| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 222/2018/0016/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 17
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 2018/ДЗШ/17 Баруун-Урт
Т.Б, Т.П нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Л.Наранбаяр, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр захирамжийг эс зөвшөөрч, прокурорын давж заалдах гомдлоор 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 15 нас, 10 сар 21 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч, ам бүл 5, эх, эмээ, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Овоотын 5-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Баяр Ихт овогт Т.Б /РД:ЛЮ02242914/
Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар
аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 15 нас, 10 сар, 04 хоногтой, эрэгтэй, бүрэн бус
дунд боловсролтой, Баруун-Урт сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын 1 дүгээр ангийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Бага дөрвөлжийн 6-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Т.П /РД:ЛЮ02251611/
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө “Өлзий-Учралт” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, эд зүйлс авч 487400 төгрөгийн,
Мөн өсвөр насны Б.Барс-Од, Э.Батболд нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө “Их зам” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйлс авч 993600 төгрөгийн, мөн оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө “Бугат” дэлгүүрийн цонхоор нэвтэрч, эд зүйлс авч 727590 төгрөгийн,
Өсвөр насны яллагдагч Т.Б, Т.П нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Хонгор-Эрдэнэ” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, эд зүйлс авч 243700 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Т.Б, Т.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор: Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Т.П, Баяр-Ихт овогт Т.Б нарыг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Банди-Эрдэнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Банди-Эрдэнийг 360 /гурван зуун жар/-н цаг, Т.Пыг 120 /нэг зуун хорь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Т.Б, Т.П нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны ялтан Т.Б, Т.П нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, Т.П нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, Т.П нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 /нэг/ жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Банди-Эрдэнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Ж.Түмэнжаргалд, Т.Пыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх С.Пагма нарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Б, Т.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Өсвөр насны шүүгдэгч Т.Б, Т.П нь цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Э.Нарантуяа, Б.Баасанхүү, Ш.Хатантуул, Д.Нинасүрэн нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах гомдолдоо: Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр туслах ажилтнаас хүлээн авсан бөгөөд уг тогтоол дээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар дардас даран хүлээн авсан атал надад өгөлгүй өөр дээрээ дарагдуулсан байна. Прокурорын байгууллагын албан бичиг хүлээн авах журмаар шүүхийн шийтгэх тогтоол, бусад баримт бичгийг хүлээн авсан туслах ажилтан нь орлогч прокурорт танилцуулан цохолт хийлгэн харьяалах ажилтанд хүлээлгэн өгдөг бөгөөд тухайн өдөр орлогч прокурор чөлөөтэй байсан, Монголын уламжлалт цагаан сарын баярын өдөр тохиолдсон, ажлын ачаалал их байсан зэргээр тухайн өдөр ирсэн шийтгэх тогтоолыг өгөхөө мартсан гэх тайлбарыг өгдөг тул үүнийг эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэл бичих хуулийн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан юм. Миний эсэргүүцэл бичих эрхийг хязгаарласан нь надаас шалтгаалаагүй гэдгээ анхан шатны шүүхэд баримт бичгийн хамт гаргаж өгсөн боловч, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргав гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Давж заалдах гомдлыг хангаж, эсэргүүцэл бичих хэтэрсэн хугацааг сэргээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар хүсэлтээр “Прокурор эсэргүүцэл бичих хэтрүүлсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх тухай” хүсэлт шүүхэд ирүүлснийг тухайн сарын 05-ны өдрийн 69 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Түүнийг прокурор эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. /хх 203-207, 211/
Анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 20 минутанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг прокурорын бичиг хэрэг хүлээн авагч, туслах ажилтан Ц.Доржпүрэвт хүлээлгэн өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүхийн ... шийдвэр, бусад баримт бичгийг ... прокурорын ... байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж ... энэ тухай баталгаажуулна” гэх заалттай нийцэж байна. /хх-198/
Түүнчлэн энэ хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг ... эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах ... эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж зааснаас үзэхэд прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл эсэргүүцэл бичих эрх нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал нээлттэй байжээ. Гэтэл прокурор эсэргүүцлээ шүүхэд энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 хоногоор хэтрүүлэн ирүүлснийг тухайн сарын 28-ны өдрийн 67 дугаар захирамжаар “хуульд заасан хугацааг хэтрүүлж ирүүлсэн” гэх үндэслэлээр түүнийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэжээ. /хх-199-201/
Прокурорын “эсэргүүцэл бичих энэхүү 14 хоногийн хугацаанд нийтээр амрах
баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдрүүд таарсан, буяны ажил явдал болсон, ажлын ачаалал ихэссэн, орлогч болон хяналтын прокурор нь чөлөөтэй байсан зэрэг шалтгаан гарсны улмаас хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбараас үзвэл урьдчилан тооцох боломжгүй бодит нөхцөл байдал биш бөгөөд тухайн байгууллагын дотоод ажлын зохион байгуулалттай холбоотой асуудал байх тул хүндэтгэн үзэх шалтгааны үндэслэлд тооцохгүй юм. Иймээс прокурорын эсэргүүцэл бичих хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тоолоход саад болохгүй байна. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “Прокурор эсэргүүцэл бичих хэтрүүлсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь тухайн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “прокурор эсэргүүцэл гаргах хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Т.Б, Т.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3
дахь хэсэгт заасныг баримтлан прокурор энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР
С.ОЮУНТУНГАЛАГ