Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 485

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 33 дугаар байрны 24 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ЧЕ69072102, Омбо овогт Шинэнгийн Отгонсүрэнгийн, Ж.Цогзолмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Цогзолмаа нь 1966 онд төрсөн, 51 настай, ам бүл 4. Ж.Цогзолмаа 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №89 дүгээр тушаалаар Увс аймгийн төв нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилд орж 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаад хувийн шалтгааны улмаас уг ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Одоо Ж.Цогзолмаа нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болсон тул бичиг баримтаа цэгцлэхэд анх ажилд томилогдсон 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №89 дүгээр тушаал засвартай (гараар бичсэн), мөн ххөдөлмөрийн дэвтэр байхгүй гэх шалтгааны улмаас түүний ажиллаж байсан байдлыг холбогдох байгууллага тогтоож өгөхгүй байгаа учир 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нь Ж.Цогзолмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 89 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Ж.Цогзолмааг 9 сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхдийн тасагт асрагчаар ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Ж.Цогзолмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 5 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 51тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Хүүхдийн тасагт Цогзолмаа өвчтэй байгаагийн оронд сүүн тасагт ажиллажэ байсан Сандгашийг 5 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллуулсугай” гэжээ,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1982-1987 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Журай овогтой Цогзолмаагийн энэ хугацааны цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

5. Итгэмжлэл,

6. Гэрч Д.Цэрэндолгорын шүүхэд өгсөн: “Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажилд орж 1985 он хүртэл ажиллаад, 1985 оноос сүрьеэгийн тасагт сувилагчаар, 1992 оноос Халдвартын төвд ахлах сувилагчаар 2013 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ж.Цогзолмаа нь намайг 1983 онд намайг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажилд ороход тэнд асрагчаар ажиллаж байсан 1993-1994 оны үеэр ажлаас чөлөөлөгдсөн байхаа. Мөн зуны улиралд эргэлтийн асрагч нарыг гаднаас нэмж ажиллуулдаг байхад Ж.Цогзолмаа эргээд ажилдаа орж түр ажиллаж байсан санагдаж байна. Би Ж.Цогзолмааг 1982 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд бид 10 гаруй жил нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Оюуны шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт асрагчаар ажилд орж 2002 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ж.Цогзолмаа нь намайг ажилд ороод удаагүй байхад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилд орж 1990 он гартал ажилласан байхаа. Яг хэдэн онд ажлаас чөлөөлөгдсөнийг нь сайн санахгүй байна. Манай эмнэлгийн нэг тасаг гэхэд л 10 гаруй асрагч, үйлчлэгчтэй байсан бөгөөд сүүлд 1990 он гараад цомхотгол болж байлаа. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Б.Нямаа, н.Буяндэлгэр, н.Батжаргал, Ш.Жийдээ, Ц.Оюундэлгэр, Б.Маамуу, Ц.Отгонбаяр, С.Алимаа, одоо Д.Доржготов гэх хүн ажиллаж байна” гэх мэдүүлэг,

8. Гэрч Д.Цэрэндолгор, Б.Оюун нарын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Ж.Цогзолмаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 89 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Ж.Цогзолмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 5 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж авсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 851тоот “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Д.Цэрэндолгор, Б.Оюун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

    Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Ж.Цогзолмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 жил, 8 сар асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Журайгийн Цогзолмаагийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 1982 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 /зургаа/ жил, 8 /найм/ сар асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР