| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/204/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Над холбогдох эрүүгийн 2107000000114 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, .............. авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ............................. тоотод оршин суудаг,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,
Бага чулуу овогт Б.Н /РД: ...................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Н нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Жг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ..................... гудамжинд, мөн тээврийн хэрэгсэл дотор байхдаа түүний дух хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Жг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын гадна гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Н.Жг гараараа цохиж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн гэр бүлийн хамаарал бүхийн эхнэр Н.Жг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх 3 удаагийн үйлдлээс гадна 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо .................. шатахуун түгээх газрын гадна тээврийн хэрэгсэл дотор гараараа, цохих, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хамгийн анх Б.Н нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо .................. шатахуун түгээх газрын гадаа машин дотроо Э гэх охины хамт сууж байхад нь би Эд “чи яагаад хүний нөхрийн фэйсбүүк зурган дээр нь хамаагүй зүрх дараад байгаа юм бэ?” гэхэд Э яг миний асуусан асуултад хариулж чадахгүй над руу “тэнэг юм уу? хаашаа юм бэ?” гээд цэхэлзсэн. Тэгсэн Б.Н хажуунаас над руу “чи юун том юм бэ” гэхээр нь би Б.Над уурлаад “би угаасаа том” гээд хэлтэл Б.Н тэр Э гэх охиноо надаас өмөөрөөд над руу уурлаж хашхичаад байхаар нь түүний нүүрлүү 2 удаа алгадсан. Тэгсэн зөрүүлээд шууд миний нүүрлүү 2-3 удаа алгадаад гараараа миний хоолойг боож бараг ухаан алдаж унах гэж байхад нэг юм гараа тавьж миний биед халдаж зодож байсан. Тухайн үед би энэ талаараа цагдаа сэргийлэх гэж яваагүй юм. Учир нь хүүхдээ бодоод арай ч хүүхдийнхээ эцгийг цагдаа сэргийлэхээр явуулаад хэрэггүй байх гэж бодоод дуугүй өнгөрөөж байсан.
Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 20-172 тоот гэрийнхээ гадаа машин дотор Б.Нтай хамт юм яриад сууцгааж байгаад бас дахиад тэр Б.Нын надаас нууцаар уулзаад байдаг Э гэдэг охиноос нь болоод хоорондоо хэрүүл маргаан хийж байх явцад миний духруу гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний баруун нүд хавдаж хөхрөөд дух маань халцарч шалбарч байсан. Энэ үед ч бас би цагдаад мэдэгдээгүй, харин өөрийнхөө зодуулж гэмтсэн зургийг дарж баримтжуулж авсан юм.
Үүний дараа буюу гурав дахь удаагаа 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ..................................... тоотод байх хадмынх руугаа Б.Н болон хүү Н.Э /тухайн үед 2 настай байсан/-ын хамтаар машин дотор явж байхад би тухайн үед жилийн өмнө өөд болсон дүүгээ санаад бага зэрэг уйлчихсан чинь л Б.Н гэнэт надруу уурлаад “чи үхсэн хүний хойноос юундаа уйлдаг юм бэ, амьд байхад нь уйлж байгаагүй юм байж” гэхээр нь би чив чимээгүй сонсож сууж байгаад хадмынхаа гэрийн гадаа ирэхэд нь би Б.Над “миний хайр хүүтэйгээ гэрлүүгээ ороод амарчих, энэ байдлаараа хоёулаа ороод бөөн хэрүүл болох юм шиг байна, надад санаа зоволтгүй би өөрөө сэтгэл санаагаа тайвшруулангаа алхаад буцчихъя” гэж хэлээд алхаад явж байтал Б.Н хүүгээ тэвэрчихсэн араас хүрч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй миний нүүрлүү гараараа 3-4 удаа цохисон. Тухайн үед би цохиулснаасаа болоод манараад газар уначихсан байхад миний хөлрүү хэд хэдэн удаа өшиглөж зодож байсан. Энэ асуудлыг би цагдаад мэдэгдэж байгаагүй. Би энэ талаараа ар гэрийнхнээсээ их нуудаг байсан юм. Тийм болохоор Б.Ныг намайг цохиж зоддог байсан асуудлын талаар хүмүүст хэлж ярьж байгаагүй.
Би 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар ажил дээрээ ажлаа хийж байхад Б.Н над руу залгаж “чи намайг охинтой хардаад байсан билүү, чи намайг буруугаар ойлгоод байна. Би удахгүй гадаа чинь очлоо гараад ир” гэсэн. Тэгэхээр нь гайхаад гараад очтол Б.Н нэг машин дотор өөрөө архи дарс уусан бололтой бага зэрэг согтуу байсан. Харин хажууд цуг суусан танихгүй эмэгтэй нь жолоо барьчихсан ирсэн. Ингээд машин дотор нь орж суутал Б.Н надруу “чи намайг энэ эмэгтэйтэй хардаад байсан билүү одоо ингээд уулзаад ойлголцчих” гэсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь над руу “би Б.Н ахаар хэд хэдэн удаа гэрлүүгээ хүргүүлж байсан. Машин тэргэнд нь хэд хэдэн удаа суугаад явж байсан” гэж хэлэхээр нь би Б.Над “за за би ойлгочихлоо, би одоо ажил руугаа орж ажлаа хийлээ” гэж хэлээд машинаас нь буух гэж байсан чинь Б.Н гараараа миний хоолойг боож аваад өөрлүүгээ татсан. Тэгэхээр нь би түүнд “хөөе чи яагаад байгаа юм бэ, би чамд ойлгочихлоо гэж хэлээ биз дээ, чи угаасаа одоо Э гэдэг өөр найз охинтой болчихсон биз дээ” гэтэл “хоёулаад ярих зүйл байгаа, чи одоо хэндээ таалагдах гээд үнэртэй ус түрхчихсэн юм бэ, ах нар чамд таалагдаад байгаа юм уу” гээд миний хөл гарнаас зулгааж толгой, ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад маш олон удаа цохиод гараараа миний толгойг доошоо дарахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гээд түлхээд дахиад машины хаалгыг онгойлгоод буух гэж байтал хойноос үснээс минь татаж зулгаагаад машины хаалганы дээд хэсгийн төмрийг миний ар дагз хэсгээр мөргүүлсэн. Тухайн үед машин дотор хамт байсан эмэгтэй нь Б.Н руу “ахаа та одоо болиоч, та яасан аймар юм бэ” гээд орилоод уйлаад байсан. Тэгэхэд Б.Н тэр охиныг ч тоохгүй чи дуугүй бай гэж орилчихоод надтай зууралдаад байсан. Тэгээд Б.Нтай нилээн зууралдаж байж арай гэж нэг юм салж машинаас нь буугаад ажил руугаа ороод цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ер нь бол би Н.Ж, Б.Н хоёрын дэргэд байнга байгаад байдаггүй учир Б.Н нь Н.Жг зодож цохихыг нь харж байгаагүй. Гэхдээ миний санаж байгаагаар 2021 оны 01 сарын үеэр Н.Ж надруу шөнө 00 цагийн үед унтаж байхад минь залгаад “ахаа Б.Н гэрийн гадаа согтуу ирчихсэн хаалга үүд балбаж нүдээд гаднаас гэрийг нь гал тавьж шатаана гээд орилоод байна” гэхээр нь би тэр даруйдаа гэрээсээ гарч Н.Жгийн гэрт нь очиход Б.Н байхгүй явчихсан байсан. Ер нь бол Н.Жгийн нөхөр болох Б.Н нь гэр бүлээс гадуур харилцаа их үүсгэдэг энэ асуудлаас нь Н.Ж түүнтэй хэрүүл хийхэд нь барьж аваад зодчихдог гэж байсан. Сүүлд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Н.Ж манайд хүрч ирээд Б.Над маш олон удаа зодуулж байснаа хэлж өөрийн гар утсан дээрх Б.Над цохиулж зодуулсан гэх зургуудаа надад үзүүлж харуулж байсан. Тухайн үед нь Н.Жд чи яагаад одоо болтол цагдаад мэдэгдээгүй юм бэ гэхэд надад “би хүүхдээ бодоод эцгийг нь шоронгоор явуулахгүй гэсэндээ л тэвчиж тэсээд яваад байгаа юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Ныг манай найз залуу *******гийн найз гэдгээр нь мэднэ, өмнө нь түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр үедээ таньж мэддэг болсон. Харин Н.Жг сайн таньж мэдэхгүй. Би 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 28-148 тоот гэртээ байж байтал өглөө 10 билүү 11 цагийн үед Б.Н ах надруу залгаж “ахын дүү чи надтай хамт яваад манай эхнэрт өөрийгөө надтай ямар нэгэн харилцаа холбоогүй гэдгээ тайлбарлаад өг” гээд гуйхаар нь би зөвшөөрөөд Б.Н ахтай хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо Багахангай, Налайх дүүргийн прокурорын газрын гадаа ирсэн. Тэгтэл Б.Н гар утсаараа Н.Жг дуудаж гаргаж ирээд машин дотор суулгасан. Тэгсэн Н.Ж орж ирэнгүүтээ Б.Над “чи энийгээ яах гэж дагуулж ирсэн юм бэ” гээд уурласан. Тэгсэн Б.Нарандбарах ах “энэ охин надтай ямар ч хамаагүй, манай дүүгийн найз охин байгаа юм” гэж хэлтэл Н.Ж уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн Н.Ж гараараа Б.Нын бие рүү нь билүү нүүрлүү нь алгадсан. /тухайн үед сайн анзаараагүй ямар ч байсан алгадсан/ Тэгсэн Б.Н уурлаад түүний хоёр гарыг нь бариад тэр хоёр зууралдаад эхэлсэн. Тухайн үед би машины урд ганцаараа сууж байсан учир хойно юу болоод байгааг хэн хэнийхээ хаана нь яаж цохиж зодсоныг сайн харж чадаагүй. Ингээд Н.Ж машинаас буух гэж байтал араас Б.Н ах түүнийг буулгахгүй гээд үснээс нь хойшоо татаад толгойг нь юманд цохиулчих шиг болсон. Уг нь би тухайн үед Б.Н ахад “та одоо болиоч ээ” гэж хэлсэн боловч намайг тоогоогүй. Тэгтэл Н.Ж орилж хашгирч байгаад машинаас буугаад шууд ажил руугаа яваад орчихсон. Үүний дараа би машинтайгаа тэндээс хөдлөөд замдаа Б.Н ахыг буулгачхаад өөрөө гэрлүү буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллаагаанд яллагдагчаар өгсөн: “...Н.Ж бид хоёр хамт амьдраад 4 жил болсон. Энэ хугацаанд бид хоёр олон удаа хоорондоо маргалдаж муудалцаж байсан. Муудалцах бүрт Н.Ж над руу орилж хашхиран элдвээр хэлж доромжилдог үүнээс болж би заримдаа тэсгэл алдаж түүний биед халдаж хохирол учруулсан зүйл бий. Гэхдээ би тэр болгоныхоо он сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар бол 2020 оны 08 дугаар сарын эхээр .............................. тоотод байхдаа тухайн үедээ хоол ундны асуудлаас болж хоорондоо маргалдахад Н.Ж над руу хэрүүл хийж дайраад байхаар нь уур хүрээд түүнийг түлхэж гэмтээж байсан. Өөр надад сайн санаж байгаа зүйл алга. ...Би дээрх он саруудад юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан би Н.Жтай хоорондоо муудалцаж байх үед л эдгээр гэмтлүүд үүссэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 243 дугаартай:
“1. Н.Жгийн биед цээж, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай:
“1. 2020.05.09-ны өдөр гэсэн гэрэл зурагт Н.Жгийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-3 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
2. 2020.06.10-ны өдөр гэсэн №1, 2 гэрэл зурагт Н.Жгийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. №3 гэрэл зургаар духанд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. 2020.09.08-ны өдөр гэсэн гэрэл зурагт Н.Жгийн биед баруун доод зовхинд цус хуралт, баруун доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гэрэл зураг авсан гэх өдрөөс 1-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 2021.04.29-ний өдөр гэсэн гэрэл зурагт Н.Жгийн биед хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зураг авсан гэх өдрөөс 1-3 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд болон дан дангаараа цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 96-104 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 57-65 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Жг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ..................... гудамжинд, мөн тээврийн хэрэгсэл дотор байхдаа түүний дух хэсэгт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Жг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын гадна гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Н.Жг гараараа цохиж өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн гэр бүлийн хамаарал бүхийн эхнэр Н.Жг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх 3 удаагийн үйлдлээс гадна 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо .................. шатахуун түгээх газрын гадна тээврийн хэрэгсэл дотор гараараа, цохих, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо .................. шатахуун түгээх газрын гадаа машин дотроо ... миний нүүрлүү 2-3 удаа алгадаад гараараа миний хоолойг боож бараг ухаан алдаж унах гэж байхад нэг юм гараа тавьж миний биед халдаж зодож байсан. ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... миний духруу гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний баруун нүд хавдаж хөхрөөд дух маань халцарч шалбарч байсан. ...2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ... Б.Н хүүгээ тэвэрчихсэн араас хүрч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй миний нүүрлүү гараараа 3-4 удаа цохисон. Тухайн үед би цохиулснаасаа болоод манараад газар уначихсан байхад миний хөлрүү хэд хэдэн удаа өшиглөж зодож байсан. Энэ асуудлыг би цагдаад мэдэгдэж байгаагүй. Би энэ талаараа ар гэрийнхнээсээ их нуудаг байсан юм. Тийм болохоор Б.Ныг намайг цохиж зоддог байсан асуудлын талаар хүмүүст хэлж ярьж байгаагүй. ...Би 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед ...машинаас нь буух гэж байсан чинь Б.Н гараараа миний хоолойг боож аваад өөрлүүгээ татсан. Тэгэхээр нь би түүнд “хөөе чи яагаад байгаа юм бэ, би чамд ойлгочихлоо гэж хэлээ биз дээ, чи угаасаа одоо Э гэдэг өөр найз охинтой болчихсон биз дээ” гэтэл “хоёулаад ярих зүйл байгаа, чи одоо хэндээ таалагдах гээд үнэртэй ус түрхчихсэн юм бэ, ах нар чамд таалагдаад байгаа юм уу” гээд миний хөл гарнаас зулгааж толгой, ар дагз хэсэгрүү гараа атгаж байгаад маш олон удаа цохиод гараараа миний толгойг доошоо дарахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулах гээд түлхээд дахиад машины хаалгыг онгойлгоод буух гэж байтал хойноос үснээс минь татаж зулгаагаад машины хаалганы дээд хэсгийн төмрийг миний ар дагз хэсгээр мөргүүлсэн. ...Тэгээд Б.Нтай нилээн зууралдаж байж арай гэж нэг юм салж машинаас нь буугаад ажил руугаа ороод цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Н.Ж манайд хүрч ирээд Б.Над маш олон удаа зодуулж байснаа хэлж өөрийн гар утсан дээрх Б.Над цохиулж зодуулсан гэх зургуудаа надад үзүүлж харуулж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Ж уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн Н.Ж гараараа Б.Нын бие рүү нь билүү нүүрлүү нь алгадсан. Тэгсэн Б.Н уурлаад түүний хоёр гарыг нь бариад тэр хоёр зууралдаад эхэлсэн. Н.Ж машинаас буух гэж байтал араас Б.Н ах түүнийг буулгахгүй гээд үснээс нь хойшоо татаад толгойг нь юманд цохиулчих шиг болсон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллаагаанд яллагдагчаар өгсөн: “...Н.Ж над руу хэрүүл хийж дайраад байхаар нь уур хүрээд түүнийг түлхэж гэмтээж байсан. Ямар ч байсан би Н.Жтай хоорондоо муудалцаж байх үед л эдгээр гэмтлүүд үүссэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №243 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Н.Жтай хамтран амьдраад 4 жил гаруй болсон, дундаасаа нэг хүүхэдтэй байх ба гэрлэлтээ бүртгүүлээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох ба шүүгдэгч Б.Н, хохирогч Н.Ж нар хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болно.
Иймд шүүгдэгч Б.Нын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Жг цохих, өшиглөх, үснээс нь зулгаах, хоолойг нь боох зэргээр 4 удаагийн үйлдлээр байнга зодсон, мөн 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлий хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь хохирогч А.Жгийн бие махбодид 3 удаа хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа тул тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар хоёр удаагийн ял шийтгэлтэй байх боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Нын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүд нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Иймд шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Над холбогдох эрүүгийн 2107000000114 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ