| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00130/и |
| Дугаар | 129 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, А.Амарын гудамж, Интер ном, 3-р давхарт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Үйлдвэрийн районд байрлах “*******” ХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хөтөлийн “*******” ХК, “*******” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б/2013/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компани 300 м.куб уулыг тэсэлж, 309 000 000 төгрөгийн ажил үүргийг гүйцэтгэж өгсөн байгаа. Үүний дагуу холбогдох төлбөр тооцоог “*******”ХК нь 2013, 2014, 2015 онуудад хийж явсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар гүйцэтгээгүй. 2 жил 06 сарын хугацаанд үлдэгдэл 6 000 000 төгрөгийн өр авлагыг гүйцэтгээгүй байдаг. Энэ 6 000 000 төгрөг дээр маргаан байхгүй байгаа учраас харилцагчийн гүйлгээний баримтыг гаргаж ирээгүй. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр төлөгч болон нэхэмжлэгч байгууллагуудын нягтлан бодогч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өгч, авсан зүйл дээрээ хоёр компанид хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтийг нэг бүрчлэн үзэхэд Хөтөлийн “*******”ХК нь 6 000 000 төгрөгийн өглөгтэй гарсан. Үүнийг баталгаажуулж “*******”ХК-ний нягтлан бодогч Бямбадорж, нэхэмжлэгч “*******”ХХК-ний нягтлан бодогч Алтанцэцэг нар гарын үсэг зурж санхүүгийн тамга тэмдгээ дарсан байдаг. Энэ 6 000 000 төгрөг дээр хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд маргаан байхгүй. Хариуцагч 6 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Ийм учраас шүүх шийдвэрлэх боломжтой. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан анзын нэг хэлбэр болох алдангийг гэрээнд заасан байдаг. Энэ гэрээний талуудын хүлээх үүрэг, хариуцлага гэсэн зүйлийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг нэхэмжлэгч талд төлнө гэж заасан байгаа. Үүнээс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа хугацаанаас алдангийг бодож тооцоход өнөөдрийг хүртэл 544 хоног болж, нэг өдөрт оногдох алданги нь 12 000 төгрөг буюу алдангид тооцож нэхэмжлэх боломжтой нэхэмжлэл нь нийт 6 528 000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анз нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хуульд нийцүүлэн 3 000 000 төгрөгийг нэмж нэхэмжлэн нийт 9 000 000 төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гаргасан...” гэв.
Хариуцагч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Ажил гүйцэтгэх гэрээнээс үлдсэн 6 000 000 төгрөг дээр маргахгүй төлнө гэдгээ илэрхийлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эвлэрэх эрх нь итгэмжлэл дээр дурдагдсан байна. Би 6 000 000 төгрөг дээр эвлэрэх саналыг тавьж байна... Алдангийг төлөхгүй. Яагаад гэвэл гэрээн дээр заасан байгаа боловч манай талд алданги нэхэмжилнэ гэсэн албан тоот ирж байгаагүй. Мөн тооцоо нийлэхдээ үлдсэн 6 000 000 төгрөг дээр тооцоо нийлсэн болохоос алданги нэмж нэхэмжилж тооцоо нийлээгүй. Тийм учраас бид 3 000 000 төгрөгийн алдангийг нэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын тооцооны үлдэгдэл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Цемент Шохой” ХК-д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч “Цемент Шохой” Хувьцаат Компани нэхэмжлэлийн шаардлагаас тооцооны үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 3 000 000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Цемент Шохой” ХК-тай 2013 оны 04-р сарын 08-ны өдөр Б/2013/05 дугаарын гэрээ байгуулж 300 000 м3 уулын цулыг тэсэлж сийрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан /хх-ийн 15 хуудас/ байна. Уг гэрээгээр 309 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн төгсгөлд захиалагч талтай тооцоо нийлж нэхэмжлэх, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь гэрээний 4.3, 4.5, 5.2 дахь заалтууд /хх-ийн 15-17 хуудас/-аар тогтоогдож байна.
Хариуцагч “Цемент Шохой” ХК нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 6 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь 2015 оны 12-р сарын 31-ний өдөр гэрээний талууд тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /хх-ийн 18 хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 000 000 төгрөгийн үлдэгдэлийг зөвшөөрч байна. Манай талтай тооцоо нийлэхдээ алданги 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаагүй тул алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ямар үндэслэлээр төлөх боломжгүй талаараа нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” болохыг зааж өгсөн. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд анз тооцохоор заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Цемент Шохой “ХК-иас алданги 3 000 000 төгрөгийг гаргуулах нь хуулийн дээрх заалттай нийцэж байна.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Цемент Шохой” ХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг бүгд 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хувээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Цемент Шохой” ХК-иас 185 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Цемент Шохой” ХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг бүгд 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Цемент Шохой” ХК-иас 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА