Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.НамжилЦ,

хохирогч А.Л,

шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Х.От холбогдох эрүүгийн 2107001080197 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дорнод аймаг, Чойбалсан хотод төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, гэрээгээ бариа засал хийдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................................................тоотод бүртгэлтэй боловч ................................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

           ******* овогт Х.О /РД: ................./.

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Х.О нь ............................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Лг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр архинаас үүдэлтэй маргааны улмаас үснээс нь зулгаах, хоолойг нь боох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүтээн унагалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаагаад баруун шанаа руу нэг удаа цохиж, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үснээс нь зулгаах, толгойн тус газар болон хөл рүү цохих зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

 

          Хохирогч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

            Хохирогч А.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............................................................. тоотод гэртээ байж байтал 12 цагийн үед манай нөхөр үлдсэн пиво ганцаараа ууж сууж байхаар нь би ямар их пиво уудаг юм бэ гэж футволкыг нь санамсаргүй авч шийдэхэд манай нөхөр бөө ба түүний шүтээн болох шувууны баримлыг нь оносон чинь газар унасан. Тэгээд манай нөхөр миний шүтээнийг унагалаа гээд босож ирээд миний үснээс зулгаагаад, баруун шанаа руу 1 удаа цохисон. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн адил гэртээ байж байтал манай нөхөр 16 цагийн үед согтуу орж ирээд унтаад өгсөн. ...18 цагийн үед манай нөхөр сэрээд намайг “чи архи уусан байна, хэнтэй уусан” гээд уурлаад хардаад үснээс зулгааж, газар унагаад хоолой боосон чинь манай хүүхдүүд гараад хажуу айлын Сд мэдэгдээд цагдаа дуудсан чинь манай нөхөр зодохоо больсон ба удалгүй цагдаа нар ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай нөхрийн найз Б, Ц нар ирэхээр нь дэлгүүр орж 2.5 литрийн 2 сав Сэнгүр нэртэй пиво, 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авчраад 4-үүлээ хувааж уусан. Тэгээд Ц, Б нар хэзээ явсныг нь сайн санахгүй байна. Манай нөхөр бид 2 үлдээд байж байтал яг юунаас болж маргалдсанаа бол санахгүй байна ямар ч байсан маргаан болоод манай нөхөр намайг үстээд толгой, гар, хөл рүү цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Аав, ээж хоёр хоёулаа архи уусан үедээ маргалдаж аав ээжийг зодоод мөр лүү нь гараараа цохиж байхыг харсан. Би тэр үед нь болиулаад аав, ээж хоёр хоёулаа унтаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай аав хажууд байдаг шүтээнийхээ гэрт орж архи уугаад ээжтэй хоорондоо маргалдаад аав ээжийн хөл рүү нь гараараа 1 удаа чанга цохисон. ...Байнга зоддоггүй урд өмнө 2 удаа зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ...аав дахиад 1 пиво авч ууна гээд ээж явуулахгүй гээд хоорондоо маргалдаад аав ээжийн үснээс зулгаагаад гар луу нь 1 удаа цохисон. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...аав дахиад ээжийн үснээс зулгаагаад нуруу, гар, хөл рүү нь цохисон. Тэгсэн чинь Д.С эгч орж ирээд цагдаа дуудлаа шүү гэхэд аав болиод гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед би гэртээ байж байтал хажуу айлын эмээ Эрдэнэчимэг Х.Оын хүүхдүүд аав ээжийг зодоод байна гээд манайд уйлаад ороод ирлээ би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь утсыг нь мэдэхгүй байна, чи цагдаа дуудаач гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед болов уу одоо сайн санахгүй байна. Мөн адил Х.Оын хүүхдүүд нь аав ээжийг зодоод байна гээд манай гэрт орж ирэхээр нь би дагуулаад гэрт нь ортол Х.О эхнэрийнхээ үснээс нь зулгаачихсан А.Лгийн амнаас нь цус гарсан байдалтай харагдсан, тэгээд би боль гэж хэлсэн чинь 2-уулаа салаад холдохоор нь гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.О мөрдөн шалгах ажиллаагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... би зүүн мөр лүү нь нэг удаа түлхсэн чинь зөрүүлээд миний баруун мөр лүү гараараа цохиж хөл гуя руу нь өшиглөсөн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн адил гэртээ байж байтал ...02 цагт манай эхнэр гаднаас шал согтуу ирэхээр нь би уурлаад хаана архи уусан юм гэж асуухад чимээгүй байгаад байхаар нь үснээс нь зулгаагаад ганц нэг нуруу руу нь цохисон чинь хажуу айлын Д.С нь мөн адил дуудлага өгөхөөр нь би буцаад унтаад өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бас л гэртээ байж байтал ...би бөөгийн хувцсаа тайлах гэж байтал миний өмсөх гэж байсан футволкыг над руу шидэж өгөхдаа миний тахил болох шувууны баримлыг оноод газар унахаар нь би мөн адил уурандаа хэцээрээ далайхад хэцний урд хэсэг нь эхнэрийн баруун духан дээр нь оносон би яг албаар бол цохиогүй юм. Ингээд чи миний сахиусанд хүрч болохгүй гэдгийг хэлээд эхнэр ч гэсэн буруугаа хүлээгээд өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 419 дугаартай  

          “1. А.Лгийн биед баруун болон зүүн дал, зүүн гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 69,  71-74  дүгээр хуудас/, хүүхдүүд болох Л.Э, Л.М, Л.О, Л.Билгү-Үжин нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 66-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/, прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.О нь ............................................................. тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Лг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр архинаас үүдэлтэй маргааны улмаас үснээс нь зулгаах, хоолойг нь боох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүтээн унагалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаагаад баруун шанаа руу нэг удаа цохиж, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үснээс нь зулгаах, толгойн тус газар болон хөл рүү цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Үүнд: Шүүгдэгч Х.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............................................................. тоотод гэртээ байж байтал 12 цагийн үед ...манай нөхөр миний шүтээнийг унагалаа гээд босож ирээд миний үснээс зулгаагаад, баруун шанаа руу 1 удаа цохисон. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ...18 цагийн үед манай нөхөр сэрээд намайг “чи архи уусан байна, хэнтэй уусан” гээд уурлаад хардаад үснээс зулгааж, газар унагаад хоолой боосон чинь манай хүүхдүүд гараад хажуу айлын Сд мэдэгдээд цагдаа дуудсан чинь манай нөхөр зодохоо больсон ба удалгүй цагдаа нар ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ... 2.5 литрийн 2 сав Сэнгүр нэртэй пиво, 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авчраад 4-үүлээ хувааж уусан. ...Манай нөхөр бид 2 үлдээд байж байтал яг юунаас болж маргалдсанаа бол санахгүй байна ямар ч байсан маргаан болоод манай нөхөр намайг үстээд толгой, гар, хөл рүү цохиж зодсон” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Аав, ээж хоёр хоёулаа архи уусан үедээ маргалдаж аав ээжийг зодоод мөр лүү нь гараараа цохиж байхыг харсан. Би тэр үед нь болиулаад аав, ээж хоёр хоёулаа унтаад өгсөн юм...” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай аав хажууд байдаг шүтээнийхээ гэрт орж архи уугаад ээжтэй хоорондоо маргалдаад аав ээжийн хөл рүү нь гараараа 1 удаа чанга цохисон” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ...аав дахиад 1 пиво авч ууна гээд ээж явуулахгүй гээд хоорондоо маргалдаад аав ээжийн үснээс зулгаагаад гар луу нь 1 удаа цохисон. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...аав дахиад ээжийн үснээс зулгаагаад нуруу, гар, хөл рүү нь цохисон” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед болов уу одоо сайн санахгүй байна. Мөн адил Х.Оын хүүхдүүд нь аав ээжийг зодоод байна гээд манай гэрт орж ирэхээр нь би дагуулаад гэрт нь ортол Х.О эхнэрийнхээ үснээс нь зулгаачихсан А.Лгийн амнаас нь цус гарсан байдалтай харагдсан, тэгээд би боль гэж хэлсэн чинь 2-уулаа салаад холдохоор нь гараад явсан” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Оын мөрдөн шалгах ажиллаагаанд яллагдагчаар өгсөн: “ ...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ...би зүүн мөр лүү нь нэг удаа түлхсэн чинь зөрүүлээд миний баруун мөр лүү гараараа цохиж хөл гуя руу нь өшиглөсөн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн адил гэртээ байж байтал ... 02 цагт манай эхнэр гаднаас шал согтуу ирэхээр нь би уурлаад хаана архи уусан юм гэж асуухад чимээгүй байгаад байхаар нь үснээс нь зулгаагаад ганц нэг нуруу руу нь цохисон. ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бас л гэртээ байж байтал ...би бөөгийн хувцсаа тайлах гэж байтал миний өмсөх гэж байсан фудволкыг над руу шидэж өгөхдөө миний тахил болох шувууны баримлыг оноод газар унахаар нь би мөн адил уурандаа хэцээрээ далайхад хэцний урд хэсэг нь эхнэрийн баруун духан дээр нь оносон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн №419 дүгээр дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.О, хохирогч А.Л нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдардаг, дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.

 

            Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч Х.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Лг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр архинаас үүдэлтэй маргааны улмаас үснээс нь зулгаах, хоолойг нь боох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүтээн унагалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаагаад баруун шанаа руу нэг удаа цохих, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үснээс нь зулгаах, толгойн тус газар болон хөл рүү цохих зэргээр эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр байнга буюу гурван удаа зодсон үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Х.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Х.О нь хохирогч А.Лг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.

 

Шүүгдэгч Х.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

Шүүгдэгч Х.О нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх ба сүүлийн хоёр үйлдэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас хойш үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахааргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Х.Оыг      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.От тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ