| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2016/0012/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2016-06-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Ц.Булгантамир, хохирогч Д.Золгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэнгийн Булгантамирт холбогдох эрүүгийн 201625030972 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, хувьсгалчдын В.5-382 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнгийн Булгантамир /РД: УП91050690/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Ц.Булгантамир нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 85 тоотод хамтран амьдрагч Д.Золгэрэлийг зодож түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстны цус харвалт, нүдний алимны доргилт, хамар, эрүү, доод уруулын дотор салст, зүүн тохой, баруун шуу, 2 өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.Булгантамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийн маргаанаас болж энэ хэрэг гарсан. Би шөнө 00 цагийн үед гарч яваад найз нартайгаа архи уугаад 6 цагийн үед маргаан болж хохирогчийн биед гэмтэл учруулсан.Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна.
1.2. Хохирогч Д.Золгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний үүрээр 06 цагийн үед Ц.Булгантамир манайд ирсэн, орж ирээд юу нь ойлгогдохгүй юм яриад байсан. Тэгээд би орон дээр суухад Ц.Булгантамир миний хажууд суугаад нөгөө ойлгогдохгүй юмаа яриад байхаар нь би хүүхэд унтаж байгаа юм чинь гээд босоход араас босож ирээд цохиод гутал авч шидсэн. Миний нүүр рүү цохиход би хойшоогоо савж унасан. Тэгсэн эрүү, баруун талын хавирга руу өшиглөсөн. Нэг сэрэхэд тагтруу үснээс чирээд явж байсан. Тэгээд би хувцас хатаагчнаас зуурч байхад цохиж унагаасан. Манай хүүхэд сэрсэн байхаар нь хүүхдээ тэврээд гарч зугтаасан гэв
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Золгэрэлийн:...2016 оны 04 дүгээр сарын 24-ны өглөө миний түрээслэж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 55-р байрны 85 тоот байрандаа 3 настай охин Танхилын хамт байж байх үед 06 цагийн орчим гэрийн хаалга тогшихоор нь хэн бэ гэтэл Булгантамир байхаар оруулсан юм. Тэгтэл халамцуу орж ирээд хэрүүл маргаан хийж, намайг орон дээр сууж байтал хажуу талаас миний зүүн шанааруу цохингуут нь би орноос бостол нүүр амруу хэд хэдэн удаа цохиод газар унагаагаад эрүүн доороос болон хавирга руу өшиглөж, дээрээс дэвсэж, аяга болон гутал авч шидсэн. Би ухаан балартаад сэргэхэд намайг үснээс чирээд тагтны тийшээ явж байсан. Тэгээд би босч ирэхэд намайг дахин цохиж унагаасан. Би дахин босч ирээд хүүхэд сэрсэн байхаар нь аваад тэвэрсэн байхад мөн цохиж унагаасан. Тэгэхээр нь би харж байгаад цааш харах хооронд хүүхдээ аваад гэрээсээ гарч зугтаагаад 8 давхарт буухад хойноос ирээд хүүхдээ надаас булааж аваад яваад өгсөн юм. Ийм зүйл болоод цагдаад хандсан. Бид хоёр 2008 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд 2014 оноос хойш бол ер нь тусдаа байсан бөгөөд хаяа нэг гэрт ирдэг юм. Булгантамир нь 2014 оноос хойш өөр хүнтэй болж тэдний гэрт амьдарч байгаа юм. Намайг хардсаны улмаас хэрүүл маргаан хийж зодсон. Өмнөх өдөр нь гэрт ирээд хамт байж байгаад орой нь намайг хардаад хэрүүл хийгээд дахиад орж ирэхгүй гээд гараад явсан юм. Тэгтэл үүрээр нь ийм асуудал болсон юм. Булгантамир нь жирэмсэн байхад буюу 2012 онд бөөрлүү өшиглөж байсан. Мөн 2015 онд миний хоолойг боож түлхэж унагааж байсан, гэхдээ энэ удаагийнх шиг ингэж зодож гэмтэл учруулж байгаагүй. Урд нь намайг боож унагах үед аав нь байсан бөгөөд гарч ирээд Булгантамирыг хөөж явуулж байсан. Түүнээс урд нь цагдаад хандаж арга хэмжээ авахуулж байсан удаа байхгүй. Энэ хүнд зодуулж гэмтэл авсан болон сэтгэл санаагаар хохирсондоо гомдолтой байна. Дахин ийм байдал гаргуулахгүй байхыг хүсч байна гэх мэдүүлэг /хх 9-11 /,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Байгалмаа:..Миний дүү Булгантамир нь Золгэрэлтэй 2008 оноос эхлэн амьдрах болсон, хоёр хүүхэдтэй. Анх хамт ажилладаг байхаасаа л үерхэж амьдарч эхэлсэн юм. 2015 оноос эхлэн юу болсныг нь сайн мэдэхгүй байна, тусдаа амьдрах болсон. Урд нь тэдний хооронд зодоон цохион болсон гэх асуудал сонсогдож байгаагүй. Одоо бол Булгантамир нь манай ээж болон миний охин, надтай амьдарч байгаа, эхнэр Золгэрэл нь хоёр хүүхэдтэйгээ манай аав Цэрэнтэй хамт хашаа байшиндаа амьдарч байгаа. Булгантамир бол гэртээ очихгүй, ээжтэй хамт байгаа юм. Булгантамир нь Их монгол ресторанд бармен хийдэг бөгөөд тухайн газар нь засварт орсон байгаа тул одоогоор ажилгүй байгаа. Булгантамир бид хоёр эцэг, эхээсээ хоёулаа бөгөөд янз бүрийн буруу ааш зан гаргаад, уурлаж уцаарлаад хүнтэй маргалдаж, хэрүүл маргаан гаргаад байдаггүй бөгөөд тэгэж уурлаж, уцаарлаад зодоон нүдээн хийж байхыг нь би бол хараагүй. Би өөрөө дүүгээ өсгөж хүмүүжүүлсэн хүн. Би ийм байдал гаргаж Золгэрэлийг зодсон гэхэд надад сонин санагдаж байна. Хүн зодох битий хэл, хүнтэй маргалдаад байдаг хүн биш, хүнтэй эвсэг харьцдаг, зөөлөг чанартай хүн байгаа юм. Урд нь эхнэрээ зодож байсан гэж огт сонсоогүй. таарамжгүй тусдаа байна л гэж байсан, эхнэр Золгэрэлээс нь хүртэл зодсон гэж сонсож байгаагүй бөгөөд таарамжгүй байгаа бол яах вэ гэхэд нь би өөрөө мэдэх байлгүй, эргээд ирэх байх гэж хэлж байсан. Одоо Золгэрэл нь манай аавтай, хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 12-13/
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5613 тоот актын:
1. Д.Золгэрэлийн биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт, нүдний алимны доргилт, хамар, эрүү, доод дотор салст, зүүн тохой, баруун шуу, 2 өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Батцэцэг гэсэн дүгнэлт./хх-15/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
Улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах чиг үүрэгтэй оролцож, хавтаст хэргээс 16 дугаар хуудас дахь нотлох баримтыг шинжлэн судлуулья.
Шүүгдэгч: Өнөөдөрийн шүүх хуралдаанд өөрөө өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцох байна. Хавтаст хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ц.Булгантамир нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 85 тоотод хамтран амьдрагч Д.Золгэрэлийг зодож түүний биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстны цус харвалт, нүдний алимны доргилт, хамар, эрүү, доод уруулын дотор салст, зүүн тохой, баруун шуу, 2 өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Булгантамирт холбогдуулан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хохирогч Д.Золгэрэл нь шүүгдэгч Ц.Булгантамираас хохиролд 300.000/гурван зуун/ мянган төгрөг хүлээн авч, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Булгантамирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Ц.Булгантамир нь Д.Золгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Ц.Булгантамирыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнгийн Булгантамирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Ц.Булгантамирт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Булгантамирыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Золгэрэл гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Булгантамирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Булгантамирт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ