| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Г.А,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Х.Ад холбогдох эрүүгийн 2107000000223 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Баян-******* аймаг, ******* суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******чин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт .................................. тоот хаягт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Х.А /РД: ...................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчимд ..................... тоотын хашаан дотор Г.Атэй “хадам ээж чинь миний нөхөртэй явалддаг” гэх шалтгааны улмаас маргалдаж дээд уруулд шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун дээд 3 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Тэр өдөр 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу миний төрсөн өдөр болж бид уугаад сууж байсан. Манай нөхөр тэр үед хамт байсан. Мөн манай эмэгтэй дүү орж ирсэн. Манай нөхөр нууцаар архи аваад гарсан байсан. Араас нь гарч явсан чинь Г.Аийн хадам ээж Аы гэрт уугаад байж байсан. А нь манай нөхөртэй байнга холбогдож, явалддаг. Намайг орсон чинь тэр хоёр зугтаагаад явчихсан. Хадам ээж чинь хаана байна гээд бэртэй нь маргалдсан. Тэгээд би тоосго шидчихсэн юм. Энэ үнэн. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Би тэр үед согтуу байсан.” гэв.
Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Хохиролд 50.000 төгрөг авсан. Шүд бага зэрэг хөдөлсөн, одоо зүгээр” гэв.
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх .............................. тоот хаягтай хашаанд, манай хадам ээж Аы гэр .............................. тоотод дундаа таслаагүй хашаанд зэрэгцээд байдаг юм. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ хүүхдийн хамт байхад шөнө 22 цаг өнгөрч байхад миний танил А гэх эмэгтэй нэг танихгүй эмэгтэйг дагуулаад манай гэрт ирээд хадам ээжийг чинь ална гэж хэлэхээр нь та согтуу байна өнөөдөр яв, дараа ирж учраа ол гэсэн чинь надад уурлаад танай хадам ээж чинь миний нөхөртэй явалддаг хадам ээжийг чинь ална гэхээр нь танай нөхөр манай хадам ээжтэй 6 жил явалдаж байхад чинь өнөөдөр яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ та согтуу байна, маргааш ирээд учраа ол гэсэн чинь намайг А гэх эмэгтэй хашаан дотор үсдэж зодохоор нь би зугтаасан чинь над руу чулуу шидээд миний толгой руу онож миний уруул сэтэрсэн тэгээд удалгүй цагдаа нар ирсэн чинь А эгч зугтаагаад явсан байсан. Би эмнэлэгт очиж уруулдаа 2 оёдол тавиулсан бас миний дээд шүд хөдлөөд хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ байж байтал Ж гаднаас согтуу нэг шил архи барьсан орж ирээд тэрийгээ уучихаад гарлаа гэхээр нь чимээгүй сууж байтал удалгүй араас нь Жы эхнэр орж ирээд шууд намайг үсдэж авах гээд дайрахаар нь би зугтаагаад хажуу хашаанд байдаг бэр Г.Аийн гэрт яваад ороод намайг хүн зодох гээд байна гэхэд Г.А зөрөөд гарсан ба удалгүй Г.А гадаа уйлахаар нь би гэрээс гартал Жы эхнэр А яваад өгсөн Г.А ганцаараа уйлаад гэрийн гадна сууж байхаар нь яваад очтол уруулаас нь цус гарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Намайг дүү Мтай юм яриад дарсаа уугаад сууж байхад 22 цагийн үед манай нөхөр Ж гараад явсан. Тэгээд дарсаа ууж дуусгаад архи уух гэтэл архи байхгүй байхаар нь Жыг аваад явчихлаа гэж бодоод нөхөр Ж Атай нууцаар уулзаад байдаг болохоор яг тэднийд очсон гэж бодоод 23 цагийн үед Аы гэрийн гадна яваад очсон. Тэгтэл Аы хашаа руу яваад ортол урдаас А, Ж нар гарч ирснээ манай нөхөр зугтаагаад А болохоор бэр Г.Аийн гэр лүү яваад орохоор нь араас нь явтал Г.А гарч ирэхээр нь хадам ээжийгээ дуудаад гаргаад ир гэхэд ээж байхгүй гээд худлаа яриад би “ээж чинь танайд байгаа би орно” гэхэд гэр лүүгээ оруулахгүй гээд миний цээж рүү түлхэхээр нь би үснээс нь зулгаагаад бид 2 зууралдаад хамт газар унаад босож ирээд Г.А цаашаа явахаар нь миний уур хүрээд газар байсан тоосгыг аваад Г.Аийн нүүрэн дээр оносон. Тэгээд би хүний нүүр тоосгоор оносон болохоор айгаад шууд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 503 дугаар:
“1. Г.Аийн биед дээд урууланд шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун дээд 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчимд ..................... тоотын хашаан дотор Г.Атэй “хадам ээж чинь миний нөхөртэй явалддаг” гэх шалтгааны улмаас маргалдаж дээд урууланд шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун дээд 3 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Х.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би тоосго шидчихсэн юм. Энэ үнэн. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Би тэр үед согтуу байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...танай нөхөр манай хадам ээжтэй 6 жил явалдаж байхад чинь өнөөдөр яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ та согтуу байна, маргааш ирээд учраа ол гэсэн чинь намайг А гэх эмэгтэй хашаан дотор үсдэж зодохоор нь би зугтаасан чинь над руу чулуу шидээд миний толгой руу онож миний уруул сэтэрсэн тэгээд удалгүй цагдаа нар ирсэн чинь А эгч зугтаагаад явсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч С.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А гадаа уйлахаар нь би гэрээс гартал Жы эхнэр А яваад өгсөн Г.А ганцаараа уйлаад гэрийн гадна сууж байхаар нь яваад очтол уруулаас нь цус гарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г.А гарч ирэхээр нь хадам ээжийгээ дуудаад гаргаад ир гэхэд ээж байхгүй гээд худлаа яриад би ээж чинь танайд байгаа би орно гэхэд гэр лүүгээ оруулахгүй гээд миний цээж рүү түлхэхээр нь би үснээс нь зулгаагаад бид 2 зууралдаад хамт газар унаад босож ирээд Г.А цаашаа явахаар нь миний уур хүрээд газар байсан тоосгыг аваад Г.Аийн нүүрэн дээр оносон” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 503 дугаар дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.
Хохирогч Г.Аийн эрүүл мэндэд учирсан “...дээд урууланд шарх, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, баруун дээд 3-р шүдний сулрал” гэмтэл нь шүүгдэгч өшиглөх, тоосго шидсэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Х.А нь хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Аг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс эмчилгээний зардалд 50.000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг гаргасан тул шүүгдэгч Х.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.А нь эмчилгээний зардалд 50.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.
Шүүгдэгч Х.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, эмчилгээний зардалд 50.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон/-ыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ