| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1099 |
| Огноо | 2021-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1099
2021 10 22 2021/ШЦТ/1099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Батцэцэг,/томилолтоор/
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.Нарангэрэлд холбогдох 2106 00000 1821 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 132 тоотод оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Гажуу овогт Оын М /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.М нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 32 тоот гэртээ хамтран амьдрагч иргэн Б.Эрдэнэчимэгийг хардаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Би М гэх залуутай 2020 оны 12 дугаар сарын дунд үед анх фейсбүүкээр танилцаж дотносоод 2021 оны 01 дүгээр сарын 07-ноос хойш Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 5-132 тоотод хамтран амьдарч эхэлсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед Мтэй унтах гээд хэвтэж байтал миний өмнөх нөхөр над руу залгаад “2 хүүхэдтэйгээ яримаар байна” гэж ярьсан. Тэгэхээр нь “би 2 хүүхэд надтай хамт байхгүй байгаа, битгий залгаад бай” гэж уурлаад тасалсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал миний утсанд манай хуучин нөхрөөс мессеж ирснээс болж М уурлаад “танай хуучин нөхөр чинь биш байна, өөр залуу байна, эхнэртэй хүнтэй явалддаг юм байна, янхан минь гэж” хэлээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь би 2 гараараа нүүрээ хамгаалсан, толгой руу 3-4 удаа гараараа цохиод байсан. Тэгэхээр нь гараа нүүрнээсээ холдуулаад “хуучин нөхөр маань мөн, би залгаад өгье” гээд хэлтэл миний баруун нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.4,8/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мгийн яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-132 тоот гэртээ хамтран амьдрагч Эрдэнэчимэгийн хамт ганц нэг хундага архи уугаад байж байсан. Тэгтэл Эрдэнэчимэгийн утсанд мессеж ирсэн. Тэгэхээр нь би “хэн юм бэ” гэж асуутал “би мэдэхгүй байна” гэж худлаа яриад байсан. Тэгэхээр нь би янз бүрийн залуустай холбоо барьж уулзаад байна гэж бодоод утсыг нь аваад толгой руу нь 3-4 удаа цохисон... хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзулын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8055 дугаартай:
“1. Б.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,
Шүүгдэгч О.Мгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.34-39/,
Хохирогч Б.Эрдэнэчимэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.43/,
Шүүгдэгч О.Мгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.42/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.45/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.М нь согтуурсан үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжны 132 тоот гэртээ хамтран амьдрагч иргэн Б.Эрдэнэчимэгийг хардаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь би 2 гараараа нүүрээ хамгаалсан, толгой руу 3-4 удаа гараараа цохиод байсан... миний баруун нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.4,8/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би янз бүрийн залуустай холбоо бариад уулзаад байна гэж бодоод утсыг нь аваад толгойруу нь 3-4 удаа цохисон... эргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзулын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8055 дугаартай:
“1. Б.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
О.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар О.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Иймд шүүгдэгч О.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Б.Эрдэнэчимэг нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч О.Мг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч О.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
О.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт О.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гажуу овогт Оын Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Мд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР