| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1098 |
| Огноо | 2021-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1098
2021 10 22 2021/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Сд холбогдох 2106 00000 2076 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “МАК” ХХК-д барилгын инженер ажилтай, Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, Эрх чөлөө хотхоны 31-А байрны 62 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Булга овогт Дгийн С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.С нь 2021 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 08 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Түмэннаст хотхоны хойд замын уулзвар дээр машин шахаж мөргөсөн гэх асуудлын улмаас Ш.Тэмүүжинтэй маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи хамарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд орчимд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Тэмүүжиний өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 50 минутын орчимд Түмэннаст хотхоны хойд талын уулзвар дээр 8422 УНЕ улсын дугаартай автомашинтай уулзвар луу орох гээд зогсож байхад зүүн талаас цагаан өнгийн автомашин хаалга руу мөргөсөн. Тэгэхээр нь би бууж очиход нөгөө автомашины залуу бууж ирээд намайг заамдаад би зөрүүлэн заамдаж авсан. Тэгсэн чинь тэр залуу баруун гараа атгаж байгаад миний зүүн нүдний ухархай хэсэг рүү цохисон. Одоогоор надад 400.000 төгрөгийн хохирол учирсан. Тэгэхдээ би хамраа үзүүлээд эмчлүүлж чадаагүй байгаа учир нэмж хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгээд хэдэн төгрөгийн төлбөр гарахыг мэдчихээд нийт төлбөрөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Хохирлын баримт /хх.4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оргилмандахын өгсөн: “... Урд байсан хар машины жолооч гарч ирээд манай машины хаалгыг онгойлгоод манай нөхрийг заамдсан. Ингээд манай нөхөр буугаад тэр хоёр хоорондоо цохилцоод байсан. Тэгээд би гараад болиоч ээ гэсэн. Тэгтэл тэр хоёр зууралдсан байсан ба хар машинтай залуугийн нүүрэн хэсгээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр Тэмүүжинд учирсан гэмтлийг би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэр дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.52-53/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9484 дугаартай:
“1. Ш.Тэмүүжиний биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи хамарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд орчимд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Шүүгдэгч Д.Сгийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх.30-45/,
Хохирогч Б.Эрдэнэчимэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.43/,
Шүүгдэгч Д.Сгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.56/,
Хохирол нөхөн төлсөн тухай баримт /хх.62/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.С нь 2021 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 08 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Түмэннаст хотхоны хойд замын уулзвар дээр машин шахаж мөргөсөн гэх асуудлын улмаас Ш.Тэмүүжинтэй маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи хамарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд орчимд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Тэмүүжиний өгсөн: “... тэр залуу баруун гараа атгаж байгаад миний зүүн нүдний ухархай хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Хохирлын баримт /хх.4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оргилмандахын өгсөн: “... тэр хоёр зууралдсан байсан ба хар машинтай залуугийн нүүрэн хэсгээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн: “... Тэмүүжинд учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.52-53/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9484 дугаартай:
“1. Ш.Тэмүүжиний биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн доод зовхи хамарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд орчимд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.26-27/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Д.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Иймд шүүгдэгч Д.Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Ш.Тэмүүжиний баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 400.000 төгрөгийг шүүгдэгч Д.С нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Сгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Сгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булга овогт Дгийн Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Сд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ш.Тэмүүжин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Сгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР