Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1089

 

 

 

 

 

 

2021         10          21                                      2021/ШЦТ/1089

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.Нарангэрэлд холбогдох 2106 02459 2022 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мекон” ХХК-д барилгын ажил эрхэлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 33 дугаар байрны 737 тоотод, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эв овогт Вийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 33 дугаар гудамжны 737 тоот гэртээ 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00 цагийн үед үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Ц.Ууганцэцэгийг үсдэж, толгой хэсэг лүү нь гараараа цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “... Гэтэл Бын нөхөр Набо нь надад хандаж дээр хамт архи ууж байхад “чи яагаад цагдаа дуудаж байгаа юм бэ” гэж надтай маргалдах гээд байхаар нь би түүнд хандаж “би цагдаа дуудаагүй, танай эхнэр Б гэрээсээ цагдаа дуудсан” гэж хэлтэл Б “чи манай нөхөрт хов зөөлөө” гэж хэлээд над руу дайрч миний үснээс зулгааж газарт унагаан байгаад миний дээр сууж миний толгой хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн. Хажууд байсан Ганцэцэг эгч салгаж чадахгүй байхаар нь Набо бид хоёрыг салгаж би Бын доороос босоод “чи намайг гэртээ авч ирээд яагаад зодож байгаа юм” гэж хэлтэл үүдэнд тавьсан байсан хагарсан чихрийн тавгийг ууталсан байсан тэр зүйлээр миний толгой хэсэг рүү цохисон, тухайн үед миний толгой балартаж байсан. Нэг мэдэхэд миний нүүр хэсгээс цус их гараад би гараараа дарж яагаад ингэж байгаа талаар асуухад юу ч хэлэхгүй байсан, энэ үед 103 эмч үзээд “цус их алдаад байна, би оёдол тавилаа” гэж хэлээд оёдол тавьж дуусаад цагдаа дуудаарай гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Наранбаатарын өгсөн: “... Эхнэр Б найз Ууганцэцэгт хандаж чи хов зөөлөө гэж хэлээд үснээс нь татсан. Эхнэр Б тийчилж Ууганцэцэгийн өгзөг, гуя хэсэгт өшиглөх шиг болсон, мөн ууттай хог авч шидээд Ууганцэцэгийн зүүн хөмсөгний дээд хэсэгт язалж нүүрэн хэсгийг нь хавтгасан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6640 дугаартай:

“1. Ц.Ууганцэцэгийн биед хамар ясны далд хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14-15/,

Хохирлын баримт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бын яллагдагчаар өгсөн: “... Би найз Ууганцэцэгийн биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй. Найз Ууганцэцэгтэй учир зүйгээ олсон...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.53/,

Хохирогч Ц.Ууганцэцэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.62/,

Шүүгдэгч В.Бын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.29-38/,

Шүүгдэгч В.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.63/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.65/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 33 дугаар гудамжны 737 тоот гэртээ 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00 цагийн үед үл ойлголцох хэрүүл маргааны улмаас иргэн Ц.Ууганцэцэгийг үсдэж, толгой хэсэг лүү нь гараараа цохиж, түүний биед хамар ясны далд хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “... Б “чи манай нөхөрт хов зөөлөө” гэж хэлээд над руу дайрч миний үснээс зулгаан газарт унагааж байгаад миний дээр сууж миний толгой хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн... үүдэнд тавьсан байсан хагарсан чихрийн тавгийг ууталсан байсан тэр зүйлээр миний толгой хэсэг рүү цохисон тухайн үед миний толгой балартаж байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Наранбаатарын өгсөн: “... Эхнэр Б найз Ууганцэцэгт хандаж чи хов зөөлөө гэж хэлээд үснээс нь татсан. Эхнэр Б тийчилж Ууганцэцэгийн өгзөг, гуя хэсэгт өшиглөх шиг болсон, мөн ууттай хог авч шидээд Ууганцэцэгийн зүүн хөмсөгний дээд хэсэгт язалж нүүрэн хэсгийг нь хавтгасан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6640 дугаартай:

“1. Ц.Ууганцэцэгийн биед хамар ясны далд хугарал, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14-15/,

Хохирлын баримт /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Бын яллагдагчаар өгсөн: “... Би найз Ууганцэцэгийн биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна... ” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.53/,

Хохирогч Ц.Ууганцэцэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.62/,

Шүүгдэгч В.Бын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.29-38/,

Шүүгдэгч В.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.63/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

В.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар В.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч В.Быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Ц.Ууганцэцэг нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч В.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

В.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч В.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

В.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч В.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Эв овгийн Вийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч В.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Бт сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ууганцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР