нь тодорхой болсон тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгөөгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р хуудас/,

1.6. Иргэний нэхэмжлэгч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр үед манайх өвөлжөөндөө буух гээд завгүй, малаа худгаар татаж усалдаг, ажил ихтэй байсан. Тэр үед хөдөө гэртээ би эхнэр, хүүхдийн хамт байсан. Миний хүү Т.Ц тэр үед найз охинтойгоо уулзана, бензин болон ойр зуурын эд зүйл сумын төвөөс авч ирэх гээд явж хоноод ирэхдээ энэхүү асуудалд холбогдсон байсан. Тэр үед миний хүү Т.Ц миний нэр дээр бүртгэлтэй цэнхэр өнгийн 66-05 УВЗ улсын дугаартай мотоциклтой ганцаараа явсан. Би уг мотоциклийг 2018 оны 4 дүгээр сард Улаангом суманд амьдардаг найз Ч.Баар дамжуулан зах дээр мотоцикл, сэлбэг худалдаа эрхэлдэг Сайнаа гэх хүнээс 1,900,000 төгрөгөөр зээлээр худалдан авч ноолуур гарахаар нь мөнгийг бэлнээр нь аваачиж өгсөн. ...миний мотоциклоор ямааны арьс хулгайлан ачиж тээвэрлэсэн талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. 2019 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагаас хүү Т.Цийг дуудаж, дахин ирээд миний мотоциклийг авч явахад тийм зүйл болсон талаар мэдсэн. Надад нэхэмжлэх зүйл санал, хүсэлт байхгүй. Би өөрийн мотоциклоо авч байвал ямар нэгэн нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/,

1.7. Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Нөхөр бид хоёр 2018 оны 6 сараас хойш Наранбулаг сумын нутаг дэвсгэрт мал маллан амьдардаг малчдаас худалдан авч цуглуулсан 204 тооны ямаагаа 2018 оны 11 сарын 03-ны өдөр мал нядлах цэг дээр нядлуулсан. Уг 204 тооны малын махыг 2018 оны 11 сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд ачааны машинд ачаад Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хотод байхад буюу 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 04 цагийн орчимд нөхөр Ц миний гар утас руу залгаад “модон амбаарт байсан арьснуудаас 20 ширхэг арьс хулгайлагдсан байна. Манай сумын цагдаа нар байхгүй байна, одоо яах вэ” гэж асуухаар нь би “аймгийн төвийн цагдаагийн газар луу утасдаад хэлье. Чи модон амбаарынхаа хаалга үүдийг сайн цоожил” гэж хэлээд 7045102 дугаарын утас руу залгаж “Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг 4-30 тоот хашаанд байх модон амбаараас 20 гаруй тооны ямааны арьс хулгайлагдсан байна” хэмээн дуудлага өгсөн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд нөхөр Цтэй гар утсаар ярихад нөхөр Ц “Аймгийн төвийн цагдаа нар хүрч ирээд хэргийн газрын үзлэг хийж, надаас мэдүүлэг авсан” гэж хэлж байсан. Манай хашаанд байх модон амбаарт ямааны арьс хураалгаатай байгаа гэдгийг Наранбулаг сумын 1 дүгээр багийн иргэд тэр чигээрээ мэдэж байсан байх гэж би бодож байна. Учир нь нөхөр бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нядалсан ямааны арьснуудыг тэр өдөртөө өөрийнхөө хашаанд дэлгэн тавьж хөлдөөгөөд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хашаандаа байх модон амбаар луу зөөж оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75-р хуудас/,

 

-Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Одоо миний санаж буйгаар би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд гэртээ байж  байтал үл таних жи мобайлын дугаараас миний гар утсанд дуудлага орж ирсэн. Дуудлагыг авахад “Сайн байна уу? Би Б байна. Манай хүү Ц танайхаас хулгайд алдагдсан ямааны арьсыг хулгайлж авсан гэдгээ сая надад хэллээ. Цагдаагийн алба хаагчид хэдэн өдрийн өмнө манайд хүрч ирээд хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан байна гээд миний мотоциклийг хурааж аваад явсан. Ц нь танайхаас хулгайлагдсан ямааны арьсыг ашиглаагүй, мөн ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй тухайгаа надад хэлсэн. Миний мотоцикл болон хүү Ц хоёрыг хэргээс салгаж өгөөч” гэж хэлэхээр нь би “хэн хэн манайхаас ямааны арьс хулгайлсан юм бэ? Та яагаад энэ тухай надад одоо хэлж байгаа юм бэ?, хүүхэд чинь хэний дарамтад ороод ямааны арьс хулгайлсан юм бэ?” гэж хэлэхэд Б “Хэд хоногийн өмнө цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирж миний мотоциклийг хурааж аваад явсны дараагаар би хүү Цтайгаа ярилцахад тэр “З, Х, Г нар гуйгаад байхаар нь Ц ахын хашаанаас тэд нарын хулгайлж авсан ямааны арьсыг мотоциклоороо зөөсөн байна” гэж надад хэлсэн. ...Нутгийн танил Бгийн иргэний үнэмлэхийн нэрийг нь Т гэдэг юм. Учирсан хохирлыг барагдуулаагүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/,

 

-Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Бид нарт учирсан хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Гэмт хэргийн улмаас 20 ширхэг ямааны арьс, амбаарын хаалга эвдэрсэн учраас шинээр сольсон гээд нийтдээ 1 сая төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо нөхөн төлүүлсэн тохиолдолд гомдол санал, хүсэлт байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,

 

1.8. Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг өнгөрч байсан байх, хаалга онгойлгоход хөрш Ц байсан ба “манай амбаараас ямааны арьс хулгайлагдсан байна” гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гарч Цийн хашаа руу ороход амбаарынх нь цүү мултарсан байсан. Ц “би сумын цагдаа нарыг дуудаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Хөрш Цийн хашаанд тэр шөнө ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81-р хуудас/,

 

1.9. Гэрч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төрсөн хүү Э.Г нь надад хэлэхдээ “Хын хамтаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зааланд тоглож байхад Т, Х луу гар утсаар нь яриад дуудсан. Тэгээд Хын хамтаар ...заалнаас гарахад Т гадна ирчихсэн байсан бөгөөд Хтай тусдаа уулзаад байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй байна, тэгээд Т гэр лүүгээ явчихсан, харин Х бид хоёр гэртээ ирээд гэр гэр лүүгээ орчихсон. Оройхон намайг Х дуудахаар нь гараад хаашаа явах талаар асуухад “дээшээ явчхаад ирье” гэж хэлсэн. Тэгээд дагаад явж байтал замд Ц байсан бөгөөд түүний мотоциклд суугаад Барваадайн хашааны хойд талын хэсэгт зогсоод дотогшоо орсон гэсэн. Мөн З буюу М Барваадайн амбаарын хаалгыг төмөр лоомоор эвдсэн, тэнд байсан залуучууд Э.Гг чи модон дээр зогсоод хүн харж бай гэж хэлсэн гэсэн. Г хүн харж байхад М хаалга эвдээд амбаараас ямааны арьс гаргаад шидээд байсан. Х Ц нар хоёр удаа мотоциклоор ямааны арьсыг Наранбулаг сумын нутагт байрлах хуучин колонк руу зөөсөн. Сүүлд М Х ахын дэлгүүрт хүргэж өгнө гэж хэлээд 2 ширхэг арьс өвөртөө хийгээд хойшоо явсан. Би Хын хамт гэртээ хүрч ирсэн. Арьс хулгайлагдсан өдрийн маргааш нь Х нь Т гэгчтэй уулзахад нөгөө хуучин колонк руу аваачсан арьс чинь алга болчихсон байна гэж хэлсэн байсан. Э.Г нь надад ямар нэг худал зүйл хэлдэггүй, үнэнээ хэлдэг, ямааны арьс хулгайлах ажиллагааг Т зохион байгуулсан юм байна лээ, урьд өмнө манай хүүг мөн дагуулж яваад малын хулгайн хэрэгт оролцуулж байсан. Хүү Г нь тухайн үед 14 настай, юу хийж байгаагаа ухамсарлаж ойлгох насанд хүрээгүй, хүний үгэнд орсон хүүхэд зангаараа байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р хуудас/,

 

1.10. Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг хүмүүс М гэж хочилж дууддаг. Би мал, махны ченж хийгээд 5 жил болж байна. 2018 оны 11 дүгээр сард тус аймгийн Наранбулаг сумын нутгаас хүмүүсээс ямааны арьс худалдаж авч байсан. 2018 онд сар өдрийг нь тодорхой санахгүй байна, Наранбулаг сумын нутагт мал авахаар Згийн төрсөн ах Б буюу Хгийн гэрт очсон. Тэр үед Х хөдөө мал руугаа явчихсан байсан бөгөөд би тэдний гэрт хоносон юм. Тэгэхэд З нь “танай машин дээр 1 ширхэг ямааны арьс тавьчихлаа” гээд надаас мөнгийг нь авсан. Одоо би тухайн 1 ширхэг ямааны арьсны өнгө, онцлог содон шинж тэмдгийн талаар санахгүй байна. Тухайн үед би 28-15 УВХ улсын дугаартай верна загварын суудлын автомашинтай явсан. Хойд тэвш рүүгээ хийгээд аваад явсан байх, тэр үед ямааны арьс хэдэн төгрөгөөр авч байсан талаар санахгүй байна, ямааны арьсны мөнгийг өгсөн байх. Яг хичнээн төгрөг өгч байснаа санахгүй байна. Манай хадам аав Сүрэнжав, З болон Бын төрсөн ээж Д нар нь төрсөн ах дүү нар юм. Надад 18 тооны ямааны арьс өгч байгаагүй би худалдаж аваагүй, З буюу М 1 ямааны арьс өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-р хуудас/,

 

1.11. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Увс аймгийн Наранбулаг суманд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг ямааны арьсны үнэ цэнийн баримжаа 22,400 төгрөг болохыг тодорхойлов” гэх 294 дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 177-178-р хуудас/,

 

1.12. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “1. М.М нь Сэтгэцийн хувьд сэтгэцийн эмгэгтэй. 2. М.М оюун ухааны хөнгөн хомсдолтой бөгөөд 2012 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Уг өвчин одоогоор Оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолын шатандаа байна. Одоогоор оюун ухааны хөнгөн хомсдолтой учраас албадан эмчилгээ хийх шаардлагагүй. 3. М.М нь сэтгэцийн эмгэг дотроо оюун ухааны хөнгөн хомсдолтой учраас одоогоор өөрт болон нийгэмд үзүүлэх нөлөөгүй гэж үзэж байна. 4. М.М нь одоогоор оюун ухааны хөгжлийн түвшинд болсон хэргийнхээ үйл явдлын талаарх мэдээллийг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадаж байна. 5. М.М нь одоогоор хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна. 6. Дүгнэлтийн явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх 48 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 194-195-р хуудас/,

 

1.13. Шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “2018 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд “Мустанг-5” загварын 6 сар ашигласан мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,583,650 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд “Мустанг-5” загварын 6 жил гаруй ашигласан мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 150,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 110 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 208-р хуудас/,

1.14. Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237-р хуудас/,

1.15. Шүүгдэгч Я.Хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02-р хуудас/,

1.16. Өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13, 15-16-р хуудас/,

1.17. Шүүгдэгч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд бөгөөд эдгээр баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар шинжлэн судалсан болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Ц.Цийн Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг 4-30 тоот хашаанд байрлах амбаарт нэвтэрч ямааны 20 ширхэг арьсыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч М.М нь агуулахад нэвтрэхийн тулд учирсан саад болох амбаарын цоожтой хаалгыг лоом /ломбо/ төмрийг ашиглаж буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн онгойлгож, дотогш нэвтрэн орсон, өсвөр насны шүүгдэгч Э.Г нь хүн ирэхийг харуулдаж, цоожтой хаалгыг онгойлгосны дараа амбаарт нэвтэрч ямааны арьснаас хамт гаргалцсан, улмаар ямааны арьсыг хашаа давуулан гаргахад шүүгдэгч Т.Ц, шүүгдэгч Я.Х нар ямааны арьсыг авч хоёр удаагийн зөөлтөөр Наранбулаг сумын ашиглагдахаа больсон хуучин бензин колонк дотор зөөж оруулсан үйл баримт нь гэрчүүд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Шүүгдэгч М.Тийн хувьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...сургуулийн дотуур байрны саравчинд найз Хтай уулзахаар очиход Х ганцаараа байсан бөгөөд бид уулзаад Х бид хоёр Барваадайн амбаараас ямааны арьс хулгайлж авъя гэж ярьсан. Х надад Барваадай манай гэрт согтуу байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ярьж тохиролцоод би хулгайлах үйлдэлд оролцоогүй, гэр лүүгээ явчихсан. Түүний дараагаар оройхон Х над руу яриад би, М, Г бид нар Барваадайн амбаараас ямааны арьс хулгайлж аваачаад урд колонк-д хүргээд нуучихсан байгаа гэж хэлсэн” /2-р хх-ийн 40-41-р хуудас/ гэжээ.

Шүүгдэгч М.Тийг хохирогч Ц.Цийн агуулах /амбаар/-д нэвтэрч ямааны арьс хулгайлсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь:

-насанд хүрээгүй гэрч Э.Ггийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...зааланд 2 цаг орчим тоглож байгаад гарч явахад Х ахын гар утас дуугарсан. Тэгээд утсаар ярьж дуусаад “Т залгаж байна. Наашаа ирж байгаа юм байна. Хоёулаа саравчинд Тг хүлээж байя” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд Х ахтай юм яриад ...сандал дээр сууж байтал Т хүрч ирээд “Хуягаа наашаа хүрээд ирээч, ярих яриа байна” гэхэд Х ах босоод Ттэй юм ярингаа надаас холдож явсан. Ойролцоогоор таван минут орчмын хугацаанд Х ах Ттэй юм ярьж байгаад буцаж хүрч ирээд “харьцгаах уу” гээд бид хоёр гэр лүүгээ явсан. Гэртээ ороод нэг цаг орчим хугацаа өнгөрч байтал Х ах орж ирээд “хамтдаа дээшээ яваад ирье” гэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан. Тэгээд би “ингэхэд хэнийд очих гэж байгаа юм бэ” гэж асуутал “хоёулаа Ттэй уулзчихаад харьцгаая” гэж хэлсэн. Тгийнд очиход Т, М, Мөнхөө болон тэдний дүү охин байсан. Тгийнд ороод удаагүй байтал Х “чи Мын хамт нэг айлд очоод хүрээд ир” гэж хэлэхээр нь “ямар айлд очих юм бэ?” гэж асуухад Х надад ямар нэг хариулт өгөөгүй. Харин М “хурдан яваад ирье” гээд яаруулаад байхаар нь дагаад гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

-гэрч Т.Цийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн өгсөн: “...Сумын төвд ойр зуурын ажлаа амжуулаад маргааш нь буюу 11-ний өдрийн оройхон гар утас дуугараад, дуудлагыг авахад “Т байна. Та мотоциклоороо хэдэн ширхэг ямааны арьс зөөгөөд өгөөч, хаана байна” гэхээр нь “Мөнхзаяагийн гэрт байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй утсанд дуудлага ирэхээр нь авахад “Мөнхзаяагийн гэрийн гадна ирчихлээ. Та гараад ирээч” гэхээр нь гараад очсон. Тэгэхэд Т, Х хоёр байсан. Тэгээд “та хэдэн ширхэг ямааны арьс зөөгөөд өгөөч. Манай гэрт хүмүүс ирчихсэн байна. Би цай чанаж өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь “чамайг анх удаа юм гуйж байхад яаж үгүй гэхэв дээ” гэж хэлсэн. Тэгээд Т яваад өгсөн. Би мотоциклийн ард Хыг суулгаад, Х очих газрыг зааж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105-р хуудас/,

-гэрч Я.Хын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ггийн хамт сургуулийн заал руу явсан. Зааланд тоглож байгаад 19 цагийн орчимд Т миний дугаар луу залгаад “чи хаана байна” гэхээр нь “одоо заалнаас гарах гэж байна” гэж хэлсэн. Заалнаас гараад явж байтал Т нэг хүүхдийн хамтаар мотоциклтой ирсэн. Тэгээд надтай уулзаад “мөнгөний хэрэг байна, хоёр төрлийн ажил надад байна. Мал эсхүл арьс хулгайлах” гэж хэлэхээр нь би “одоо тийм юм байхгүй” гэж хэлчхээд Гг дагуулаад гэр лүүгээ явсан... Би Гтай хашааныхаа гадаа тамхи татаад зогсож байтал Т залгаад “хаана байна” гэхээр нь “хашааныхаа гадаа байна” гэсэн. Т мотоциклтой хүрч ирээд бид хоёр Ничээ хочтой айлын гадаа очсон. Хашаанаас Ц гарч ирсэн. Тэгэхэд Т “манай гэрт хүн ирчихсэн байна, очиж цай чанаж өгөхгүй бол болохгүй. Та хоёр Барваадайн гудамжинд яваад оч, тэнд хэдэн ширхэг ямааны арьс байгаа, нэг газар хүргээд өг” гэж хэлэхээр нь би Тийн мотоциклоос бууж үлдсэн. Ц бид хоёр мотоциклтой Барваадай хочтой Ц ахын гудамжинд очиход Ц ахын хашаанаас ойролцоогоор хоёр хашааны дор Г, М хоёр арьс тэвэрчихсэн зогсож байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн хавтаст хэрэгт дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримтууд байхгүй болно.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн дээрх мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг/-аар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар прокурорын санал, оролцогчийн хүсэлт гаргаагүй тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх бөгөөд  хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нар нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр лоом хэрэглэж, машин механизм ашиглаж Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг 4-30 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Цийн амбаар /агуулах/-т хууль бусаар нэвтэрч 20 ширхэг ямааны арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан" гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн амбаарт байсан ямааны арьсыг хулгайлж авсан байна. Мөн шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар:

    Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нараас хохирогч Ц.Цд учруулсан 448,000 төгрөгийн хохирлоос өөрт ногдох хохирлыг төлж барагдуулсан байна. Үүнд шүүгдэгч М.М, М.Т нар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкаар дамжуулан хохирогч Ц.Цд 180,000 төгрөг төлсөн талаарх орлогын баримтыг, шүүгдэгч Т.Ц 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкаар дамжуулан хохирогч Ц.Цд 90,000 төгрөг төлсөн талаарх орлогын баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүгдэгч Я.Х нь хохирогч Ц.Цийн эхнэр А.Бгийн данс руу 90,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг хохирогч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв. Харин өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгээс хохирогч Ц.Цд 90,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч М.М нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Сийн 10 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж нийт 825.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох болсон үндэслэлийн талаарх нотлох баримтын агуулга:

2.1. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч С.Сийн малд үзлэг хийсэн “...Наранбулаг сумын 1 дүгээр баг “Шар довон” гэх газарт хохирогч С.Сийн ямаануудад үзлэг хийлээ. Уг ямаанууд ...бүгд зүүн эврийн дотор талын хэсэгт хөх өнгийн будагтай, баруун талын чих нь араасаа сод имтэй, зарим ямаанууд араасаа давхар сод имтэй байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 225-227-р хуудас/,

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ямааны толгой, шийрт үзлэг хийсэн “...иргэн Р.Ст зарсан гэх ямааны толгой, шийрт үзлэг хийлээ. ...цэнхэр өнгийн нийлэг уутанд 4 ширхэг шийр, 1 ширхэг ямааны толгой байх ба ямааны толгой нь 2 эвэртэй, духны хэсэгт цагаан үс бүхий төөлтэй, хоёр эврийн зүүн талын дотор хэсэгт хөх өнгийн будагтай, баруун талын чих араасаа сод имтэй, улаан хүрэн зүсмийн ямааны толгой байлаа. Мөн ямааны 4 шийр ...хүрэн улаан өнгийн үстэй, хар өнгийн тавхайтай байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 228-230-р хуудас/,

2.3. Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ганцаараа Улаанбаатар хотод найр хуримын ажилтай яваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь би ямаагаа хариулаад явж байхад 2 эр ямаа зүсээр дутаад байхаар нь орой гэрт ирээд эхнэр, хүүхдүүдээсээ “ямаа дутаад байна” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлэхээр нь маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Ц.Т, хүү С.А, бэр О нарын хамт ямаагаа тоолж үзэхэд том ямаанаас 7, ишигнээс 3 дутсан. Тэгээд би зүсээр ямаагаа бүртгэж үзэхэд хүрэн улаан сэрх-/1/, цагаан хөлтэй гуяндаа шар толботой хар сэрх-/2/, шар толботой бор саарал сэрх-/3/, хүрэн сэрх-/4/, магнайдаа төөлтэй хүрэн эх ямаа-/5/, 2 эврийн дунд цагаан толботой бор эх ямаа-/6/, зүүн эврийн үзүүр хугарсан бор эх ямаа-/7/, баруун чихэндээ шар утастай бор зүсмийн хүлмэн чихтэй 3 тооны ишиг зэрэг ямаанууд дутсан. Тэгээд би эхнэр болон хүү С.А нарын хамт мотоциклтой явж олон хоног хайгаад олдоогүй. Манай ямаанууд бүгд баруун чих нь араасаа сод имтэй, зүүн чихэнд имгүй, зүүн эврийн дотогш харсан хэсэгт цэнхэр будагтай. Манай ишигнүүд энэ жил бүгд хүлмэн чихтэй төрсөн бөгөөд чихэнд нь им хийх боломжгүй тул баруун чихэнд нь шар өнгийн утас зүүсэн. Миний алга болсон ямаа орон нутгийн ханшаар 800,000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Би малаа тоолж дутсанаас хойш 10 хоног нааш цааш явж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гарсан хохирлыг тухайн үед нь нэхэмжилж тооцож авах болно. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01-02-р хуудас/,

            -Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би тус сумын З, Т нарыг танина. Манайх З, Т нартай хамт нэг бэлчээрт малаа бэлчээрлүүлдэг ба хөдөө таардаг. Тэд нарыг хулгай хийдэг гэдгийг Наранбулаг сумынхан ярьдаг. Би малаа алга болсон талаар тэд нарт хэлээгүй, гэхдээ мал хайж байсныг тэд нар мэдэж байгаа. З, Т нарын гэр нь тус аймгийн Наранбулаг сумын төвд байдаг, манайх намартаа сумын төвөөс хойш 2 км өнгөрүү зайнд Хөтөл нуур гэх нэртэй газарт байдаг юм. Би толгой олдсон гэх төөлтэй улаан ямаагаа зарсан зүйл байхгүй. Гэр бүлийн хүмүүсээс ямаа зарсан зүйл байгаа эсэхийг асуухад ямар нэг мал зарсан зүйл байхгүй гэж хэлсэн. Намайг байхгүй байхад малаа өөр айлын малтай нийлүүлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Би ямаагаа Улаан үзүүр, Галзуугийн худаг, Бургастай, Шивээ, Босго, Уушиг, Хашаат, Хөх толгой, Майхан, Хулст гэх газруудаар хайсан. Хоньчин Урианхайтай уулзсан. Наранбулаг сумын төвд байх Чойжав, мөн Дын эхнэр Н гэх мэт хүмүүст хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг тодорхой санахгүй байна, эхнэр Ц.Тийн хамтаар Майхан гэх газарт малаа хайж яваад З буюу Мтай таарсан. Тэр үед Мт хэдэн ямаа гээчхээд хайгаад олохгүй байна гэж хэлээд тэдний ямааг шүүхэд манай ямаа байгаагүй. ...Сүүлд цагдаагийн алба хаагч нь толгой олдсон гэх хашааны айлд М гэгч нь манай төөлтэй улаан ямааг зарсан гэдгийг сонссон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан малын мөнгөн дүнг нэхэмжилнэ. Малаа эрж хайсан зардалд 160,000 нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 04-05-р хуудас/,

            2.4. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний аав С.С 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод найр хуримын ажилтай яваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь аав С.С ямаагаа хариулаад орой гэрт ирээд “манай 2 эр ямаа зүсээр дутаж байна, яасан юм бэ” гэж бид нараас асуухаар нь “мэдэхгүй” гэж хэлээд өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ямаагаа тоолж үзэхэд том ямаанаас 7, ишигнээс 3 дутсан. Манай ямаанууд бүгд баруун чих нь араасаа сод имтэй, зүүн чихэнд имгүй, зүүн эврийн дотогш харсан хэсэгт цэнхэр будагтай” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 06-07-р хуудас/,

            -Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Аав С Улаанбаатар хот руу явахдаа 102 тооны эх ямаа, 65 тооны сэрх, гунан зусаг нийлсэн 30 тооны ямаа, нийт 197 тооны ямаа, 82 ишиг тоолж үлдээсэн. Би тухайн үед түүнийг цоохор гадартай хуучин муу дэвтрийн арын хэсэгт бичиж авч байсан бөгөөд одоо тэр дэвтэр байхгүй алга болчихсон юм шиг байна. Намайг мал хариулж байхад өөр айлын малтай манай мал нийлж байгаагүй. Манай мал Х гэгчийн малтай нийлж байгаагүй. Намайг мал хариулдаг байхад М, Т нар ээлжлээд мал хариулаад яваад байдаг байсан. Би М.Тийг зүс танина. Харин Мыг сайн таньдаг. Сургуульд байхдаа манай дээд ангид суралцаж байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29-р хуудас/,

2.5. Гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, орон нутгийн сонгуулийн өмнө миний ээж Р.С надад хандаж “З буюу Мын гэрээс 1 ямаа худалдаж авахаар тохирсон,  дүү Ж.Тгийн хамт яваад аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Ж.Тгийн мотоциклоор хамт явж З буюу Мын малын байрнаас улаан зүсмийн эвэртэй эх ямаа авч ирж ээжид өгсөн. Тэдний хашаанд өөр мал байгаагүй. Тэр үед З буюу М ганцаараа байсан. Дүү Т бид хоёрын очиж авсан ямаа улаан зүсмийн им болон бусад содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна, эвэртэй эх ямаа байсан. Миний ээж Р.С 70,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11-р хуудас/,

2.6. Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний нөхөр С.С 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод найр хуримын ажилтай яваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. ...ямаагаа тоолж үзэхэд том ямаанаас 7, ишигнээс 3 дутсан. Тэгээд би нөхөр С.С, хүү С.А нарын хамт мотоциклтой явж олон хоног хайгаад ямаагаа олоогүй. Манай ямаанууд бүгд баруун чих нь араасаа сод имтэй, зүүн чихэнд имгүй, зүүн эврийн дотогш харсан хэсэгт цэнхэр будагтай” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 20-21-р хуудас/,

-Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...хүү С.А бид хоёр ээлжилж малаа хариулдаг байсан. ...Хгийнх ихэвчлэн Майхан гэх газар луу малаа хариулдаг байсан. Булгийн эх гэх нэртэй газар усалдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Би хашаанаасаа гараад хүнсний мал руугаа гараад явах гээд машинд суугаад гарах гэхэд манай дээд талын хамар хашааны айлын хаалганы гадна хэсэгт цэнхэр өнгийн нийлэг ууттай ямааны эвэр шиг зүйл харагдсан. Хажууд нь нэг нохой байхаар нь би хүү С.Аыг “зогсож бай, ямааны эвэр шиг зүйл харагдаж байна” гээд буугаад харахад тухайн уутанд манай төөлтэй улаан ямааны толгой, 4 шийр нь бас байсан. Тэгээд би энэ талаар цагдаад мэдэгдэх шаардлагатай юм байна гэж бодоод цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-24-р хуудас/,

2.7. Гэрч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын эхээр орон нутгийн сонгуулийн өмнө Наранбулаг сумын иргэн З гэх залуу манай гэрт орж ирэхээр нь “манай мах дууслаа, мал зарах хүн байна уу” гэж асуухад З “манайх мал зардаг” гэсэн юм. Тэгээд “та манай дүү Ттэй уулзаад аваарай” гэж хэлэхээр нь “одоо надад мөнгө алга, халамжийн мөнгө буухаар өгье, 1 тооны ямаа худалдаж авъя, хэд гэж байна” гэж асуухад “эх ямаа 70,000 төгрөг, эр ямаа 100,000 төгрөг” гэж хэлэхээр нь би Зд хандаж “1 эх ямаа авъя” гэж хэлсэн. Тэгээд би орой 18 цагийн үед Т, З нарын мал ирэхээр нь ямаа худалдаж авъя гээд очиход “та өглөө ирээд аваарай” гэж надад тэр хоёр хэлсэн. Тэгээд би өглөө 09 цагийн үед хүү Ж.Т, Ж.Ц нарыг мотоциклоор явуулж 1 тооны эм ямаа авхуулсан. Тэгээд би сонгуулийн дараа халамжийн мөнгө буухаар нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр З манай гэрт орж ирэх үед би өөрөө 70,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд манайх идсэн ямааныхаа толгойг шкафт /шүүгээнд/ хийгээд орхисон байтал үнэр орсон байхаар нь хүүхдийн памперсны уутанд хийгээд хогийн цэг дээр хаясан. Уг ямаа нь улаан зүсмийн байсан бөгөөд им, тамга, насыг нь анзаараагүй. Уг ямааны арьсыг нь би сонгуулийн урд аймгийн төв орохдоо Улаангомын ченжид 2,000 төгрөгөөр өгчихсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-14, 15-р хуудас/,

2.8. Гэрч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. С хот яваад ирснийхээ дараа надтай тааралдаж “манай малаас 10 тооны ямаа дутаж байна, харагдана уу?” гэж асууж 2 удаа уулзсан. Тэр үед С нь мотоциклтой явж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/,

2.9. Гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх манай талийгаач аав Э.Г нь над руу гар утсаар яриад “аав нь 2 ямаа З /М/-аас авч байна” гэж хэлсэн бөгөөд 130,000-140,000 төгрөгийг өөрийн төрсөн аав талийгаач Гын данс руу өөрийнхөө 5019065687 дугаарын данснаас явуулсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай аав талийгаач Г 2020 оны 10 дугаар сарын сүүлээр нас барсан. 2020 оны 9 дүгээр сард байх Улаанбаатар явахаар болчхоод Мын Хтай уулзах гээд очиход Х гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би Зд “зарах мал байвал 2 ямаа манай аав Гын гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд хүргэж өгсөн байна лээ. Тэгээд аав над руу яриад би мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хуудас 49-р хуудас/,

2.10. Гэрч П.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байх талийгаач нөхөр Гын хамтаар байж байхад манай гэрт З буюу М гэгч ирсэн. Намайг гэрээс гараад ороод ирэхэд талийгаач нөхөр Г маань “мал зарна гэнэ авах уу, хөгшөөн” гэхээр нь “авъя” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Г хүү Ууганбаатар луу яриад Згаас мал авахаар болсон талаараа яриад “мөнгө шилжүүлчих” гэж хэлсэн. Бид нар тухайн үед нэг эх ямаа, нэг эр ямаа авсан. Цайвардуу өнгийн ямаа байсан би ямааны зүсийг сайн мэддэггүй юм. Бид нар бэлэн мөнгө 20,000-30,000 төгрөгийг өгсөн. Харин 130,000-140,000 төгрөгийг Згийн өгсөн данс руу манай хүү Ууганбаатар шилжүүлсэн. Бид нар хоёр ямааг 160,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55-р хуудас/,

2.11. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Увс аймгийн Наранбулаг суманд 2020 оны 9, 10 дугаар сарын байдлаар алдагдсан малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 825,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 329 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 91-р хуудас/,

2.12. Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч С.Сийн 6 тооны ямааг зарж ашигласан болохыг хүлээн зөвшөөрч байна, 10 тооны ямааг хулгайлж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-113-114-р хуудас/,

-Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч М.М нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Сийн 10 тооны ямааг хулгайлсан үйл баримт болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар “...Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж хуульчлан тайлбарлажээ. Шүүгдэгч М.М нь бусдын 10 тооны ямааг хулгайлсан нь дээрх хуульд заасанчлан олон тооны мал гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь ашиг олох санаа зорилгоор, бусдын олон тооны малыг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, мал хулгайлах нь хууль бус, гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гурав. Шүүгдэгч М.Т нь М.Мын Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хулгайлсан 10 ямаа буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох болсон үндэслэлийн талаарх нотлох баримтын агуулга:

3.1. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр малын толгойд үзлэг хийсэн “...Завхан сумын иргэн Б.Тгаас гаргаж өгсөн 2 ямааны толгойд үзлэг хийлээ. Үзлэгээр 2 ямааны толгойны нэг нь зүүн талын эвэр нь үзүүр хэсгээрээ хугарсан, баруун талын чих хойноосоо сод имтэй, ...хүрэн бор өнгийн үстэй, үхсэн ямааны толгой хэсэг байна. Нөгөө ямааны толгойн хэсгийн дух хэсэгт цагаан өнгийн төөл буюу үстэй, бусад хэсгээр хүрэн бор өнгийн үстэй, 2 эврийн зүүн талын эвэр нь дотор талын хэсэгт хөх өнгийн будгаар будсан, баруун талын чих нь араасаа сод имтэй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 235-237-р хуудас/,

3.2. Таньж олуулах ажиллагааг иргэн Б.Тгаас гаргаж өгсөн 2 ширхэг ямааны толгойг хохирогч С.Сээр таниулсан талаарх тэмдэглэл /2-р хх-ийн 238-239-р хуудас/,

3.3. Гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын эхээр би өдрийг нь сайн санахгүй байна, шөнө 22 цаг өнгөрч байхад Ө.Б согтуу, нөгөө 2 залуу нь эрүүл манай гэрт ирсэн. Тэгээд Ө.Б надад хандаж “би архи уучихсан тул мотоцикл барьж чадахгүй байна, Ч.Эы гэрийн хажууд 2 тооны ямаа байгаа, айлд хүргүүлмээр байна, мотоцикл бариад яваад өг” гэж хэлэхээр нь би хамт явж Ч.Эы гэрийн хажууд очиход 4 хөлөөр нь боочихсон 2 тооны эх ямаа байсан. Ө.Б бид хоёр 1 ямааг нь, нөгөө ямааг нь Ө.Бтай хамт явсан үл таних залуу аваад бид нар мотоциклоор Завхан сумын иргэн Б.Т гэх айлд хүргэж мал руу нь тавьсан. Тэгээд Ө.Б болон хамт явсан үл таних хоёр залуу бид нар манай гэрт ирж унтаж, ...өглөө явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-р хуудас/,

3.4. Гэрч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын эхээр би өдрийг нь сайн санахгүй байна, 20 цагийн орчимд Ө.Б ганцаараа мотоциклтой халамцуу ирсэн. Тэгээд би Соёрхол нэртэй 0.75 литрийн нэг шил архи гаргаж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байхад Ө.Бын утас руу нэг эрэгтэй хүн залгаад “та хаана байна, би танайх руу явж байна, та яг хаана байгаа юм” гээд манай гэрийг заалгаад байсан. Тэгээд Ө.Б мотоциклийн гэрэл гаргаад үл таних 2 залуу 22 цагийн үед мотоциклтой манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт уг 2 залуу Ө.Бд хандаж “нөгөө 2 ямааг аваад ирлээ, замд орхичихлоо” гэж хэлэхэд Ө.Б “би өөрийн малаас 2 хониор сольж өгнө” гээд тэд нар хоорондоо ярилцсан. Тэгээд Ө.Б болон үл таних 2 залуугийн хамт 2 мотоциклтой явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-р хуудас/,

3.5. Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны хавар 4-5 дугаар сарын үед цаг хугацааг тодорхой санахгүй байна ямааны ноолуур самнах үеэр байх, Хгийн төрсөн дүү /эрэгтэй/ би нэрийг нь мэдэхгүй байна. Надаас ирээд 80,000 төгрөг ...аваад явсан. ...Хтай таараад “нөгөө мөнгө өг” гэхээр “мал өгнө” гэж хэлдэг байсан. 2020 оны 9 дүгээр сарын дундуур байх цаг хугацааг тодорхой сайн санахгүй байна ...дэлгүүртээ зогсож байхад манай төрсөн дүү Амраагийн 5 настай цэцэрлэгийн хүү орж ирээд “Х ахын дүү нь мал аваад ирчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үхрийн хашаа руу оруулаад хаалгыг нь сайн хаачих” гэж хэлсэн. ...манайд авчирсан 2 тооны багзаг хониноос нэг хонийг нь манай төрсөн хүү Д.Г авч хүнсэндээ хэрэглэсэн. Би тухайн үед дэлгүүрээсээ гараагүй учраас ямар онцлог шинж тэмдэгтэй, зүстэй мал авчирсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 51-р хуудас/,

-Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надаас Т гэгч нь 2 багзаг өгнө гээд 80,000 төгрөг авсан. Тухайн үед багзаг хонь нэг нь 40,000 төгрөгийн үнэтэй байсан. Надад 2 тооны хонийг Т нь авчирсан байх би дэлгүүрээс гарч ирээд үхрийн хашаа руу хийчих гэж хэлчхээд орчихсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-р хуудас/,

3.6. Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр 10 сар гараагүй гэж бодож байна. Намайг гэртээ байхад цаг хугацааг тодорхой санахгүй байна. Шөнө 00 цаг болоогүй байхад О /Ө.Б/ манай сумын Ө гэх хүний хамтаар, мөн миний танихгүй 2 залуугийн хамтаар манай гэрт орж ирсэн. ...О гэгч нь “танайд 2 ямаа тавилаа, дараа намар мал дөхөхөөр авна” гэж хэлсэн. Тэгээд авч чадахгүй явсаар байсан бөгөөд би 2021 оны 1 дүгээр сарын эхээр өөрийн хэдэн малаа нядалж заран оюутны төлбөр төлөх гээд мал нядлахаар болсон. Би тэр үед О руу өөрийн гар утсаар яриад “чи нөгөө хоёр ямаагаа авахгүй юм уу, би нядлаад хэрэглэлээ шүү, дараа мал дөхөхөөр хоёр ямаагаа аваарай” гэж хэлсэн. Уг ямаа нь хоёулаа эх ямаа байсан.  Нэг нь төөлтэй бор ямаа, нөгөө нь бор ямаа байсан. Зүүн талын эвэр нь дотор талдаа цэнхэр өнгийн будагтай байсан. Шийрийг нь хаячихсан, харин ямааны толгой нь байгаа” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 62-р хуудас/,

3.7. Гэрч Ө.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би М.М буюу Згийн төрсөн ах Хтай найзууд юм. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. ...Би Завхан суманд Э гэх айлын гэрт байж байхад З миний гар утас руу залгаад “2 хонь өгийт /өгөөч/, би 2 ямаа өгнө, би хүнд хонь өгөх гэсэн юм, би мотоциклтой очиж байна” гэхээр нь би зөвшөөрсөн. З нь хажуудаа Т гэх ...хүний хүүхэдтэй 2 тооны ямаа аваад ирсэн. Би тэд нарын малыг Завхан сумын Т гэх айлд тавьсан. Тэгээд Завхан сумын айлаас 1 хонь авч өгсөн. Би архи уучихсан явсан болохоор хэн гэж айлаас авснаа санахгүй байна. Түүний дараа манай хонь Эрдэнэдалай гэх айлд байсан ба түүнээс 1 хонь, нийт 2 хонь барьж өгөөд явуулсан. ...2 ямааг Мустанг-5 загварын ягаан өнгийн мотоциклоор авчирсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 64-66-р хуудас/,

-Гэрч Ө.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би тухайн үед М гэж Хын 2020 онд Баян-Өлгий аймаг руу цэргийн албанд явсан залууг хэлж байгаа юм байна гэж ойлгоод байсан. Тэгтэл тэр залуугийн нэр биш түүний төрсөн ахынх нь нэр байсан байна. Мөн М буюу З гэхээр нь тухайн үедээ хоёр өөр хүний нэр хэлж байна гээд хайгаад байсан мөртлөө тухайн үед хэлж чадаагүй юм. Хын төрсөн дүү Т гэх залуу хажуудаа Т гэх айлын залуутай хамтдаа ирээд ямааг хониор солиод аваад явсан. Мөн та мэдүүлэг авахдаа М гэж асуухаар нь би тийм нэртэй юм байна гээд ойлгочихсон. ...Би Т \Т\-ийн авч ирж өгсөн 2 тооны ямааг гэмт хэргийн замаар олсон мал гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68-69-р хуудас/,

3.8. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны орчим цаг хугацааг тодорхой санахгүй байна. Тухайн үед гэртээ байж байхад намайг хүн дуудсан ба гараад харахад Мын Т байсан. Тэгээд “хоёулаа баруун зүгт нэг айлд хоёр ямаа хүргэж өгчхөөд ирье” гэж хэлэхээр нь би “хэний ямаа юм” гэхэд “манай ямаа” гэж хэлсэн. Би “залуу, хулгайн ямаа биш биз” гэхэд “үгүй ээ, манай ямаа, би хүнтэй солих гэж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би завтай байсан бөгөөд гэртээ буцаж ороод хүрэн өнгийн дээл өмсөөд ээж Жавзанд “Ттэй хамт айлд мал хүргэж өгчхөөд ирье” гэж хэлсэн. Т тухайн үед ягаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклтой байсан бөгөөд түүний ард суугаад Тийн гэрт нь очиход Т өөрийн төрсөн ах З, бие муутай хүүхэд нар байсан. М.Т нь Згийн хамтаар хашааныхаа баруун хойд талын хэсэгт байрлах малын амбаараас 2 тооны улаан өнгийн ямаа авч ирсэн. Бид хоёр нэг ямааг М.Т урдаа бензин хадгалах сав дээр тавьж суусан, би нэг ямааг урдаа авч суусан. Тэнд мөн ишигтэй ямаа байсан. Тэгээд Т мотоциклоо унаад би ард нь суугаад хоёр ямаагаа аваад ойролцоогоор 19 цагийн үед баруун тийшээ “Хөх нуруун” гэх газар луу яваад Наранбулаг сумын төвөөс 30 орчим км зайд О гэх айлынд очиход тэдний гэрт хүн байхгүй байсан. Тэгээд гар утсаар нь яриад тус аймгийн Завхан сумын харьяат айлын гэрт очсон. ...Завхан сумын гаралтай Т гэх айлд очсон бөгөөд О гэгч нь “танай мал руу 2 тооны ямаа оруулчихлаа, маргааш өглөө авна” гэж хэлсэн. Т хариуд нь “за тэгээрэй” гэж хэлсэн. ...О, Т бид гурав мотоциклоор яваад Огийн мотоцикл байсан айлд очоод Т нь О гэгчид “хонио яах юм бэ, та” гэхэд “чи Э гэгчээс очоод 1 хонь авчих” гэж хэлсэн. Огийн хонь Э гэх айлд байсан. Бид нар Эгийн гэр лүү явж байх замдаа тус аймгийн Завхан сумын харьяат Галаа гэх хүнтэй уулзаж ...бор галзан багзаг хонь барьж өгсөн. Түүнийг аваад бид хоёр цааш яваад Эгийнд очоод Т Э гэгчтэй уулзаад 1 тооны бор галзан зүсмийн багзаг аваад хоёр багзаг хонио мотоцикл дээр авч яваад бид хоёр тус аймгийн Наранбулаг сумын төв рүү ороод дэлгүүртэй Д гэгчийн гэрт очсон. ...Тэгээд Дын ямааны байр луу 2 хонийг оруулж өгчхөөд намайг шууд гэрт буулгаж өгсөн. Дын малын хашаа руу оруулж байхад Д эгч өөрөө гарч ирээд харсан ба Т, Д эгчид өрөндөө өгч байгаа хоёр мал гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 81-82-р хуудас/,

3.9. Шүүгдэгч М.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 122-123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Т нь М.Мын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Сийн 10 тооны ямааг хулгайлсан гэдгийг мэдсээр байж 2 тооны ямааг 2 тооны хониор сольж, гэрч Ж.Д-ийн өрөнд өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар: Шүүгдэгч М.М, М.Т нар нь хохирогч С.Ст учруулсан 825,000 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкаар дамжуулан хохирогч С.Ст 825,000 төгрөг төлсөн талаарх орлогын баримтыг гаргаж өгсөн болно.

Мөн хохирогч С.С нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Хохирлын үнэлгээний дагуу 825,000 төгрөгийг төлсөн байна. Миний хувьд хохирлоо бүрэн авсан. Харин алдсан ямаагаа эрж хайхад зарцуулсан, мөн үнэлгээ гаргасан хөрөнгийн үнэлгээчин надаас 30,000 төгрөгийг зардал гэж авсан мөнгийг шүүгдэгч нараас гаргуулмаар байна” гэжээ.

Тиймээс хохирогч С.Ст учирсан бодит хохирол 825,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.М, М.Т нараас гаргуулах хохиролгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Шүүгдэгч М.Мын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч М.Б-ын /шүүгдэгч М.Мын төрсөн ах/ “...М.М нь уншиж, бичиж чаддаггүй, гэрээсээ гардаггүй, гэртээ л байж байдаг, сүүлийн үед гайгүй болоод байгаа, аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг, сэтгэцээр групп тогтоолгосон, халамжийн мөнгө авдаг, оюун санааны хомсдолтой, хүнтэй юу ярьж байгаагаа сайн ойлгодоггүй, заримдаа хүнтэй зөв яриад, заримдаа мэдрэлгүй юм шиг болчихдог, ойролцоогоор 14 жилийн өмнөөс сэтгэцээр хяналтад орсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/, гэрч М.Б-ын /шүүгдэгч М.Мын төрсөн ах/ “...М.М нь Наранбулаг суманд Мын 5 дахь хүүхэд болж төрсөн. ...Монгол хэл, бичиг муу мэддэг, уншиж бичиж чадахгүй. Бага байхдаа халуун цайнд түлэгдээд түүнээсээ хойш татаж унадаг болчихсон. Оюун ухааны чадвар муутай, ой тогтоолт муу, ухаан санаа нь орж гараад байдаг, бие муутай. Мын зан байдлын хувьд эелдэг зөөлөн, төлөв даруухан зантай, уурлахаараа тэр чигээрээ гүйгээд явчихдаг, оюун ухааны хомсдолтой, хүний хий гэснийг хийдэг, хүний үгэнд оромтгой, сэтгэц мэдрэлээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг, аймгийн сэтгэц, наркологийн тасагт хяналтад байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 194-195-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 52-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь оюун ухааны хөнгөн хомсдолтой боловч хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна. 

 -Шүүгдэгч М.Тийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч М.Б-ын /шүүгдэгч М.Тийн төрсөн ах/ “...Манай төрсөн дүү М.Т нь 2000 онд Мын 8 дахь хүүхэд болж төрсөн. Наранбулаг сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийг 2018 онд сурч төгссөн. ...М.Т нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн зантай, ах нарынхаа хэлсэн үгэнд ордог, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, яриасаг, ямар нэг муу зуршилгүй, гэр орны ажил сайн хийдэг. М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн зуршилгүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй. Үндэсний бөхийн спортоор хичээллэж барилддаг байсан, тодорхой хэмжээний амжилттай барилддаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/, гэрч М.Б-ын /шүүгдэгч М.Тийн төрсөн ах/ “...М.Т нь төлөв даруу зантай, шулуун шударга, шаргуу идэвх санаачлагатай, малд сонирхолтой хүүхэд юм. 2020 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь барилгын цэргийн ангид хуваарилагдаж цэргийн албанд яваад 5 сар орчим болоод шүүх, цагдаагаас буцаж татсан. М.Т тусдаа гарч гэр бүл болоогүй надтай болон ах дүү нарынхаа хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136-р хуудас/, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 94-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /2-р хх-ийн 97-107, 108-119, 120-129-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь ам бүл 5, төрсөн ах, дүү нарын хамтаар амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь нотлогдож байна.

-Шүүгдэгч Я.Хын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Ж.Н-ийн /шүүгдэгч Я.Хын төрсөн эх/ “...Манай хүүхэд Я.Х нь толгой өвддөг, элэгний вирустэй, хааяа зүрх дэлсдэг, 10 настай байхдаа таталт өгч ухаан алдаад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй, спортоор хичээллэдэг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123-р хуудас/, гэрч Д.Яын /шүүгдэгч Я.Хын төрсөн эцэг/ “...Миний хүү Я.Х нь 2001 онд Ховд аймгийн Жаргалант суманд том хүү болон төрж, 2007 онд Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 2018 онд 12 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуульд суралцаж байхдаа хичээлдээ идэвх зүтгэлтэй, сурлагын хувьд сайн суралцаж төгссөн. 2019 оны 5 дугаар сард Завхан аймгийн Тэс суманд байрлах цэргийн ангид 1 жилийн алба хаасан. ...багаасаа зөв боловсон харьцаатай, хүнд тусархуу, цайлган зантай хүүхэд юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-р хуудас/, Я.Хын насыг тоолоход “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Я.Х нь 17 нас, 8 сар, 19 хоногтой байсан” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 47-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 133-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 138-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 97-107-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Х нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдож байна.

-Шүүгдэгч Т.Цийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Ц.Н-ийн /шүүгдэгч Т.Цийн төрсөн эх/ “...Хүү Т.Ц нь 1998 онд Увс аймгийн Наранбулаг суманд миний том хүү болон мэндэлсэн. 2006 онд Наранбулаг сумын дунд сургуульд элсэн орж суралцаад 12 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулийг сайн суралцаж төгссөн ба анги хамт олны дунд нэр хүнд сайтай, яруу найраг, дуу хөгжим сонирхож амжилт гаргаж байсан. Т.Ц нь цэргийн алба хааж ирснээс хойш тамхи татдаг болсон. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг мэдэхгүй. Миний хүү 2021 онд гэр бүлтэй болж одоо хамт амьдарч байгаа. Т.Ц нь сум орон нутагтаа биеэ зөв авч явдаг, нийтэч зантай, ангийн болон үеийн залуучуудтай найзалж нөхөрлөдөг, хүнд тусархуу зантай хүү юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 151-р хуудас/ зэрэг баримтуудаар ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.  

-Өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.С-ын /өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн авга ах/ “...Э.Г нь айлын 4 дэх хүүхэд юм. Э.Г зарим үедээ манай малыг малладаг бөгөөд их төлөв даруухан, хэлэх гэсэн үгээ цаг тухай үед нь хэлчихдэг, шулуухан, эелдэг, хүний үгнээс гардаггүй, аймхай, ажилсаг, тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй, гэр бүлийнхэнтэйгээ хэвийн сайн харилцаатай хүүхэд юм. Э.Г нь сагсан бөмбөг сайн тоглодог” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129-р хуудас/, гэрч Ц.М-ын /Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн Засаг дарга/ “...Э.Г болон түүний гэр бүл амьжиргааны түвшин доогуур бөгөөд ээж Н.Ц нь одоогоор сумын Засаг даргын Тамгын газарт үйлчлэгчийн ажил эрхэлж байгаа. Э.Г болон түүний гэр бүл хүнсний эрхийн бичгийн талон, тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Э.Г нь төлөв даруу зантай, элдэв хорт зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-р хуудас/, Э.Ггийн насыг тоолоход “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Э.Г нь 14 нас 9 сартай байсан байна” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 148-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 166-р хуудас/ зэрэг баримтуудаар ам бүл 6, ээж, ах, эгч, дүү нарын хамтаар амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан бөгөөд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч М.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт, шүүгдэгч М.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин шүүгдэгч /бүх шүүгдэгч нар/ нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг оногдууллаа. Үүнд:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.Т, М.М, Я.Х, Т.Ц нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

-Өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас, 9 сартай байжээ. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

-Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулахаар шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч М.Т урьд нь удаа дараа гэмт хэрэгт холбогдсон, засарч хүмүүжихгүй байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, М.М, Т.Ц, Я.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, өсвөр насны шүүгдэгч Э.Гд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарын 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн /хохирогч Ц.Цийн амбаараас 20 тооны ямааны арьс хулгайлсан/ гэмт хэрэг, шүүгдэгч М.Мын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үйлдсэн /хохирогч С.Сийн 10 тооны ямаа хулгайлсан/ гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нар нь хамрагдаж байгаагүй болно.

Мөн шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг, шүүгдэгч М.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад, өсвөр насны шүүгдэгч Э.Г нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан заалтад тус тус хамаарч байна.

Харин шүүгдэгч М.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг”-т хамаарна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ...ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заажээ.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тус бүрд нь өршөөлийг үзүүлэх нь зүйтэй байна. Өршөөлийг үзүүлэхдээ:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж,

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж солив.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтов.

Өсвөр насны шүүгдэгч Э.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар 2 жилийн ялыг хасаж, ял эдлүүлэхээс өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн өмгөөлөгч М.Мөнхөө нь шүүх хуралдааны шатанд “Өршөөл үзүүлэх тухай хууль нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн хувьд нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байгаа тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Иймд дээр хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нар нь Увс аймгийн Наранбулаг суманд оршин суух хаягтай, тухайн хаягтаа байнга амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа, мөн шүүгдэгч нар нь 1-ээс дээш 3 жилийн хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулж байгаа тул эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтыг тогтоох зүйтэй байна.

Хэрэв ялтан М.М, М.Т, Я.Х, Т.Ц нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Бусад хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас 260,000 төгрөгийн ашиг орлого олжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Цийн амбаараас хулгайлсан 2 ширхэг ямааны арьсыг худалдан борлуулж 30,000 төгрөгийн, хохирогч С.Сийн 10 ямааг хулгайлж иргэн Р.С-т 2 ямаа худалдаж 70,000 төгрөгийн, иргэн П.Ц /нөхөр Э.Г/-д 2 ямаа худалдаж 160,000 төгрөгийн ашиг орлого олсон болох нь гэрч Н.Г, Р.С, Ж.Ц, П.Ц, Г.У нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

Мөн шүүгдэгч М.Т нь М.Мын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гэрч Ж.Д-гийн 80,000 төгрөгийн өрийг төлөхийн тулд 2 тооны ямааг 2 тооны хониор сольж түүнд өгсөн болох нь гэрч Ж.Д, Б.Т, Б.Ө, Ч.Э, Ө.Б, Т.Б нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.  Иймд шүүгдэгч М.Т нь гэмт хэргийн улмаас 80,000 төгрөгийн ашиг орлого олсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мотоцикл нь иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Тгийн эзэмшлийн мотоцикл болох нь иргэний нэхэмжлэгч Н.Тгийн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/, Увс аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдсон болно.

Мөн шүүгдэгч М.Т нь мотоциклийг ашиглаж 2 тооны ямааг ачиж тээвэрлэсэн болох нь гэрч Б.Т, Б.Ө, Ч.Э, Ө.Б, Т.Батхүлэг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...тухайн хонийг би өөрийн төрсөн ах Хын эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклоор авч явсан. Тухайн мотоцикл нь одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. 2016 онд худалдаж авсан байх” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 122-123-р хуудас/-ээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч М.Тийг гэмт хэрэг үйлдэх үедээ улаан өнгийн мотоцикл ашигласан байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ. 

Шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр  “2018 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд “Мустанг-5” загварын 6 сар ашигласан мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,583,650 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд “Мустанг-5” загварын 6 жил гаруй ашигласан мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 150,000 төгрөг болохыг тодорхойлов” /1-р хх-ийн 208-р хуудас/ гэжээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ цэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн бодитоор, ямар нэг хувийн ашиг сонирхолгүйгээр үнэлсэн гэж дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч нараас олсон ашиг орлого, ашигласан тээврийн хэрэгсэл /гэмт хэрэг үйлдэгдэх үед бусдын өмчлөлд байсан нь тогтоогдсон/-ийн үнийг  гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

 

Улсын орлого болгож байгаа мөнгөн дүнг шүүгдэгч тус бүрээс гаргуулахдаа шүүгдэгч М.Маас нийт 576,730 төгрөгийг /ашиг олсон 260,000 төгрөг, 1,583,650 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклийн үнийг 5 шүүгдэгчид хувааж нэг хүнд ногдох нь 316,730 төгрөг болно/, шүүгдэгч М.Төөс нийт 546,730 төгрөгийг /80,000+316,730+150,000=466,730 төгрөг/, шүүгдэгч Я.Х, Т.Ц өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц нараас тус бүр 316,730 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заажээ. Өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Цэцэгсүрэн тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, бусад хариуцлагыг хүлээх үүрэгтэй тул өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнг хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 загварын 66-05 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг иргэний нэхэмжлэгч, эзэмшигч Н.Тд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөн хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Мын М, шүүгдэгч Ш ургийн овогт Мын Т, шүүгдэгч Я ургийн овогт Яын Х, шүүгдэгч М ургийн овогт Тгийн Ц, өсвөр насны шүүгдэгч Т ургийн овогт Эийн Г нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш ургийн овогт Мын Мыг олон тооны мал хулгайлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш ургийн овогт Мын Тийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Э.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж,

 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлж сольсугай.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг хасаж, ял эдлүүлэхээс өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Төд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.М, М.Т, Я.Х, Т.Ц нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц нараас гаргуулах хохирол, төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгээс хохирогч Ц.Цд 90,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

11. Хохирогч Ц.Ц, С.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын 66-05 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийн үнэ 1,583,650 төгрөгийг шүүгдэгч М.М, М.Т, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Ггийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч М.Маас гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 260,000 төгрөгийг, шүүгдэгч М.Төөс гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийн үнэ 150,000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого 80,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 загварын 66-05 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг иргэний нэхэмжлэгч, эзэмшигч Н.Тд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Я.Х, Т.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХСАЙХАН