| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Э.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******ы *******ид холбогдох эрүүгийн 2031003770010 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*******ы *******, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум, 3 дугаар баг, Дулаан хаан тосгоны “Ногоон хашаа” гэх газар авто зам дээр 19-11 СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн М.Бадарчийн “Ниссан Санни” маркийн 90-87 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч С.Сайнбэрхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нэг их архи уудаггүй, тэр өдөр их аймаар зүйл болсон. Дахиж архи уухгүй. ...Хохирогч охин та боломжтой болохоороо эмчилгээний зардлын мөнгө өгөөрэй гэсэн.” гэх мэдүүлэг[1],
2.Насанд хүрээгүй хохирогч С.Сайнбэрхийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай хичээл 08 цагт ороод 13 цагийн үед хичээл тарсан бөгөөд өвөө Бадарчин өөрийнхөө машинаар намайг ирж авсан. Би өвөөгийн хажуу талын суудал дээр сууж явж байсан. Ногооны хашааны тэнд явж байхад урдаас буюу дөрвөн замын уулзвар талаас ирж байсан цэнхэр өнгийн Портер машин урсгал сөрж ирээд өвөөгийн машиныг мөргөсөн. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна. Осол болсны дараа би машинаас буугаад харахад тэр Портер машин замаас гараад мод мөргөсөн, харин өвөө бид хоёрын машин тэр Портер руу харсан байдалтай байсан. Тухайн үед миний зүүн гарын бугуй хэсгээр жаахан янгинаж өвдөөд байсан. Жаахан байж байгаад зүгээр болчих байх гэж бодсон ч зүгээр болохгүй улам өвчин ороод байсан. Тэгээд тэр өдрөө аавтайгаа хамт Дархан-Уул аймаг руу явж эмнэлгээр явж зураг авахуултал миний зүүн гарыг хугарсан байна гээд эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний нэхэмжлэгч М.Бадарчингийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...4 зам буюу миний өөдөөс эсрэг урсгалд ирж явсан цэнхэр өнгийн Хьюндай Портер маркийн машин замаар хэрээд яваад байсан. Би машинаа замын баруун гар тал руу шахаж хурд хасаад явсан чинь миний Ниссан Санни маркийн 90-87 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд булан хэсгээр мөргөхөд нь миний машин ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэж харж зогссон. Нөгөө портер машин замын хойд тал руу замаас гарч ургаа мод урд хэсгээрээ мөргөөд зогссон” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Я.Жаргалсайханы 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 11 цагийн үед гэрийн гадаа бууц малтаад зөөгөөд зогсож байхад Дулаанхаан тосгоны ******* өөрийнхөө Хюндай портер маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Машинаа өөрөө жолоодон ганцаараа ирээд надаас мэнд мэдээд тэгээд хаа хүрч яваа талаар нь асуусан чинь дээшээ хэдэн түлээ авах санаатай явж байна гэж байсан.Тэгээд надаас ямаа байна уу гэхээр нь ганц нэг ямаа бол байгаа гэж хэлсэн чинь тэгэж байгаад ирж авахаар болсон. Тэгээд ******* өөрийн машинаас 500 граммтай Хараа архи гаргаж ирээд тэр архинаас бид хоёр хувааж уугаад тал нь үлдсэн. Бид хоёр тэр архинаас 3-4 хундага уусан. Тэгээд ******* “би буцаад Дулаан хаан явлаа” гэж хэлээд өөрийнхөө машинаа жолоодоод яваад өгсөн. Би малын ажлаа хийгээд үлдсэн” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Л.Дэлгэрбатын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг тухайн осол болсон газарт очоод машинаас буугаад очсон чинь ******* ах машинаасаа гараагүй машины хаалга нь онгорхой цээж нь наашаа унасан байдалтай байсан. Би тэгээд 2 метрийн зайтай очоод харсан чинь нэлээн согтуу мөн хөл нь хавчуулагдсан юм шиг харагдаж байсан. Би тэгээд цагдаа нар ирж байхаар нь яваад өгсөн. Бадарч ахыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар бол мэдэхгүй байна. Цаана зогсож байгаа харагдаж байсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Л.Хишигсүрэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Дулаан хаан тосгоноос Дулаан хааны 4-н зам орох гээд өөрийн Тоёота примо маркийн 33-64 СЭА улсын дугаартай машин ганцаараа жолоодож явж байхад миний өөдөөс Дулаан хаан 4-н замаас нэг цэнхэр өнгийн Хюндай портер маркийн 19-11 СЭҮ улсын дугаартай машины эзэн болох ******* өөрөө жолоодон нэлээн хурдтай надтай зөрөөд өнгөрсөн. Мөн энэ машины араас өвс ачсан 26-33 дугаартай, “Хюндай Портер” маркийн машин надтай бас зөрөөд явсан. Би энэ машинтай зөрөөд 100 метр орчим явж байсан чинь жолооч Л.Дэлгэрбат надруу залгаад энд миний урд явсан хоёр машин мөргөлдсөн байна гэхээр нь би тухайн осол болсон газарт ирээд хэсгийн цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөд тэгээд явсан. Би Э.*******той энэ өдөр уулзаагүй мөн осол болсны дараа уулзаагүй байсан. Тийм болохоор архи, дарс уусан байсан талаар бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Я.Баясгалангийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай найз Э.******* багаасаа өнчин өрөөсөн өссөн, нийтэч, нөхөрсөг, найзууддаа их тусархаг, ааш зан сайтай, хүнтэй төдийлөн маргаад байдаггүй хүн байгаа юм. Дулаан хаан тосгонд эхнэр болон дүү, ахынх нь эхнэр болон хүүхдийн хамт амьдардаг. Гэрийн ахуйн амьдрал нь жоохон тааруухан боловч өөрөө энэ тэнд хар бор ажил хийгээд явдаг. Архи дарс уугаад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь харж байгаагүй төдийлөн хэрэглээд байдаггүй” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Д.Батбаярын 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тэр өдөр гэртэй байсан. Харин манай нөхөр ******* 11 цагийн үед “хөдөө айл руу явж өвсний сэрээ авч ирнэ” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Портер маркийн авто машиныг жолоодоод ганцаараа явсан. Түүнийг явсаны дараа гэртэй байж байхад манай охин хүнтэй утсаар ярьсныхаа дараа “Цагдаа танийг дуудаж байна” гэж хэлсэн. Ингээд би аваар болсон газар яваад очиход машин нь мод мөргөсөн байдалтай байсан. Харин манай хүнийг түргэний машин эмнэлэг хүргэхээр аваад явсан байсан”гэх мэдүүлэг[8],
9.Шүүгдэгч Э.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө болсон хэргийн талаар ярьсан байгаа түүн дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би архи ууж жолоо барьснаас болоод осол болчихлоо гэж хэлмээр байна. Одоогоор төлсөн хохирол байхгүй, өөрөө эмчилгээнд орох шаардлагатай байгаа учраас боломж гарахгүй гэртээ хэвтэж байна” ...гэх мэдүүлэг[9],
10.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 150 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт:...””Бадарч” гэж хаягласан D63424488 дугаартай хуруу цус нь шинжилгээнд тэнцэж байна. М.Бадарчингийн цусанд спиртийн агууламж илэрсэнгүй”...гэх дүгнэлт[10],
11.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт:...“С.Сайхбэрхийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[11],
12.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дугаар “******* гэж хаягласан 000150796 дугаартай цус нь шинжилгээнд тэнцэж байна. Э.*******ийн цусанд 2,2 промилли спитрийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[12],13.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 349 дүгээр Шинжээчийн дүгнэлт хэсэгт:..”М.Бадарчингийн биед гэмтэл тогтоогдсонгүй”...гэх дүгнэлт[13], 14.2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 18 дугаар Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Жолооч Э.******* нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.3 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт[14], 15.Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1138 дугаар “Ниссан Санни маркийн 90-87 УБП улсын дугаартай авто машинд 935.000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болохыг тогтоосон” авто машин техникийн үнэлгээний тайлан[15], 16.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[16], 17.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[17], 18.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[19], 20.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[20], 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], 22.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[22] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Бадарчид 935.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сайнцог эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт гаргаж өгөөгүй байх тул эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тайлбар зэргээр хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан жолооны үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнцог эмчилгээний төлбөр 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй шүүхэд гаргаж өгөөгүй учраас цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Бадарчинд хохирол 935,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах саналтай байна” гэжээ.
Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу болон эрүүгийн хэргийн зүйлчлэл дээр маргаангүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөрөө хүнд гэмтэл авсан энэ гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө гэх шинжээчийн дүгнэлт мөн гарсан байна. Хохирол төлбөрийн хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн аав болох Б.Сайнцогтой ярилцаж тохиролцоод боломжтой үедээ 1,000,000 төгрөг төлөхөөр болсон. Мөн иргэний нэхэмжлэгчид хохирол 935,000 төгрөг төлсөн байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд тогтсон ажилгүй, олон хүүхэдтэй, эхнэр нь хөдөлмөр эрхэлдэггүй хүүхдийн мөнгөөр амьдардаг. Өөрөө гэмт хэрэгт үйлдэхээс өмнө өрх гэрээ тэжээдэг байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Шүүгдэгч Э.*******ийн хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, боломжтой болохоороо эмчилгээний зардлыг өгч болох талаар илэрхийлсэн болон шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас өөрөө хэвтрийн дэглэмтэй, хүндэвтэр гэмтэл авсан боловч иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хөнгөрүүлэх боломжтой. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл байгаа талаар дүгнэлт хийж өгөхийг хүссэн” хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Э.*******ийн 1334452 дугаартай, жолоодох эрхийн “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлбэл зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ид тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Э.*******ийн 1334452 дугаартай, жолоодох эрхийн “B” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сайнцогтын зүгээс насанд хүрээгүй хохирогч С.Сайнбэрхийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримт гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
9.Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Бадарчинд эд хөрөнгийн хохирол 935,000 төгрөгийг шүүгдэгч Э.******* нөхөн төлсөн болохыг дурьдсугай.
10.Шүүгдэгч Э.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ