Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 158/2023/0010/З |
Дугаар | 221/МА2023/0450 |
Огноо | 2023-07-05 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0450
221/МА2023/0450
“Э” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч улсын байцаагч Т.Н
Гомдол гаргагч “Э” ХХК
Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль
Хэргийн индекс: 158/2023/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н-д холбогдуулан “... хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.12, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Геологи уу уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Булган аймаг дахь Засаг даргын тамгын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н******* би 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн “Э ХХК нь тус аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Сант нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх” гомдол мэдээллийг /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.4-т байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн/ хүлээн аваад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу гомдол мэдээллээр бүртгэн, холбогдох материалтай танилцан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, /холбогдогч “Э” ХХК-ийн захирал А.Э-аас мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн материалтай танилцуулсан/ Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг , Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.12 дахь заалтуудыг үндэслэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасан “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” /шинжээчийн дүгнэлт/ гэсэн зарчмыг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.21-д заасны дагуу “Э” ХХК /рд:6186149/-д 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 00711297 дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу явуулсан.
3.2. “Э” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлбөрийн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогчид танилцуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад хийгдсэн шинжээч болон холбогдох тайлан, дүгнэлттэй тухайн үед нь гэрчид танилцуулсан эсэх талаар нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь цуглуулаагүй.
3.3. Хангал сумын Засаг дарга Н.Т-ын “Э” ХХК-тай “Шороо худалдах, худалдан авах тухай” байгуулсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, тус хуулийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасан бөгөөд сумын Засаг даргын хуулиар заасан эрх үүргээ хэтрүүлэн илт хууль бус акт гаргасан байхад уг гэрээ нь “Э” ХХК-ийн олборлолт явуулах зөвшөөрөл болно гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн.
3.4. “Э” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан, уг үйлдэл нь тус компанийн захирал А.Э, түүний нөхөр Н.А, Хангал сумын Засаг дарга Н.Т нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийн газрын үзлэг, мөн тухайн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т “Шүүх хуралдаан даргалагч гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Гомдол гаргагчаас “... хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,
-“... манай компани нь эрх бүхий албан тушаалтны зааж өгсөн газраас гэрээнд заасан хэмжээний шороо авч ашигласан, газрын эвдрэлийн хохирлын үнэлгээг гаргахдаа биднийг оролцуулаагүй, үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн төлбөр гаргасан” гэж,
-хариуцагчаас “... зөрчлийн талаар хангалттай баримт цугларсан, холбогдогчийн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж маргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр гомдол гаргагч “Э” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй талаар маргаагүй, харин эрх бүхий албан тушаалтны зааж өгсөн газар буюу “Шороо худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу ашигласан гэх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хангал сумын Засаг дарга “Э” ХХК-тай “Шороо худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр Эрдэнэт 3 дугаар цэвэр усны шугамын угсралтын ажил далангийн турбаг дарж булах зориулалтаар Сантын арын энгэрээс шороог ашиглахаар байгуулжээ.
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Э” ХХК нь тус аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Сант нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлснийг хяналтын улсын байцаагч хүлээн авч зөрчил ирүүлснийг буруутгахгүй.
3.2. Учир нь “Э” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно” гэж заасан тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагаа явуулсан нь зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
3.3. Уг “Шороо худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу ашигласан шороо нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” гэж заасан хайрга болохыг Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
3.2. Харин Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Л” ХХК нь Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг, Сант гэх газар ухаж эвдэгдсэн талбайн хэмжээг тогоож, дээрх үйл ажиллагааны улмаас эвдэрсэн гэх талбай нь 0,99 га талбайг хамааруулж,
-“... тус талбайд нийт 44 080.0 мянган төгрөгийн хохирол учирсан, тус талбайд хийсэн хээрийн хэмжилт судалгааны ажлаас тодорхойлон үзэхэд тухайн талбайг шинээр эвдсэн байна, ... гэхдээ уг хохирлын үнэлгээний тайлангийн 11, 12 дугаар нүүрэнд оруулсан сансарын зургуудын байдлаас үзэхэд өмнө нь тодорхой хэмжээгээр удаа дараа эвдрэлд орсон байгаа нь харагдаж байна, ... эвдэгдсэн талбайд нийт 3,457.8 мянган төгрөгөөр техникийн нөхөн сэргээлт, 2,104.0 мянган төгрөгөөр биологийн нөхөн сэргээлт тус тус хийхээр байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн дараах мониторинг судалгааг 500.6 мянган төгрөгөөр хийхээр байна” гэж дүгнэсэн нь хохирлын хэмжээг бодитоор тогтоосон гэж үзэх боломжгүй.
3.3. Өөрөөр хэлбэл, эвдэгдсэн талбайн хэмжээг тооцоолохдоо нэхэмжлэгчийн хайрга олборлохдоо эвдрэлд оруулсан талбайн хэмжээгээр тооцоогүй, Сант гэх газрын нийт эвдэгдсэн талбайгаар тооцож гаргасан тул хохирлыг бодитоор тооцож гаргасан гэж үзэхгүй юм.
3.4. Гомдол гаргагч хуулийн этгээдийн зөрчил холбогдох баримтаар тогтоогдох боловч хариуцагч улсын байцаагч нь “Э” ХХК нь сумын Засаг даргатай гэрээ байгуулан байгалийн дагалт баялаг олборлож газрын хэвлийд халдсан” гэх талбайд байгаль орчны экологи-эдийн засаг хохирлын үнэлгээг бодитоор тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй.
3.5. Тодруулбал, хохирлын үнэлгээ нь эргэлзээтэй, маргаан бүхий актыг хэвээр үлдээх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан, хэрэв хяналт шалгалтын үед гомдол гаргагч хуулийн этгээдээс байгалийн дагалт баялаг олборлож газрын хэвлийд халдсан газрын хэмжээг шинжээчид тодорхой гаргаж өгсөн бол хэргийн нөхцөл өөрчлөгдөхөөр, энэ нь шинжээчийн дүгнэлтийн 4 дахь хэсгээр /хэргийн 83-р тал/ тогтоогдож байна. Энэ талаар гаргасан гомдол гаргагчийн “... газрын эвдрэлийн хохирлын үнэлгээг гаргахдаа биднийг оролцуулаагүй” гэх тайлбар үндэслэл бүхий байна.
3.6. Иймээс гомдол гаргагч хуулийн этгээдийн “зөрчилд нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй, эвдрэлийн хохирлын үнэлгээтэй холбоотой тайлбар, холбогдох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй” байх тул шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг бодитоор тогтоосон гэж шууд дүгнэх боломжгүй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нөхцөлд хамаарч байх тул шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул уг зөрчлөө арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэв.
3.7. Ийнхүү дахин шийдвэр гаргахдаа газрын эвдрэлийн хохирлын үнэлгээг гаргахдаа гомдол гаргагч хуулийн этгээдийн оролцоог хангаж, дахин шинжээч томилох, эсхүл өмнөх шинжээчийн дүгнэлтэд үндэслэж бодит газрын эвдрэлийг тогтоож эрх хэмжээнийхээ хүрээнд акт үйлдэх замаар шийдвэр гаргах, хэрэв дахин шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хүчингүй болох үр дагавартай.
4. Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий “... хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0071297 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 58 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж; 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН