| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01596/и |
| Дугаар | 1924 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1924
2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар 181/ШШ2017/01924 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Худалдааны гудамж, Урт цагаан 3 дугаар корпус, 302 тоотод байрлах, “Даймонд-Очир ББСБ” ХХК /РД:5453259/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ЭТӨЧ, 58 байр, 72 тоотод оршин суух, Буянт овогт Рэнцэндоржийн Мөнх-Очир /РД:ЦГ64082316/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнхишиг, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Р.Мөнх-Очир нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Пүрэв-Очир надаас 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар сарын 5%-ийн хүү төлөх нөхцлөөр зээлж авсан. Энэ зээлээсээ 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,643,750 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,643,750 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 26,640,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч зээлээ төлж чадахгүй байна гэсэн тул би өөрийн байгуулсан “Даймонд-Очир” ББСБ-аас зээл авч, миний зээлийг хааж, алдангийн дарамтаас гарахыг санал болгосон.
Энэ дагуу Р.Мөнх-Очир ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар, сарын 5%-ийн хүү төлөхөөр зээлэн авч, надтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнийхээ үүргийг дуусгавар болгосон. Ингээд бид үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж, барьцааг чөлөөлснөөр Р.Мөнх-Очир болон ББСБ-ын барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хувь хүн Б.Пүрэв-Очирын зүгээс хариуцагчаас авах авлага байхгүй.
Харин 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ББСБ-ын олгосон 26,000,000 төгрөгийн зээлээс Р.Мөнх-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд өөр мөнгө төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхэд хандсан.
Иймд Р.Мөнх-Очироос үндсэн зээл 26,000,000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 16,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,200,000 төгрөгийн хамт, нийт 45,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь зээл төлөхгүй удсан, цаашид ямар хугацаа өнгөрөхийг мэдэхгүй байсан тул 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан юм гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Р.Мөнх-Очир нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б.Пүрэв-Очироос 25,000,000 төгрөг зээлсэн. Шимтгэлд нь 1,300,000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 8,900,000 төгрөг төлсөн. Тэгэхээр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 25,000,000 төгрөгийн үндсэн зээл, 1,640,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй л байсан гэсэн үг.
Б.Пүрэв-Очирын зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссан, сунгах хэрэгтэй байна гэхээр нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Даймонд-Очир ББСБ” ХХК-тай гэрээ хийсэн. Б.Пүрэв-Очир нь тус ББСБ-ын эзэн нь тул сүүлд хийсэн гэрээг анхны гэрээний сунгалт л гэж ойлгосон юм.
Гэтэл ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.Пүрэв-Очиртой хийсэн гэрээгээр биш “Даймонд-Очир ББСБ” ХХК-тай гэрээгээр шаардаж байгааг ойлгохгүй байна. Бидний зүгээс шинэчилсэн гэрээгээр биш хувь хүнтэй хийсэн гэрээгээр зээлээ төлмөөр байгаа бөгөөд 36,750,000 төгрөг төлөх тооцоотой байхад илүү мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК нь хариуцагч Р.Мөнх-Очироос зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 16,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,200,000 төгрөг, нийт 45,200,000 төгрөгийг гаргуулахаар багасгасан байна.
Хариуцагч нь “Даймонд-Очир ББСБ” ХХК-д бус түүний захирал Б.Пүрэв-Очирт 36,750,000 төгрөг төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК нь 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч Р.Мөнх-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү 1,343,333 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүү 1,343,333 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 1,300,000 төгрөгийг тус тус буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Мөн энэ өдөр зохигчид барьцааны гэрээг байгуулж, Р.Мөнх-Очирын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018273 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 байрны 72 тоотод байршилтай 70,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх энэ гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэв-Очир нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Р.Мөнх-Очир манай “Даймонд-Очир ББСБ” ХХК-аас 26,000,000 төгрөгийн зээл авч миний зээлийг хаасан тул үүрэг дуусгавар болгох хэлцэл хийсэн, барьцааг чөлөөлсөн, одоо бидний хооронд ямар нэг үүрэг байхгүй, иймд “Даймонд-Очир ББСБ” ХХК-аас олгосон зээлээ, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү, алданги 11,750,000 төгрөг буюу нийт 36,750,000 төгрөгийг хувь хүн Б.Пүрэв-Очирт төлөх ёстой болохоос “Даймонд-Очир ББСБ” ХХК-д төлөхгүй, зээлийн гэрээний үндсэн дээр бэлэн мөнгө аваагүй гэж маргасан байна.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэргийн баримтаар “Даймонд-Очир ББСБ” ХХК нь зээлийн гэрээний дагуу 26,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, данснаас бэлнээр зарлагадсан боловч Р.Мөнх-Очирт хүлээлгэн өгөөгүй, “Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэв-Очир, хариуцагч Р.Мөнх-Очир нарын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үндсэн дээр Р.Мөнх-Очир нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,643,750 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,643,750 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус Б.Пүрэв-Очирын “Хаан” банкны 5077054188 тоот дансаар дамжуулан төлсөн, тэд энэ гэрээний үүргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-ээр дуусгавар болгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Талууд иргэн Б.Пүрэв-Очир болон Р.Мөнх-Очир нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан үйл баримт болон “Даймонд-Очир ББСБ” ХХК нь зээл 26,000,000 төгрөгийг бэлнээр Р.Мөнх-Очирт хүлээлгэн өгөөгүй, Р.Мөнх-Очироос 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Даймонд-Очир ББСБ” ХХК-д 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.
Шүүх тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Р.Мөнх-Очир нь Б.Пүрэв-Очиртой 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор “Даймонд-Очир ББСБ” ХХК-тай 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, мөнгийг Б.Пүрэв-Очир шууд шилжүүлж авснаар түүний өмнө зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн Р.Мөнх-Очирын үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр бусдын өмнө хүлээсэн өөр үүргийг дуусгавар болгосон нь тогтоогдсон учир шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн 26,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэв.
Иймд зохигчдын хооронд бичгээр хийгдсэн зээлийн гэрээг бодитоор байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөс өөр төлбөр төлөөгүй тул одоо үндсэн зээл 26,000,000 төгрөгийг, гэрээний болон хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагаа 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэгдүүлсэн учир хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн дээр үндсэн зээлд 26,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаа /9 сар 5 хоног/-ны зээлийн хүүд 11,916,666 /(9сар*1,300,000)+(1,300,000:30хон*5хоног)/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,383,333 /11,916,666*20%/ төгрөг, нийт 40,299,999 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байжээ.
Үүнээс хариуцагч нь 1,000,000 төгрөгийг төлсөн учир шүүх дээрх дүнгээс хасаж, үлдэх 39,999,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол тухайн өдрөөр хариуцагчийн үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг тоолох үндэслэлтэй тул шүүх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг нэмэгдүүлэн тооцож Р.Мөнх-Очироос шаардсан “Даймонд-Очир” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын 5,900,001 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5,900,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Р.Мөнх-Очироос 39,299,999 төгрөг гаргуулж “Даймонд-Очир” ББСБ” ХХК-д олгож, “Даймонд-Очир” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,900,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 543,900 төгрөгөөс 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 135,950 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, 354,450 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА