Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 489

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Нефтийн 1-11 тоотод оршин суух, 1996 онд төрсөн, эмэгтэй, РД:ОН96030402, Баруун засгууд овогт Алтангэрэлийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багт оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЛ92041512, Омбоохон овогт Батсуурийн Отгонцэнгэлд холбогдох,

    Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн асрамжийн 20.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч А.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Энхцэцэг миний бие Батсуурийн Отгонцэнгэлтэй 2014 онд гэр бүл болж амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 онд салсан. Бидний дундаас 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр охин О.Минжинсор төрсөн, одоо 5 нас хүрч байна. Бид одоо тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломж байхгүй, хэн хэнийгээ ойлгож салсан юм. Тийм учраас миний охин О.Минжинсорын цаашдын хувь заяа, сурч боловсрох эрхийн асуудлыг миний ээж аав болон би өөрөө хариуцаж байгаа тул Б.Отгонцэнгэлээс хүүхдийн тэтгэлэг авахаар энэхүү нэхэмжлэл гаргаж байна. Охин маань Б.Отгонцэнгэл бид хоёрыг тусдаа амьдарсан цагаас хойш миний асрамжид өсөж байгаа бөгөөд “Хүүхдийн 20.000 төгрөг” нэг ч удаа авч байгаагүй. Мөнгө нь Б.Отгонцэнгэлийн данс руу ордог учир энэхүү мөнгийг миний болон охины минь данс руу шилжүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

  Хариуцагч Б.Отгонцэнгэл шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Энхцэцэг бид хоёр 2010 онд анх танилцаад үерхэж нөхөрлөөд явдаг байсан. Миний бие 2011 онд 11 дүгээр ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан болсон ба 2 дүгаар курсээсээ эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө аваад гэртээ ирсэн. Гэтэл А.Энхцэцэг “Би чамаас хүүхэдтэй боллоо” гэж хэлсэн болохоор хамт байя гэж бодоод сургуулиа орхисон. Улмаар А.Энхцэцэг нь охин Минжинсорыг 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн бөгөөд бид 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэр бүл болж хөшиг тайлах ёслолоо хийсэн. Бид хамтдаа 2 сар амьдарсан ба 2014 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Бид гэрлэлтээ ч батлуулж амжаагүй байтал намайг хаяад өөр хүнтэй Улаангомд ирж байр хөлслөн хамт амьдарч эхэлсэн. А.Энхцэцэгийн энэхүү гэр бүлийн тогтворгүй байдлаас харахад Минжинсорыг миний хүүхэд мөн гэдэгт би эргэлзэж байна. Иймд охин Минжинсорын эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Хүүхдийн 20.000 төгрөгний тухайд охины нэр дээр нээлгэсэн хадгаламж руу нь тухайн мөнгө ордог бөгөөд хамтран эзэмшигч дээр миний нэр байдаг юм. Түүнээс биш миний дансруу хүүхдийн мөнгө орж байгаа асуудал байхгүй болно. Заавал шүүх гэхгүйгээр надад хэлсэн бол хамтран эзэмшигчийн нэрийг нь шилжүүлээд өгөхөд бэлэн байна” гэжээ.

    Нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Алтангэрэл овогтой Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл бид нар 2015 оны 9 сарын 05-нд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2013 оны 1 сарын 23-нд охин О.Минжинсор төрсөн юм. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба ааш зан тохирохгүйн улмаас салж, одоо тусдаа амьдарч байгаа. Охин О.Минжинсор 4 нас, 5 сартай. А.Энхцэцэг нь хариуцагч Б.Отгонцэнгэлд холбогдуулан охин О.Минжинсорыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг нэхэмжилсэн бөгөөд бид хэн нэгний дарамт шахалтгүйгээр, өөрсдөө хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн Б.Отгонцэнгэлийн  ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа байдлыг харгалзан үзэж, ярилцаж, харилцан тохиролцож, Б.Отгонцэнгэл нь хүүхдийн тэтгэлэгт 2017 оны 7 сарын 05-ны дотор 5.000.000 /таван сая/ төгрөг бэлэн төлөхөөр, нэхэмжлэгч А.Энхцэцэг нь охин О.Минжинсорыг 18 насанд хүртэл нь хариуцагч Б.Отгонцэнгэлээс дахин хүүхдийн тэтгэлэг болон бусад зүйлийг  нэхэмжлэхгүй байхаар тус тус тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Б.Отгонцэнгэл би энэхүү эвлэрлийн гэрээгээр тохирсон  5.000.000 /таван сая/ төгрөгийг 2017 оны 7 сарын 05-ны дотор төлөх бөгөөд хэрэв хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж гаргуулахад гомдох зүйлгүй. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл” гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч А.Энхцэцэг нь хариуцагч Б.Отгонцэнгэлд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн асрамжийн 20.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хариуцагч Б.Отгонцэнгэл нь охин О.Минжинсорын хүүхдийн мөнгийг авах эрхийг А.Энхцэцэгт шилжүүлсэн ба нэхэмжлэгч А.Энхцэцэг нь хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

     Нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Б.Отгонцэнгэл нь хүүхдийн тэтгэлэгт 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор 5.000.000 төгрөгийг А.Энхцэцэгт төлж барагдуулах, нэхэмжлэгч А.Энхцэцэг нь охин О.Минжинсорыг 18 нас хүртэл нь хариуцагч Б.Отгонцэнгэлээс дахин хүүхдийн тэтгэлэг болон бусад зүйлийг нэхэмжлэхгүй байхаар тус тус тохиролцсон болох нь нэхэмжлэгч А.Энхцэцэг, хариуцагч Б.Отгонцэнгэл нарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

       Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 36.131 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд 18.065 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 18.065  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Б.Отгонцэнгэл нь хүүхдийн тэтгэлэгт 5.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Энхцэцэгт төлж өгөхөөр, нэхэмжлэгч А.Энхцэцэг нь охин О.Минжинсорыг 18 нас хүртэл нь хариуцагч Б.Отгонцэнгэлээс дахин хүүхдийн тэтгэлэг болон бусад зүйлийг нэхэмжлэхгүй байхаар тус тус тохирч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 18.065 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Энхцэцэгт олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Отгонцэнгэл сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР