Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Бт холбогдох эрүүгийн 2107000000175 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ...................... ХХК-д автобусны ******* ажилтай, ................................тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 341 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт Ц.Б /РД: ................................/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Яллагдагч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед ................................ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Ггийн баруун нүд рүү хоёр удаа цохиж, толгой хэсэг рүү нь хөлөөрөө 15-20 удаа дэвсэж тахины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй.” гэв.

 

            Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ................................ тоотод нөхөр Ц.Б болон өөрийн хүүхдүүдтэйгээ байж байтал 22 цаг болж байхад нөхөр гаднаас бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би гэрийн үүдэнд гадаа сууж байгаад лаазтай пиво хоёрыг уучихаад гэр лүү буцаж ороод нөхрийгөө унтаж байхад нь энгэрээс нь татаад сэрээсэн юм. Тэгтэл манай нөхөр уурлаж босож ирээд миний нүүрний баруун нүд орчимд хоёр удаа гараараа цохиод, намайг түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү нүцгэн хөлөөрөө өшиглөөд байхаар нь би баруун гараараа хамгаалсан. Миний гар болон толгой хэсэг рүү бараг 20 удаа өшиглөсөн байх. Болихоор нь би гэрээс гараад 00 орж байж байгаад буцаж орж ирээд унтацгаасан. Өглөө нь манай нөхөр гэрээс гарч яваад эргэж ирэхдээ согтуу орж ирэхээр нь бид хоёр дахиад хэрэлдсэн юм. Тэгэхээр нь би найзруугаа фейсбүүк чатаараа 7023102 дугаар луу ................................ тоотод согтуу хүн агсам тавиад байна гээд дуудлага өгчих гээд өөрийн найз О рүүгээ бичсэн юм. Тэгээд манай найз дуудлага өгөөд гэрт цагдаа нар ирсэн юм. 2018 онд намайг нэг удаа цохиж байснаас өөрөөр миний биед гар хүрч байгаагүй. Би огт эмчилгээ хийлгээгүй хэд хоноод бүрэн эдгэрсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэргэлчихээд 22 цаг болж байхад гэр лүүгээ орж унтсан юм. Би унтаад нэг их удаагүй байж байтал эхнэр намайг татаж сэрээгээд хацарнаас маажсан, тэгэхээр нь миний уур хүрээд баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиод унахаар нь толгой руу нь хэд хэдэн удаа зөөлөн өшиглөсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн шинжээчийн 414 дүгээр:

          “1. Б.Ггийн биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

             

      Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,  Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-68 дугаар хуудас/,  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед ................................ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Ггийн баруун нүд рүү хоёр удаа цохиж, толгой хэсэг рүү нь хөлөөрөө 15-20 удаа дэвсэж тахины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай нөхөр уурлаж босож ирээд миний нүүрний баруун нүд орчимд хоёр удаа гараараа цохиод, намайг түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү нүцгэн хөлөөрөө өшиглөөд байхаар нь би баруун гараараа хамгаалсан. Миний гар болон толгой хэсэг рүү бараг 20 удаа өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би унтаад нэг их удаагүй байж байтал эхнэр намайг татаж сэрээгээд хацарнаас маажсан, тэгэхээр нь миний уур хүрээд баруун нүд орчимд нь гараараа нэг удаа цохиод, унахаар нь толгой руу нь хэд хэдэн удаа зөөлөн өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн шинжээчийн 414 дүгээр дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг болно.

 

            Хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд учирсан “...тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл” нь шүүгдэгч гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, дэвссэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.Г нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдардаг, 3 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүссэн, уг маргаан үүсэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй байна гэж дүгнэж, харин шүүгдэгч Ц.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           

            Хохирогч Б.Г нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг “өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийг төлөөлж оролцож байгаа. Хохирогч Б.Г нь шүүгдэгч Ц.Бтай 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоогоор бага насны 3 хүүхэдтэй. Мөн хохирогч нь гомдол саналгүй талаар бичгээр шүүхэд тайлбараа хүргүүлсэн. Иймд торгуулийн ялын доод хэмжээг оноож өгнө үү” гэсэн санал, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, эдгээр ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, олон удаа өшиглөж зодсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  ******* овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ