Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/651

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Э-д холбогдох эрүүгийн ****************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******************************тоотод оршин суух,

- урьд ************************** шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, ************овогт ******************** /РД: ******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Л.Б-тэй маргалдаж, улмаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Б--ийн:

 “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй хүнсний дэлгүүрт очсон ба тухайн хүнсний дэлгүүрийг манай баз Э түрээслэн ажиллуулдаг юм. Би Э-ын хүнсний дэлгүүрт очиход Э болон Э-ын хүү У хоёр байсан бөгөөд Э бид 2 ойр зуурын юм ярилцаж сууж байгаад Э надаас цэвэрлэгээ ариутгал хийгээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Харин Э Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвд толгойны хагалгаанд орсон болохоор хэвтэн эмчлүүлж байгаа манай нөхөр Б эргэлтийн хоол хийж явуулъя хэмээн ярилцаад хүнсний дэлгүүрийн хойд хэсэгт байрлах амралтын өрөө рүү орсон юм. Э манай нөхөр эргэлтийн хоол хийгээд Э-ын У кассан дээр сууж байсан 15 цаг өнгөрч байхад би хүнсний дэлгүүрийн кассан дээр сууж байсан манай дүү У рүү үл таних эрэгтэй хүн уурлаж дайраад байсан ба би амралтын өрөөнд ороод Эд энд үл таних эрэгтэй хүн орж ирчхээд У рүү орилж хашхираад байна чи гарч ирээд уулзаадхаач гэж хэлсэн юм. Э тухайн хүн рүү очоод юу болсон талаар асуухад үл таних эрэгтэй хүн танай хүү манай хүүхдийг зодсоноос болоод манай хүү Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа гээд Э руу уурлаад цохих гээд дайраад байсан юм. Би тухайн үл таних эрэгтэй хүнд хандаж эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлэхэд тухайн үл таних эрэгтэй хүн хүнсний дэлгүүрийн голд байрлах зайрмагийн хөргөгчийн баруун талд миний шал угааж байсан шал угаадаг доороо үстэй төмрийг бариад над дээр ирээд миний толгойн ар хэсэгт 7-8 удаа төмрөөр цохиод, миний үснээс гараараа үсдээд доош нь газарт дараалан шалан дээгүүр намайг чирээд, миний гэдсэн тус газар 4-5 удаа өшиглөөд, намайг хэвтэж байхад нуруун тус газар 2 удаа өшиглөөд, би хажуугаараа хараад хэвтэж байхад зүүн талын хавирган дээрээс 2 удаа хөлөөрөө дэвссэн юм. Би тухайн хүнээс зугтаах гэтэл лангууны хоорондох зай нарийхан байсан учраас зугтааж амжаагүй ба намайг зодохоо болиод тухайн үл таних эрэгтэй хүн хүнсний дэлгүүрээс гараад явсан юм. Э тухайн үл таних эрэгтэйг гараад явахаар нь цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирээд Э бид нар намайг зодсон хүний гэр лүү цагдаагийн автомашинаар явсан ба тухайн айлын хашааны гадаа ирээд би цусаар бөөлжсөн. Тухайн хоёр цагдаа нар түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөхгүй бол цусаар бөөлжөөд байна дуудлага өгөөд түргэн тусламжийн машин ирээд намайг аваад Гэмтэл согог судлалын Үндэсний төв рүү очсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 28-30/,

2. Гэрч С.Э-ын:

“ ..... Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  ****************тоотод үйл ажиллагаа явуулдаг “С” хүнсний дэлгүүрт 08 цаг 50 минутад ирээд бараа бүтээгдэхүүн борлуулж байсан ба хадам ахын эхнэр болох баз Б нь 13 цагийн үед манай дэлгүүрт орж ирээд надтай юм ярьж сууж байгаад би Б-т хоол юм хийж өгөөд амралтын өрөөндөө сууж байгаад би Бийг хүнсний дэлгүүрт цэвэрлэгээ ариутгал хийгээд өгөөч гээд гуйсан ба манай базад Б цэвэрлэгээ хийгээд байж байсан юм. 15 цаг 10 минут орчмын үед гаднаас манай дэлгүүрт хөх цамцтай, хар кепкей малгайтай, хар өмдтэй 50 орчим настай, 175-180 орчим өндөртэй эрэгтэй хүн орж ирээд кассан дээр зогсоно байсан манай хүү У-эс чи манай хүүгийн толгой руу цохисон одоо Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж байгаа гээд уурлаад дайрах гэсэн бөгөөд намайг Б гараад ир хэмээн дуудсан юм. Би амралтын өрөөнөөс гараад очтол тухайн хүн танай энэ хүүхэд чинь манай хүүхдийг зоддог байна гэхээр нь манай хүү У танай хүү Д-тэй уулзалгүй удаж байгаа гэхэд манай хүү хажуугаас ахаа би танай хүүхдийг зодоогүй гэж хэлсэн. Тухайн эрэгтэй хүн над руу хараалын үгээр доромжлоод дайраад байхаар нь манай баз Б тухайн хүнд хандаж та битгий эмэгтэй хүний өөдөөс орилоод бай гэхэд тухайн эрэгтэй хүн хүнсний дэлгүүрийн голд байрладаг зайрмагны хөргөгчийн баруун талд байсан шал угаадаг төмөр иштэй доороо шал арчдаг үстэй махир бариултай угаагчаар Б-ийн баруун мөр лүү нэг удаа цохиод баруун гараараа нүүрэн тус газар нь 8-9 удаа цохиод, үснээс нь дарж доош газарт дараад, нүүрэн тус газар нь 5-6 удаа өшиглөсөн ба цээжин тус газар нь 2-3 удаа өшиглөсөн юм. Тухайн асуудал 10 орчим минут үргэлжилсэн ба манай дэлгүүр дээр Б, манай хүү У бид 3 байсан учир өөрийн ********** дугаараас цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн хүн цагдаа дуудсан чинь шууд дуудлага өгсөн юм. Тухайн хүн цагдаа дуудсан чинь шууд гараад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7374 дугаартай:

“...Л.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 33-34/,

4. 2021 оны 08 дугаар арын 11-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл” /хх 10-11/,

5. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй хүнсний дэлгүүрийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67-75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Э нь: 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Л.Б-тэй маргалдаж, улмаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Л.Б-ийн “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй хүнсний дэлгүүрт очсон ...Би тухайн үл таних эрэгтэй хүнд хандаж эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлэхэд тухайн үл таних эрэгтэй хүн хүнсний дэлгүүрийн голд байрлах зайрмагны хөргөгчийн баруун талд миний шал угааж байсан шал угаадаг доороо үстэй төмрийг бариад над дээр ирээд миний толгойн ар хэсэгт 7-8 удаа төмрөөр цохиод, миний үснээс гараараа үсдээд доош нь газарт дараалан шалан дээгүүр намайг чирээд, миний гэдсэн тус газар 4-5 удаа өшиглөөд, намайг хэвтэж байхад нуруун тус газар 2 удаа өшиглөөд, би хажуугаараа хараад хэвтэж байхад зүүн талын хавирган дээрээс 2 удаа хөлөөрөө дэвссэн юм. Би тухайн хүнээс зугтаах гэтэл лангууны хоорондох зай нарийхан байсан учраас зугтааж амжаагүй ба намайг зодохоо болиод тухайн үл таних эрэгтэй хүн хүнсний дэлгүүрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Э-ын “...Б тухайн хүнд хандаж та битгий эмэгтэй хүний өөдөөс орилоод бай гэхэд тухайн эрэгтэй хүн хүнсний дэлгүүрийн голд байрладаг зайрмагны хөргөгчийн баруун талд байсан шал угаадаг төмөр иштэй доороо шал арчдаг үстэй махир бариултай угаагчаар Б-ийн баруун мөр лүү нэг удаа цохиод баруун гараараа нүүрэн тус газар нь 8-9 удаа цохиод, үснээс нь дарж доош газарт дараад, нүүрэн тус газар нь 5-6 удаа өшиглөсөн ба цээжин тус газар нь 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7374 дугаартай: “...Л.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- 2021 оны 08 дугаар арын 11-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл”, “С” хүнсний дэлгүүрийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч С.Э нь хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Э төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт С-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ