| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.*******,
хохирогч С.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Баяуд овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2131000890070 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******гийн ******* РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 110 тоотод үл таних С.*******ийг гэр бүлийн хардалтын улмаас маргалдан нүүрэн тус газарт нь маажиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 110 тоотод үл таних С.*******ийг гэр бүлийн хардалтын улмаас маргалдан нүүрэн тус газарт нь маажиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...Хардалтын улмаас нүүрийг нь маажсан. Хохирол төлбөр төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч С.*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой Улаанбаатар хотоос надад дайвар ирсэн гэхээр нь гэрээсээ 21 цагийн үед гараад “Хөх чулуут”-ын таксины зогсоол ороод дайвраа авсан. Тэгээд тэнд хамт ажилладаг Сарантөгс дүүтэй уулзсан. Ойрд завгүй байсан болохоор нэг удаа зав гарсных гээд Сарантөгс бид хоёр 2, 2 пиво аваад Сарантөгсийн гэрийнх нь хойд айлд очсон. Тэнд Ээгий /*******/ гэх залуу байсан. Тэгээд тэдний гэрт авч очсон 2, 2 пиво уусан. Айлын эзэн пиво уугаагүй. Тэгээд хоол хийж идээд шөнийн 00 цаг болгосон. Тэгсэн 00 цаг өнгөрч байхад юм уу 01 цагийн үед Сарантөгсийн нөхөр Мөнхтөр эхнэрээ авах гээд орж ирсэн. Араас нь ******* болон түүний нөхөр Мөнхбат нар орж ирсэн. Тэгсэн ******* нилээн согтуу байсан бөгөөд намайг харангуутаа “Сэлэнгийн янхан нөхөртэй явалдахаа боль” гээд миний зүүн хацрыг 1 удаа самардсан. Тэгээд агсам согтуу тавиад хашгичаад “би чамайг ална, Сэлэнгийн ганц янхан минь” гээд дайраад байсан. Тэгээд нөхөр нь *******г айлаас гаргасан. ******* ганц удаа самардахад л миний зүүн хацар 5-6 хэсэг газар урагдсан байсан. Одоогоос 3 жилийн өмнө Мөнхбат надаар нүүрний батгаа шахуулдаг байсан юм. Тэр үед Мөнхбат, ******* хоёр хоорондоо танилцаагүй байсан. Тэгээд би ганц нэг удаа мөнгөө нэхэж Мөнхбат руу залгахад ******* нь хардаад байдаг юм шиг байна лээ. Өөрөөр нээх харьцаа байхгүй. Би сорви арилгах лазер эмчилгээнд ормоор байна. Тэр нь Сэлэнгэд байдаггүй бөгөөд Улаанбаатар хотод байдаг юм. Корона цар тахлаас болж явж чадахгүй байна. Лазер эмчилгээ 1 оролтдоо 70,000-80,000 төгрөг байдаг бөгөөд нэг сорви арилгахад гүнээсээ шалтгаалаад 3-5 удаа ордог. Гомдолтой байна. 6 удаагийн лазер эмчилгээ 1,800,000 төгрөг, дээр нь баримттай 186,000 төгрөгийг нэмээд 1,986,500 төгрөг болж байна. Энэ мөнгийг би нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[2],
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.*******ийн өгсөн: “...Саруул дүү маань машинтай болохоор нь дайвар авахуулах гэж байсан юм. Тэгээд дүүгээ дуудсан. “Машин нь асахгүй байна, хоёулаа алхаад явъя” гээд явсан. Бид хоёр 2, 2 пиво аваад “хаана уух юм бэ?” гэсэн чинь “би энэ арын айлыг таньдаг юм” гээд “ороод ууя” гээд орсон. Тэр айл бид хоёрт хоол хийж өгсөн. Тэгээд бид нар юм яриад сууж байсан чинь Саруулын нөхөр нь орж ирээд “чи энд юу хийж байгаа юм бэ янхан, гичий минь” гэж хэлсэн. Би нөхөрт нь хандаж “тайван бай, 2 пиво уугаад явлаа” гэж хэлсэн. Саруул гараад зугтаагаад явсан. Тэгээд ******* нөхөр болон найзтайгаа ороод ирсэн. Би “такси дуудсан одоо явлаа” гэж хэлээд хоолноос нэг халбагадах гэсэн чинь хажуу талаас орж ирээд маажсан. *******гийн нөхөр надаар үйлчлүүлээд батгаа шахуулдаг байсан. Тэгээд танилууд болсон. Нөхөр нь над руу нэг шөнө залгаад “архины мөнгө өгөөч ээ” гэж хэлсэн. Над руу хааяа нэг залгадаг. Дараа нь 20.000 төгрөг авсан. Би мөнгөгүй болчихоод зээлсэн мөнгөө авах гэж залгасан. Эхнэр нь буруугаар ойлгочихвий гэж бодоод ******* руу хүртэл мессеж бичсэн. Эмчилгээний зардлын бүх баримтыг хавтаст хэрэг хавсаргасан. Сорви арилгах эмчилгээ нь нэг удаа ороход 150.000-190.000 төгрөг. 1-5 удаа лазер эмчилгээнд орох ёстой. Тэгээд нэхэмжилсэн. Уучлалт гуйлгуулмаар байна. Нэг ч удаа уучлалт гуйгаагүй...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.Мөнхбатын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* бид хоёр гэр бүл болоод 3 жил болж байна. Дундаасаа нэг хүүтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой эхнэр ******* бид хоёр Мөнхтөрийн гэрт очсон. Мөнхтөр гэртээ эхнэр Сарантөгсийн хамт байсан. Тэгээд бид нар нийлээд нар архи уусан. Мөнхтөр бид хоёр “Болд төмөр Ерөө гол” ХХК-д хамт ажилладаг юм. Тэгээд байж байхад орой 21 цагийн үед Мөнхтөрийн эхнэр Сарантөгс “ээжийгээ хүргэж өгчихөөд ирье” гээд гараад явсан. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед Мөнхтөр эхнэр “Сарантөгсийг хойд айлд байна” гэж хэлээд авах гэж гарсан. Эхнэр бид хоёр Мөнхтөрийг дагаад хойд айлд нь орсон. Тэгсэн тэр айлд ******* пиво уугаад сууж байсан. Тэгсэн манай эхнэр ******* ******* рүү дайраад нүүрийг нь самардсан. Би *******г аваад гэрээс нь гарсан. ******* бид 2 урьдны танилууд бөгөөд *******ээс өмнөх асуудал юм...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Б.Сарантөгсийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Мөнхтөр бид нар 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой гэртээ байхад Мөнхтөрийн ах Мөнхбат, түүний эхнэр ******* нар ирсэн. Тэгээд манай гэрт архи ууцгаасан. Тэр үед 21 цагийн үед ******* гээд манай хуурай эгч над руу утсаар яриад “машин чинь байна уу, эгч нь хотоос дайвар тосох гэсэн”юм гэсэн. Тэгээд би “машин асахгүй байгаа” талаараа хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч алхаад ******* эгчтэй уулзсан. Тэгээд бид хоёр такси бариад “Хөх чулуут”-ын таксины зогсоол ороод ******* эгчийн дайвар авчихаад “Цэцэг” дэлгүүрээс 4 ширхэг пиво авсан. Тэгээд пиво уух газар олдохгүй болохоор нь манай хойд айлын ******* лүү утсаар яриад “танайд хүн байхгүй бол эгчтэйгээ 2, 2 пиво уучихаад гаръя” гэсэн. Тэгсэн ******* “за тэг, тэг би дөнгөж сая ажлаасаа гэртээ орж ирлээ” гэсэн. Тэгээд ******* бид хоёр *******ийн гэрт нь пиво уугаад хоол хийж идээд байж байхад манай нөхөр Мөнхтөр *******ийн гэрт нь орж ирсэн. Тэгээд Мөнхтөр надтай “чи айлд юу хийж байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би зөрөөд гараад явчихсан. Намайг гарахад *******, Мөнхбат нар орж ирээгүй байсан. Тэгээд би хойд талын уулан дээр байж байгаад ******* эгч над руу утсаар яриад “чи ороод ир” гэхээр нь би *******ийн гэрт очиход 2 цагдаа ирчихсэн байсан. Тэгсэн ******* орж ирээд ******* эгчийг самардчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Намайг 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой ажлаасаа тараад гэртээ ирээд байж байхад Сарантөгс над руу утсаар яриад “гэрт чинь очоод пиво уучихъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн чинь Сарантөгс ******* гэдэг эгчтэй манай гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрт 2, 2 пиво авчирч уугаад хоол унд хийж идсэн. Тэр үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед манай урд айлын Мөнхтөр эхнэр Сарантөгсөө авах гэж орж ирсэн. Тэгэхэд араас нь ******* болон түүний нөхөр Мөнхбат нар ирсэн. Тэгээд Мөнхтөр намайг үүдний амбаарт дуудаж, Сарантөгстэй хардсан өнгө аястай юм яриад байж байхад ******* манай гэрт *******тэй хэрүүл хийгээд байгаа чимээ гараад байсан. Тэгээд намайг Мөнхтөртэй уулзчихаад гэр лүүгээ ороход ******* *******гаар нүүрэндээ маажуулчихлаа гээд байж байсан. Үүдний амбаарт Мөнхтөр бид хоёрын хооронд зодоон цохион болоогүй. *******г түүний нөхөр Мөнхбат аваад манай гэрээс гарсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Ц.Тунгалагийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай 2 дахь хүү М.Мөнхбат, Б.******* нар гэр бүл болоод 3 жил болж байна. Дундаасаа 2 настай, Ивээлт гэдэг хүүтэй. Одоо Мөнхбат, ******* нар Сүхбаатар сумын 3-р баг, Салхитын аманд найзынхаа хашаанд гэр бариад амьдарч байгаа. Манай хүү Мөнхбат “Болд төмөр Ерөө гол” ХХК-ний уурхайд ажилладаг. Уурхайд яг ямар ажил хийдэг талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан 40 хоног ажиллаад 20 хоног амардаг юм. Мөнхбат одоо эзгүй байгаа ба 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа явсан. ******* ажил төрөл хийхгүй, одоо жирэмсэн 2 дахь хүүхдээ тээж байгаа юм. 2021 оны 07 дугаар сард төрнө гэхээр 6-7 орчим сартай. *******гийн аав, ээж нь Алтанбулаг суманд амьдардаг. *******гийн аав ******* нь группт байдаг. ******* зан байдлын хувьд гайгүй бид нарт муухай аашлаад байдаггүй. Манай бэр Сарантөгстэй хоорондоо найзууд юм. Сарантөгсөө бодвол ******* нь суурин зантай, юманд жоохон хүлээцтэй хүүхэд...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Б.Сэлэнгэбаярын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.*******г 3 жилийн өмнөөс танина. Манай нөхөр Өвгөнхүү *******гийн нөхөр Мөнхбат нар хоорондоо багын найзууд юм. Мөнхбатыг *******тай гэр бүл болсон үеэс нь би мэдэх болсон. Одоо Мөнхбат, ******* нар Ивээлт хүүгийн хамт манай хашаанд тусдаа гэр бариад амьдарч байгаа. ******* одоо ажил хийдэггүй, жирэмсэн 6-7 орчим сартай, түүний нөхөр Мөнхбат нь “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ний уурхайд ажилладаг...” гэх мэдүүлэг[8],
9.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. С.*******ийн биед зүүн дээд, доод зовхи, хацар, эрүү, цээжинд улаан хүүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гоо сайханд нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[9], 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.*******гаас 1,986,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас эмчилгээний зардалд 186,500 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.*******гаас гаргуулан, хохирогч С.*******т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч С.******* нь энэхүү гэмтлийн улмаас цаашид гоо сайханд эмчлүүлэх зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баяуд овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяуд овогт *******гийн *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд (баримтаар) 186,500 /нэг зуун наян зургаан мянга таван зуун/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулан, хохирогч С.*******т олгосугай.
6.Хохирогч С.******* нь энэхүү гэмтлийн улмаас цаашид гоо сайханд эмчлүүлэх зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ