Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 46

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жиглий овогт Ганболдын Энхболдод холбогдох эрүүгийн 201625031050 дугаартай, 105/2016/0041/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, торгууд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-153 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Жиглий овогт Ганболдын Энхболд /РД:УХ94072177/, 

 

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Г.Энхболд нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5-133 тоотод оршин суух Ц.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж  биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, эмтрэл, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг  хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Г.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.  

    Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  Ц.Ганбатын:.. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 05:00 цагийн үед эхнэрийн хамтаар буяны ажилд яваад өдөр 15:00-16:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд нэг залуу манай усны хоёр ширхэг  савыг аваад гарч байсан. Гэртээ ороод охин Энхжингээс сая зөрөөд гарсан залууг асуухад усны сав гуйгаад авч гарч байгаа юм гэж хэлэхээр нь энэ залууг  таних юм уу гэж асуухад танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь охиноо танихгүй хүн гэрт орууллаа гэж хэлээд байж байхад манай эхнэр надруу утасдаад усны сав гадаа гудамжинд хаясан байна гэж хэлэхээр нь гараад очиход нэг залуу зогсож байхаар нь усны сав хаана байна гэж асуухад энэ байна гэж хэлээд гаргаж өгөхөөр нь усанд явахгүй бол усны сав яах гэж авсан юм бэ гэж хэлэхэд усны саваа авсан юм бол болоо шүү дээ гэж хэлж дургүй хүргэхээр нь баруун гараараа зүүн хацарлуу нь 2 удаа алгадахад тэр залуу зүүн шанааруу гараараа 2 удаа цохиж авахаар нь цагдаа, түргэн дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дээр очиж мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг. /хх 26-27/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч  Г.Энхжингийн:.. Энхболд ахыг 3 жилийн өмнөөс зүс таньдаг болсон. Манай гудамжинд байдаг байсан Батсайханы найз юм. Тэр өдөр аав орж ирээд усны сав аваад гарсан Энхболд ахыг таних уу энэ хэн юм бэ гэж асуухаар нь айсандаа танихгүй гэж хэлсэн юм. Энхболд ах манай хашааны үүдэнд нэг найзынхаа машинтай зогсож байсан. Намайг дүүгээ дагуулаад гэрлүү орох гэхэд Энхболд ах идэх юм байна уу танайд гэж асуухаар бараг л юм байхгүй дээ гэж хэлэхэд дүү бид хоёрыг дагаад манай гэрлүү орсон. Манай гэрт ороод юу байна гэж асуугаад 2-3 минут болж байхад гаднаас аав ээж орж ирэхэд Энхболд ах усны савыг чинь аваад гарлаа шүү гэж хэлээд манай усны савыг аваад гарсан гэх мэдүүлэг. /хх 28-29/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ганчимэгийн:.. 2016 оны 05 сарын 09 ний өдөр Ганжигүүрийн машинтай нөхөр Энхболдын хамт гадуур явж байгаад Ганжигүүрийн гэрийн үүдэнд ирээд би ганцаараа Ганжигүүрийн гэрт ороод машинд Ганжигүүр, Энхболд, Ням-очир нар үлдсэн. Ганжигүүрийн гэрт ороод сууж байхад Энхболд араас орж ирээд гаръя гэж хэлэхээр нь Ганжигүүрийн гэрээс дөнгөж гараад зогсож байхад нэг ах өөдөөс хүрч ирээд битгий дээрэлхээд байгаарай гээд
манай нөхрийг заамдаж аваад нүүрлүү нь цохиод авахаар нь би гайхаад та
яагаад цохиод авч байгаа юм бэ та зүгээр байгаач гэж хэлсэн. Тухайн үед
миний үгийг тоохгүй манай нөхрийг цохиод байсан чинь манай нөхөр тэр ахын
уруулын хавьд нэг удаа цохиход амнаас цус гарахад тэр ах яаг одоо цагдаагаа
дууд гээд эхнэртэй хэлэхэд эхнэр нь цагдаа дуудаад тэр ахын цохиулсан
байдалтай зургийг нь дараад баримт болгож авч үлдэнэ гэж хэлж байсан.
Манай хүн өөрөө цагдаад хандана гэж хэлж ганцаараа явсаныхан нь дараа би
дуудахаар нь цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх 29-30/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бямбасүрэнгийн:.. 2016 оны 05 сарын 09 ны өдөр 14:00 цагийн үед нөхөртэйгээ цуг гэртээ ирэхэд танихгүй банди манай гэрээс 2 ширхэг усны сав барьчихсан гарч ирээд надтай зөрөөд гарахад нөхөр хойноос ирж байгаа болохоор ямар учиртай залуу гэдгийг нь асууж тодруулах болов уу гээд гэртээ ороод охиноосоо хэн юм бэ гэж асуухад танихгүй хүүхэд Жигий ах усны сав аваад ороод ир гэж хэлсэн гээд усны сав авч гарлаа гэж хэлсэн. Манай нөхөр араас орж ирээд танихгүй хүүхэд гэртээ орууллаа гээд охинруу уурлаад байхаар нь хажуугаар зөрсөн хүүхдэд уурлаагүй байж өөрийнхөө хүүхдэд уураллаа гээд тэр залуугийн араас гарахад тэр залуу машинд суугаад доошоо уруудаад явж байхаар нь би араас нь хашгираад гүйгээд очиход манайхаас усны сав аваад гарч ирсэн залуу дүүтэйгээ цуг машинаас нь бууж ирэхээр нь Ганжигүүрийг хаана байна гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь чи яахлаараа Ганжигүүр байхгүй байхад усны сав авдаг юм бэ гэж хэлэхэд ус авах гэж байсан юм гэхээр нь усны сав гаргаад ир гэхэд Ганжигүүрийн хашаа руу гүйж ороод манай усны савыг гаргаж өгсөн. Ганжигүүр байхгүй байхад яах гэж манай гэрлүү орж усны сав авсан юм бэ гэж асуухад өөдөөс уурлаад юун сүртэй юм бэ гэж хэлээд манай усны савыг миний хөлний хажууд тавиад доошоо явах гэхээр нь наад усны саваа наанаасаа авсан юм уу гэж хэлэхэд 2 усны савыг аваад манай хашааны үүдэнд тавьчихаад явах гээд байхаар нь би нөхрийгөө дуудсан. Манай нөхөр гарч ирээд юу гээд байгаан наадах чинь гэж асуухаар нь болсон асуудлыг хэлээд одоо уурлаад явах гээд байна гэж хэлэхэд манай нөхөр Энхболд гэгчийг дуудаад яах гэж чи манайд орсон юм бэ хэн юм бэ манай охиныг таньдаг юм уу гэж асуухад Энхболд Энхжинг танихгүй шүү дээ гэж хэлэхэд хажууд нь байсан залуу 2 дүү нь байсан шүү дээ гэж хэлэхээр нь танихгүй байж яаж 2 дүүтэй гэдгийг нь мөн Энхжин гэж нэрийг нь мэдэж байна гэж хэлэхэд  өөдөөс уурлаад байсан. Манай нөхөр Энхболдыг явах гээд байхаар нь заамдаж  аваад дахиад чи энэгүүр үзэгдээд үзээрэй гэж хэлээд 2-3 удаа алгадахад та намайг зөндөө их зодлоо би бас таныг цохиж чадна шүү гэж хэлээд манай
нөхрийн нүүрлүү цохиод авахаар нь манай нөхөр хүүеээ чи цохиж байгаа юм уу
гэж асуухаар нь би хажуунаас чи болиочоо гэж хэлэхэд тэр залуу та намайг
зөндөө цохио биз дээ гэж хэлээд манай нөхрийг дахиж цохиж авахад цус
гарсан. Тэгээд нөхөр бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Манай нөхрийн хаанаас
нь цус гарсныг мэдээгүй зөндөө их цус гарсан гэх мэдүүлэг. /хх 31-32/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ням-Очирын:.. 2016 оны 05 сарын 09 ны өдөр Энхболд ахтай таарахад айлруу цуг явчихаад ирье гэхээр нь хийх ажилгүй байсан учир найз Есүхэйбаатарыг дагуулаад цуг явсан юм. Тэгээд би Энхболд ахын машиныг бариад найзынхан нь хашааны үүдэнд очоод зогсож байхад доороос нэг охин жоохон хүүхэд дагуулчихсан ирж явсан . Тэр охин Энхболд ахтай юм ярьж байгаад дүүгээ хашааруугаа оруулчихаад хашааныхаа хаалгийг хаагаад буцаад Энхболд ахтай ирж уулзахад Энхболд ах машин дотор сууж байхдаа идэх юм уу байна уу гэж асууж байснаа машинаас буугаад машины хажууд тэр охинтой юм ярьж байгаад гэрлүү нь цуг орсон. Яг тэр хоёрыг орсоны дараа цагаан өнгийн машин уг айлын үүдэнд ирж зогсоход эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирэхэд Энхболд ах гарч ирсэнээ буцаж амбаарлуу нь ороод гарч ирэхдээ 2 ширхэг усны сав барьчихсан гарч ирсэн. Тэгээд 2 ширхэг усны саваа аваад Ганжигүүр ахын гэрлүү орсон. Тухайн үед Энхболд ахын эхнэр Ганжигүүр ахын гэрлүү орсон байсан. Усны сав авсан айлын гэрийн эзэгтэй гарч ирж Энхболд ахтай уулзаад ямар учраас усны сав авч гарсан талаар асуухад Энхболд ах усны сав авсан юм доошоо усанд явах гэж байсан гэж хэлэхэд гэрийн эзэгтэй бид нарыг ирээгүй байхад юу ч болох байсан юм гээд нөхөргүй яриад нөгөө залууг барьчихлаа гараад ир гэж дуудахад нөхөр нь гарч ирээд Энхболд ахыг үгийн зөрөөгүй цохиж аваад байхаар нь би машинаас бууж очоод тэр ахаас Энхболд ахыг салгаж авсан. Тухайн үед тэр айлын эзэгтэй та нар манай хүүхдийг яаж таньдаг юм бэ гээд орилоод байхаар нь танай хүүхдийг танихгүй ээ манай ахтай уулзаж байгаад дүүтэйгээ цуг гэртээ орсон шүү дээ гэж хэлэхэд манай охиныг танихгүй байж яахлаараа дүүтэй гэдгийг мэддэг юм бэ гээд орилоод байхаар нэг жоохон хүүхэд дагуулаад явж байсан шүү дээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 33-34/,

   2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6442  тоот актын:

1. Ц.Ганбатын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд 3-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, эмтрэл, дээд уруулд шарх зөөлөн эдийн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн  дүгнэлт. /хх-36/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Г.Энхболдыг сэжигтнээр тооцсон, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 43-51/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг  даргын тодорхойлолт / хх-54/, Г.Энхболдыг иргэний үнэмлэхний лавлагаа, урьд  ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас зэрэг  болно.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Г.Энхболд нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5-133 тоотод оршин суух Ц.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт цохиж  биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, эмтрэл, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг  хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганбат, гэрч Г.Ганчимэг, Л.Бямбасүрэн, Б.Ням-Очир нарын мэдүүлэг,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6442 дугаартай дүгнэлт болон  шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Г.Энхболд нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энхболдод холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг батлаж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Ганбат нь шүүгдэгч Г.Энхболдоос хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид  гомдол санал, нэхэмжлэх  зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр өгсөн байх тул  шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.  

                                   

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын  шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.             

                       

Шүүгдэгч Г.Энхболд нь Ц.Ганбатын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Г.Энхболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт  зааснаар хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                                     ТОГТООХ нь                                                                          

           1. Шүүгдэгч Жиглий овогт Ганболдын Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

           3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ганбат гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус тус  дурдсугай.

 

           4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Энхболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх  хүртэл шүүгдэгч Г.Энхболдод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ