Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1017

 

2021         10         08                                     2021/ШЦТ/1017

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

хохирогч: Н.Ү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2108000000000 тоот хэргийг 2021.09.29-ний өдөр хүлээн авч  шүүн хэлэлцэв.

 

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан хотод 0084.06.05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уулын жолооны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 00 дугаар баг 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Тоос овогт П-гийн З /РД:**0000000/ нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

              бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 460000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:          

 

              Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр 48А байрны гадаа насанд хүрээгүй хүүхдэд архи өглөө гэх шалтгаанаар иргэн Н.Үыг нүүр болон бие хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн өдөр, мөн шалтгаанаар, мөн хорооны нутаг дэвсгэрт Содон хорооллын авто зогсоолд тавьсан байсан иргэн Ч.Жгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохин хагалж, баруун урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгож, гэмтээсний улмаас, бусдад 460000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              - Хохирогч Н.Үын ...Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын ойролцоо Н-ийн гэрийн гадаа ...шөнийн 03 цагийн орчимд “хөөе” гээд хүн орилохоор нь харахад З.Н “манай аав, ээж хоёр ирж байна” гэж хэлээд зугтаагаад явахад араас нь Ч.Ж бас дагаад зугтаачихсан. Гэтэл З.Н-ийн аав нь гэх ах над дээр хүрч ирээд үгийн зөрүүгүй баруун гараараа миний зүүн нүд рүү цохиж намайг газар унагаагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөж хамар хугалж, нуруу болон өвдөг, тохой хэсгээр минь газар чирч байгаад машиндаа суулгаад зугтаасан залуугаа олж өг гэсэн. ...би гомдолтой байгаа. Хамраа эмчлүүлчихвэл гомдолгүй, мөнгөгүй болохоор эмнэлгээр явж чадахгүй байна... гэх мэдүүлэг /хх 14-15/,

                 - Хохирогч Ч.Жгийн ...найз Н.Үыг 32-оос аваад 23 цаг өнгөрч байхад З.Нандин-Эрдэнийг 5 шараас очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 48а байрны гадаа очиж бид 3 пиво уухаар болж ...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 03 цагийн орчимд З.Н-ийн байрны гадаа тоглоомын талбайд бид гурав Нийслэл нэртэй 2.5 литрийн пивоноос 1 ширхгийг задалж уугаад удаагүй байж байхад нэг ах, эгч хоёр “хөөе” гээд орилоод ирэхэд З.Н “манай аав, ээж хоёр ирж байна. зугтаарай” гэж хэлсэн. ...Н.Ү над руу ярьж авто сургууль дээр хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очиход З.Н-ийн аав машинтайгаа бид хоёрыг хөөхөөр нь Содон хорооллын тийшээ зугтаахад хажуугаар зам дээр шахаж зогсоогоод буугаад ирэхээр нь бид хоёр айгаад машиныхаа хаалгыг түгжтэл жолооч талын хаалганы бариулыг татаж байгаад өшиглөж хонхойлгоод урд салхины шил рүү баруун гараараа 3-4 удаа цохиж хагалахаар нь бид хоёр дахин зугтаасан. гэх мэдүүлэг /хх 8-9/,

              - Насанд хүрээгүй гэрч З.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Зын ...манай охин З.Н хоёр залуутай 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад байж байхаар нь орилоход манай охин зугтаагаад явчихсан. Харин араас нь хар хувцастай залуу бас зугтаагаад явахад цагаан хувцастай залууг манай нөхөр ******* барьж аваад нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохиж унагаагаад дээрээс нь өшиглөж байгаад газар чирч дээш нь босгоод найзыгаа “хаана байгааг зааж өг” гэж хэлээд ...Гэтэл нөхөр жолооч талын хаалга руу нь өшиглөөд бариулаас нь барьж байгаад урд салхины шил рүү нь 3-4 удаа баруун гараараа цохиж байгаад хагалчихсан... гэх мэдүүлэг /хх 26-27/,

              - Гэрч О.Дын ...Содон хорооллын ойролцоо төв зам дээр явж байхад хажуугаар дахин шахаж орж ирж зогсоогоод тухайн машинаас 35-40 орчим насны ах бууж ирээд жолооч талын хаалгыг татсан. Тухайн үед цоожтой байсан болохоор тухайн ах жолооч талын хаалга руу өшиглөж байгаад Ч.Жгийн машины урд талын салхины шил рүү цохиод хагалчихсан... гэх мэдүүлэг /хх 31/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7400 дугаартай: Н.Үын биед хамрын зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархай, баруун тохой,нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх 41-42/,

              - Мастер үнэлгээ ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21/028 дугаартай ...урд салхины шил 280000 төгрөг,...баруун урд хаалганы засвар 180000 төгрөг,...нийт 460000 төгрөг... гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх 34-36/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

              Шүүгдэгч ******* нь төрсөн охин 16 настай З.Нандин-Эрдэнийг шөнө оройн цагаар гэртээ ирээгүй байхад нь эх Б.Зынх нь хамт хайж явж байгаад байрныхаа гадаа саравчинд эрэгтэй хүмүүстэй хамт пиво ууж байхыг нь харж уурлаж бухимдсан ба насанд хүрээгүй хүүхдэд архи өглөө гэх шалтгаанаар иргэн Н.Үыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, иргэн Ч.Жгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохин хагалж, баруун урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгох зэргээр эд хөрөнгийг нь устгаж гэмтээсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээр дурьдсан баримтуудаар болон түүний эхнэр асан Б.Зын “шөнө 03 цагийн үед байрныхаа гадаа ирээд гэртээ орох гээд хонх дараад хаалга онгойлгож өгөхгүй байхаар нь жижүүрээс “чийп байна уу” гэж асуухад “байхгүй” гэхээр нь охин З.Н рүү залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан... Гэтэл жижүүр “охиноо хайгаад байгаа юм уу танай охин улаан үстэй охин мөн үү” гэж хэлэхээр нь “тийм” гэж хэлэхэд “байрны сааданд хоёр бандитай хамт сууж байсан” гэж хэлэхээр нь яваад очиход манай охин З.Н 2 залуутай 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад сууж байхаар нь орилоход манай охин зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар батлагдан нотлогдож байна.

              Иймд шүүгдэгч *******г иргэн Н.Үыг нүүр болон бие хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамрын зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархай, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, мөн иргэн Ч.Жгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохин хагалж, баруун урд талын хаалгыг хөлөөрөө өшиглөн хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас, бусдад 460000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас иргэн Н.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 7400 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч Н.Ү нь мөрдөн байцаалтын шатанд ...би эмнэлгээр явж асуухад миний хамарт 2000000 төгрөгөөр гоо сайхны хагалгаа хийнэ гэсэн. ...тухайн мөнгийг нэхэмжилж байна. ...надад эмчилгээний зардалд гаргаад өгөх баримт байхгүй... гэх мэдүүлсэн /хх-18/ ба шүүх хуралдаанд толгойн КТГ-н шинжилгээний төлбөрт 130000 төгрөг тушаасан баримт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Интермед эмнэлэгт үзүүлсэн бүртгэлийн хуудас, “хамарт хийх мэс заслын төлбөрт 1,6 сая төгрөг, ерөнхий мэдээ алдуулалтын төлбөр 331000 төгрөг, бүтэн биений шинжилгээ бүрдүүлэх шаардлагатай” гэх эмч Л.Тамирын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд эх хувиар нь гарган өгч шинжлэн судлууллаа.

Хохирогчоос энэ талаар тодруулахад “Миний хамар битүүрээд амьсгалахад хүндрэлтэй байгаа. Эмчид үзүүлэхэд “мэс засал хийлгэх шаардлагатай. Хамрын ясыг бороолсны дараа хагалгаа хийнэ” гэсэн. Иймд мэс заслын төлбөрт 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч нь эмчилгээтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэлээ нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хохирогч Н.Үад тодорхойлолт гаргаж өгсөн гэх эмч Л.Тамир нь хаана, ямар эмнэлэгт, ямар мэргэжлийн эмч болох нь тодорхойгүй, онош нь гадаад хэл дээр бичигдсэн зэрэг шалтгаанаар уг тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд баримтаар нотлогдсон төлбөр болох 130000 төгрөгийг *******гаас гаргуулан хохирогч Н.Үад олгож, цаашид эмчилгээтэй холбогдон гарсан гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн  Ч.Жгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөнгөн дүнгээр 460000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарна. Шүүгдэгч ******* нь хохирогч Ч.Жгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Ч.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч *******гийн яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. ******* нь Ч.Жд төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ******* нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, хорих ялыг тэнсэж 1 жилийг хугацаагаар хянан харгалзсан,

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.01.09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор *******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь тухайн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар хувь, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73-77/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар түүнийг ялгүй болсонд тооцно.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэж, торгох ялыг нэмж нэтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял эдлүүлэх тухай саналыг хангаж, *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойллоо.

            Шүүгдэгч *******гийн орлогын байдал тогтворгүй, баримтаар хангалттай нотлогдохгүй байгааг болон эрүүгийн хариуцлагын хуульд заасан зорилгыг хангах үүднээс *******д оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

              1. Шүүгдэгч Тоос овогт П-гийн Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 460000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

              2. Шүүгдэгч Тоос овогт П-гийн Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.  

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Тоос овогт П-гийн Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш *******д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

              5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.Жд 460000 төгрөг хүлээлгэн өгсөн, Ч.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гаас 130000 төгрөг гаргуулж хохирогч Н.Үад олгосугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Үын гоо сайхны хагалгаанд шаардлагатай гэх 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Н.Ү нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж *******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

              11. Хохирогчоос шүүхэд шинжлэн судлуулсан 4 хуудас баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг хохирогчид баримтаар хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Т.С-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ