| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 130/2018/0000/Э |
| Дугаар | 014 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.5.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 014
Ш.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийж, прокурор Б.Ботакөз, шүүгдэгч Ш.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжтай, Ш.Е-д холбогдох эрүүгийн 1713001460014 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1966 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, таксинд явж орлого олдог, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ш-ы Е, РД: 00000
Шүүгдэгч Ш.Е нь Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн 32-32 тоотод байрлах өөрийнхөө гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуугаар хохирогч К.Е-ийг манайд, надтай унтсангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөрш айлын хүмүүс З.К, К.Б нарт “хохирогч К.Е-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан” гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжаар:
“1. Шүүгдэгч Ш.Е-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Шүүгдэгч Ш.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцэлд: “Яллагдагч Ш.Е нь Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн 32-32 тоотод орших гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуугаар хохирогч К.Е-ийг “манайд, надтай унтсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөрш айлын хүмүүс З.К, Ж.Б нарт хохирогч К.Е-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Е-ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Үүнд:
Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар заасан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэсэн аль нэг шийдвэрийг гаргана гэжээ. Анхан шатны шүүх Ш.Е-д холбогдох хэргийг хүлээн авснаас хойш “хэргийг прокурорт буцаах” үндэслэл байхгүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг ноцтой зөрчжээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлын талаар заасан ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах ёстой. Гэтэл Ш.Е-д холбогдох хэрэгт талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 , 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон буцааж хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэлгүй хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Хоёр. Шүүгчийн захирамжид хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн үндэслэлүүдийн талаар авч үзвэл: Хохирогч К.Е-ийг Ш.Е хүчиндэхийг завдсан үйлдэл байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна гэжээ. “Чи надтай хамт унт гэж хэлсэн, миний өмдийг тайлах гэсэн боловч би болиулсан, дараа нь миний хацар тус газраас үнсэх үед би түүнийг түлхэж эсэргүүцэхэд намайг зодсон” гэх талаар хохирогчийн өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаснаар энэ үйлдлийг шалгахад хохирогч К.Е-ийн хүүхдүүд, яллагдагч Ш.Е-ы эхнэр, хүүхдүүд бүгд гэртээ байсан, хэдийгээр хүүхдүүд унтаж байсан, эхнэрээ өөр өрөөнд оруулж унтуулсан гэх боловч нэг гэр дотор эхнэр, хүүхдүүд нь байсаар байтал, сэрэх боломжтой атал хүчиндэхийг завдах үйлдэл гаргасан нь болон хүчиндэх санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй. Тухайн үеийн нөхцөл байдалд хүчиндэхийг завдах үйлдэл гаргах боломжгүй байсан нь ердийн ухамсрын түвшинд ухамсарлах боломжтой явдал юм. Энэ үйлдэл шалгагдаад, нотлогдоогүй талаар яллах дүгнэлтэд дурдсан байхад дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Хүчиндэхийг завдсан үйлдэл нотлогдохгүй байгаа талаар хохирогчид мөрдөн байцаалтыг дуусгах үед танилцуулахад ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр ч “хүчиндэхийг завдсан” гэж гомдол гаргаагүй.
Гэрч З.К, Ж.Б нар зөрчил шалган шийдвэрлэх явцад худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон ба дараа нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Учир нь анхнаасаа Ш.Е тэднийг ятгаж, айлган» сүрдүүлж “цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрт нь ирсэн улаан’ куртиктэй эмэгтэйг гадаа үл таних 2 залуу зодож байсан” гэж худал мэдүүлэг өгүүлснийг тэд гэрчилсэн. Гэрч З.К, Ж.Б нар анх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцсан шалтгааныг шүүгдэгч Ш.Е тайлбарлахдаа “К-ы нөхөр Хайрым манай гэрийн цонхыг хагалсан: талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас болсон. Хайрымын цонх хагалж цагдаад шалгагдсаны дараа К, Б нар мөрдөн байцаагчид худал мэдүүлэг өгсөн гэжээ. Энэ асуудлыг шалгахад 2018 оны 01 дүгээр сарын 04-! ний өдөр Х согтуугаар Е-ы гэрт дахин дахин ирж амгалан тайван байдал алдагдуулсан тул цагдаагийн газарт Ш.Е дуудлага өгч, цагдаа нар Хайрымыг авч явж эрүүлжүүлсэн ба энэ үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн материалыг хуулбарлан хавсаргасан байгаа. Уг материалд авагдсан Ш.Е болон Х.Х нарын мэдүүлэгт Хайрым цонх хагалсан талаар нэг ч үг байхгүй. Иймд Х.Х цонх хагалсан асуудлыг цагдаад шалгуулснаас болж түүний эхнэр К, К-ы ах Б нар Е-ы эсрэг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл нотлогдохгүй юм.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн гэрч З.К, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан тэдэнд эрүүгийн хуульд заасан эрх , үүргийг тайлбарлан өгч, хариуцлагыг сануулсан нь хууль зөрчсөн ажиллагаа болсон. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн 2 гэрчид ямар хариуцлага хүлээлгэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Ш.Е-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг шалгаж, гар утсыг битүүмжилсэн байгаа тул түүний эд хөрөнгийн байдлыг шалгахаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.
- Ш.Е нь урьд дэлгүүр ажиллуулж архи дарс хууль бусаар зардаг байсан талаар хохирогч К.Е шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр уусан пивог тэд өөр дэлгүүрээс авсан нь нотлогдож байгаа. Харин гэрч З.К, Ж.Б нар Ш.Е архи, пиво зардаг мэтээр мэдүүлэг өгсөн тул Ш.Е хэзээнээс хүнсний дэлгүүр ажиллуулдаг эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ. Ш.Е хэзээнээс хүнсний дэлгүүр ажиллуулдаг, хууль бусаар архи, пиво зардаг эсэхийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ талаар шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ш.Е мэдүүлэхдээ “хууль бусаар согтууруулах ундааны зүйл огт худалддаггүй” гэжээ. Мөн шүүгдэгч Ш.Е-ыг гэрч нарт хууль бусаар нөлөөлөхдөө шан харамж амласан, өгсөн аргуудыг хэрэглэсэн гэж буруутгаж ял сонсгоогүй юм.
Хавтаст хэргийн 30-63 дугаар хуудсанд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг авахад ямар хэрэгт мэдүүлэг авахаар дуудаж байгааг бөглөөгүй нийтлэг алдааг залруулах шаардлагатай гэж дурдсан ба тухайн гэрч, хохирогчийг прокурорын дуудан ирүүлэх хуудсаар дуудаагүй учир тэр хэсгийг бөглөж бичих шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа биш байна. Иймд хэрэгт шалгагдсан үйлдлүүдийг дахин шалгуулахаар болон хэрэгт ач холбогдолгүй байдлыг шалгуулахаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.Е-д холбогдох 1713001460014 дугаартай 1 хавтас хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянаж үзлээ.
Ш.Е нь Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн 32-32 тоотод орших гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтуугаар хохирогч К.Е-ийг “манайд, надтай унтсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгах явцад хөрш айлын хүмүүс З.К, Ж.Б нарт хохирогч К.Е-ийг гадаа үл таних 2 залуу зодож байсан гэж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, айлган сүрдүүлж гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь хуульд нийцсэн, Ш.Е-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтаар буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон нэмэлт мөрдөн байцаалтад ажиллагаа хийлгэхээр буцаажээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хуулийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэх”, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх зэрэг шийдвэрүүдээс аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.
Шүүгчийн удирдлага болгосон эхний заалтаар гомдол, хүсэлт хэн ч гаргаагүй, дараагийн заалтаар урьдчилсан хэлэлцүүлгийн үед л шүүх өөрийн санаачилгаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх Ш.Е-д холбогдох хэргийг хүлээн авсны дараа шүүгч захирамж гарган яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж, улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагт явуулахаар товлож нэг удаа хурлыг хойшлуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хийж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хуулийг буруу хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ” гэснээр гэм бурууг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцлийн хэргийн үйл баримтад холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Е-д холбогдох эрүүгийн 1713001460014 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Д.МӨНХӨӨ