Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 03

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хэргийн индекс: 159/2019/0028/З

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч З.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Мандуул, иргэдийн төлөөлөгч М.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх  А.А дүгнэлттэй

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б холбогдох 

Дүгнэлтийн “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйг  хяналтын улсын байцаагч Б.Б  2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                        А.А

Хариуцагч                                    Б.Б

Гуравдагч этгээд                          Н.Н

Иргэдийн төлөөлөгч                    М.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б Н.Н холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэснийг хянаад шийдвэр хууль зүйн дагуу гараагүй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дүгнэлт бичсэн. Н.Н нь  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр  газар ашигласан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Хариуцагч  нь Н.Н-ын зөрчлийн шинжтэй үйлдэлд нь холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт  зааснаар  500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Ингэхдээ албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байсан хэдий ч албадлагын арга хэмжээг огт хэрэглээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэхүү журмыг хэрэгжүүлэх байсан.

Газарт учруулсан нөхөн төлбөрийг тооцох аргачлал байхгүй гэсэн үндэслэлээр хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлж буй нөхцөл байдал үүсэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн А/75 дугаар тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг баталсан ба журмын 3.3-т зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж тусгайлан заасан. Гэтэл хариуцагч нь хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн атлаа Н.Н-д зөвхөн торгох шийтгэл оногдуулснаар хуулийн зарим хэсгийг хэрэгжүүлж зарим хэсгийг хэрэгжүүлээгүй нь эс үйлдэхүйгээр албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-н 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж нэмэлт ажиллагааг хийж шийтгэл оногдуулах үндэслэлтэй хуулийг нэг мөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна .

Хариуцагч хууль, журмын агуулга шаардлагыг бүрэн ойлгоогүй, хохирол, нөхөн төлбөрийг ялгахгүй байна. Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг заавал тогтоох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас бусад байгууллагууд руу явуулсан албан бичиг нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалтгаан болохгүй.Прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-с шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн газрын мэргэжилтэн А-н 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн  Н.Н нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашигласан гэх зөрчлийн талаар утсаар ярьсан гомдлыг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Н.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан ба хуулийн дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй гэж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл тус газрыг зөвшөөрөлгүй ашигласнаар газарт ямар хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй.

Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/75 дугаар тушаалаар батлагдсан журамд “зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно” гэж энэ журмын 3.3-д зааснаар журмыг хэрэгжүүлэхийн тулд шинжээч томилж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Газрын хувьд учирсан хохирлыг тооцох боломжгүй, аргачлал байхгүй, хэрвээ аргачлал байвал бүрэн хэрэгжүүлэх боломжтой ба шинжээч томилох талаар амаар холбогдох байгууллагуудаас тодруулахад хохирлыг тооцох боломжгүй тул бид дүгнэлт өгөх  боломжгүй гэсэн хариу тайлбар өгдөг байсан төдийгүй бусад хяналтын улсын байцаагч нар прокурорын байгууллагаас ирүүлсэн чиглэлийг мөрдөж ажиллах эсэх талаар чиглэл авахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон байгаль орчны яам, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын яаманд тус тус 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 01/585 дугаартай бичгийг хүргүүлсэн өдийг хүртэл аргачлалын дагуу хохирол, нөхөн төлбөрийг тооцож ажиллах талаар аргачлал байхгүй л байна.

Газарт учирсан хохирол тодорхой бус, аргачлал байхгүй тул би хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй. Байгаль орчны улсын байцаагч бид нар аргачлал батлагдан гарсан бол шинжээч томилох шаардлагагүй аргачлалын дагуу өөрсдөө хохирол, нөхөн төлбөрөө тооцож ажиллах боломжтой миний мэргэжил, мэргэшил тохирч байгаа. Хэрэв аргачлалгүй үед хохирол, нөхөн төлбөр тооцох журам байдаг бол би хуулиа хэрэгжүүлээд ажиллахад болохгүй зүйл байхгүй.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ан амьтан, ургамал дээр хохирлыг тооцох тухай үнэлгээ, журам аргачлал эрх зүйн акт байгаа учраас торгууль, нөхөн төлбөрөө тооцоод явж байгаа гэв.

Гуравдагч этгээд Н.Н-с шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус газрыг иргэн З-с 2007 онд худалдаж аваад ойр орчмын газарт байсан овоолоостой шороо байсныг ах дүү нарынхаа хамтаар зөөж цэвэрлэн байшин барьсан. Намайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буруу газар байшин барьсан гэж 500.000 төгрөгөөр торгосон ба би торгуулийг хүлээн зөвшөөрч 500.000 төгрөгийг төлсөн. Харин надад газар сэндийчиж гэмтээсэн, хохирол учруулсан зүйл байхгүй. Өөр бусад байшин барьсан хүмүүст асуудал тавиагүй ганцхан надад хариуцлага ногдуулж байгаад гомдолтой байна. 56 мкв газарт 7х8 харьцаатай байшин, 4х3 харьцаатай 12 мкв гараашийг өөрийн амьдарч байгаа байшингаас гадна дахин  барьж, одоогоор хүү маань амьдарч байгаа гэв.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Зөвшөөрөлгүй газар ашигласан болохоор буруу байна. Шинжээч томилуулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь Сүхбаатар сумын 7 дугаар багийн Ган зам 1-р гудамжны 15 тоотод оршин суух иргэн Н.Н-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэлэнгэ амгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Сүхбаатар сумын 7 дугаар багийн иргэн Н.Н-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжээр торгож шийтгэсэн боловч энэ хэсэгт заасан “...учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах...” гэсэн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгосны үндсэн дээр шийтгэл оногдуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

Зөрчлийн хэргийн материал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд иргэн Н.Н нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хувьсгалчдын 1-129 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4308001969 дугаар бүхий 75 м2 газрыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/230 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, уг газар дээрээ амины орон сууц барин амьдарч байгаа нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2014, 2019 оны гэрээнүүд, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000503516 дугаарын гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн 000002986 дугаар бүхий гэрчилгээгээр тус тус нотлогдож байх бөгөөд энэхүү газрынхаа хажууд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх  86 м2 талбай бүхий газар дээр 7х8 харьцаатай байшин, 4х3 хэмжээтэй гарашийг барьж одоогоор Н.Н хүү нь амьдарч байгаа болох нь хариуцагч, гуравдагч этгээд Н нарын тайлбар шүүхээс газар дээр очиж үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчилд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгох шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчилд шийтгэл оногдуулахаас гадна учруулсан хохирол гаргуулах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр байх ба хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь дээрх зөрчилд шийтгэл оногдуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “учруулсан хохирол, нөхөн төлбөрийн гаргуулж” гэснийг бүрэн хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд нь хуулийн хариуцлага тооцсон хэдий ч зөвшөөрөлгүй газар ашигласнаас учирсан хохирлыг төлүүлэх талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”,  7.1 дүгээр зүйлийн 4-т “зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж тус тус зааснаар Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалаар баталсан  “Зөрчлийн улмаас учирсан хохирол,  нөхөн  төлбөрийг тооцох журам”-ын 3.3-т “Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч газарт учирсан хохирлыг тооцож гаргуулах тусгайлсан журам байхгүй бол шинжээч томилон Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хариуцагч нь 0172305 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулахдаа хуулийн зүйлчлэл заалтыг баримтлан дурьдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай  хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь  хэсгийн 10.1,   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай  дүгнэлтийг хангаж, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б  2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0172305 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 0172305 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Н.Н торгуульд төлсөн 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 5 /тав/  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                         

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.НАРАНТУЯА

                                                                                                                                                                                                              ШҮҮГЧИД                                 Ж.ОЮУНЧИМЭГ

                                                                                   З.ЭНХТУЯА