| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 130/2018/0000/Э |
| Дугаар | 013 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Е |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 013
Захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд, прокурор А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай, шүүгчийн захирамжид гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын саналд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн С.Б нь архидан согтуурч, ар гэртээ агсам тавьж, эхнэрээ зодож танхайрах зөрчил гаргасан тул 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дүгээр шийтгэврээр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156, 165 дугаар зүйлүүдэд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих саналтай.” байна гэжээ.
Прокурорын дүгнэлтэд: “Ялтан С.Б-д харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 02 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрх үүргийг тайлбарлан танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл ялтныг ажиллуулах байгууллагыг тогтоож тогтоол гаргаагүй, ялтныг ажиллуулах байгууллагатай гэрээ байгуулаагүй шалтгааныг тогтоох талаар шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тайлбар авахад ялтан С.Б нь дуудсан цагт ирэхгүй, ял эдлэхээс санаатай зайлсхийж, зугтаадаг байсан нь тогтоогдсон, энэ хугацаанд ялтан зөрчил гаргаж шийтгүүлсэн нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дүгээр шийтгэврээр, шийтгэлээ эдэлж гарсны дараа хулганы хор идэж бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн албан бичиг, эмчилгээ хийсэн эмч болох О.С-ын тодорхойлолт зэрэг хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ялтан С.Б-ы эдлээгүй 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт буюу ажлын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 5.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасныг тус тус удирдлага болгон хорих ялаар солин асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн прокурорын дүгнэлтээ дэмжиж байна.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ний өдрийн 201 дүгээр шүүгчийн захирамжаар:
“1. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор ялтан С.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.
3. Ялтан С.Б-д өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ы цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж шийдвэрлэжээ.
Ялтан С.Б-ы давж заалдах гомдлын агуулга: “Миний бие 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ам бүл-7, аав, ээж, эхнэр хүүхдийн хамт Өлгий сумын 1 дүгээр багт амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 01 тоот захирамжаар 30 хоногийн хорих ялаар сольсон. Тэр үед миний бие сэтгэл санааны гүн хямралд орж уксус уусан юм. Тэгээд эмнэлэгт ирээд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж оношилгоо гаргахад улаан хоолой, амны хөндий, ходоод нарийн болон 12 нугалаат шулуун гэдэс бүхэлдээ түлэгдсэн гэсэн онош гарч биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх болсон учир миний биеийн байдлыг харгалзан үзэж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан ялтан С.Б-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн 18020002 дугаартай хувийн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.
Ялтан С.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн А.М-ын гэрээс хар өнгийн хуучин ашиглаж байсан “Acer” маркийн, “Compap” маркийн 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлжээ.
Уг гэмт хэрэг үйлдэлдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 135 дугаартай шийтгэх тогтоолоор “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Ялтан С.Б-ыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар Байн-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор ... оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай” гэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольжээ.
Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “санаатайгаар зайлсхийж, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уксус болон хор ууж бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргаж тус шүүхээр 15 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байна” гэж дүгнэжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл биелүүлэх ёстой 240 цагийн ажлыг биелүүлээгүй гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтан С.Б-д Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 02 дугаартай тогтоолоор 18020002 хувийн хэрэг нээж, ажиллагааг эхлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Д нь ялтан С.Б-д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эрх үүрэг танилцуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн холбогдох заалтуудыг танилцуулах, баталгаа авах, дэлгэрэнгүй бүртгэл авах, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авах зэрэг ажиллагааг тус тус үйлдэж баримтжуулжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэхдээ биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих, эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавих, ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулах зэрэг гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.
Ялтан С.Б нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “ирж чадсангүй учир шалтгаан нь сүүлийн нэг жилд өвдсөн, сэтгэлийн гүн хямралд орсон, нойргүйдэлд хүрсэн, амьдрах хүсэлгүй болоод хулганы хор уусан, эрүүл мэндийн байдлаас болоод ажлаа хийж чадахгүй байна” гэсэн тайлбарыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гаргажээ.
Гэсэн хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “ялтан хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадалгаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино.” гэсэн заалтыг баримтлах нь зүйтэй байна.
Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар С.Б-д 40 цагийн албандан сургалтанд хамруулж, 15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж” шийтгэлээ эдэлж дууссан. Мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт амиа хорлох гэж хортой бодис ууж, хордлогонд орж яаралтай ходоод угаах эмчилгээ хийлгэсэн, 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 9 хоног эмчилгээ хийлгэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр 14 цагийн орчимд С.Б нь уксус ууж амиа хорлохын завдсан нь тус тус тогтоогдож байна.
Анхан шатны шүүх ялтан С.Б-ыг хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.2-д заасан зөрчил үйлдсэн гэсэн үндэслэлээр ялыг сольсон нь үндэслэлтэй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, зөрчил гаргаж шийтгүүлсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 01 тоот захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Б-ы давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Д нь ялтны ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн ялын тооцоог үнэн зөв хийх, ял эдлэхээс зайлсхийсэн нөхцөл байдлыг шалган тогтоох, ялтны хувийн хэргийг хөтлөх үүргээ биелүүлээгүй алдаа гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь “ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах, гэрээнд ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн ажил хийх цаг, ялтны зан байдал, хүмүүжил, ял эдлэлтийн талаарх тодорхойлолтыг батлагдсан загварын дагуу үйлдэж, гэрээнд заасан хугацаанд ирүүлэх үүргийг тусгана.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдрийн 1 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэлийн 18020002 дугаартай хувийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцааж, ялтан С.Б-ы гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь 2 хоног урьдчилан цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан Эрүүгийн хэргийн шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан ялтан С.Бы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн 18020002 дугаартай хувийн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.
Ялтан С.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн А.Муратын гэрээс хар өнгийн хуучин ашиглаж байсан “Acer” маркийн, “Compap” маркийн 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлжээ.
Уг гэмт хэрэг үйлдэлдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 135 дугаартай шийтгэх тогтоолоор “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Ялтан С.Быг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар Байн-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор ... оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай” гэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольжээ.
Шүүгчийн захирамжын тодорхойлох хэсэгт “санаатайгаар зайлсхийж, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уксус болон хор ууж бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргаж тус шүүхээр 15 хоног баривчилах шийтгэлээр шийтгүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байна” гэж дүгнэжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл биелүүлэх ёстой 240 цагийн ажлыг биелүүлээгүй гэжээ.
Анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжийн дүгнэлт нь ялтан С.Бы өмнө оногдуулсан ялыг солихдоо түүний гаргасан зөрчил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлийг буруу тооцож, ял оногдуулсан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтан С.Бд Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 02 дугаартай тогтоолоор 18020002 хувийн хэрэг нээж, ажиллагааг эхлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Дарханбек нь ялтан С.Бд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эрх үүрэг танилцуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн холбогдох заалтуудыг танилцуулах, баталгаа авах, дэлгэрэнгүй бүртгэл авах, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл авах зэрэг ажиллагааг тус тус үйлдэж баримтжуулжээ.
Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбек нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэхдээ биечлэн хяналт тавих, ялтны ажлын гүйцэтгэлд хяналт тавих, эрх бүхий ажилтан, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах зэргээр тогтмол хяналт тавих, ялтныг ажиллуулахаар гэрээ байгуулах зэрэг гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.
Ялтан С.Б нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “ирж чадсангүй учир шалтгаан нь сүүлийн нэг жилд өвдсөн, сэтгэлийн гүн хямралд орсон, нойргүйдэлд хүрсэн, амьдрах хүсэлгүй болоод хулганы хор уусан, эрүүл мэндийн байдлаас болоод ажлаа хийж чадахгүй байна” гэсэн тайлбарыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гаргажээ.
Энэхүү тайлбарыг гаргасаар байтал шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбек нь ялтны ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн ялын тооцоог үнэн зөв хийх, ял эдлэхээс зайлсхийсэн нөхцөл байдлыг шалган тогтоох, ялтны хувийн хэргийг хөтлөх үүрэгээ биелүүлээгүй алдаа гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь “ялтныг ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажлын хувцсаар хангах, ажиллах нөхцөлийг урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах, гэрээнд ялтны ургийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн ажил хийх цаг, ялтны зан байдал, хүмүүжил, ял эдлэлтийн талаархи тодорхойлолтыг батлагдсан загварын дагуу үйлдэж, гэрээнд заасан хугацаанд ирүүлэх үүргийг тусгана.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацааг ялтан ажил гүйцэтгэж эхэлсэн цагаас эхлэн тооцож, шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусгавар болтол эдлүүлэхээр заасан бөгөөд ялтан С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж эхлээгүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-д “Ялтан хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 65.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино..” гэж заасан бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих үндэслэлийг заажээ.
Шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбек нь ялтан С.Быг нийтэд тустай ажил хийлгэх байгууллагатай гэрээ хийгээгүй, дотоод журамтай нь танилцуулаагүй, хийж гүйцэтгэвэл зохих ажлыг нь хүлээлгэж өгөөгүй бөгөөд бусад дүрэм, журам, зааврыг биелүүлээгүйг нь нотлоогүй байна.
Анхан шатны шүүх ялтан С.Быг хуурамчаар өвдсөн, эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт, материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн гэсэн үндэслэлээр ялыг сольжээ.
С.Б нь ямар шалтгаан нөхцлийн улмаас бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсныг нарийвчлан тогтоогоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасан зүйл ангийн агуулга нь ялтан нийтэд тустай ажил хийлгэх байгууллагатайгаа гэрээ байгуулсан, тухайн заагдсан байгууллагадаа нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байхдаа ялаас зайлсхийж бие эрхтэн, эрүүл мэнддээ гэмтэл учруулсан үйлдлийг ойлгох нь зүйтэй бөгөөд ялтан С.Б уг ялаа эдэлж эхлээгүй бөгөөд ажил гүйцэтгээгүй хуульд заагдсан ажиллагаа явагдаагүй байсан тул “бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, зөрчил гаргаж шийтгүүлсэн” гэх нөхцлийг хангахгүйг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж заасан. Дээрх үндэслэлд зааснаар ялтан С.Б нь нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийж эхлээгүй байж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заагдсан ажиллагааг бүрэн авч хэрэгжүүлээгүй, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн, шүүгчийн захирамжинд заагдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 01 тоот захирамжыг хүчингүй болгож, ялтан С.Бы давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдрийн 1 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн 18020002 дугаартай хувийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцааж, ялтан С.Бы гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь 2 хоног урьдчилан цагдан хоригдсныг дурьдаж, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Бы урьдчилан хоригдсон 2 хоногийн хугацааг, цагдан хоригдсон нэг хоногийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлэх 240 цагийн ажлаас 16 цагийн ажлыг хасаж, нийт 224 цагийн ажил хийлгэх ял эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ