Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 01

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2019/0018/З

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би “МТӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ДУАЗДТГ холбогдох “Дархан сумын 8 дугаар багийн Төрийн үйлчилгээний төв байр нийлүүлэх шууд гэрээгээр худалдан авах ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б.О” ХХК-ийн хооронд байгуулагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга худалдан авах гэрээг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “МТӨ” ХХК-ийн захирал О.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн төрийн үйлчилгээний төв байр нийлүүлэх гэрээгээр худалдан авах ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б.О” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж буйг  хүлээн авна уу. Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг баталж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

 

Нэхэмжлэгч “МТӨ” ХХК ний захирал О.М “Дархан сумын 8 дугаар багийн Төрийн үйлчилгээний төв байр нийлүүлэх шууд гэрээгээр худалдан авах ажлын хэсгийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн ДУАЗДТГ болон “Б.О” ХХК-ийн хооронд байгуулагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга худалдан авах гэрээг хүчингүй болгуулах”   шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлжээ.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн шийдвэрийн үр  дагаварыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “МТӨ” ХХК ний нэхэмжлэлтэй ДУАЗДТГ холбогдуулан гаргасан 114/2019/0018/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МТӨ” ХХК ний хариуцагч ДУАЗДТГ холбогдуулан гаргасан “Дархан сумын 8 дугаар багийн Төрийн үйлчилгээний төв байр нийлүүлэх шууд гэрээгээр худалдан авах ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Б.О” ХХК-ийн хооронд байгуулагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга худалдан авах гэрээг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА