Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1065

 

 

 

 

 

 

2021         10          18                                      2021/ШЦТ/1065

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Эд холбогдох 2106 02963 1900 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Таван толгой төмөр замд замчин хийдэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10 дугаар гудамжны 185 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бовогт Эийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гармын хажууд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Баянжаргалтай хэнтэй уулзаж архи ууснаа хэлсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдан үсдэх, толгой, хөл хэсэгт нь цохих үйлдлээр тархи доргилт, 2 ташаан толгойд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баянжаргалын өгсөн: “Би 09 дүгээр сарын 01-ний өдөр багын найзтайгаа уулзсан. Би тэр талаараа хэлээгүй юм. Манай хүн хэлэхээр ойлгодоггүй хартай хүн. Би тухайн үед хүүхдээ аваагүй гэж уурласан. Би багшид нь эгч нь найзуудтай гарж байгаа юм чи хүргээд өгөөч гэж хэлээд явсан. Тэрнээс биш би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Урьд хардах гэх мэт гэр бүлийн асуудал байдаг байсан. Зодож цохиж байсан зүйл байхгүй. Тухайн өдөр би нэлээн уусан боловч ухаанаа алдаагүй байсан. Манай хүний ааш нь олдоггүй учраас элдэв бусын ааш гаргах вий гэж бодоод найзуудаараа хүргүүлж болох байсан боловч зам дээр буугаад явж байгаад таарсан. Эвлэрсэн. Өөрт нь хэлээд учраа олсон...” гэх мэдүүлэг,   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баянжаргалын өгсөн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын төмөр замын гармын хажууд найзуудаасаа салаад согтуу явж байтал манай нөхөр Этай таараад машинд нь суугаад төмөр замын гармын доор зогсож байгаад намайг үсдээд, миний бие рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би нөхөртэйгөө айлд очоод манай нөхөр архи уугаад бид хоёр унтаад өгсөн. Маргааш өглөө нь архи нь гараагүй намайг хэл амаас доромжлоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг хардсаны улмаас намайг цохих болсон. Миний тархи доргисон, толгойд цус хурсан, мөр хөхөрсөн ...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Эы өгсөн: “... Тэгээд би 16 цагийн үед эхнэр Б.Баянжаргалтай гэрийнхээ ойролцоо таартал манай эхнэр архи уусан байсан. Тэгэхээр нь би яагаад хүүхдээ сургуулиас нь аваагүй юм гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би ууртаа эхнэр болох Б.Баянжаргалыг үсэдсэн, зүүн талын мөр лүү нь 2-3 удаа, толгой руу нь 1 удаа цохисон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх.6/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзулын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8302 дугаартай:

“1. Б.Баянжаргалын биед тархи доргилт, 2 ташаан толгойд цус хуралт, зүүн мөрөнд
зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.35/,

Шүүгдэгч Э.Эы хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.36-41/,

Хохирогч Б.Баянжаргалын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.44/,

Шүүгдэгч Э.Эы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.45/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.48/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гармын хажууд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Баянжаргалтай хэнтэй уулзаж архи ууснаа хэлсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдан үсдэх, толгой, хөл хэсэгт нь цохих үйлдлээр тархи доргилт, 2 ташаан толгойд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баянжаргалын өгсөн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын төмөр замын гармын хажууд найзуудаасаа салаад согтуу явж байтал манай нөхөр Этай таараад машинд нь суугаад төмөр замын гармын доор зогсож байгаад намайг үсдээд, миний бие рүү 2-3 удаа цохисон... Намайг хардсны улмаас намайг цохих болсон. Миний тархи доргисон, толгойд цус хурсан, мөр хөхөрсөн ...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Эы өгсөн: “... Тэгээд би ууртаа эхнэр болох Б.Баянжаргалыг үстсэн, зүүн талын мөр лүү нь 2-3 удаа, толгой руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.6/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзулын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8302 дугаартай:

1. Б.Баянжаргалын биед тархи доргилт, 2 ташаан толгойд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Эы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Э.Эы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл”-ийн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Баянжаргал нь гомдолгүй,  нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Э.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Э.Эы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бовогт Эийн Эыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Эд сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР