Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00661

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153 дугаар магадлалтай,

Н.Э-ын нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь Авто замын барилгад ажилласан. Гэтэл 2017 оны 07 сарын 01-ний өдөр захирал Болдоо намайг ажлаас тушаалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр халсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Э- нь Д ХХК-тай Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажил ба тэр үед орон нутагт хийгдэж дуусах ажлыг нэг өдрийн 50.000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Н.Э-ын дурдаж байгаачлан ажилд авсан гэх 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Б/08 тоот, ажлаас халсан гэх 2017 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 тоот тушаал огт байхгүй тул шүүхэд бичгээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй, ийнхүү байгуулах тухай ч ярилцаж байгаагүй. Харин өдрийн 50.000 төгрөгөөр түр ажиллуулж байсан нь үнэн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд Хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа тул хариуцагч Д ХХК Н.Э-ыг хөлсөөр ажиллуулсан хугацааныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Энэ ажлыг хийж, гүйцэтгэхдээ өдрийн 50.000 төгрөгөөр ажиллахаар болсон нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байх ба Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болох боломжтой. Шүүхээс шаардсан баримтууд манай байгууллагад байхгүй тул тухайн он сар өдрийн дугаартай тушаалуудыг дэс дугаараар нь шүүхэд гаргаж өгсөн. Өөр манай байгууллагад Энхбаттай холбоотой гэрээ болон бусад баримт бичиг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай Н.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг "Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг хариуцагч “Д” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 22.325.569 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 269.577 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж Заалдах шатны шүүх хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн гэрээний харилцаа хэмээн тодорхойлж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үнэн зөв гэж дүгнэн хариуцагч байгууллагыг ноцтой хохироосон шийдвэрийг гаргалаа. Нэхэмжлэгч Н.Э- нь “Д” ХХК-д зам засварын үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд, өдрийн 50,000 төгрөгөөр ажиллахаар амаар тохиролцсон нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байгаа юм. Манай компани хөлсөөр ч бай, ажил гүйцэтгэх гэрээгээр ч бай хүн ажиллуулж байгаа учир ажлын хөлс олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй юм. Ажлын хөлсийг олгон, нийгмийн даатгалын шимтгэл төлж, даатгалын дэвтэрт бичилт хийсэн л бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр хэт нэг талыг барьж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “Н.Э- нъ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч “Д ” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар нэг сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тус компанийн захирал Г.Болдоотой амаар тохиролцсон болох нъ тогтоогдсон” гэжээ. Шүүх ямар нотлох баримт, мэдүүлгийг үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Э- нь 1,200,000 эсвэл 1,500,000 төгрөгийн цалинтай, хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна, 25 орчим сая байхаа гэж ярьж байсан нь сард хэдэн төгрөгийн цалин авахаа тохиролцоогүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тохироогүй болох нь тогтоогдож байна. Иймээс уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1 -д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн заалттай нийцэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авах тушаал гараагүй байхад хөдөлмөрийн харилцаа хүчин төгөлдөр үүссэн гэж үзэхгүй. Үүний дагуу байхгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал шаардах эрхгүй бөгөөд энэхүү бодит нөхцлийг тогтоогоогүй, хуулийг зөв хэрэглэж дүгнээгүй Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс болж манай компани ноцтой хохирч байна. Шүүх ажилгүй байсан бүх хугацааны 22,325,569 төгрөг гэсэн үндэслэлгүй дүн гаргаж ирснийг дурдах нь зүйтэй. Н.Э- нь “Д” ХХК-д 24 хоног ажилласан хоногийнхоо /24х50,000=1,200,000/ төгрөгийг авч, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн. Иргэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 24 хоног компани дээр зүгээр байж байгаад, ажлаа орхиод явсны төлөө компани 22,325,569 төгрөгийг түүнд төлөх жишгийг тогтоож байгаа нь Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн болон бодит үндэслэлгүй гэдгийг илэрхийлж байна. Анхан шатны шүүх “Д” ХХК болон Н.Э- нарын хоорондын харилцааг Хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв тодорхойлон, талуудын гаргасан хүсэлтийн дагуу гэрч оролцуулан, хэрэгт холбогдох бичиг баримтыг гаргуулах ажиллагаа хийж, хэргийг хууль ёсны дагуу хянан шийдвэрлэхэд зохих ажиллагаануудыг бүгдийг хийж, болсон нөхцөл байдлыг зөв дүгнэж, хуулийн болон бодит үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 153 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Н.Э-ын нэхэмжлэлийг хариуцагч “Д” ХХК эс зөвшөөрч, “...хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ажлаа хаяж явсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 5-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний хооронд “Д” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, тушаал шийдвэргүйгээр ажлаас халсан гэж тодорхойлсон бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүх Н.Э-ын нийгмийн даатгалын дэвтэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилов 2017 оны 6 дугаар сарын 30, ажлаас чөлөөлөв 2017 оны 7 дугаар сарын 30 гэж бичсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 874 тоот албан бичиг, хариуцагч компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 7 дугаар сарын тайлан, 24 хоногийн цалин хөлс олгосон зэрэг баримтыг үндэслэн зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь түүнийг хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулах ба мөн хуулийн 3.1.1.-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2.-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно гэж заасан бол Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын байр, гэрээний хугацаа, цалин хөлс, гүйцэтгэх ажил, гэрээ цуцлах, дуусгавар болгох зэргээр хоорондоо ялгаатай бөгөөд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар түр ажиллах, Д ХХК өдөрт 50.000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирсноос үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох, улмаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 269.578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ