| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00483/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 484
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОЙ67032127, Шангас овогт Доржийн Рэгзэдмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жамсран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 7. Би сургуульд ороогүй, аав ээжийн хамт мал маллаж байгаад 1985 онд О.Нацагдоржтой гэр бүл болсноос хойш хөдөө Орлого багт мал маллаж байна. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 4 дүгээр сараас 1992 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жамсран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Рэгзэдмаа нь 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын дуустал Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бог мал маллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Д.Рэгзэдмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Доржийн Рэгзэдмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Д.Рэгзэдмаагийн 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн төрөлтийн түүхэд түүний Өмнөговь сумын Орлого бригадад малчин гэж бичжээ,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Ш.Эрдэнээгийн шүүхэд өгсөн: “Би 1980 оноос Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгчээр 1994 оныг дуустал ажиллаж байсан. Би Д.Рэгзэдмааг нэг нутгийн хүмүүс мөн түүний аав, ээж нь манай аав, ээжтэй найз нөхдийн холбоотой байдгийн хувьд сайн таньж мэддэг юм. Миний санаж байгаагаар Д.Рэгзэдмаа сургууль соёлд огт суугаагүй бөгөөд намайг сумын сургуульд ажиллаж эхэлсний дараа жилээс буюу 1981, 1982 оны үед “Цог” нэгдлийн Орлого бригададын малчнаар нэгдэл ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1992 он хүртэл ажилласан юм. Тэрээр 1985 онд О.Нацагдоржтой гэр бүл болж хамтдаа мал маллах болсон бөгөөд одоо ч малаа маллан сумандаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг,
5. Гэрч Г.Батхишигийн шүүхэд өгсөн: “Миний бие 1973 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчин, комбайнчнаар ажилд орж 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1993 оны 3 дугаар сард “Цог” ХХК болоход нь үргэлжлүүлэн 2003 он хүртэл тус тус ажилласан юм. Д.Рэгзэдмаа нь 1982 оноос 1992 он хүртэл Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Орлого бригадад малчнаар ажиллаж байсан юм. Түүний нөхөр О.Нацагдорж нь мөн л Орлого бригадад мал маллаж байсан одоо гэр бүлээрээ мал маллаж амьдарч байгаа хүмүүс юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ш.Эрдэнээгийн Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн сургуульд, Г.Батхишигийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Рэгзэдмаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Рэгзэдмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, түүний 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн төрөлтийн түүхэд түүний Өмнөговь сумын Орлого бригадад малчин гэж бичигдсэн байдал, гэрч Ш.Эрдэнээ, Г.Батхишиг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Рэгзэдмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Рэгзэдмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Доржийн Рэгзэдмаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Рэгзэдмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР