Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00658

 

О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

        2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02646 дугаар шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

        2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар магадлалтай,

    О гийн нэхэмжлэлтэй,

        Н д холбогдох

        Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,594,099.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О , хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Цэрэнтогтох, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 7 сард О  нь эхнэр А.Чимгээгийн хамт 4918 УНМ улсын дугаартай, Бейбен маркийн машиныг иргэн Сүхбатаас зээлээр худалдан авч Багахангайд орших улаан тоосгоны үйлдвэрт ажиллаж байтал О гийн танил Болдоогийн эхнэр Н  “Хүннү конкрет” ХХК-ийн зуурмагийн узелд Шувууны фабрикаас хайрга зөөх ажил байна. 15 хоногоор нь тооцоогоо бэлнээр хийнэ. Мөн машины зээлээ хугацаанд нь төлж болох юм байна гэж тооцон зөвшөөрч 2017 оны 08 сарын 12-ны өдрөөс 2017 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хайрга зөөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө Н гээс нэхэхээр “Хүннү конкрет” ХХК мөнгөө төлөхгүй байна. Санаа зоволтгүй гэх мэтээр худал амласан ба О  түүнд нь итгэн ажлыг дуустал хийж гүйцэтгэсэн. Ингээд “Хүннү конкрет” ХХК-ийн нягтлантай уулзтал та нартай гэрээ хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би хариуцагч “Хүннү конкрет” ХХК-аас татгалзсан. Учир нь “Хүннү конкрет” ХХК нь Н тэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ 2017 оны 10 сард цуцлан бүх ажлын төлбөр мөнгийг шилжүүлсэн байсан. “Хүннү конкрет” ХХК-ийн нягтлан О гийн гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтаас үзэхэд О  12,594,099.00 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Иймд уг төлбөрийг Н гээс гаргуулж, О г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000.00  төгрөгийг зөвшөөрч байгаа ба үлдэх 3,594,099.00 төгрөгийг зөвшөөрөхгүй. “Хүннү конкрет” ХХК-тай 2017 оны 08 сарын 08-ны өдөр “Хайрга, дайрга ачих тээвэрлэх” гэрээ байгуулан “хово” машинаар хайрга тээвэрлэх болсон. Анх  1 куб метрийг 6500 төгрөгөөр гэдгийг маш сайн хэлсэн ба өөрсдөө зөвшөөрөөд ажлыг хийсэн. Гэхдээ цаанаа буюу “Хүннү конкрет” ХХК-тай байгуулсан гэрээнд ондоо үнэлгээтэй байсан. Ажил хийсэн жил шүлхий өвчин гараад хөл хориотой байсан тул гэрээний дагуу бүрэн тээвэрлэж чадаагүй тул гэрээг цуцалсан. Хийсэн ажлын хөлсийг бартераар авч дууссан. Би нэхэмжлэгчид “Хүннү конкрет” ХХК-иас ажлын хөлсөнд өгсөн дугуй, автомашин зэрэг зүйлийг авахыг санал болгосон боловч О гийн хувьд алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл намайг цагдаад шалгуулахаар гомдол гаргасан байсан. Тэр үед цагдаагийн хажууд тохирсон нэгжийн үнийг 6500 төгрөгөөр тооцон нийт 2326 куб.метрээр үржүүлэн 15,119,000 төгрөг болж, үүнээс түлшний үнэ болох 6,300,000 төгрөгийг хасан 8,819,000 төгрөг гарсан тул 9,000,000 төгрөг гэж тооцон надад мөнгө зээлсэн болгож 9,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Миний зүгээс 9,000,000.00  төгрөгийг төлнө гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02646 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Н гээс 12,594,099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хүннү конкрет” ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02646 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 42 тоот магадлалд өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргаж байна. О  нь 12,594,099 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх баримт байх боловч энэ нь О  болон Н  нарын хооронд хэдэн төгрөгөөр тохирсон болохыг бүрэн нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, “Хүннү конкрет” ХХК нь Н тэй гэрээ байгуулж ажиллуулж байсан бөгөөд 12,594,099 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдэг нь О  энэ мөнгийг бүхэлд нь авна гэсэн үг биш юм. Талууд 2018.04.02-ны өдөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан талаар маргадаггүй боловч шүүх үүнийг нь үнэлэхэд эргэлзээ төрүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ үйл баримт нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд талууд үүргийн гүйцэтгэлийн тухай тооцоо нийлж уг зээлийн гэрээ гэх баримтыг үйлдсэн байна. Талуудын хүсэл зориг нь зээлийн гэрээ байгуулах биш харин төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулах зорилгоор уг гэрээг байгуулсан юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02646 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 42 тоот магадлалд өөрчлөлт оруулж 3,594,099.00 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч О  нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,594,099.00 төгрөг гаргуулахаар хариуцагчаар Н , “Хүннү конкрет” ХХК-ийг татсан боловч тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Хүннү конкрет” ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзсан, хариуцагч Н  нь 9,000,000.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 3,594,099.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Н  нь “Хүннү конкрет” ХХК-тай байгуулсан “Хайрга, дайрга ачих тээвэрлэх гэрээ”-нд 1 куб.метрийг 8,000.00 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч О  нь энэ гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, өөрийн эзэмшлийн 49-18 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж, хариуцагч Н  нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь хөлс төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу О  гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, харин Н  нь туслан гүйцэтгэгчийн захиалагч болсон тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь “Хүннү конкрет” ХХК-д нийт 12,594,099.00 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна. 

Хариуцагч нь 9,000,000.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 3,594,099.00 төгрөгийг  төлөхөөс татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүннү конкрет” ХХК нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гаргасны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хариуцагчаас татгалзсаныг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохоос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 72,460.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН