Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр           Дугаар 2018/ДЗШ/14                                       Баруун-Урт

 

Н.Ганбаярт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Л.Наранбаяр, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар 

Шүүгдэгч Н.Ганбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Иргэний нэхэмжлэгч М.Борчулуун

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Ганбаярын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1730000930071 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, “Цагаан овоо” гэх газар  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Урианхай овгийн Насан-Арвингийн Ганбаяр /РД ЛМ98022417/

 

Шүүгдэгч Н.Ганбаяр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Бичигт” дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Stana” маркийн 12-57 СҮА улсын дугаартай автомашины нөөц дугуй, шатахуун агуулах сав, жолоочийн талын болон эсрэг талын гишгүүрийн доод хөндийд хязгаарлалт тогтоосон бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 24.9 кг ургамал, 37 ширхэг цагаан зээрийн эврийг нуун далдалж, Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Тус аймгийн Прокурорын газраас Н.Ганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Урианхай овгийн Насан-Арвингийн Ганбаярыг хориглосон, хязгаарлалт тогтоосон /Дэрэвгэр жиргэрүү, цагаан зээрийн эвэр/ эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасныг баримтлан ялтан Н.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Ганбаярт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 49.4.3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ялтан Н.Ганбаяраас дэрэвгэр жиргэрүү өвсний үнэд 1245000 төгрөг, цагаан зээрийн үнэд 18500000 төгрөг, нийт 19745000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.5 кг дэрэвгэр жиргэрүү өвсний үндэсийг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулахаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, 37 ширхэг зээрийн эврийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12-57 СҮА улсын дугаартай “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн иргэн Н.Ганбатад буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Ганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч Н.Ганбаяр давж заалдах гомдолдоо: ... Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж, анхан шатны шүүх хуралдаан дээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдааны дараа эмийн ургамлын үнэд 1245000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт зээрийн эврүүд нь өгөршсөн байх тул хохиролд тооцохгүй, 19000000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан талаараа мэдүүлсэн тул хохирлыг хасаж өгнө үү. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн учир анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан  шийдвэрлэхдээ  шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ганбаяр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах “Бичигт” дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Istana” /Ssangyong/ маркийн 12-57 СҮА улсын дугаартай автомашины нөөц дугуй, шатахуун агуулах сав, жолооч болон эсрэг талын гишгүүрний доод хөндийд хууль болон Монгол улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох ховор ургамлын жагсаалтад орсон “дэрэвгэр жиргэрүү” (Saposhnikovia divaricata) гэх 24.9 кг ургамал, 37 ширхэг цагаан зээрийн эвэр зэргийг нуун далдалж, Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг, мөн ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:      

Иргэний нэхэмжлэгч М.Борчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хуулиар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн ан амьтныг агнасантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулдаг. Ургамал анх 24.9 кг байсан тул 1 кг-ыг 50000 төгрөгөөр бодохоор 1245000 төгрөг, 37 ширхэг зээрийн эвэр нь 19 зээр гэж үзэж, нэг зээрийн үнэлгээ 1000000 төгрөг гэж бодохоор 19000000 төгрөг нийт 20245000 төгрөг болж байна. Ургамлын нөхөн төлбөрийг татварын хэлтсийн дансанд оруулах саналтай байна” гэх, 

Гэрч Ж.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 08 сарын 31-ний өдөр “Бичигт” дэх боомтын хяналтын талбай дээр Ганбаяр гэх жолоочтой “Istana” маркийн 12-57 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаа С.Отгонбаатарын хамт шалгахад “Дэрэвгэр жиргэрүү” гэх эмийн ургамал нөөц дугуйнаас 5.5 кг,  шатахууны савнаас 19.4 кг, жолоочийн тал болон эсрэг талын гишгүүр дороос 37 ширхэг зээрийн эвэр илрүүлсэн” гэх /хх-11/,

  - Гэрч Э.Жанчивын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 08 сарын 31-ний өдөр “Бичигт” дэх шалган нэвтрүүлэх боомтонд манааны үүрэг гүйцэтгэж байхдаа Ганбаяр гэх жолоочтой ... тээврийн хэрэгслийг шалгахад дугуй, шатахууны савнаас “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал, жолоочийн талын болон эсрэг талын гишгүүр дороос зээрийн эвэр гарсан” гэх /хх-13/ мэдүүлгүүд болон  шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, 

Шинжээчийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 21/А дугаартай “Ургамлын үндэс нь олон наст өвслөг ургамлын үндэс болно. Уг ургамал нь гүйцэт хатаагүй, чийгтэй, хөгцөрсөн байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 онд шинээр бэлтгэсэн гэдгийг илтгэж байна” гэх дүгнэлт /хх-17/,

Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар дэрэвгэр жиргэрүү гэх 24.9 кг ургамал, 37 ширхэг зээрийн эврийг тооцох тухай”, “Istana маркийн 12-57 СҮА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай”  тогтоол болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 30, 32-35/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалган тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

Шүүх эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд уг хэм хэмжээ, ямар ашиг сонирхлыг хамгаалж байгааг анхаарах нь чухал юм. Энэхүү хэргийн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5, 24.8 дугаар зүйл нь гаалийн хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны журмыг хамгаалахаас гадна байгаль орчныг хамгаалах давхар зорилготой юм. 

Монгол Улсаас 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэгдэн орсон 1973 оны Вашингтоны "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" конвенцид тэмдэглэснээр зэрлэг амьтан, түүнийг төлөөлөх биет, эд хэсэг, түүнээс гаралтай түүхий эдийг олон улсын худалдаанд хяналт тавьж, хязгаарлалт тогтоохын зорилго нь тухайн амьтан өөрийн төрөл зүйл, хэлбэр төрхөөрөө байгалийн тогтолцооны орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хамгаалж, өнөөгийн болоод хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршино.  

Тухайн конвенци болон Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад ургамал, ан амьтан түүнийг төлөөлөх аливаа биет, эд хэсэг, түүнээс гаралтай түүхий эдийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэхээр зохицуулсан байна. 

Мөн  конвенцид  амьтныг  төлөөлөх  аливаа  биет  эд хэсэг гэж, Амьтны тухай 

хуулийн   37   дугаар   зүйлийн   37.3   дахь   хэсэгт  “ Энэ    хуулийн   25.3-т   заасан  

тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан … гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасантай адилтган үзнэ” гэж тус тус зааснаас авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан хязгаарлалт тогтоосон бараа буюу зээрийн эврийг тусад нь үнэлж тогтоогоогүй байна. Иймд зээрийн эвэр өгөрших, хувхайрах, хагарах нь экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход нөлөөлөхгүй бөгөөд шүүх иргэний нэхэмжлэгч М.Борчулууны 37 эврийг 19 зээр гэж үзэн 19000000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д цагаан зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээг 500000 төгрөгөөр тогтоож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөнө” гэсний дагуу тооцож, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин цагаан зээрийн сондгой эврийг тусдаа үнэлсэн нь   хууль болон журамд нийцээгүй, шүүгдэгч Н.Ганбаярыг “байгалийн ургамлыг хууль бусаар хадгалсан” гэж дүгнэсэн байтлаа тогтоох хэсэгт орхигдуулсан зэргийг зөвтгөж,  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Түүнээс гадна зээрийн эврийг цуглуулах гэдэг ойлголтонд энд тэндээс түүн нэг дор бөөгнүүлэх, хуримтлуулах гэсэн утга хамаарах учраас шүүгдэгч Н.Ганбаярын амьтныг төлөөлөх биет эд хэсэг буюу зээрийн эвэр цуглуулсныг тухайн ан амьтныг агнасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.   

Шүүх ховор ургамлын жагсаалтад орсон “дэвэргэр жиргэрүү” гэх 24.9 кг ургамлыг Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 282 дугаар тушаалаар батлагдсан хавсралтын дагуу ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон байтлаа түүнийг  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэснийг баримтлан нэмэгдүүлж тооцоогүй нь учраас “дэрэвгэр жиргэрүү” гэх 24.9 кг ургамлын   нийт экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1245000 төгрөгийг  5 дахин нэмэгдүүлэн ургамлын аймагт учирсан нөхөн төлбөрийн хэмжээг 6225000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй юм.   

Шүүгдэгч Н.Ганбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Stana” маркийн 12-57 СҮА дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ түүний ах Ганбатын нэр дээр байгаа хэдий ч шүүх хэрэгт авагдсан гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед “Stana” маркийн 12-57 СҮА дугаартай автомашиныг манай дүү Ганбаяр өөрийн нэр дээр авах гэсэн боловч, насанд хүрээгүй байсан учраас би өөрийнхөө нэр дээр авсан юм” /хх-50/, яллагдагч Н.Ганбаярын “аав, ээж уг машиныг надад худалдаж авч өгсөн. Бичиг баримтыг нь над дээр гаргуулах гэтэл би насанд хүрээгүй байсан учраас ах Ганбатын нэр дээр бичиг баримтыг гаргуулсан. Би эзэмшигч нь юм”  /хх-51/, Гэрч Н.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “энэ машиныг 2 жилийн өмнө Мөнхтулга гэдэг хүнээс авсан” гэх /хх-92/ мэдүүлгүүд, Н.Ганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/ зэрэг нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлээгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ганбаяр нь хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм. 

Иймд түүний “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хохирлоос 19 сая төгрөгийг хасуулах тухай” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн 2018  оны  01 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг:   Шүүгдэгч Н.Ганбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар   аймаг   дахь   Сум   дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тээвэрлэсэн” гэсний өмнө “хадгалсан” гэж нэмсүгэй. 

1.2. Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “1245000 (Нэг сая хоёр зуун дөчин таван мянга) ” гэснийг “6225000 (Зургаан сая хоёр зуун хорин таван мянга) ” гэж, “18500000 (арван найман сая таван зуун мянга)” гэснийг  “19000000 (арван есөн сая)” гэж, “19745000 (арван есөн сая долоон зуун дөчин таван мянга)” гэснийг “25225000 (Хорин таван сая хоёр зуун хорин таван мянга)” гэж тус тус өөрчилсүгэй.

1.3. Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12-57 сүа улсын дугаартай “Истана” /SsangYong Istana/  маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хууль ёсны өмчлөгч болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн иргэн Н.Ганбатад буцаан олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан “Istana” /SsangYong/ маркийн 12-57 СҮА улсын дугаартай автомашиныг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай” гэж өөрчилсүгэй.

1.4. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  “Istana” /SsangYong/ маркийн 12-57 СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж нэмэлт оруулсугай.

1.5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ганбаярын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                                         Л.НАРАНБАЯР

                                                           О.БААТАРСҮХ