Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1826

 

  

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр           Дугаар 181/ШШ2017/01826           Улаанбаатар хот

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам 201, Ханбогд Ресиденс хороололд өөрийн байранд байрлах, “Пи Ай Эм Эм” ХХК /РД:5163161/-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 5 дугаар байр, 35 тоотод оршин суух, Амбагай овогт Загарын Жаргал /РД:СЮ62011316/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар арилгуулж, орон сууц чөлөөлүүлэх, уг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 69,115,340 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан, нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            Тус компани нь З.Жаргалтай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалах гэрээ байгуулсан. Төлбөрт 115,140,000 төгрөг төлөхөөр тохирсон ба 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 50 хувь болох 57,570,000 төгрөгийг, үлдэх хэсэг болох 57,570,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр тус тус тохирсон. Манай компани орон сууцны барилгын ажлыг 2015 оноос эхэлсэн бөгөөд хариуцагчийн захиалсан орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл З.Жаргал орон сууцыг эзэмшиж байгаа.

            Хариуцагч нь гэрээний төлбөрийг 2 хуваан төлөхөөр тохирсон боловч өөрийнх нь дэд захирлаар ажилладаг “Техно Металл” ХХК төлбөрийг хариуцан төлөх талаар 2016 оны 7 дугаар сарын 4, 2016 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд албан бичиг ирүүлж байсан. Гэвч төлбөр огт төлөгдөөгүй.

Манай компанийн хувьд төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар ирсэн бөгөөд З.Жаргал нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Техно металл” ХХК нь 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрөө төлнө гэдгээ баталж, баталгаа бичиж өгсөн. Гэвч заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй, хариуцагч нь хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2017 оны 1 дүгээр сарын 2-оос 3-нд 10,000,000 төгрөг, 1 сардаа багтаан 40,000,000 төгрөг, үүний дараа гэрээ байгуулж үлдэх хэсгийг алдангийн хамт төлөх хүсэлтийг гаргасан боловч 1 ч төгрөг төлөгдөөгүй.

Заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир бид арга буюу шүүхэд хандаж, үндсэн төлбөр 115,140,000 төгрөгийг, алданги 57,570,000 төгрөгийн хамт, нийт 172,710,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийг төлөх талаар арга хэмжээ авахгүй, ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон учир нэхэмжлэгч тал гэрээнээсээ татгалзаж, орон сууцаа буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа.

Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хариуцагч талын төлбөр төлөх үүрэг хэвээр, энэ үүргээ зөрчсөөр байсан учир гэрээнд заасан хугацаанаас нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг манайх шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр З.Жаргалтай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс үүссэн алдангид 57,570,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлж манай компанид олгож өгнө үү.

Орон сууцыг ашиглах хугацаандаа анх байснаас муутгасныг засварлуулахад гарах зардалд 11,545,340 төгрөг шаардсан нэхэмжлэлээ энэ удаад шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Учир нь, орон сууцаа өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш дотор нь орж үзэж байж бодитой хохирлыг тооцож, орон сууцны ашиглалтын зарлын хамт нэхэмжлэх болно гэв гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээ цуцалсныг зөвшөөрнө, мөн орон сууцыг чөлөөлж, эзэмшилд нь шилжүүлэн өгнө.

Харин байрыг засах зардал гэх 11,545,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ орон сууц нь нэхэмжлэгчийн өмч биш, хариуцагчийн өмч биш тул нэхэмжлэгч гэрээ хийх эрхгүй байсан. Өөрийн өмчлөлийн биш орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхгүй.

З.Жаргал 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр орон сууцыг хүлээн авч, мөн хугацаанаас хойш амьдарч байхад цахилгаан шат шатаж, хүн амьдрах аргагүй муухай үнэртэй болсон байдаг. Тэгээд 2016 оны 12 дугаар сард дүүгийндээ нүүж очиж амьдарсан. Нийт 4 сар орон сууцанд нь амьдарсан нь үнэн боловч байр шинэ хэвээр байгаа. Засвар хийх шаардлагатай гэдэг нь нотлогдохгүй байгаа. Иймд 11,545,340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Алданги 57,570,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний үүрэг яригдахгүй. Иймд алданги төлөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Пи Ай Эм Эм” ХХК нь хариуцагч З.Жаргалаас орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,140,000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс үүссэн алдангид 57,570,000 төгрөг, нийт 172,710,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзаж, орон сууцны засварын зардалд 11,545,340 төгрөг, үүргээ зөрчсөнөөс үүссэн алдангид 57,570,000 төгрөг буюу нийт 69,115,340 төгрөгийг гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан.  

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны засварын зардалд 11,545,340 төгрөг гаргуулах шаардлагаа энэ удаад шийдвэрлүүлэхгүй, хожим орон сууцны ашиглалтын зардлын хамт шаардана гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу энэ шаардлагаа татан авах хүсэлт гаргасан байна.

 

Хариуцагч гэрээ цуцлагдсанд маргахгүй, орон сууцыг буцаан шилжүүлнэ, цуцлагдсан гэрээний үүргээс алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж алдангид 57,570,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагаас орон сууцны засварын зардалд 11,545,340 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаа нэхэмжлэгч татан авсан үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийн зарим шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “Пи Ай Эм Эм” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд Ресиденс” орон сууцны 205 дүгээр байрны 1 дүгээр орц, 6 давхрын 85 тоот 57,57 м.кв 2 өрөө орон сууцыг 115,140,000 төгрөгөөр барьж өгөх, З.Жаргал орон сууцны үнийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 57,570,000 төгрөгөөр, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 57,570,000 төгрөгөөр тус тус 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Пи Ай Эм Эм” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр орон сууцыг хариуцагч З.Жаргалын эзэмшилд шилжүүлсэн, харин хариуцагч З.Жаргал нь огт төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд өөрсдийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад болон гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Гэрээний зүйл болох орон сууц нь гэрээ байгуулагдах үед ийнхүү бий болсон, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шинээр баригдсан орон сууцыг өмчлөх эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасны дагуу бүртгүүлээгүй нь тухай орон сууцыг захиран зарцуулах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул зохигдын хооронд байгуулагдсан гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээний 1.4 дэх заалтаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх захиалагчид шилжихээр тохирсон тул 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь төлбөр төлөх үүргээ 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасанд нийцсэн байна.

 

Тодруулбал, хариуцагчийн нь 2016 оны 8 дугаар сарын 25-нд 57,570,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 57,570,000 төгрөг төлөх хугацааг эцсийн байдлаар 2017 оны 1 дүгээр сард багтаан 50,000,000 төгрөг, үлдэх хэсгийг нэхэмжлэгчтэй тохиролцож тодорхой хугацаанд төлөх талаар гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авсан боловч хариуцагч заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” нь хариуцагчийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас цуцлагдсан тул шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаварыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар арилгах үндэслэлтэй бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч З.Жаргалын эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд Ресинденс хорооллын 205-85 тоотын 57,57 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Талууд гэрээ /8.4/-ээр захиалагч нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож, гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон тул хариуцагч хугацаа хэтрүүлж төлбөрөө төлсөн тохиолдолд ийнхүү хэтэрсэн хугацааны алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйн хувьд хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд гэрээгээр тохирсон нэхэмжлэгчийн шаардах эрх бүхий алдангийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцов.

 

Харин гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд төлбөр төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 57,570,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь, хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 57,570,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 57,570,000 төгрөг, нийт 115,140,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ч нэхэмжлэгч нь төлбөр төлөх хугацааг 2017 оны 1 дүгээр сард 50,000,000 төгрөг, үлдэх хэсгийг харилцан тохиролцож төлөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж байсан нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр З.Жаргалын бичсэн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул шүүх 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи хугацааг хариуцагч хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Тэгэхээр 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш гэрээ цуцлагдах хүртэлх буюу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 50,000,000 төгрөгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний 57 хоногийн алданги 14,250,000 төгрөг /50,000,000 х 0.5% x 57 хоног/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин төлбөрийн үлдэх хэсгийг хэдийд, ямар хэмжээгээр төлөхөөр талууд тохирсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг ямар байдлаар хэтрүүлсэнд дүгнэлт өгөх боломжгүйн гадна хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагаас 43,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус баримтлан З.Жаргалын эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд Ресинденс хорооллын 205-85 тоотын 57,57 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлж, З.Жаргалаас 14,250,000 төгрөгийг гаргуулж  “Пи Ай Эм Эм” ХХК-д олгож, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан З.Жаргалаас орон сууцны засварын зардалд 11,545,340 төгрөг гаргуулах шаардлагаа “Пи Ай Эм Эм” ХХК татан авсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,101,078 төгрөгөөс 1,179,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 921,628 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, 962,850 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ө.УЯНГА