Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00684

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгор багт оршин суух, малчин “Сүүж” овогт Дашцэдэнгийн Уранцэцэг /РЗ-65111301 /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч ажилтай, шүүхэд төлөөлөх эрхийн №2062 дугаарын үнэмлэхтэй “Барнууд” овогт Батмөнхийн Мягмарсүрэн /РУ-86082501/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаарт багт оршин суух, малчин “Бэсүд” овогт Эрдэнэбилэгийн Нэргүй /РЗ-84091615/-д холбогдох,

Монгол 5 ханатай гэр буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нэхэмжлэгч Д.Уранцэцэг, нэхэмжлэгийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Э.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Нэргүйн аавтай 1999 онд гэр бүлээ батлуулж хамтран амьдрах болсон. Тухайн үед Эрдэнэбилэг 2 хүүхэдтэй, би өөрөө 2 хүүхэдтэй гал голомт нийлж байсан. Ингээд хамтран амьдарч байтал нөхөр Эрдэнэбилэг нь 2010 оны 6 дугаар сарын 24-нд өвчний улмаас насан өөд болж би хүүхдүүдийн хамт үлдсэн юм. Одоо би нөхөртэйгөө тухайн үед хамт амьдарч байсан 5 ханат гэрээ түүний хүү Нэргүйгээс нэхэмжлэж шүүхэд өргөдөл гарсан юм. Шүүх хуралдаан дээр Нэргүйтэй харилцан ярилцаж тохиролцоод шүүхэд гаргасан 2.500.000 төгрөгийг нэхэмжлэлээсээ 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгаа тул хариуцагч Э.Нэргүйгээс 500.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна гэв.

Хариуцагч Э.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хүнд өгөх ёстой юмыг нь тухайн үед бүгдийг нь өгсөн ба аавын жижиг гэргийг өгсөн. 150 толгой мал өгсөн. Тухайн үед хамт амьдарч байсан том гэрийг нь бол манай гал голомт гээд өгөөгүй би төрсөн дүүдээ өгсөн юм. Одоо нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000 төгрөгнөөс 500.000 төгрөг дээр эвлэрэх санал гаргаж байгаа бол  хүлээн зөвшөөрч байна.

Иймд Д.Уранцэцэгийн 500.000 төгрөг гаргуулна гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа тул түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранцэцэг нь хариуцагч Э.Нэргүйд холбогдох монгол 5 ханат гэр буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Д.Уранцэцэг шүүх хуралдаанд: “....2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба одоо 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгаа тул хариуцагч Э.Нэргүйгээс 500.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна....” гэх тайлбар,

Хариуцагч Э.Нэргүйн: “....Д.Уранцэцэгийн 500.000 төгрөг гаргуулна гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа тул түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү....” гэж шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэгч өгч байгаа энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Уранцэцэг, хариуцагч Э.Нэргүй нар нь 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 500.000  төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 15.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уранцэцэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Уранцэцэг, хариуцагч Э.Нэргүйгээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нэргүйгээс 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уранцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.ЭРДЭНЭБАТ