Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Э.Тад холбогдох эрүүгийн 2107000940201 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................. хаягт бүртгэлтэй боловч ............................. тоотод оршин суух,

урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт Э.Т /РД: ..................../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Э.Т нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ....................ны нутаг дэвсгэрт байрлах .................... гэх газрын орчимд “машинаараа замын хажуу руу шахаж унагасан” гэх шалтгаанаар хохирогч Д.Чийн толгойн хажуу талын дагзанд 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие өөрийн эзэмшлийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд төрсөн эх С.Оийн хамт хоёулаа Цонжин болдог өнгөрөөд Улаанбаатар хот руу буцаж явсан. Тэр үед улаан өнгийн дөрвөн дугуйт мотоцикл унасан залуу миний унаж байсан машиныг гүйцэж түрүүлэн шүргэх шахам урд талд гарсан. Тэгтэл нөгөө мотоциклтой залуу уначихсан юм. Гэтэл цуг явсан хар өнгийн Приус-30 маркийн машин миний урд гарч зогсоод дотор талаас нь жолооч болох цагаан фудволк өмссөн ах бууж ирээд намайг загнаад байх шиг байсан. Би сонсголгүй болохоор ярьсан зүйлийг нь ойлгоогүй. Намайг машинаасаа буусан байхад хар өнгийн малгайтай, улаан фудволктой цагаан табочки өмссөн залуу миний зүүн чамархай хэсэгт цохиод хоолойг минь боож газар унагаасан. Тэгээд байж байтал мотоцикл жолоодож байсан залуу гүйж ирээд намайг заамдаж аваад толгойн хажуу тал дагзанд хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Оэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид хоёр толиндоо хараад зогсож очих санаатай буугаад ирэхэд урд талд хар өнгийн Приус, ард цагаан машин ирээд зогсож улаан фудволктой залуу бууж ирээд чи манай мотоциклийг шахаж унагалаа гээд толгойн ар дагз руу нь цохисон. ...Тэр үед мотоциклийн жолооч залуу зүв зүгээр гүйж ирээд хүү Д.Чийг тархи толгой руу нь 3-4 удаа цохиж тал талаас нь та нар шахаж унагалаа гээд маргалдаж хэрэлдсэн. Түүний дараа эхний ирж цохидог улаан фудволктой залуу араас хүзүүгээр нь тэвэрч боож газар унагаахад манай хүү тэмцэлдэж чөлөөт бөхийн үүрэх мэх хийж мултарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн хэлтэс дээр ирээд байхад аав нь бололтой настай хүн надад “бид нарын буруу болохоор ингээд салъя, цагдаа сэргийлэх гээд яах вэ хэлгүй залуугийн ээжид хэлээд өг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид гэр бүлээрээ Цонжин болдогт амраад 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу буцаж явсан. Би мотоцикл унаж явсан ба .................... гэх газрын хавьд саарал приус машиныг гүйцэж түрүүлээд 200-300 метр яваад байхад араас уг приус машин ирж намайг арын дугуй руу шахахад би замын хажуугийн хөвөөн дээр гарч дахиад намайг шахахад би хөлөө өргөж замын баруун гар тал руу мотоциклтойгоо унаж онхолдсон. Тэгээд манай хадам аав очиж зогсоогоод би хэсэг байж байгаад явж очиход хоорондоо хэрэлдсэн байдалтай байсан. Би хүн аллаа ш дээ гээд хэлгүй залууг 2 удаа толгой хавьд нь цохисон. Тэгтэл хадам аав намайг хорьж болиулаад машиндаа оруулж суулгахад хэлгүй залуу хувцсаа тайлж шидээд байх шиг байснаа машин дотор намайг байсныг мэдэж гараараа даллаад гараад ир гээд байх шийг байсан. Тэгээд тэд нарыг хэрэлдэж байхад нь би буугаад машин руу алхаж байхад приус машинтай ах ирээд намайг зүүн хөл хавьд 1 удаа өшиглөсөн. Би уурандаа мотоциклийн каскыг шидэхэд оноогүй. Тэр үед хэлгүй залуу ирж тэр ахыг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 6373 дугаар:

“1. Д.Чийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн нь цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/,

Компакт дискд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 155-160 дугаар хуудас/,

Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 183 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ....................ны нутаг дэвсгэрт байрлах .................... гэх газрын орчимд “машинаараа замын хажуу руу шахаж унагасан” гэх шалтгаанаар хохирогч Д.Чийн толгойн хажуу талын дагзанд 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэтэл цуг явсан хар өнгийн Приус-30 маркийн машин миний урд гарч зогсоод дотор талаас нь жолооч болох цагаан фудволк өмссөн ах бууж ирээд намайг загнаад байх шиг байсан. Би сонсголгүй болохоор ярьсан зүйлийг нь ойлгоогүй. Намайг машинаасаа буусан байхад хар өнгийн малгайтай, улаан фудволктой, цагаан табочки өмссөн залуу миний зүүн чамархай хэсэгт цохиод хоолойг нь боож газар унагаасан. Тэгээд байж байтал мотоцикл жолоодож байсан залуу гүйж ирээд намайг заамдаж аваад толгойн хажуу тал дагзанд хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг,

            Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед мотоциклийн жолооч залуу зүв зүгээр гүйж ирээд хүү Д.Чийг тархи толгой руу нь 3-4 удаа цохиж тал талаас нь та нар шахаж унагалаа гээд маргалдаж хэрэлдсэн.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн хэлтэс дээр ирээд байхад аав нь бололтой настай хүн надад “ бид нарын буруу болохоор ингээд салъя цагдаа сэргийлэх гээд яах вэ хэлгүй залуугийн ээжид хэлээд өг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүн аллаа ш дээ гээд хэлгүй залууг 2 удаа толгой хавьд нь цохисон. Тэгтэл хадам аав намайг хорьж болиулаад машиндаа оруулж суулгахад хэлгүй залуу хувцсаа тайлж шидээд байх шиг байснаа машин дотор байсныг мэдэж гараараа даллаад гараад ир гээд байх шиг байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 6373 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч Д.Чийн эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт ” гэмтэл нь шүүгдэгч толгойн хажуу талын дагзанд 2-3 удаа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Т нь хохирогч Д.Чийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт баримтаар 797.695 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн ээж Х.Оюун-Эрдэнийн Хаан банкны дансанд хохирлын төлбөрт 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх ба хохирогч нь “нэхэмжлэх мөнгө байхгүй, санал гомдолгүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Чт хохирлын төлбөрт 1.300.000 төгрөг төлсөн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно. 

 

Шүүгдэгч Э.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, эдгээр ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Улсын яллагч яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэж бичсэнийг шүүх хуралдааны үед хэлэлцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болгон зөвтгөж шийдвэрлэснийг тэмдэглэв.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Чт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ