Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2107000000194 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Говь-Алтай аймаг, ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нисэхийн механик инженер мэргэжилтэй, “......................................” ХХК-д Засвар төлөвлөлтийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Б.Б /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Ныг хардаж түүний гэдэс, хэвлий, гуя хэсэгт өшиглөж нүүр рүү нь алгадаж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...................................... тоотод байх гэртээ унтаж байтал 02 цагийн үед манай нөхөр Б.Б миний гар утасны түгжээг унтаж байх хойгуур миний хурууны хээгээр тайлаад миний эмэгтэй найзтайгаа харилцсан фэйсбүүк чатыг уншчихаад над руу уурлаад сэрээсэн юм. Тэгээд миний чатыг надад харуулаад энийгээ тайлбарла гээд уурлаад байхаар нь “надад ингэж итгэхгүй бол хамт амьдраад яадаг юм, би явлаа” гээд гэрээс гараад алхсан. Тэгтэл араас гарч ирээд надаас уучлалт гуйхаар нь бид хоёр эвлэрээд гэртээ буцаж ороод унтацгаасан. Маргааш нь нөхөр бид 2 гэртээ байж байхдаа би бага зэрэг гомдоод нөхөртэйгээ 17 цаг хүртэл бараг юм яриагүй. Тэгтэл нөхөр намайг “яагаад уурлаад байгаа юм” гэхээр нь “шөнө унтаж байхад нэгнийхээ утсыг үзээд, чи надад итгэдэггүй юм бол хамт амьдраад яадаг юм, хоёулаа салъя” гэсэн утгатай юм хэлтэл манай нөхөр гэрээс гараад явчихсан. 19 цагийн үед манай нөхөр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 0,5 литрийн Боргио нэгийг, 2,5 литрийн Боргио нэгийг бариад гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би ямар нэг юм яриагүй, харин нөхөр надаас уучлалт гуйгаад хоёр хүүхэдтэйгээ тоглоод байж байсан. 21 цагийн үед нөхөр хүүхдүүддээ орыг нь засаж өгөөд оронд нь оруултал манай нөхөр ганцаараа хөнжлөө нөмрөөд хүүхдүүддээ хөнжил нөмрүүлэхгүй байхаар нь нөхрөөсөө хөнжлийг нь аваад хоёр хүүхэддээ нөмрүүлчихээд өөр хөнжил авчираад нөхөр дээрээ унагаачихсан юм. Тэгтэл гэнэт нөхөр “би архи уух эрхгүй юу” гээд уурлаад босоод ирсэн. Тэгснээ сандал авч зурагт руу шидээд шидсэн сандал нь зурагт оноод унахдаа манай бага охин Ц /3 настай/-ий хөлөн дээр унаад уйлуулчихсан юм. Тэгэхээр би нөхөр лүүгээ мэдрэл муутай юм уу гээд ууралтал миний хэвлийн зүүн хажуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод нөхрийнхөө цээж хэсэг рүү түлхтэл миний хоёр гарыг барьж байгаад мушгиад “чи намайг хэнтэй харьцуулаад байгаа юм, тэр хүнтэйгээ зайл” гэхээр нь би аав, ээжид чинь хэлнэ шүү гээд гарыг нь тавиулаад цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл хувцсаа өмсөөд гарахаар нь би араас нь дагаад гартал манай хашаанд хамт байдаг аавын гэрлүү орж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гудамжиндаа зогсож байгаад аавын гэрлүү ортол манай нөхөр манай аав Аыг сэрээгээд “би танай охиноос сална” гэчихсэн зогсож байсан. Би нөхрөө аавын гэрээс гаргаад өөрөө араас нь гартал миний хацар хэсэгт нэг удаа алгадаад намайг түлхэж унагаагаад миний гуя хэсэг рүү хоёр удаа, хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгтэл аав А гарч ирээд бид хоёрыг салгаж байтал миний толгой хэсэг рүү хоёр удаа цохиод чи өөрөө аашнаасаа болж байгаа шүү гээд гэр лүү орох гэхээр нь хүүхдүүд айлгачихна, битгий ор гээд байж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би охины гэр лүү ортол манай хүргэн Б.Б ганцаараа пиво уугаад, охин хүргэн хоёр бага зэрэг маргалдсан бололтой байж байсан. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй эвлэрчих байх гэж бодоод өөрийнхөө гэр лүү ороод унтаж байтал 23 цагийн орчимд байх манай хүргэн орж ирээд “би охиноос чинь саллаа” гээд байхаар нь би нойрны эм уугаад унтаж байсан болохоор их нойрмог байсан болохоороо “та хоёр гэртээ орж учраа олцгоо” гэж хэлчихээд унтах гээд хэвттэл охин, хүргэн хоёр гадаа хэрэлдээд байх шиг болохоор нь гартал манай хүргэн, охин хоёр хоорондоо муудалцаад нэг нэгнээсээ зууралдаад байж байхаар нь би салгаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд хүргэнийг аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...02 цагийн үед эхнэрийнхээ гар утасны фэйсбүүк мессенжирийг үзсэн юм. Тэгтэл нэг эмэгтэй найз руу бичсэн чатыг хараад миний уур хүрээд эхнэрийгээ сэрээгээд “энэ юу гэж байгаа юм, энийгээ тайлбарла” гээд хэлтэл “надад ингэж итгэхгүй бол хамт амьдраад яадаг юм, би явлаа” гээд гэрээс гараад алхахаар нь араас нь гараад уучлал гуйгаад бид хоёр гэртээ ороод унтацгаасан юм. Маргааш нь эхнэр надтай дуугарахгүй болохоор нь 17 цагийн үед “яагаад уурлаад байгаа юм” гэхэд “шөнө унтаж байхад нэгнийхээ утсыг үзээд чи надад итгэдэггүй юм бол хамт амьдраад яадаг юм хоёулаа салъя” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад дэлгүүр орж 0,5 литрийн Боргио гурвыг, 2,5 литрийн Боргио нэгийг авч Шинэ Налайх хороолол орчмын овооны хажууд хоёр лаазтай 0,5 литрийн пиво уучихаад 19 цагийн үед гэрлүүгээ буцаад орсон. ...би 21 цагийн үед ороо засаад хүүхдүүдэйгээ унтахаар хэвтсэн. Би бага зэрэг согтуу байсан болохоороо шууд унтаад өгсөн. Тэгтэл эхнэр миний хөнжлийг хуу татаж аваад хүүхдүүдэд нөмрүүлээд надад өөр хөнжил шидэж өгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гээд уурлаад байхаар нь миний гэнэт уур хүрээд газар байсан хуванцар ногоон сандлыг зурагтны наана шидээд унасан. Тэгтэл бага охин Ц цочсондоо уйлж эхэлсэн. Тэгтэл эхнэр надруу чи мэдрэл муутай юм уу гээд уурлаад байхаар нь гэдэс, хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл эхнэр босч ирээд үснээс зулгаахаар нь хацар хэсэгт нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл эхнэр босч ирээд үснээс зулгаахаар нь хацар хэсэг рүү нь гараараа алгадчихсан. Тэгээд би цагдаа дуудна гэхээр нь аавын гэр лүү ороод унтлаа гэж гараад аав Д.Аын гэр лүү ороод аавыг сэрээгээд “намайг харахаар нүд хорсоод байна гэнээ, би ер нь саллаа” гээд хэлээд байж байтал араас орж ирсэн. Аав нойрмог байсан болохоор “та хоёр өөрсдөө учраа олцгоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аавын гэрээс гартал эхнэр араас зулгаагаад явуулахгүй гээд байхаар нь нэг удаа алгадаад, түлхэж унагаагаад гуя хэсэг рүү нь хоёр удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл аав Д.А гарч ирээд бид хоёрыг салгаж байтал цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 433 дугаар:

“1. А.Нын биед зүүн 12-р хавирганы хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн  20 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 35-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, “......................................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, бакалаврын диплом /хх-ийн 55-58 дугаар хуудас/,  дансны хуулга /хх-ийн 59-60 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 44, 63-67 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Ныг хардаж түүний гэдэс, хэвлий, гуя хэсэгт өшиглөж, нүүр рүү нь алгадаж зодон, зүүн 12 дугаар хавирганы хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

   Үүнд: Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,

   Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл гэнэт нөхөр “би архи уух эрхгүй юу” гээд уурлаад босоод ирсэн. Тэгснээ сандал авч зурагт руу шидээд шидсэн сандал нь зурагт оноод унахдаа манай бага охин Ц /3 настай/-ий хөлөн дээр унаад уйлуулчихсан юм. Тэгэхээр би нөхөр лүүгээ мэдрэл муутай юм уу гээд ууралтал миний хэвлийн зүүн хажуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод нөхрийнхөө цээж хэсэг рүү түлхтэл миний хоёр гарыг барьж байгаад мушгиад “чи намайг хэнтэй харьцуулаад байгаа юм, тэр хүнтэйгээ зайл” гэхээр нь би аав ээжид чинь хэлнэ шүү гээд гарыг нь тавиулаад цагдаад дуудлага өгсөн. ...би нөхрөө аавын гэрээс гаргаад өөрөө араас нь гартал миний хацар хэсэгт нэг удаа алгадаад, намайг түлхэж унагаагаад, миний гуя хэсэг рүү хоёр удаа, хэвлий хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би охины гэр лүү ортол манай хүргэн Б.Б ганцаараа пиво уугаад, охин хүргэн хоёр бага зэрэг маргалдсан бололтой байж байсан. ...охин, хүргэн хоёр гадаа хэрэлдээд байх шиг болохоор нь гартал манай хүргэн, охин хоёр хоорондоо муудалцаад нэг нэгнээсээ зууралдаад байж байхаар нь би салгаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд хүргэнийг аваад гарсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхнэр миний хөнжлийг хуу татаж аваад хүүхдүүдэд нөмрүүлээд надад өөр хөнжил шидэж өгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гээд уурлаад байхаар нь миний гэнэт уур хүрээд газар байсан хуванцар ногоон сандлыг зурагтны наана шидээд унасан. Тэгтэл бага охин Ц цочсондоо уйлж эхэлсэн. Тэгтэл эхнэр надруу чи мэдрэл муутай юм уу гээд уурлаад байхаар нь гэдэс, хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл эхнэр босч ирээд үснээс зулгаахаар нь хацар хэсэгт нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл эхнэр босч ирээд үснээс зулгаахаар нь хацар хэсэг рүү нь гараараа алгадчихсан. ...бид хоёр аавын гэрээс гартал эхнэр араас зулгаагаад явуулахгүй гээд байхаар нь нэг удаа алгадаад, түлхэж унагаагаад гуя хэсэг рүү нь хоёр удаа, хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 433 дугаар  дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилжээ. Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Б, хохирогч А.Н нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б нь хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, өшиглөх, алгадах, цохих зэргээр хохирогч А.Нын эрүүл мэндэд халдаж, “зүүн 12 дугаар хавирганы хугарал, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч А.Н нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь үнэн болно” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан саналтай холбогдуулан ямар нэгэн тайлбар хэлээгүй болно.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600  /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ