| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00486/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 486
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Төв аптекийн хашаанд оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ67020466, Шангас овогт Жамбалсүрэнгийн Баярнямын, Г.Ичинхорлоогийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баярням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баярням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ичинхорлоо нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 3, нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Г.Ичинхорлоо 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд 1980-1982 онд сувилагчийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт сувилагчаар 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ариутгалын тасагт автоклавчнаар, 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Амбулаторын тасагт карт хөтлөгчөөр тус тус ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр картын сувилагчаас чөлөөлөгдөж Улаанбаатар хот руу шилжсэн. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд түүний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн, зарим тасагт орсон тушаал, чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Г.Ичинхорлоогийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 1982-1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баярням нь Г.Ичинхорлоогийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл автоклавчнаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторын тасагт 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл карт хөтлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гүнзэнгийн Ичинхорлоод нээсэн ажиллаж байсан байдлыг бүрэн бичсэн хөдөлмөрийн дэвтэр,
2. Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “…ариутгалын тасагт автоклавчны орон тоонд мөн тасагт түр ажиллаж байсан Ичинхорлоог 1 дүгээр сарын 30-ны өдрөөс ариутгалын тасагт автоклавнаар түр ажиллуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1982-1994 оны тушаалыг шүүн үзэхэд Гүнзэн овогтой Ичинхорлоогийн ажилд орсон тушаал гараагүй болно” гэх тодорхойлолт,
4. Итгэмжлэл,
5. Гэрч Б.Жигүүсэний шүүхэд өгсөн: “Би 1965 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий сувилагчаар ажилд орж нүдний кабинетэд сувилагчаар, ариутгалын тасгийн эрхлэгчээр тус тус 1991 он хүртэл ажилласан юм. Г.Ичинхорлоо нь 1982 оноос эхлэн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг буюу 03-т сувилагчаар ажилд орж улмаар ариутгалын тасагт автокловчнаар ажиллаж байгаад 1995 онд Улаанбаатар хот руу шилжсэн юм. Г.Ичинхорлоо нь урлаг уран сайханд нэлээн идэвхитэй шанз сайн тоглодог, дуу сайхан дуулдаг охин байлаа. Бид нэг байгууллагад 10 гаруй жил хамт ажиллаж байсны хувьд түүнийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Оюунгэрэлийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нярайн сувилагчаар 1993 он хүртэл ажилласан юм. Г.Ичинхорлоо нь намайг 1982 онд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг буюу 103-т сувилагчаар ажиллаж байсан бөгөөд сүүлд ариутгалын тасагт автокловчнаар ажиллаж байгаад 1990 оны дундуур ажлаас гарсан байхаа. Г.Ичинхорлоо нь ариутгалын тасагт ажиллах байхдаа сувилагч нараас тариур хүлээн авч ариутгадаг, ариутгасан тариураа буцаан хүлээлгэж өгдөг, бидэнтэй байнга харилцан холбоотой ажилладаг байсан учраас би түүнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Жигүүсэн, Д.Оюунгэрэл нарын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Г.Ичинхорлоо нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл автоклавчнаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторын тасагт 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл карт хөтлөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Ичинхорлоод нээсэн ажиллаж байсан байдлыг бүрэн бичсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Б.Жигүүсэн, Д.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Г.Ичинхорлоогийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 жил, 11 сар, 14 хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2 жил, 16 хоног автоклавчнаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторын тасагт 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 жил, 10 сар карт хөтлөгчөөр, нийт 12 жил, 10 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баярнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавгууд овогт Гүнзэнгийн Ичинхорлоогийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 14 /арван дөрөв/ хоног сувилагчаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт 1985 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 16 /арван зургаа/ хоног автоклавчнаар, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторын тасагт 1987 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 /долоо/ жил, 10 /арав/ сар карт хөтлөгчөөр, нийт 12 /арван хоёр/ жил, 10 /арав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баярнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР