Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                        
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ, 
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Ц.Цэдэнжав,
түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /үнэмлэхийн дугаар 2728/,
шүүгдэгч Д.*******,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1846/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Баяуд овогт Цээлэйн Цэдэнжав, Тайж овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2131000370020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 2 дугаар баг, задгайд оршин суух хаягтай,
-урьд 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 89а дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 хэсэгт зааснаар 8 жил 10хоног хорих ял, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 213 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил, 6 сар хорих ялаар тус тус шийтгэсэн, Баяуд овогт Цээлэйн Цэдэнжав /РД:OP84072517/;
2. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, үсчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт оршин суух *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Цэдэнжав нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Х.*******тай маргалдан улмаар Х.*******ын цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед төрсөн эцэг Х.*******ыг өмөөрөн Ц.Цэдэнжавын толгойн тус газар прүс модоор, нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Ц.Цэдэнжав нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Х.*******тай маргалдан улмаар Х.*******ын цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн;
-Өсвөр насны шүүгдэгч Д.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед төрсөн эцэг Х.*******ыг өмөөрөн Ц.Цэдэнжавын толгойн тус газар прүс модоор, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Цэдэнжав, Д.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэдэнжавын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв” гэжээ .
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв” гэжээ .
3. Хохирогч Х.*******ын “...Ц.Цэдэнжав нь намайг та яахаараа үхэр услаагүй юм гэхээр нь өөдөөс нь “би өөрөө архи ууж байхаар үхэр малаа усалчихад яадаг юм” гээд л бид маргаж эхэлсэн. Тэгээд Ц.Цэдэнжав нь гараад явсан ба удалгүй гаднаас хутга барьчихсан манайд орж ирсэн тэгтэл манай хүүхдүүд орилолдоод эхэлсэн, тэгэхээр нь би хутгыг нь булааж авах гэж оролдтол би дийлэхгүй байсан ба Ц.Цэдэнжав нь миний баруун хөхний дээхэн талд хутгаараа нэг удаа, мөн баруун гарын тохой руу нэг удаа тус тус хатгаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг ,
4. Хохирогч Д.Цэдэнжавын “...Намайг Д.******* нь зодож цохисон, миний толгой нүүр рүү өшиглөж, модоор цохисон. Үхэр мал услахаас болоод хүргэн ахтайгаа хэрэлдээд уурандаа, бас архиндаа болоод ахыг айлган гээд хутга бариад гэр лүү нь орсон юм. Гэхдээ би Х.******* ахын биеийн хаана, яаж зүсэж хутгалсан талаар санахгүй байна. Д.******* нь миний толгой руу модоор цохиод газар унасан байхад нүүр рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг ,
5. Гэрч Ц.Оюуны “...Тэгээд гэрт орж ирээд манай нөхөр Х.*******тай өглөө үхэр усалсангүй гээд маргалдаж байгаад манай хүү Д.*******г араас нь толгой хэсэг рүү цохих шиг болсон чинь Д.******* уурлаад Ц.Цэдэнжавыг түлхээд гэрээс гаргасан. Тэгсэн чинь удаагүй Ц.Цэдэнжав нь хутга бариад буцаад орж ирээд зурагт үзээд сууж байсан манай нөхөр рүү дайрсан юм. Тэгээд сандраад салгах гээд зууралдсан чинь манай нөхөр намайг хутгалчихлаа гээд орилсон. Тэгсэн чинь Д.******* нь аавыг минь алчихлаа гээд Ц.Цэдэнжавтай зодолдож Д.******* модоор Ц.Цэдэнжавын толгой руу цохисон...” гэх мэдүүлэг ,
6. Гэрч Ц.Батзаяагийн “...Дуудлагын газарт очиход хутгалуулсан гэх ******* нь гэртээ цээжний баруун талын хэсэгт зүүн гараараа дарсан, баруун бугалгаа барьж өвдөлт ихтэй, толгой эргэж, бие чичрээд байна гэсэн байдалтай байсан. Тэгээд цус тогтоох тариа өвчин намдаах, хэсгийн мэдээгүйжүүлэлт тариа хийгээд шархыг цэвэрлэж оёдол тавьсан.
...Цэцэгмаа нь Цэдэнжавын толгой нь гэмтсэн байна, толгойг нь сүxдсэн байна гэхээр нь бага эмч Тамирааг нөгөө гэр рүү оруулсан. Би *******ын шархыг оёж дуусаад Тамирын араас ороход Цэдэнжав нь согтуу, зүүн талын нүд нь хавдчихсан, дээд зовхи нь язарсан шархтай, толгойн баруун дээд хэсэгт хөндлөн 3см тэгшхэн зүсэгдсэн шархтай, нүүр нь зулгарсан, толгойн зүүн талын дагзны орчим хавдсан цус хуралт үүссэн байдалтай байсан” гэх мэдүүлэг ,
7. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр 29ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэд: 1.Х.*******ын биед цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд шарх, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалга тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт ,
8. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр 29ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэд: Ц.Цэдэнжавын биед хуйхны дор цусан бүлэн, хамар ясны хугарал, хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, шанаа, баруун зүүн бугалгад зулгаралт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий Гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт ,
9. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр 27-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтэд: Д.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй , 10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  , 11.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол , 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл , 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримт болно. 
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. 
Шүүгдэгч Ц.Цэдэнжав, Д.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.Цэдэнжав нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. 
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ц.Цэдэнжав, Д.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргаагүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжиж, өмгөөллийн дүгнэлтээ хийж оролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна. 
Иймд шүүх улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэдэнжавыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Цэдэнжавд анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.*******д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч Ц.Цэдэнжав, Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 13см, бариул 12 см, нийт 25см урттай хутга 1 ширхэг, 90см урттай прүс мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяуд овогт Цээлэйн Цэдэнжав, өсвөр насны шүүгдэгч Тайж овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэдэнжавыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.*******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.*******д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэдэнжавын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Цэдэнжавд анхааруулсугай.
7. Шүүгдэгч Х Ц.Цэдэнжав, Д.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 13см, бариул 12 см, нийт 25см урттай хутга 1 ширхэг, 90см урттай прүс мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ