Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00693

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

И.Б-т холбогдох,

Гэм хорын хохиролд 2.329.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч И.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч И.Б-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 349/4 хаягт авто машин засварын газар ажиллуулдаг. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Honda Capa маркийн авто машины эзэмшигч И.Б- нь тус авто засварын газраар машиныхаа тоормосны наклад засварлуулаад гарахдаа тус засварын газрын  эд хогшлыг мөргөж гэмтээсэн. Ашид Билгүүн ХХК нь эд хөрөнгийг 2.208.000 төгрөгөөр үнэлсэн. И.Б- гэм хор учруулсан гэдгээ баталгаажуулж, тэмдэглэл хийж өгсөн.  Тэмдэглэлд  тоормосоо андуурч хаазаа гишгэн засварын газрын эйр кондейшн, хөгжмийн чанга яригч, хувцасны шкаф зэргийг гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн талаар бичсэн. Мөн камерийн бичлэгт богино зайнд хурд авч, эд хогшлыг мөргөж байгаа нь харагдана.  Иймд эд хөрөнгийн үнэ, үнэлгээний хөлс 121.000 төгрөг нийт 2.329.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус засварын газраар машиныхаа урд 2 дугуйн тоормосны накладаа солиулсан. Солиулж дуусаад машинаа хөдөлгөхөд тоормос бариагүй бөгөөд тормосны хий аваагүйгээс ийм зүйл болсон. Би хааз андуурч гишгэсэн зүйл байхгүй. Тормос бариагүй тул урдаа байсан эйр кондейшн гэх тоног төхөөрөмж, хөгжмийн чанга яригч, хувцасны шкаф зэргийг мөргөж, зогссон. Тус авто засварын газрын засварчин засвар үйлчилгээгээ хүлээлгэн өгөөгүй, тормос сул гишгэгдэж, яах ч аргагүй урд байсан эд зүйлийг мөргөсөн. Миний гарын үсэгтэй баримт байгаа боловч би уншаагүй зурсан. Тухайн үед мөргөсөн тоног төхөөрөмж бага зэрэг хонхойсон, дугуй нь хугарсан байсан. Засаад янзлаад өгье гэхэд банкны өрөнд тавьсан байгаа, шинээр нь байлгах хэрэгтэй гэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Б-аас эд хөрөнгөд учирсан гэм хохирлын хохиролд 2.329.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.214 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Б-аас 1.104.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.225.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31.046 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засварын газрын ажилтан нь тормозны наклад сольсны дараа тормозны системд үүссэн хийг заавал авах ёстой байсныг аваагүйн улмаас миний тормозны хэвийн ажиллагаа алагдсан байсан учир би энэ хохирлын асуудалд өөрийгөө буруугүй үзэж байгаа. Тухайн өдөр би биш байгууллагын ажилтан өөрөө үйлчилгээний дараа тормозны накладаа шалгаж өгсөн бол тухайн байгууллагын өөрийн хариуцлагагүй байдал илт ойлгомжтой байх байсан. Гэтэл надаар өөрөөр шалгуулчхаад, үр дүнгүй засвар үйлчилгээний улмаас учирсан хохирлыг надаас “тээврийн хэрэгслээ ашиглах явцдаа хохирол учруулсан гэж үзэж, 2.329.000 төгрөг нэхэмжилж байгаад, би гомдолтой байна. Талуудын нэхэмжлэл, хариу тайлбартай холбоотой тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Ситиюс ХХК-ийн авто засварын газрын засварчин Х.Одонхүү нь И.Б-ын машиныг тормосны наклад сольж өгсөн байх ба засварчин засвар үйлчилгээг хийж дуусгасны дараа, накладыг шалгаж, хүлээлгэж өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Х.Одонхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-23, 58-65/ Мөн хариуцагч И.Б- нь өөрийн машинаар Ситиюс ХХК-ийн эд хөрөнгийг мөргөсөн үйлдлийн улмаас иргэн Чинзоригт 2.329.000 төгрөгийн хохирол учирсан байдал хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/02175 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Гэтэл нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 72 дугаар Магадлалаар Иргэний хуулийн 499.1, 510.1, 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан надаас 1.104.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ магадлалыг би хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Тиймээс уг хэргийг анхан шатны шүүхэд авагдсан баримтуудыг судлан үзэж, 2 шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 72 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч И.Б-аас 2.329.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа эд хөрөнгөд учирсан хохирол, үнэлгээний хөлс гэж тодорхойлжээ.

Хариуцагч И.Б- нь Ситиюс ХХК-ийн авто засвар үйлчилгээний газраар  өөрийн эзэмшлийн 46-43 УБЕ улсын дугаартай Honda Capa  маркийн автомашины урд 2 дугуйны тоормосны наклад солиулах үйлчилгээ хийлгэсэн, 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр машинаа авч гарахаар хөдөлгөх явцдаа гаражийн хана мөргөж, эйр кондейшн, хувцасны шкаф, хөгжмийн чанга яригч эвдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...засвар үйлчилгээгээ хүлээлгэн өгөөгүй, даатгалын компаниас хохирлоо гаргуулна гэж хуурч гарын үсэг зуруулсан” гэсэн тайлбар гаргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба хариуцагч  автомашиныг хөдөлгөх явцдаа  нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Ашид билгүүн ХХК нь эд хөрөнгөд учирсан хохирлыг засварлахад шаардагдах зардлын хэмжээг 2.208.000 төгрөгөөр тогтоосныг  хариуцагч үгүйсгэж чадаагүй байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 1.104.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, нэхэмжлэгч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг ханган ажиллаагүй нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-т зааснаар хариуцагчийн хүлээх гэм хорын хэмжээг 50 хувиар багасгасныг буруутгах боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч И.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 31.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ