Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, 
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч С.Дэмчиг,
түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Сүхбатын Дэмчигт холбогдох эрүүгийн 2131000000018 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбатын Дэмчиг РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
С.Дэмчиг нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат” 1 дүгээр баг, Ханан гудамж 5-5 тоотод оршин суух гэртээ эхнэр Ж.*******тэй архидан согтуурсны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа болон усны гутлаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Дэмчиг нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат” 1 дүгээр баг, Ханан гудамж 5-5 тоотод оршин суух гэртээ эхнэр Ж.*******тэй архидан согтуурсны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа болон усны гутлаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Дэмчиг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 
    1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дэмчигийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг ,
    2.Хохирогч Ж.Оюунчимэгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Гурван хүүхдийн эх нь нас барчихсан, аав нь хоригдчихсон байгаа болохоор надад болон манай хамаатан садан нарт маш их хэцүү байна. Манай гэр бүлийнхэн болон Дэмчигийн талын хамаатан садангуудын зүгээс С.Дэмчигт хөнгөн арга хэмжээ авч өгөөсэй л гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг ,
    3.Гэрч Д.Энхбатын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2300 цаг өнгөрч байхад манай эхнэрийн эзэмшиж ашигладаг 96646434 дугаарын утас руу талийгаач *******ийн хүү Сүлдбаяр нь залгаж яриад “манай ээж ухаан алдаад уначихсан, ухаан орохгүй байна” гэж хэлсэн гэхээр нь би эхнэрийнхээ хамт 2-лаа гэрээсээ шууд гарч гүйгээд тэдний гэрт очсон. Гэрт ороход Дэмчиг болон талийгаач ******* мөн 3 хүүхэд нь л байсан. Өөр хүн байгаагүй. Талийгаачийн хувьд гэрийнхээ арын өрөөний газраар зассан байсан матрасан орон дээрээ дээшээ харсан байдалтай, уруул нь сэтэрсэн юм уу ямар ч байсан сэтэрч цус болсон харагдаж байсан ба бас нүүр нь хөхөрсөн, өөрөө болохоор ямар ч ухаангүй, Дэмчиг толгойг нь түшээд хажууд нь сууж байсан, 3 хүүхэд нь уйлалдаад гэрийнхээ үүдний хэсгийн өрөөний орчимд уйлалдаад байж байсан. Гэр орны байдал ерөнхийдөө хэвийн, дулаанхан, гал түлчихсэн дулаанхан байсан ба ямар нэгэн байдлаар эвдэрч хэмхэрсэн эд зүйл байхгүй, хувцас хунар нь зүгээр, цус нөж болсон зүйл байгаагүй. Тэгээд би “юу болсон юм бэ, яагаад нүүр ам нь хөхөрч шарх гэмтэлтэй болсон юм бэ” гэхэд Дэмчиг болохоор юу ч дуугарахгүй байсан. Би “чи яачихсан юм бэ” гэхэд доошоо хараад л суугаад байсан. Харин хүү Сүлдбаяр нь аав гутлаараа ээжийг цохиод байсан /гутлаа шидчихсэн ч гэл үү/ гэсэн. Тэгээд ээж нь орон дээрээ унаад хэвтээд өгсөн. Би унтаж байгаа юм байх гэж бодсон. Бага дүүг уйлаад байхаар нь сэрээх гэсэн чинь сэрэхгүй ухаан алдсан байна гээд уйлаад л байсан. Өөр бидний хооронд энэ хэрэг, үйл явдлын талаар яриа болоогүй. Дэмчигийн хувьд архи уусан байдалтай байсан, гэхдээ бараг архи нь гарсан юм уу тэгэж сайн мэдэгдэхээргүй болчихсон байсан. Хүүхдүүд нь “аав архи уусан, хамгийн сүүлд энэ 2 гаднаас хамт орж ирсэн” гэж байсан. Удалгүй эмнэлгээс эмч нар ирж үзээд *******ийг нас барсан байна гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар ирсэн бас манай бусад ах дүү нар ч ирцгээсэн. Би өөрөө талийгаач *******тэй 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1200 цагийн үед уулзалдсан. Манай гэрт нөхөр Дэмчиг болон бага хүүхэд нарынхаа хамт ирээд мод хөрөөдөж өгөөд цай унд уучихаад харьлаа гээд гараад явцгаасан. Тэгэхэд хэн, хэн нь огт архи дарс уугаагүй, эрүүл байсан ба талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй. Цус нөж болоогүй, зүв зүгээр инээлдэж бариад явж байсан. Харин намайг өнөө шөнө эхнэрийнхээ хамт дуудагдаад очиход талийгаачийн нүүр хөхөрсөн, уруул нь бас сэтэрч хавдсан байдалтай болчихсон байна лээ. Дэмчигийн хувьд 2 дугаар сарын 7-ны өдөр манай гэрт ирэхэд мөн өдрийн орой нь би дуудагдаж очиход биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг ,
    4.Гэрч Ж.Ганхуягийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2355 цаг өнгөрч байхад манай эгч Ж.Оюунчимэг над руу 96646434 дугаараас залгаад чи “*******ийн гэрт яаралтай хүрээд ир, дүү чинь ухаан орохгүй байна гэж ярьсан” Тэгээд би гэрээс гараад шууд талийгаачийн гэрт ганцаараа очиход хүргэн Энхбат, эгч Оюунчимэг, бэр Цэнгэл, эмч, сувилагч, хэсгийн төлөөлөгч, Дэмчиг болон талийгаач ******* мөн 3 хүүхэд нь л байсан. Өөр хүн байгаагүй. Талийгаачийн хувьд гэрийнхээ арын өрөөний газраар зассан байсан матрасан орон дээрээ дээшээ харсан байдалтай байсан. Би талийгаач руу ойртоогүй, миний бие эвгүйрхээд байхаар нь би ойртоогүй юм. Гэр орны байдал ерөнхийдөө хэвийн, ямар нэгэн байдлаар эвдэрч хэмхэрсэн эд зүйл байхгүй, хувцас хунар нь зүгээр, цус нөж болсон зүйл байгаагүй. Дэмчигийн хувьд архи уусан байдалтай байсан уу? тэгэж сайн мэдэгдэхээргүй болчихсон байсан. Би өөрөө талийгаач *******тэй 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17:00 цагийн үед өөрийн ажилладаг дугуй засвараас гараад явж байтал манай талийгаач дүү дэлгүүрээс гараад дугуй засварын урдуур явж байхад манай хүргэн С.Дэмчиг бага охин Шүүдэрийг тэврээд урдаас нь очоод тэр хоёр буцаад дэлгүүр лүү буцсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Тухайн үед талийгаач *******тэй дугуй засварын гадаа таарахад талийгаач Ж.*******ийн биед нь ямар гэмтэл, шарх, сорви байгаагүй, талийгаач Ж.******* болон түүний нөхөр С.Дэмчиг нар архи, дарс уусан зүйл надад мэдэгдээгүй. Би урьд өмнө нь энэ 2 хүнийг хоорондоо маргаж муудалцаж, бие биенээ цохиж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Хэдэн жилийн өмнө намайг Улаанбаатар хотод байх үеэр 1 удаа Дэмчиг нь “талийгаачийг цохиж зодсон, нүх рүү унагасан” гэсэн яриаг сүүлд манай том эгч Оюун надад хэлсэн. Ер нь бол Дэмчигийн хувьд ажилсаг залуу гэж боддог архи уухаараа ямар зан араншин гаргадаг талаар сайн мэдэхгүй. Дэмчигийн хувьд архи уусан үедээ бид нарын дэргэд болон бидэнд агсан согтуу тавьж хэрүүл маргаан болж байгаагүй. ******* ч гэсэн архи дарс уулаа гээд элдэв зан ааш байхгүй. Энэ 2 хүн хоёулаа тогтсон ажил хийдэггүй, энд тэнд хөлсний ажил гарвал явж байгаа харагддаг. Ахуй амьдралын хувьд 3 хүүхэдтэй айл ба тааруухан талдаа л айл байгаа юм...” гэх мэдүүлэг ,
    5. Гэрч Б.Атарбаясгалангийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны оройн 2100 цагийн орчимд гэртээ байж байхад манай эхнэр Энхзаяагийн найз Около буюу ******* нь нөхөр Дэмчигийн хамт манай гэрт 2-лаа орж ирсэн. Би гэртээ эхнэр Энхзаяа болон 2 хүүхдийнхээ хамт байж байсан. Тухайн үед *******, Дэмчиг нар халамцуу байдалтай манай гэрт орж ирсэн. Бид нар хоорондоо тамхи татаад ойр зуурын юм л ярьж байгаад удалгүй *******, Дэмчиг нартай манай эхнэр Энхзаяа архи авахаар хамт гараад явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй, архи олдохгүй байна гээд буцаад ороод ирсэн. Ингээд манай гэрт цагаан сараар хэрэглэх гэж байсан 1 литр орчим чацарганы бараашигийг ундааны саванд таллаж аваад *******, Дэмчиг нартай манай эхнэр Энхзаяа гурвуулаа хувааж уусан. Би тухайн бараашигнаас уугаагүй. *******, Дэмчиг нар 22 цаг өнгөрөөгөөд гэр лүүгээ явж унтлаа гээд манай гэрээс гарч явсан. Манай гэрээс *******, Дэмчиг нарын гэр 100 метр ч хүрэхгүй замын эсрэг талд байдаг тул алхаад явсан. *******, Дэмчиг нар анх манай гэрт анх орж ирэхдээ гэрээсээ ирлээ гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг ,
    6.Гэрч Ш.Болорцэцэгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өрх нь зорилтод бүлгийн өрх гэж явдаг. Зорилтод өрх гэдэг маань аливаа тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд авч байдаг, амьдралын түвшинг 1 шат ахиулж ядуурлаас гаргах зорилттой өрх гэж ойлгож болно. Тухайн өрх нь дэлхийн зөнгөөс гэр оронтой болж байсан. Яг хэзээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Мөн тухайн өрх нь 3 хүүхэдтэй бөгөөд халамжаас 3 хүүхдийн мөнгийг авдаг. Цалинтай ээжийн 50.000 төгрөгийн тэтгэмжийг авдаг. Өөр тусламж үйлчилгээнд хамрагдаагүй. Би тухайн иргэдийн гэр бүлийн харилцаа ямар байдаг талаар сайн мэдэхгүй байна. Дэмчиг, ******* нар нь дундаасаа 3 хүүхэдтэй гэдгийг л мэднэ. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ,
    7.Гэрч Л.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дэмчиг гэх өрхийн тэргүүлэгчтэй гэр бүлийн талаар сайн мэднэ. Би Дэлхийн зөнгийн өрхийн хөгжил 90 хөтөлбөрт хамрагддаг өрх байгаа юм. Тухайн хөтөлбөрт хамрагдаад 2 жил болж байна. Тухайн хөтөлбөр нь зорилтод өрх рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь 1 жилийн өмнө байсан амьдралын түвшинг 1 шатаар ахиулах зорилттой ажилладаг. Мөн гэрээр айлчлах хөтөлбөрт ядуу өрх гэдэг утгаар хамрагдаж 2019 онд дэлхийн зөнгөөс 5 ханатай гэр олгосон. Ер нь бол хүнсний тусламж байнга олгодог 2020 онд 2 удаа хүнсний тусламж үзүүлсэн байна. Өрх нь 5 гишүүнтэй ба эцэг, эх, 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Өрхийн насанд хүрсэн 2 гишүүн ажилгүй учраас ажилтай болгохын тул дэлхийн зөнгөөс 2020 онд арьс элдэх машин олгосон. Тухайн машинаараа арьс элдэж өөрийн гэсэн орлоготой болсон. Би тухайн иргэдийн гэр бүлийн харилцаа хэвийн энгийн байсан гэж үзэж байна. Зарим тохиолдолд архи уучихсан талаар сонсогддог байсан болохоос гэр бүлийн хүчирхийллийн талаар сонсогдож байгаагүй...” гэх мэдүүлэг ,
    8.Гэрч Ц.Энхбаярын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1400 цагийн орчимд Бааст буюу Гантулгын хашаанд Энхтөрийн хамтаар эвдэрхий машинаас сэлбэг авч байх үед Дэмчигтэй Баастын хашаанд таарсан. Тухайн үед Дэмчиг ганц шил архи уух гэсэн юм ах мөнгө зээлээч гэхээр нь би түүнд 10.000 төгрөг зээлээр өгсөн. Ингээд Дэмчиг дэлгүүр лүү 14:35 цагийн орчимд яваад “Хараа” нэртэй 0.5 литрийн архи нэгийг авсан байсан ба Бааст буюу Гантулгын хашаанаас Дэмчигийн гэрт очиж Энхтөр, Дэмчиг, ******* бид 4 нөгөө авсан архийг нь хуваагаад уусан. Дэмчигийн авсан архийг ууж дуусаад Энхтөр бид 2 Дэмчигийн гэрээс гараад Баастаа буюу Гантогтохын гэрт Гантогтохыг Шарын голоос ирсэн талаар мэдээд очсон. Гантогтохтой Энхтөр бид 2 уулзаад “Хараа” нэртэй 0.5 литрийн 1 шил архи авхуулан дахиж Дэмчигийн гэрт Баастаа буюу Гантулга, Энхтөр, Дэмчиг, ******* бид 5 нийлээд архиа хувааж уусан. Тухайн архийг талдаа орж байхад Дэмчигийн хажуу талын айлын Энхзаяа орж ирсэн. Энхзаяад тухайн архинаасаа нэг хундаганд хийж өгөөд бид нар архиа ууж дуусаад 1500 цаг өнгөрөөгөөд гэр лүү харьсан...” гэх мэдүүлэг ,
    9.Гэрч Н.Алтанбаганы 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажлаа аваад удаагүй байгаа ба 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 29- ний хооронд айл, өрхүүдээрээ явах үед тухайн иргэдийг Жавхлант сумын 1 дүгээр багт оршин суудаг талаар мэдсэн. Тэрнээс бол сайн таньж мэдэхгүй. Жавхлант суманд тухайн иргэд амьдраад хичнээн жил болж байгаа талаар мэдэхгүй байна. Би тухайн иргэдийн гэр бүлийн харилцаа ямар байдаг талаар сайн мэдэхгүй байна. Дэмчиг, ******* нар нь дундаасаа 3 хүүхэдтэй гэдгийг бол мэднэ. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ,
    10.Гэрч Б.Мөнхсайханы 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 07-ны 23 цаг 58 минутад ээлжийн сувилагч Ууганцэцэгийн над руу залгаж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр баг 5-05 тоотод ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Би дуудлагыг аваад шууд гэрээсээ гарч эмнэлэг дээр ирж яаралтай эм тариагаа аваад тухайн дуудлага өгсөн айл руу явсан. Ууганцэцэгт Хандаа гэх нэртэй эмэгтэй дуудлага өгсөн талаар надад хэлсэн. Ингээд тухайн хаягт очиход байшинтай айл байсан ба тухайн байшин руу ороход 4 хүүхэд, 4 том хүн байсан. Амь хохирогч том өрөөндөө хөл нь цонх руугаа харсан байдалтай, дээшээ харсан байдалтай улаан өнгийн өмдтэй, нимгэн подволктай хэвтэж байсан. Үзлэгээр хүүхэн харааг шалгахад хоёр талд өргөссөн, гэрлийн урвалгүй, дуудахад хариулахгүй, энгийн команд биелүүлэхгүй, зүрх амьсгалыг шалгахад зүрх амьсгал зогссон, гүрээний артер, шууны артер лугшилтгүй болсон, бие нь хөрч хөшсөн байдалтай байсан. Баруун чихны ар хэсгээр хөхөлбөр толботой, уруул нь хөхөрсөн, дээд уруул хавдсан, баруун нүдний доод хэсэгт 0.5 сантиметр хэмжээтэй урсан юм шиг улаан өнгийн шинэ шарх үүссэн, хамраас нь цус гарч хатсан байдалтай, баруун гарын алганд хатсан цусны үлдэцтэй байсан. Ингээд тухайн үзүүлэлтээс харахад тухайн иргэн нь 1 цаг орчмын өмнө нас барсан байх магадлалтай байсан. Иймээс тухайн иргэнд ямар нэгэн байдлаар анхны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг ,
    11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1344 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Дэмчиг” гэж хаягласан цусанд спирт илрээгүй...” гэх дүгнэлт , 
    12.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Талийгаачид хуйхны дотор хэсэг, баруун доод зовхи, баруун дээд уруулын дотор хэсэг, баруун зүүн шуунд улаан хөх өнгийн цус хуралт, баруун хацарт бага зэргийн, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх цаг хугацааны хувьд боломж үгүй. 6.Талийгаачийн цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. 7.Талийгаачид архаг зүрхний булчингийн эмгэгшилт өвчин тогтоогдлоо. 8.Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 9.Талийгаачийн цус А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт , 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол , 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл , 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримт болно. 
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. 
Шүүгдэгч С.Дэмчигийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Оюунчимэг эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй байгааг үндэслэн шүүгдэгч С.Дэмчигийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.Дэмчигт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. 
Иймд улсын яллагч ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Дэмчигийг 660 /зургаан зуун жаран мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000 /зургаан зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дэмчигийн цагдан хоригдсон нийт 44 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, (44 хоног х 15,000 төгрөг =660,000 төгрөг) түүнд оногдуулсан 660 /зургаан зуун жаран мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000 / зургаан зуун жаран мянга/-н төгрөгийн торгох ялаас хасаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг усны гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгавал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Шүүгдэгч С.Дэмчиг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Дэмчигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Дэмчигийг 660 /зургаан зуун жаран мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000 /зургаан зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дэмчигийн цагдан хоригдсон нийт 44 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 660 /зургаан зуун жаран мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000 /зургаан зуун жаран мянга/-н төгрөгийн торгох ялаас хассугай.
4. Шүүгдэгч С.Дэмчиг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг усны гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
    
    
                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ