Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч О.Эрхэмбаяр,

 шүүгдэгч Ж.*******,

 түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Мэргэд овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2031002780057 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******ын *******, Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд, дулааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Ялбаг” гэх газрын “Хорьлоогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Ялбаг” гэх газрын “Хорьлоогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэснээр шүүгдэгч Л.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгээс шинжлэн судлуулахад “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн дүү Л.Батцэнгэлд “бичиг баримт болж байна, үйл ажиллагаа явуулж байна” гэж хэлсэн. Миний хэлсэн үг үйлдлээс болж ийм зүйл боллоо. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Х.Дэлгэрмаагийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Ерөө сум нөхөрлөлүүдтэй гэрээ хийхээр 2020 оны 07 дугаар сард 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Түүний дагуу ажлын хэсэг ажиллаж нөхөрлөлүүдээс ирсэн холбогдох баримт бичгийг авч шалгуур үзүүлэлтийн дагуу аймгийн тусгай хэрэгцээт газар шаардлага хангаж байгаа 9 нөхөрлөлтэй гэрээ хийсэн. Энэ гэрээг Ерөө сумын Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Э.Одгарав байгуулсан. Ажлын хэсэг тухайн шаардлагыг хэн хангаж байна, хэнтэй нь гэрээ хийх вэ гэдгийг шалгаруулах ёстой байсан түүний дагуу 9 нөхөрлөлийг сонгосон. Манай сум, орон нутгаас гэрээ байгуулсан нөхөрлөлүүдтэй нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулан ажиллах газар, цэг, солбилцлыг нь зааж өгсөн. Зөрчил гаргасан нөхөрлөлүүд гэрээ хийгээд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулаагүй байсан учраас ажиллах газраа заалгуулалгүй өөрсдийн дураар үйл ажиллагаагаа эхлүүлсэн нөхөрлөл тухайн хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Байгаль орчинд учруулсан хохирол мөнгийг төлж барагдуулвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ техникийг хэдээр авлаа бас нэг юм нь болохгүй техник хямдхан зарах гээд байна, боломжийг алдалгүй хурдан 10 гаруй сая төгрөг хэрэгтэй гээд манай хүү тэгэж байгаад нэг эксковатор авчираад засч сэлбээд ажиллуулаад байсан. Одоо манай хүүхэд Швед улсад ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарч байна. Манай техникийг битүүмжилсэн. Түүнийгээ гаргуулж авмаар байна. Хүйтэрлээ ядаж хашаандаа аваачмаар байна. Батцэнгэл гээд нөхөр чинь тэнд манаач хийгээд гэртээ харьж чадахгүй байна гээд байж байсан...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Н.Бумбаярын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон. Харъяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан зүй зохистой ашиглуулах байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Ялбагийн голын постонд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд постонд үүрэг гүйцэтгэсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн техник хэрэгсэл оруулаагүй бөгөөд техник хэрэгсэл орохоор ирээгүй. Техник хэрэгсэл миний байсан пост талаас Мандал сумаас 60 км зайтай байдаг, даваа гүвээ ихтэй. Энэ хугацаанд постоор техник хэрэгсэл оруулахгүй байхад анхаарч ажилласан. Бороо ус ихтэй байсан учраас баргийн техник хэрэгсэл очоогүй. Намайг ажилтай байхад “Ерөө эвсэг уул” нэртэй нөхөрлөлийн гээд техник хэрэгсэл үйл ажиллагаа явуулаагүй байж байсан. Тэнд нэг хөгшин ах эхнэр жаахан хүүхдийн хамт гэрээ байгуулахыг хүлээж байгаа гээд байдаг байсан. Намайг очиход эксковатор ажиллаагүй байрлуулаад тавьсан. Алт угаах төхөөрөмж талбайн хойд хэсэгт байсан. Үйл ажиллагаа явагдсан үгүйг мэдэхгүй. Эмх цэгцтэй байрлуулсан байсан. Би постонд үүрэг гүйцэтгэж байхдаа бичиг баримтгүй хүмүүсийн техник хэрэгслийг оруулаагүй...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Д.Алтантулгын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2015 оны 05 дугаар сард ажилд орсон. Миний ажил үүргийн хуваарь харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан зүй зохистой ашиглуулах, байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Одоогоос 20 гаруй жилийн өмнөөс аж ахуй нэгж байгууллагууд орж ашигт малтмал олборлохоор ирэх үед эвдэгдсэн байсан. Тэр үеэс эвдэгдсэн талбайд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулаад уурхайн үйл ажиллагааны улмаас Харгана, Өлөнт, Могойн гол, Ялбаг, Бэрлэгийн цагаан тохой, Агуйт, Цамхаг, Их алт, 35-н ам, Хавчирганы ам, Хэрийн гол, Гозон шар нэртэй газрууд нь эвдэгдсэн байдаг. Энэ газруудыг нөхөн сэргээх зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарсан газруудыг нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд Засгийн газрын 2017 оны 151 дугаартай тогтоолыг үндэслэн хуваарилахаар болсон. Ерөө сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одгарав ажлын хэсэг байгуулах А98 дугаартай захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан. Ажлын хэсэг байгуулдагдсанаас хойш 86 нөхөрлөлөөс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг өгсөн. Ажлын хэсэг хуралдаад 86 өргөдөлд шалгуур тавихаар болоод 7 шалгуур үзүүлэлтийг гаргаж ирээд түүндээ оноо өгөөд хамгийн өндөр оноотой 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч А.Ууганцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2019 оны 07 дугаар сард ажилд орсон. Харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан зүй зохистой ашиглуулах байгаль орчны хуулийг багц хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Одгарав нөхөрлөлүүдтэй 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хийсэн, Ерөө сумын тамгын газраас ажлын хэсэг гараад нөхөрлөлүүдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хүлээн авч 9 нөхөрлөлтэй гэрээ хийсэн байсан. Би өөрөө 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс амралтаа аваад 2020 оны 08 дугар сарын 24-ний өдөр ажилдаа орж байна. Би энэ хугацаанд суманд байгаагүй учраас юу болсон талаар мэдэхгүй. “Ерөө эвсэг уул” нөхөрлөлийн талаар мэдэх зүйл байхгүй байна... ” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч О.Алтанбаярын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би байгаль орчны багц хуулиуд түүнтэй холбогдож гарсан дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, байгаль хамгаалагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж байгаль хамгаалах үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийттэй харилцах, иргэдийн санал өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. “Ерөө эвсэг уул” нөхөрлөлийн хүмүүсийг танина. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Ерөө сумын засаг даргын үүргийг гүйцэтгэгч Э.Одгарав ажлын хэсэг байгуулах А98 дугаартай захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын тамгын газрын алба хаагчдаас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт өгсөн нөхөрлөлүүдийг сонгон шалгаруулах явдал байсан. Ажлын хэсэгт нийт 86 нөхөрлөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн. Хүсэлт өгсөн нөхөрлөлүүдэд шалгуур үзүүлэлт тавьж түүнээс 9 нөхөрлөлтэй нь Засгийн газрын 151 дүгээр тогтоол заасны дагуу гэрээ байгуулах шаардлага хангасан гэж үзсэн. Энэ 9 нөхөрлөл дунд “Ерөө эвсэг уул” нөхөрлөл багтаж Ерөө сумын засаг даргын үүргийг гүйцэтгэгч Э.Одгарав бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан....” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч С.Мөнхзулын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагаан даваа нэртэй газраас аж ахуй нэгж байгууллагууд мод бэлтгэхээр талбай  тусгаарлаагүй. Харин иргэдэд Цагаан даваа, Саалийн гэрээ, Байнт нэртэй газруудаас түлшний мод бэлтгэхээр заасан байгаа.Г.Очбаярын бэлдсэн мод нь 4 метр урттай нойтон мод байсан. Тухайн 4 метр урттай нойтон модыг түлээний эрхийн бичгээр Цагаан даваа нэртэй газраас бэлтгэж болохгүй” гэх мэдүүлэг[8],

9.2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18-05-038/37 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Л.*******гийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн. талбайн газар.газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (27942+ 1488600 + 416000) нийт 1932542 (Нэг сая есөн зуун гучин хоёр мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлий экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 327240 х 2 = 654,480 төгрөг болно. /Зургаан зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ная/...” гэх дүгнэлт[9],

10. 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “0243 СЭҮ улсын дугаартай, 1982 онд БНХАУ улсад үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн “Зил-131” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 10 сарын байдлаар 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийн үнэтэй болно.

Л.*******гийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учруулсан хохирол төлбөр болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 27942+654480+416000) нийт 1,098,422 /нэг сая ерэн найман мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв...” гэх тайлан[10],

11. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт:

 

Төрөл

Хэмжих

нэгж

Тоо

хэмжээ

Нэгжийн үнэ, төг

Нийт элэгдэл тооцсон үнэ,

төг

 

   Тайлбар

Doosan DХ-480-LС маркийн эксковатор

   

     ш

 

      1

8,000,000

8,000,000

Уг тээврийн хэрэгслийг биечилж үзэхэд шанага солигдсон, мотор ажиллах, насос ажиллах явах эд анги болон эд ангиуд муудаж эвдэрсэн байв.

Алт угаах төхөөрөмж

 

     ш

 

      1

800,000

800,000

Гар аргаар угсарсан цагт 20мЗ шороо угаах хүчин чадалтай хуучин

Нийт үнэ, төгрөг

 

8,800,000

 

хүснэгт [11],

12. Хохирогч  Л.Болормаагийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилуулж өгөх албан тоотын дагуу намайг тухайн хэрэгт хохирогчоор оролцуулахаар шийдвэрлэсэн тул уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй байна. Урд нь хохирогчоор оролцож байсан Х.Дэлгэрмаа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр тасалбар болгон чөлөөлөгдсөн тул би хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. Л.*******г Ерөө сумын иргэн гэдгээр нь мэднэ. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын орлогч даргаар томилогдсон болохоор энэ хэргийн талаар сая л таниас сонсож байна. Уг хэргийн талаар миний хувьд ямар нэгэн мэдсэн харсан, сонсож байсан зүйл байхгүй. Гэхдээ сая таны надад танилцуулж байгаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг өөрийн биеэр уншиж танилцсан. Хэргийн талаар хэлж ярих зүйл байхгүй. Дээрх дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг[12],

13.Гэрч З.Мөнхзаяагийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг сумын удирдлагуудтай байгуулаад нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсан нөхөрлөлүүдэд сумаас баталсан ажлын хэсгийн алба хаагчид гэрээнд заасан газар, солбилцлын цэгийг зааж өгсөн. “Ерөө эвсэг уул” нөхөрлөл сумын удирдлагатай гэрээ байгуулаад нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулалгүйгээр дур мэдэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Ялбаг” нэртэй газар үйл ажиллагаа явуулахаар очсон. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гээд үйл ажиллагаа явуулуулахгүй газрыг нь зааж өгөөгүй. Газрыг нь зааж өгөхөөс өмнө үйл ажиллагаа явуулаад цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ашигт малтмал олборлогч нөхөрлөл гэрээнд тогтоосон талбайг сумаас ажлын хэсгийн алба хаагчид хүлээлгэж өгсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялбаг, Бэрлэгийн цагаан тохой, Могойн гол, Өлөнт, Харгана нэртэй газрууд урд өмнө уул уурхайн зориулалтын улмаас эвдэгдсэн талбай ихтэй. 2020 онд Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлттэй урд өмнө эвдэгдсэн талбайд нөхөрлөлүүдтэй гэрээ хийсэн. Тийм болохоор “Ерөө эвсэг уул” нөхөрлөлийн талбай эвдэгдсэн талбай байгаа...” гэх мэдүүлэг[13],

14.Гэрч Д.Дарханбаярын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Ерөө эвсэг уул” нөхөрлөлд би 2018 оны 03 дугаар сард гишүүнээр орж байсан. Он сар өдрийн сайн мэдэхгүй байна. “Ерөө эвсэг уул” нөхөрлөл нь ногоо тарих зорилгоор байгуулагдсан юм. Тухайн нөхөрлөлийг байгуулаад бид тэр жилдээ хүнсний ногоо тариалсан юм. Даанч ногооны талбайг харах, хамгаалах хүн, манаачгүй байсан учраас адуу, мал ороод сүйтгэчихсэн юм. Тэрнээс хойш нөхөрлөл нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг[14],

15.Гэрч Х.Цэвэлсүрэнгийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сард ногоо тариалах үйл ажиллагаа явуулахаар “Ерөө эвсэг уул” нөхөрлөлийн гишүүнээр орж байсан. Тэгээд ногоо тариад үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд талбай руу мал ороод сүйтгэчихсэн. Тухайн талбайг харах хамгаалах хүн байхгүй байсан болохоор мал ороод сүйдсэн. Тухайн нөхөрлөлийг ашигт малтмал олборлоно гэж байгуулаагүй. Би тухайн нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцоогүй...” гэх мэдүүлэг[15],

16.Гэрч Ж.Баярцогтын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 онд би тухайн “Ерөө эвсэг уул” нөхөрлөлд орж байсан. Анх ногоо тарина гэж байгуулагдаж байсан. Гэхдээ би ногоо тарих болон ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй...” гэх мэдүүлэг[16],

17.Гэрч Д.Ундармаагийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө суманд ирээд 20 гаруй жил болж байна. ******* эгчийг Ерөө сумын иргэн гэдгээр нь мэднэ. Харин сүүлд 2017 онд ******* эгчийн байшинг барих үед нь хамт ажиллаж тогоочийг нь хийж байгаад илүү сайн танилцсан. Тэгээд нөхөрлөлөөр ажиллавал яаж байна гэдэг санаа гараад өнгөрсөн. Дараа нь 2018 оны 03 дугаар сард ******* эгч “нөхөрлөл байгуулах гэж байна, чи орох уу, ногоо тариалах чиглэлээр байгуулна” гэж хэлээд миний бичиг баримттай холбоотой зүйлсийг авсан. Анх манай нөхөрлөл ногоо тарих зориулалтаар байгуулагдаад 2018 оны хавар ногоо тарьж үзээд дахиж ногоо тариагүй. Түүнээс хойш нөхөрлөл юу хийсэн талаар мэдэхгүй байна. Би нөхөрлөлийнхөө нэрийг мартсан байна. Нөхөрлөл 9 гишүүнтэй уул нь байгуулагдаж байсан. Тэгээд ногоо тариад алах юм шиг л яриад эхэлсэн. Тэгсэн яг тэр ногоо руугаа анхаарлаа хандуулаад явсан хүн байгаагүй. Тус тусдаа өөрсдийн ажлаа хөөцөлдөж яваад алдаг оног тийм сайн ашиг олоогүй ургацаа бол авсан. 2019, 2020 онуудад нөхөрлөл юу хийсэн талаар мэдэхгүй. 2019 онд ашигт малтмал олборлох газар луугаа явж байгаад хөөгдсөн бусад бүх ашигт малтмал олборлож байгаа иргэдийг хөөсөн гэж сонсож байсан. Өөр зүйл мэдэхгүй. Надтай нөхөрлөлтэй холбоотой асуудлын талаар Л.******* дахин уулзаагүй. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаар хүсэлт өгсөн гэрээ байгуулсан гэдгийг би мэдэхгүй. Тэрийг би сайн хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг[17],

18.Шүүгдэгч Л.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн дүү Л.Батцэнгэлд “бичиг баримт болж байна, үйл ажиллагаа явуулж байна” гэж хэлсэн. Миний хэлсэн үг үйлдлээс болж ийм зүйл боллоо. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[18],

19.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[19], 20.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[20], 21.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[22], 23.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[23], 24.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[24], 25.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[25] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.6, 49.7 дахь заалтад тус тус зааснаар газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ 1,932,542 төгрөгийг шүүгдэгч Л.******* нь нөхөн төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн “Doosan 470LC” маркийн экскаватор нь шүүгдэгч Л.*******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэнд буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Учир нь хуульд зааснаар тухайн гэм буруутай этгээд болох Л.*******гийн өмчлөлд битүүмжлэгдсэн “Doosan 470LC” маркийн экскаватор байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар заасан бөгөөд гэмт хэргийн хохирлыг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн тул учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гаргуулах зардалгүй гэж үзсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох саналтай байна. Оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг шүүгдэгч Л.*******гийнх болох нь тогтоогдсон тул хурааж, “Doosan 470” маркийн экскаваторыг  битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэнд буцаан олгож түүний үнэ болох 8,000,000 төгрөгийг шүүгдэгч Л.*******гаас гаргуулж, улсын орлого болгуулах саналтай байна” гэсэн саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийг иш татахад Болд-Эрдэнэ гэдэг хүн бол угтаа шинжээч биш манай прокурорын байгууллагынхан шинжээчээр томилуулж дүгнэлтэд гаргуулдаг. ...“Эфил”-ийн сэндийчээд хаясан газрыг нөхөрлөлийнх авч угааж буцаад нөхөн сэргээлт хийдэг асуудал түүнээс бол ашигт малтмал хийсэн ажиллагаа биш юм. ...Хоёрдугаарт: хорих ялын хэмжээтэй бол би маргахгүй тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээний ял шүүх үүн дээр дүгнэлт хийх байх. Гуравдугаарт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хураадаг асуудал байна. Тухайн зүйл ангийг Сэлэнгэ аймгийн прокурорын газар болон шүүх буруу тайлбарладаг гэж хуульч хүнийхээ хувьд боддог. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж болно гэсэн заалтай гэтэл манайх агуулгатай 2, 3 дахь заалтаараа хэрэв гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан бол эхлээд хохирлоо төлчих хохиролд нь хураачих хохирлыг түүнээс нь гаргаад хохирлоос илүү гарсныг нь буцаагаад олгочих гэж миний хувьд ойлгодог. Гэтэл манайхан хохирлын нь тусад нь төлүүлээд дахиад техникийн хураадаг. Энэ бодлогыг ялын хүрээнд прокурор барьдаг байж магадгүй. Шүүх бол ялын бодлого барьдгийг ойлгодоггүй, үүнтэй би санал нийлдэггүй. Шүүх бол тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой. Энэ асуудал сүүлийн үед практик болоод уламжлал болсон. Агуулгаар тухайн зүйл заалтыг харах хэрэгтэй. Үүгээрээ би бодохдоо гэмт хэрэгтэй айхтар тэмцээд байна гэж хууль шүүхийг ойлгоод байдаг логикийн хувьд техникийг хураагаад авбал дахин гэмт хэрэг үйлдэж чадахгүй гэж боддог. Гэхдээ үүнийг ерөнхий агуулгаар нь харах хэрэгтэй. Шүүх үүнийг хуульд нийцүүлээд шийдэх байх” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.

Шүүх шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мэргэд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.*******д хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн “Doosan 470LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Н.Баасансүрэнд буцаан олгосугай.

7.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.6, 49.7 дахь заалтад тус тус зааснаар газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ 1,932,542 төгрөгийг шүүгдэгч Л.******* нь нөхөн төлсөн болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ