Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 45

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч П.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ариунболдод холбогдох эрүүгийн 201625031127 дугаартай, 186/2016/0040/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1995 оны 04 дүгээгр сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Заамар сум 3 дугаар баг, Хайлааст өгөөмөр 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо,15 дугаар хороолол, 44-3б тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ариунболд /РД:НН95040419/, 

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

П.Ариунболд нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 47 дугаар байрны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Энхтуяагийн эзэмшлийн 87-36 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото Кровн  маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд толийг хугалж, копудны хэсэгт чулуугаар цохиж, хохирогч Б.Доржсүрэнгийн эзэмшлийн 67-96 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг чулуугаар хагалж санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч П.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Алдаагаа ухаарч байгаа, өөрийн биеэ зөв зохистой авч явна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

    Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Энхтуяагийн:... Би 2016 оны 05 дугаар сарын 31-нд өөрийн дүү Ариунболдын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байдаг гэрт нь 00 цагийн үед очсон юм. Би тухайн үед өөрийн унаж байсан 87-36 УНВ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркийн автомашинаа урд талын айлын хашааны гадна байрлуулсан юм. Шөнө манай дүү Ариунболд гадаа согтуу хүн агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүү Боргилсайханыг сэрээгээд машинаа шалга гэж хэлтэл гадаа цагдаа нар ирцэн байна гэхээр нь яваад очиход машины толийг хугалаад яг хажууд копутны хэсэгт чулуугаар цохиж хонхойлгосон байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх 23-24/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батбаярын:.. Миний охин Сумъяагийн найзалдаг залуу болох П.Ариунболд нь манай гэрийн хашааны гадаа ирээд Сумъяатай уулзана гээд гараад ир гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орилоод байсан. Тэгэхээр нь Сумъяа бид хоёр гарч Ариунболдтой уулзахад нилээн их хэмжээний согтолттой, биеэ авч явах бараг л чадваргүй байдалтай газар хоёр хөлөө жийгээд сууж байсан. Очоод Сумъяа бид хоёр Ариунболдод очоод гэртээ амар гэхэд Ариунболд зүгээр л дуугүй босоод яваад өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ороод унтаж байхад 03 цагийн орчимд П.Ариунболд дахиад Сумъяа гээд орилоод хүрч ирээд хашаан дотор тас няс хийх чимээ гарсан. Би өөрийн хүү Доржсүрэнг гадаа Ариунболд ирээд орилоод юм хагалчих шиг боллоо гараад хараадах гээд Доржсүрэнг сэрээхэд Доржсүрэн цонхоор харсанаа Ариунболд цаад талын цагаан машиныг цохиод байна ... гарчихаад эргэж орж ирэхдээ машины ард талын цонхыг хагалчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сумъяагийн:..Тухайн өдөр П.Ариунболдтой 21 цагийн орчимд Жавзансүрэнгийн гэрт уулзаад салаад би гэрлүүгээ явсан юм. Тухайн үед бид хоёр маргалдаагүй, хэрэлдээгүй байсан. Тэгтэл намайг унтаж байхад орой 02 цагийн орчимд манай хашааны гадаа ирээд надтай уулзана гээд орилоод байсан. Ээж бид хоёр гарч уулзахад нилээн согтсон байдалтай газар хөлөө жийгээд суучихсан духан дээр үнсэхгүй явлаа гэж хэлж байсан. Доржсүрэн гарчаад ороод ирээд П.Ариунболдыг машины цонх хагалчихсан байна гэж байсан гэх мэдүүлэг./хх 28-29/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Боргилсайханы:..Би 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороонд оршин суудаг өөрийн дүү Ариунболдын гэрт хонохоор очсон юм. Миний араас 01 цагийн орчимд эх Энхтуяа 87-36 УНВ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслээ дэргэдэх хашааны урд байсан задгай газарт байрлуулж тавьчихаад гэрт орж ирээд унтаж байсан юм. Тэгтэл шөнө хашааны гадаа нэг согтуу хүн орилоод байх шиг байна гэж дүү Ариунболд хэлж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд бид нартай уулзахад үл таних согтуу хүн ээжийн машины толийг нь хугалаад хамар дээрээс нь чулуугаар цохьсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 30-31/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Жавзансүрэнгийн:.. Тухайн өдөр П.Ариунболд манай гэрт Тэмүүлэнтэй хамт 19 цагийн орчимд ирээд пиво ууж байгаад бид нар 2 цагийн орчимд П.Ариунболд, Тэмүүлэн хоёрын түрээслэж байгаа байрлуу нь явсан юм. Тэгээд тэндээ тэр хоёр 0.33 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байсан бөгөөд хажуугаар нь мөн пиво ууж байсан би хүүхдүүдээ унтуулах гээд унтсан юм. Намайг сэрэхэд өглөө болж байсан бөгөөд Сумъяа залгаад Ариунболд машины цонх шил хагалчихлаа гэж хэлсэн. Ариунболд ер нь гаднаас харахад нилээн согтсон байсан, биеэ арай гэж авч явахаар байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх 32-33/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Тэмүүлэнгийн:...Тухайн өдөр 21 цагийн орчимд П.Ариунболд бид хоёр 3 пиво аваад манай эгч Жавзансүрэнгийн гэрт орж уусан юм. Тэгээд тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гараад манай гэрт ирсэн. Манайд бид гурав 1 шил 0.33 хэмжээтэй архи тэгээд 2 ширхэг 2 литрийн хэмжээтэй пиво аваад  нэгийг нь архитайгаа хамт ууж байгаад би өөрийн дүүг гэрт нь хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд Жавзансүрэнгийн гэрт нь унтахаар очиход тэдний гэрт гаднаас Ариунболд нилээн их хэмжээтэй согтсон байдалтай орж ирсэн бөгөөд Сумъяа намайг хаяад явчихлаа гээд гомдсон байдалтай ярьж байсан. Маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирээд Ариунболд Сумъяагийн гэрийн хашааны гадаа байсан машинуудын эд ангийг эвдэлсэн талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 16-20/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-21/, П.Ариунболдыг  сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд / хх 38-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас  /хх-45/, П.Ариунболдын иргэний үнэмлэхний лавлагаа, суурь  боловсролын  гэрчилгээний  хуулбар, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Д.Батбаярын Чингэлтэй  дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн хүсэлт /хх-58/ зэрэг  болно.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

П.Ариунболд нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 47 дугаар байрны гадна байрлуулсан байсан хохирогч Г.Энхтуяагийн эзэмшлийн 87-36 УНВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото Кровн  маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд толийг хугалж, копудны хэсэгт чулуугаар цохиж гэмтээсэн, мөн хохирогч Б.Доржсүрэнгийн эзэмшлийн 67-96 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг чулуугаар хагалж санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Г.Энхтуяа, Д.Батбаяр, гэрч Б.Сумьяа, Г.Боргилсайхан, М.Жавзансүрэн нарын мэдүүлэг,  эд зүйлийн үнэлгээ болон шүүгдэгч П.Ариунболдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч П.Ариунболд нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Ариунболдод холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Ариунболдыг  бусдын  эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч П.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ариунболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Ариунболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Ариунболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай.

     5. Шүүгдэгч П.Ариунболд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд  мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус  дурдсугай.

     6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ариунболдод урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ариунболд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ