Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт А.Чт холбогдох эрүүгийн 2107000000119 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ....................... ХХК-д краны дохиочин ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 охины хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............................тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт А.Ч /РД: .................../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ........................ тоотод насанд хүрээгүй Х.Хыг “эмээгээ харсангүй, орхиж явлаа” гэх шалтгааны улмаас толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө нүүр рүү өшиглөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ........................ тоотод Д.А нь “хүү Х.Хыг зодлоо” гэж хэлэн уурлахад түүний шилбэний урд хэсэгт галын дэгээ төмрөөр цохиж биед нь баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Уучлалт хүсэж байна. Уурласан үедээ эгчийнхээ хүүхдийн хамарт нь өшиглөсөн нь миний буруу. Эмээгээ харсангүй гэх шалтгаанаар зодсон нь миний буруу намайг уучлаарай” гэв.

 

            Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 8-8 тоотод байрлах ээжийнхээ гэрт 18 цагийн үед ирэхэд ээж Б, дүү А.Ч, түүний 2 охин болох А, Х нар, манай 2 хүү Х, Б нар гэрт байсан. А.Ч дүү жаахан уучихсан согтуу жаахан үглээд хүүхэд ийш тийш нь явууллаа гээд байсан. Манай хүү Х маргааш нь загасанд явна гээд дүү Бтэй гэр рүүгээ хувцсаа авчрахаар явахад А.Чийн 2 охин нь манай гэр рүү дагаж ирсэн байсан. Тэгтэл бүгдээрээ явчихлаа эмээгээ харсангүй гээд А.Ч уурлахаар нь би дуугүй бай согтуу байна унт гээд эмэнд аптек руу явсан. 4 дүгээр хорооны урд аптек орчихоод буцаж явтал замд эмээгийнхээ урд талын гудамжинд манай хүү Х уйлчихсан гараад ирэхэд нь яасан гэхэд А.Ч ам хамар руу өшиглөчихлөө гэсэн. Тэгээд би ээжийндээ очиж чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэхэд Ч галын дэгээ төмөр аваад намайг 2 шилбэний урд хэсэгт нэг, нэг удаа буюу 2 удаа цохисон. Тэр үед ээж Б голоор ороод боль гээд загнаад болиулсан. ...Орой 19 цагийн үед зодсон, 2 охиндоо бас гар хүрсэн гэсэн. Тухайн үедээ 2 хөлийн шилбэ хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эмээгийн гэрт байж байгаад орой гэр рүүгээ очиж хувцсаа аваад ирэхэд А.Ч ах тэдний гэрт нь согтуу байсан. Манай дүү бид 2 Ч ахын 2 охинтой нь цуг яваад гэртээ очоод хувцсаа аваад ирсэн юм. Манай дүү Б надтай цуг гэр рүү нь орох гэснээ амбаарын араар нуугдаад үлдсэн байсан /согтуу хүнээс айдаг/. Тэгтэл А.Ч ах эмээгээ хүнгүй орхиж явлаа гэж уурлаад охин Аынхаа зүүн гар руу нь цохиж аваад, мөн охин Хг хүзүүний ар руу нь алгадаж, намайг толгой дээр гараараа тогшиж тавчигчтай хөлөөрөө нүүр рүү өшиглөж би газар унаад босоод зугтаагаад гарсан. Тэгээд нарийн гудамж гараад явж байтал ээж урд талаас ирээд намайг дагуулаад буцаж ороод яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэхэд хүүхэд өмөөрлөө гээд А.Ч ах ээжийг галын төмрөөр хөл рүү нь 2 удаа цохиж авсан. Энэ үед эмээ ахыг загнаад болиулж хэрүүл намжсан. Миний хамар хөхөрч хавдсан, өөр гэмтэлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч Ч.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би хамаатных болох Б ахын гэр рүү А, Б нарын хамт яваад эргээд ирэхэд манай аав гэртээ ирчихсэн байсан. Тэгэхэд манай эмээгийн бие өвдөж байсан. Гэрт хүн байгаагүй болохоор манай аав бид нарыг бүгдээрээ явлаа эмээгээ харж байхгүй гэж уурласан. Би хол зогсож байсан болохоор намайг аав яагаа ч үгүй. Гэр дотор аав ******* эгчийг зүүн гар руу нь нэг цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би хамаатных болох Хын гэр рүү дүү Х, Х, Б нарын хамт яваад гэртээ ирэхэд манай эмээ Бийн бие нь гэнэт муудсан аав ирчихсэн байсан. Тэгээд манай аав бид нарыг бөөнөөрөө явлаа эмээгээ харж байхгүй гэж уурлаад миний зүүн гарын бугалга руу нэг удаа цохисон. Манай дүү Хыг аав цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүд эзгүй би жаахан бие өвдөөд зүрхний хэм алдагдаад байхад хүү А.Ч жаахан архи уучихсан бололтой 18 цагийн үед орж ирээд хүүхдүүд хаачсан гэхээр нь ойрхон байгаа гэсэн. Удахгүй хүүхдүүд орж ирэхэд эмээгээ хаяж бүгдээрээ явлаа гээд ахдаа загнуулж байх шиг байсан. Тэр үед манай охин А орж ирээд хүүхдүүд ширүүлээд гээд А.Чийг шоронд суулгана гэж загнаад байсан. Тэгтэл Ч уурлаад дэгээ төмөр аваад зүүн орны хажууд байгаа Агийн хөл рүү цохиод авахаар нь би зүүн орон дээрээсээ босоод дундуур нь орж болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би ээжрүүгээ залгаж биеийг нь асуухад халуураад бие өвдөөд байна гэхээр нь очиход аав, ээж хоёроос өөр хүн байхгүй байсан. Тэгтэл гаднаас манай 2 охин, эгчийн хүү Хтай ороод ирэхээр нь эмээгээ харж байхгүй бүгдээрээ хаашаа явдаг юм гэж загнаж байгаад охин Аын зүүн бугалгад гараараа цохиж, Хыг толгой дээр нь хуруугаараа тогшиж айлгах санаатай таавчигчтай хөлөөрөө өшиглөтөл хамар нүүрэнд нь тавхай таарч газар унаад босож гараад зугтсан. Тэгтэл удалгүй манай эгч А гэрт орж ирээд хүүхэд зодлоо гэж загнаад шоронгийн хүн гэх мэтээр хэлээд байхаар нь би уур хүрээд зүүн орны наана байхад нь галын дэгээ төмөр авч 2 удаа шилбэ рүү нь цохисон. Тэр үед манай ээж орон дээрээс босож ирээд больцгоо хоорондоо муудлаа гээд загнаад болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №460 дугаар:

“1. Д.Агийн биед баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй,

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

         

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №458 дугаар:

“1. Х.Хын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй,

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

         

            Шүүгдэгч А.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/, Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэх цагдаагийн АСАП сангин мэдээлэл /хх-ийн 72-78 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 95-106 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч нь А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ........................ тоотод насанд хүрээгүй Х.Хыг “эмээгээ харсангүй, орхиж явлаа” гэх шалтгааны улмаас толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө нүүр рүү өшиглөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ........................ тоотод Д.А нь “хүү Х.Хыг зодлоо” гэж хэлэн уурлахад түүний шилбэний урд хэсэгт галын дэгээ төмрөөр цохиж биед нь баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч А.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Уурласан үедээ эгчийнхээ хүүхдийн хамарт нь өшиглөсөн нь миний буруу. Эмээгээ харсангүй гэх шалтгаанаар зодсон нь миний буруу намайг уучлаарай” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмээгийнхээ урд талын гудамжинд манай хүү Х уйлчихсан гараад ирэхэд нь яасан гэхэд А.Ч ам хамар руу өшиглөчихлөө гэсэн. Тэгээд би ээжийндээ очиж чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэхэд Ч галын дэгээ төмөр аваад намайг 2 шилбэний урд хэсэгт нэг, нэг удаа буюу 2 удаа цохисон. Тэр үед ээж Б голоор ороод боль гээд загнаад болиулсан” гэх мэдүүлэг,

 

            Насанд хүрээгүй хохирогч Х.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг толгой дээр гараараа тогшиж таавчигчтай хөлөөрөө нүүр рүү өшиглөж би газар унаад босоод зугтаагаад гарсан. Тэгээд нарийн гудамж гараад явж байтал, ээж урд талаас ирээд намайг дагуулаад буцаж ороод яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэхэд хүүхэд өмөөрлөө гээд А.Ч ах ээжийг галын төмрөөр хөл рүү нь 2 удаа цохиж авсан. Энэ үед эмээ ахыг загнаад болиулж хэрүүл намжсан. Миний хамар хөхөрч хавдсан, өөр гэмтэлгүй”  гэх мэдүүлэг,

            Насанд хүрээгүй гэрч Ч.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт хүн байгаагүй болохоор манай аав бид нарыг бүгдээрээ явлаа эмээгээ харж байхгүй гэж уурласан. Би хол зогсож байсан болохоор намайг аав яагаа ч үгүй. Гэр дотор аав ******* эгчийг зүүн гар руу нь нэг цохисон.” гэх мэдүүлэг,

 

            Насанд хүрээгүй гэрч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай аав бид нарыг бөөнөөрөө явлаа эмээгээ харж байхгүй гэж уурлаад миний зүүн гарын бугалга руу нэг удаа цохисон. Манай дүү Хыг аав цохиогүй.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед манай охин А орж ирээд хүүхдүүд ширүүлээд гээд А.Чийг шоронд суулгана гэж загнаад байсан. Тэгтэл Ч уурлаад дэгээ төмөр аваад зүүн орны хажууд байгаа Агийн хөл рүү цохиод авахаар нь би зүүн орон дээрээсээ босоод дундуур нь орж болиулсан” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Аыш зүүн бугалгад гараараа цохиж, Хыг толгой дээр нь хуруугаараа тогшиж айлгах санаатай таавчигчтай хөлөөрөө өшиглөтөл хамар нүүрэнд нь тавхай таарч газар унаад босож гараад зугтсан. Тэгтэл удалгүй манай эгч А гэрт орж ирээд хүүхэд зодлоо гэж загнаад шоронгийн хүн гэх мэтээр хэлээд байхаар нь би уур хүрээд зүүн орны наана байхад нь галын дэгээ төмөр авч 2 удаа шилбэ рүү нь цохисон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №460, №458 дугаар дүгнэлт зэрэг болно.

        

Хохирогч Д.Агийн эрүүл мэндэд учирсан “...баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч галын дэгээгээр цохисоны улмаас, насанд хүрээгүй хохирогч Х.Хын эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч нүүр лүү нь өшиглөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлүүдийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Ч нь хохирогч Д.А, насанд хүрээгүй хохирогч Х.Х /14 нас 2 сартай/ нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Чийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Д.А, насанд хүрээгүй хохирогч Х.Х нар нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад  Д.А нь “Би дүүдээ гомдолгүй, манай дүү надаас зөндөө уучлалт гуйсан гэмшиж байгаа буруугаа ойлгосон” гэж, насанд хүрээгүй хохирогч Х.Х нь “Би Ч ахад гомдолгүй, Ч ах намайг эмнэлэгт үзүүлсэн мөнгийг гаргасан болохоор би нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

            Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын  хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.  

 

Шүүгдэгч А.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см урттай, үзүүр хэсэгтээ 4 см орчим хэмжээтэй нугаларсан, цагаан саарал өнгийн доод хэсэгтээ хар саарал галын дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. ******* овогт А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 40 см урт, үзүүр хэсэгтээ 4 см нугаларсан цагаан саарал өнгийн доод хэсэгтээ хар саарал галын дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ