Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******баатар даргалж, Ерөнхий шүүгч С., шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Иргэдийн төлөөлөгч Н.Цогтбаатар,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.,

Гэрч Д.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.,

Шүүгдэгч О. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.д холбогдох эрүүгийн 2115000000129 дугаартай, 163/2021/0160/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ы , 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, ганц биеэр ..... оршин сууж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй,

1. Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар;

2. Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 241 дүгээр зүйлийн 241.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар;

3. 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар;

4. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан;

5. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ....../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Үүрийхаяа өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр бид хоёр 2019 онд байшин худалдаж авсан ба түүнийгээ 2020 онд зарсан. Тэгээд байшин зарсан хүнээсээ үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлсэн чинь байшингийн бичиг баримтаа өгөөд мөнгөө ав гэж хэлсэн. Би 2021 оны 5 дугаар сарын 15-ны өглөө талийгаачтай очиж уулзаад *******гийн эхнэрийн дугаарыг өгөөч, утсаар ярьж байшингийн үлдэгдэл мөнгөө авъя, банкнаас мөнгө нэхэгдээд байна гэж хэлсэн. Тухайн үед манай ах “******* ирчихсэн явж байна” гэж хэлэхээр нь би *******г хайсан боловч олоогүй. Тэгээд би талийгаач дээр буцаж ирээд “утасны дугаарыг нь өгөөч” гэсэн чинь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би уруудаад зах орсон. Намайг зах дээр явж байхад Гэгээ ах залгаад “хүрээд ир” гэж хэлсэн. Би Гэгээ ах дээр очиж хүүтэйгээ уулзах гэсэн юм гээд 20.000 төгрөг авсан. Хүү маань тоглоомын талбай дээр тоглож байгаа гэсэн боловч тэр үед би хүүгээ хайгаад олоогүй. Тэгээд би зах дээр байж байгаад оройхон ахындаа очиж зурагт үзэж байгаад унтсан. Тэгтэл шөнийн 04 цаг болж байхад би хүүгээ зүүдлээд хар дарж сэрсэн. Тэгээд ээж дээр очиж ном уншуулъя гэж бодоод Гэгээ ахаас машиныг нь гуйсан чинь машинаа өгөөгүй. Тэр үед би ахдаа гомдоод машиных нь дугуйг хагалъя гэж бодоод хутгыг нь авч гарсан. Гарч яваад гражийн буланд өдөр ууж байгаад үлдээсэн архийг уусан. Архиа бүгдийг нь уучихаад ээж дээрээ очих гээд дээшээ алхсан. Хутгаа энгэрийн халаасанд хийсэн байсан ба тэр чигээрээ явсан. Нэг мэдсэн чинь талийгаачийнд очсон байсан. Тэгсэн чинь талийгаач цустайгаа холилдсон байсан. Тухайн үед би юу хийчихвээ гэж бодоод цээж рүүгээ хутгалсан. Мөн хоолой руугаа 2 удаа хутгалсан. Тэгтэл хадам ээж миний хутгыг булааж авсан. Тэгээд би гараад “хүн хутгалчихлаа, үхлээ шүү дээ хурдан ирээч” гээд цагдаад дуудлага өгсөн. Хаана байна гэж асуухаар нь “цэвэрлэх байгууламжийн хойно” гэж хэлсэн.  Ирэхгүй болохоор нь дахиад залгасан чинь “очиж яваа” гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалган дээр хүлээгээд зогсож байхад цагдаа ирсэн. Хайртай хүнийгээ алсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг өөрийн эзэмшлийн газар, машинаа зараад төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: Манай эгч 6 дугаар ангиа төгсөөд Булган аймагт анх удаа математикийн гүнзгийрүүлсэн ангид шалгалт өгч эхний 10 дугаар байранд жагсаж элсэн орж байсан. Эгч маань онц сурдаг, хүнд тусархуу, ажилсаг, хүнтэй эвтэй найртай тийм сайн эгч байсан. Тэгээд 10 жилийн сургуулиа төгсөөд 2003 онд Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн КТМС-ийн сургуулийн компьютер, программ хангамжийн ангид элсэж орсон. Манай эгчийг их сургуульд явахад энэ хүн араас нь утсаар дарамталсаар байгаад 2004 онд эгч маань эргэж ирсэн байдаг. Тэгээд их сургуульд сурах боломжгүй болоод Булган аймгийн Булган сумын “Булган *******” ХХК-д ажилд орсон. Миний эгч уг компанид нийт 20 жил ажилласан байдаг. Үүнээс цэвэр 16 жил ажилласан. Эгч маань энэ хугацаанд цалингаа аваад өөртөө зарцуулах мэдэлгүй байсан. Энэ хүн чи тэдэн өдөр гарсан, тэдэн төгрөгийн цалин авах ёстой гэдэг байсан. Эгч маань бид нар луу утсаар ярьж уйлдаг байсан. Цалингаараа энэ хүний архины өрийг төлдөг байсан. Миний эгч 20 жил энэ хүнтэй амьдрахдаа амар тайван байж үзээгүй. Такси барьж гэртээ очоод дотуур өмдөө солих гэхэд энэ хүн хардаж, уурлаж, дарамталдаг байсан. Одоо бид нар дүгнэлт хийгээд үзэхэд энэ хүн миний эгчид “чамайг ална, эсвэл гэр бүлийнхнийг чинь ална” гэж сүрдүүлдэг байсан байна. Хүү нь энэ талаар ярьдаг. Аав ихэвчлэн заазуур  барьдаг байсан гэж. Тэгээд тохойгоороо ээжийн толгой дээр дардаг байсан гэж. Миний эгч Хас банкинд 10.000.000 төгрөг, Хаан банкинд 6.000.000 төгрөгийн зээл төлдөг байсан. Би эгчийгээ өрөвдөөд 1 удаа туслаад 23.000.000 төгрөгийн зээл авахдаа 1.000.000 төгрөгийн зээлийг нь төлж байсан.  Мөн ээжийн маань тэтгэврийн зээл чөлөөлөгдөөд 1.200.000 төгрөг, би 300.000 төгрөг өгч дэмжиж ирсэн. 2020 оны 5 дугаар сарын 05-ны орой над руу мессеж бичсэн байсан. Тэгээд 06-ны өглөө над руу утсаар ярьж эгч нь зугтаагаад явж байна. Булган аймгийн Дашинчилэн сум руу орж явна гэж ярьсан. Тэгээд Улаанбаатар хотод очоод хамаг мөнгөө дууссан байсан ба Улсын их дэлгүүрийн Номин дэлгүүрт ажилд орсон. Ажилд орсноос хойш 10 хоногийн дараа Улсын их дэлгүүр шатсан. Тэгээд 6 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт ирсэн. Ирснээс нь хойш хэдхэн минутын дараа энэ хүн араас нь манайд орж ирсэн. Эгч маань 2020 оны 8 дугаар сард  “Булган *******” ХХК-д эргэж ажиллаж эхэлсэн. Эгч маань 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг ч хоногийн амралтгүй, хоол ундгүй, 16.000.000 төгрөгийн өрөө төлөх гэж ажилласан байдаг. Энэ хугацаанд энэ хүн байнга ална шудна гэж дарамталж байсан. Эцсийн эцэст миний эгч өдөр, шөнөгүй ажиллаж байгаад өр зээлийг нь барагдуулаад энэ хүний гарт нас барсан. Эгч маань хоолтой, хоолгүй, амралтгүй ажилласаар байгаад 17 кг жин хаяж турж эцсэн. Тухайн үед би хүүхдээ эмчлүүлэхээр 58.000.000 төгрөгийн хагалгааны очерт орсон байсан. Тэгээд очер нь болоод явахаас өөр аргагүй болоод хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Тэгтэл намайг байхгүй хойгуур эзгүйчилж эгчийг минь алсан. Энэ бол санаатай үйлдэл. Би тэгж бодож байна. Өнөөдөр миний эгчид 16.000.000 төгрөгийн өр үлдээж, миний дүүг орох оронгүй үлдээсэн. Би эгчийгээ бүлтгэнэж явахад хамгаалж байсан. Би Улаанбаатар хот руу хагалгаанд яваагүй бол миний эгч амьд байх байсан. Энэ хүний ээж, төрсөн дүү 2 нь эгчийн ажиллаж байсан дэлгүүрээс бараа авч явдаг. Тооцоо хийх болоход мөнгөө өгдөггүй байсан. Хүү нь архи ууж явж байгаад хамраас нь цус гарахад ээж нь ээмэг, бөгжөө ломбарданд тавьж байгаад 2.000.000 төгрөгөөр Орхон аймгийн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Гэтэл миний эгч яс, арьс болтлоо тураад зээлийг нь төлж байхад 100 төгрөг ч өгөөгүйд би гомдолтой байна. Гэмт хэрэг гарах үед миний түрээслэж байсан байшингийн эзэн нь тухайн байшинд хүн амины хэрэг гарсан учир байшинг буцааж авахгүй, 15.000.000 төгрөг өгөхийг шаардаж байгаа, надад үнэхээр дарамттай байна. Иймд талийгаачийн оршуулгын зардал 13.123.605 төгрөг, байшингийн үнэ 15.000.000 төгрөг, нийт 28.123.605 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Би О.гийн ээж нь юм. Би 6 хүүхэд төрүүлж өсгөснөөс 1 охин, 5 хүүтэй. Хүү маань багаасаа эхлэн өвөө, эмээ болон миний гар дээр мал маллаж өссөн. Бага боловсролтой. Энэ хүмүүстэй 10 гаруй жил ахаа эгчээ, ааваа ээжээ гэж ураг садан болж ирсэн. Гэтэл хүүгээ ийм айхтар хэрэг хийсэнд бид нар харамсаж байна. Миний охин сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, сайхан охин байсан. Би охинтойгоо 8 жил хамт амьдарч байсан. Сайхан охиныгоо алдсан хүний сэтгэл ямар байдгийг би яс махандаа шингэтэл ойлгож байна. Ийм сайхан ханийнхаа амийг нь бүрэлгэсэнд харамсаж байна. Миний төрсөн охин шиг байсан. Миний хүү уг нь хөдөлмөрч, хичээнгүй, хүнд тусархаг, хүнд юм өгчихдөг, наадах цаадахыг ойлгодог гэгээхэн сэтгэлтэй хүү юм. Ямар ёр нь хөдлөөд ийм зүйл болсон юм, бүү мэд. Би хүүдээ гомдоод 20 гаруй хоног дуугараагүй, эргэж очоогүй. Гэвч өрнөөс унасан болохоор хүүгээ өрөвдөөд байх юм. Би хүүгийнхээ хэрэгт өмгөөлөгч авсан. Та яах гэж өмгөөлөгч авч байгаа юм гэж хэлсэн. Энэ хүнд зөндөө л ухааруулж хэлсэн. Ухаантай байвал ухаантай байхаар л болсон. Би 2 жилийн өмнө хүүгээ алдсан. Одоо охиныгоо алдлаа. Үнэндээ л би зовж байна. Шөнө ч унтаж чадахгүй хоёулаа бодогдоод. Би ганцхан охинтой, тэр маань хөгжлийн бэрхшээлтэй. Би охиныгоо өөрийн охин шиг хайрлаж хамгаалж байсан. Сайхан охин байсан. Намайг боддоггүй юм аа гэхэд хүүхдээ бодохгүй яав даа. Миний 6 хүүхэд төрүүлж өсгөсний минь хариу энэ юм гэж үү. Даан ч яав даа, энэ хүмүүсээс бүгдээс нь уучлалт гуйж байна. Хүүг минь өршөөгөөч гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч О.г 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох амь хохирогч Б.*******г шалны модоор цохих, олон удаа хутгалах зэргээр онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч О.г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бүх насаар нь хорих ялаар шийтгэх улсын яллагчийн саналыг дэмжиж, хохирлыг бүрэн хэмжээгээр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч О.г хүний амь насыг хохироосон нь нотлогдсон, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч О.гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

Эрүүгийн 2115000000129 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч О. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 4-402 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг олон удаа хутгалж, шалны модоор цохих зэргээр түүний биед цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу, шилбэ, зүүн буглага, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд олон тооны зулгаралт бүхий шууд үхэлд хүргэх гэмтлийг учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-26 тал/,

Шүүгдэгч О.гийн согтуурлын зэргийг шалгаж, түүний биеээс авсан гэх цусанд спиртийн зүйл 4.0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт /1хх-103-104 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-37 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр том хүүгээ хагалгаанд оруулах ажлаар Улаанбаатар хот руу явсан. Намайг хотод байхад 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай талийгаач эгч *******гийн төрсөн хүү болох 11 настай ******* манай ээж *******ийн утаснаас миний 99460092 дугаар луу өглөө 04 цаг 40 минутын үед залгаад “эгээ аав ээжийг хутгалчихлаа, би цагдаа дуудчихсан байгаа” гэж утсаар ярьсан. Тэгээд би утсаа салгаад Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дугаарын утас руу өөрийн утсаар залгаж “хүн хутгалуулсан байна” гээд дуудлага өгөх гэхэд “бид нар дуудлага авчихсан, манай машин хэрэг болсон газарт очиж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би шууд нөхөр, хүү хоёрынхоо хамтаар Улаанбаатар хотоос Булган аймаг руу явсан. Талийгаач бид нар эхээс зургуулаа, талийгаач бол айлын 2 дахь хүүхэд. Талийгаач анх 2001 онд 8 дугаар ангид байхдаа өөрийн нөхөр байсан тай танилцаж, гэр бүл болоод 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. нь талийгаачтай суусан цагаасаа хойш л байнга талийгаачийг дарамталж, хутга шөвөг барьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож байсан. ...Би маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-44 тал/,

Насанд хүрээгүй гэрч Ү.*******ын өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед ээж *******, эмээ Ж.*******, нагац дүү Мөнх-Амьдралын Энэрэл /2 настай / бид нарыг Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Арвай” зоогийн газрын хойд талд байдаг Мөнх-Амьдрал ахын гэрт хонох гээд байж байхад аав над руу залгаад “ээжтэй чинь ярья” гэж хэлсэн. Тэгээд би ээжид гар утсаа өгөөд яриултал “Бүгдийг чинь алчихаад шоронд чинь явна шүү” гэж хэлсэн. Тэгсэн 2021 оны 5 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад гэнэт цонхны шил хагарч байгаа чимээ сонсогдож сэрсэн. Намайг сэрэхэд байшингийн баруун талын цонхны захын шилийг блокоор хагалсан байдалтай, хагарсан цонхоор аав байшинд орж ирсэн. Аавыг харахад эрүүл юм шиг харагдсан. Тэгсэн ээж орон дээр байж байгаад байшингийн хаалгаар гарахаар гүйсэн. Аав байшингийн цонхоор орж ирээд ээжийн хойноос байшингийн хаалгаар гараад ээжийг үсдэж байшин руу буцаагаад оруулж ирсэн. Аав ээжийг буцаагаад байшинд оруулж ирэх хооронд байшингийн гэрлийг асаасан. Аав ээжийг үсдэж байшингийн үүд хэсэгт оруулж ирж байгаад үүдэнд байдаг угаалтуурын хойно байдаг шалны модыг авч байгаад ээжийг гурван удаа нуруу, гарыг нь хавсарч цохисон. Эмээ аавыг болиулах гээд дийлэхгүй зууралдаж байсан. Аав ээжийг зодож байхдаа “чи миний амьдралын нэг жилийг үрсэн” гэж хэлсэн. Аав ээжийг шалны модоор цохиж байгаад хугалаад хаячихсан. Тэгээд шалны мод хугарсны дараа аав баруун хөлний доод хэсгээс оймсны түрүүнээс хутга гаргаж ирсэн. Тэгсэн аав, ээж хоёрын хооронд эмээ орж ирээд салгах хооронд аав ээжийг нөгөө хутгаараа миний харснаар гэдэс рүү нь 2 удаа хутгалсан. Би энэ явдлыг хараад аавыг цаашаа харсан хойгуур нь гэрээс гарч зугтаая гээд аавын хагалж орж ирсэн цонхоор гарч зугтаагаад замдаа гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Шунхлай шатахуун түгээх станцын хажууд явж байхад цагдаагийн машин ирсэн. Намайг байшингаас гарахын өмнө аав “гар утсаа авах юм бол ална шүү” гэж заналхийлж байсан. Үүнээс болж би маш их айсан. Тэгээд би аавыг над руу хараад байгаа болохоор эхэндээ байшингаас гарч чадахгүй, ээжийг хутгалаад цааш харсан хойгуур нь гар утсаа аваад байшингаас гарч зугтаан, цагдаад дуудлага өгсөн. ...Байшингийн гал тогооны хэсэгт аав ээжийг үсдэж тонгойлгоод баруун гартаа байсан хутгаар хоёр удаа гэдэс рүү нь хутгалж байсан. Эмээ тэр хоёрын дунд салгах гээд оролдож байсан. Аав эмээг тойруулаад ээжийн гэдэс рүү хутгалаад байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-56-57 тал/,

Гэрч О.*******гийн өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэртээ эхнэр Б.Үнэнч, 2 хүүхэд, дүү О. нарын хамтаар байж байсан. Тэгээд би өглөө босоод гэртээ ойр зуурын юм хийж байгаад 10 цагийн орчимд гадуур ажил амжуулах гээд гарсан юм. Тэр үед манай дүү гэрт үлдсэн. Тэгээд би төвөөр ажлаа амжуулаад “Дэвшилт” дээр явж байтал манай дүү тэнд ганцаараа явж байсан. Би дүүгээс “юу хийж явж байгаа юм” гэхэд “хүнтэй уулзах гэж байна” гэж хэлсэн. Бид нар оройн 23 цагийн үед амарцгаасан. Тэгээд үүрээр 05 цагийн орчимд надруу манай дүү О.Үүрийнцолмон залгаад ”Хаяа ах Туяа эгчийг хутгалчихсан байна. Яаралтай эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол талийгаач ******* нь нас барчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-65 тал/,

Гэрч Ж.*******ийн өгсөн: “...Унтаж байхад өглөө үүрээр 04 цагийн үед цонх хагарах чимээ гарсан. Энэ үед би цонх нь унаад ирж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би сэрээд харсан чинь манай талийгаачийн салсан нөхөр цонх хагалж орж ирсэн. Гэрт орж ирээд “хэн нь ч дугарахгүй шүү, утас авч болохгүй шүү, бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд доошоо тонгойж өөрийнхөө хувцас хэсгээс том хутга гаргаж ирээд “энийг харж байна уу?” гэхэд талийгаач буйдан дээрээс босоод үүд рүү нүцгэн зугтаагаад байшингаас гарсан. Тэгсэн араас нь гүйгээд үсдэж барьж аваад буцаагаад байшинд оруулаад ирсэн. Энэ үед талийгаачийн хүү ******* цонхоор гараад зугтсан. Талийгаачийг байшинд оруулж ирж доороо хийгээд өөрөө талийгаачийн дээр гарч суугаад “одоо чиний хугацаа болсон” гээд баруун гартаа байсан хутгаараа шууд цээж болон хэвлий хэсэг рүү олон удаа хутгалаад байсан. Тэгээд би д “миний хүү одоо болсон юм бишүү” гэж хэлэхэд “хөдлөөд байна, гүйцээнэ” гэж хэлээд дахин хутгалах гээд талийгаачийг татаж босгох гээд байхад нь би хутгыг нь гараас нь шүүрч аваад гүйж гараад байшингийн зүүн талд байдаг жижиг сараалжин хашаа руу шидсэн. Тэгээд эргээд байшинд ороход хувцасаа өмсчихсөн зогсож байснаа талийгаачийг хараад “хөдлөөд байна уу? үгүй юу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өнгөрчихсөн байна, чи одоо яв” гэж хэлэхэд гараад явсан. Би араас нь хамт дагаж гараад хашааны гадна очоод “охиныг маань авраарай” гэж хашгирсан. Тэгсэн “дуугүй бай пизда минь, өөрийг чинь үлдээсэн нь их юм шүү” гэж хэлсэн. Тэгээд хашааны урд зүгт байдаг хогны тэнд очиж, завилж суугаад утсаар яриад “би хүн алчихлаа” гэж ярьсан. Хэнтэй ярьсан гэдгийг нь би бол мэдэхгүй. Мөн өөрийн хүү *******ыг надаас “тэр пизда хаана байна, алах байсан юм” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-72-74 тал/,

Гэрч Ө.*******гийн өгсөн: “...2010 онд анх ажилд ороход талийгаач ******* худалдааны төвд худалдагчаар ажиллаж байсан ба энэ үед нэг хамт олон болсон. Талийгаач бол миний хувьд ямар ч өөгүй ховорхон сайн хүүхэд байсан. Яриад байх зүйл байхгүй даруу төлөв хүнтэй нийтэч, хамт олонч, ажилсаг, хичээнгүй, нинжин сэтгэлтэй хүүхэд байсан. Магтах үг байвал бүгдийг нь л хэлмээр байна. Би г талийгаачтай гэр бүл болсон цагаас хойш таних болсон. Талийгаач болон нар нь сүүлийн хэдэн жил хоорондоо хэрүүл маргаантай байсан. нь манай ажил дээр ирчихээд талийгаачийг ална, хядна, пизда гэх мэтээр хэлж яриад байдаг. Ажил дээр ирэхдээ ер нь л халамцуу, согтуу ирдэг. Талийгаачийг О. нь харддаг, зодож цохидог байсан. Талийгаач хааяа ирэхдээ бие нь хөх, няц болчихсон байдаг. ...Миний мэдэхээр 1 удаа ажил дээр тооллого хийж байхад О. нь согтуу ирээд талийгаачийг цохиж зодсон. Энэ үед манай менежер хараад салгасан. ...” гэх мэдүүлэг /1хх-78-79 тал/,

Гэрч П.гийн өгсөн: “...Миний харснаар нь 2 удаа ажил дээр ирж талийгаачид агсам согтуу тавьж, зодож цохиж байсан. Би хараагүй боловч агсам согтуу тавьсан асуудал удаа дараа давтагдаж байсныг нь ажилчид болон талийгаачаас сонсож байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 3 дугаар сард манай ажлынхан тооллого хийж байхад орой 21 цагийн үед нь гаднаас орж ирээд талийгаачаас утсыг нь нэхэж байгаад гуд татаж газарт унагаагаад 2-3 удаа өшиглөөд байхаар нь очиж салгасан. Мөн энэ үйлдэл болсноос хойш 1 сар орчмын дараа нь ажил дээр ирээд талийгаачид агсам согтуу тавиад байсан ба энэ үед цагдаа ирээд г аваад явсан. Талийгаач өөрөө цагдаа дуудсан байсан. Бид нарын зүгээс цагдаа дуудах гэхээр талийгаач “яах юм бэ, манай нөхөр малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа тийм учраас хэрэг дээр нь хэрэг нэмэгдчихнэ” гэж хэлдэг байсан. Мөн цагдаа нар дуудаад өгөхөөр орой ажил тараад мэдүүлэг өгөх гэж хэцүү байдаг юм гэж хэлж байсан. Тийм учраас бид нарын зүгээс цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан юм. Сүүлд талийгаачийн төрсөн дүү болох ******* нь талийгаачийг орой ажил тарах үед нь байнга ирж авдаг байсан. Учир нь нь зарим үед талийгаачийг ажил тарах үед нь гадаа ирчихээд хүлээгээд байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-82-83 тал/,

Гэрч Д.*******ы өгсөн: “...Миний хувьд бол талийгаач болон хоёрын хоорондын харилцаа гаас л болдог. Тэрнээс талийгаач охины минь хэлээд байх зүйл байхгүй. талийгаачийг хардаад байдаг байсан. Талийгаачийн хувьд хардаад байх зүйл хийж байгаагүй. ямар арчаагүй сэтгэлтэй юм бэ? хүүхдээ бодохгүй сайхан ханийхаа амь насыг хохироож байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-85-86 тал/,

Гэрч Ж.ын өгсөн: “...Би талийгаачийг бага байхаас нь танина. Манайх болон талийгаачийн аав, ээж бид нар 30 гаруй жил хөрш айлууд хэвээр байгаа харин гэгчийг бол талийгаачтай гэр бүл болсноос хойш таних болсон. Талийгаач, хоёр 2009 оноос 2011 он хүртэл нийтдээ 2 жил гаруй хугацаанд нь эхнэрийнхээ хамтаар хадам аав, ээжийнхээ хашаанд гэр барьж амьдарч байсан. Энэ хугацаанд талийгаач “*******” худалдааны төвд ажилладаг байсан ба талийгаачийг ажлаасаа тарах болгонд нь тосч авдаг байсан. Тэгээд ажлаасаа ирэхээр нь агсам согтуу тавиад талийгаачийг орилуулж хашгируулаад байдаг байсан. Ер нь бол байнга л архи уудаг, архи ууж ирэхээрээ байнга л агсам согтуу тавьж эхнэрээ хардаад дарамтлаад байдаг байсан. Хөрш айл учраас энэ үйл явдлууд бүгд нүдэн дээр ил байдаг байсан юм. Мөн талийгаачийн аав, ээж хоёр нь Баянхонгор аймаг руу 2 сар гаран явсны дараа мөн л архи уугаад агсам тавиад талийгаач хоёр удаа манай гэрт зугтаж орж ирж хонож байсан. Миний мэдэж байгаагаар талийгаачийг ясаар хөл рүү нь цохиод хөлийг нь гэмтээгээд талийгаач доголчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-90-91 тал/,

Гэрч А.Нандин-Эрдэнийн өгсөн: “...Талийгаач нь хамт ажиллаж байх хугацаандаа ер нь хааяа нэг зодуулчихаад ирдэг байсан. Миний хувьд талийгаачийг нөхөртөө зодуулж ажилдаа ирэх асуудал давтагдаад байсан учраас би “танай нөхөр яагаад чамайг байнга зодоод байдаг юм бэ? гэхэд “хар усаа уугаад ирэхээрээ л зодчихдог юм” гэж хэлж байсан. ...Миний хувьд талийгаачийг хардаад байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байсан гэдгийг мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-94-95 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай: “Талийгаач Б.*******гийн цогцост цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвуунд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу, шилбэ, зүүн буглага, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл, шархууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, тохой баруун гарын сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тухайн гэмтлийг хэвтээ, суугаа, аль ч байрлалд авсан байх боломжтой. Талийгаачийн цогцост учирсан гэмтэл шарх нь хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан 26 см урттай, 14 см ажлын хэсэгтэй бариул хэсэг нь 12 см урттай ажлын хэсэгтэй 2,5 см ажлын хэсгийн өргөнтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой байв. Талийгаач нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг орчим болсон байна. Талийгаач нь цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас цочмогоор гадуур болон дотуур цус алдаж цус алдалтын шокд орж нас баржээ. ...” гэх дүгнэлт /1хх-177-181 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн: “О. нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Магадлуулагч О. нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. Магадлуулагч О. нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч О. нь өөрийн мэдүүлж байгаа зүйлийн учир холбогдлыг ойлгох чадвартай. Магадлуулагч О. нь хэрэг хариуцах чадвартай байна. Магадлуулагч О.д албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.” гэх дүгнэлт /1хх-186-187 тал/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тал саарал өнгийн блок, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг хугарсан шалны мод, шалан дээр үүссэн байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн 2 хэсгээс дээж болгон авсан 2 дээж, О.гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан хар өнгийн богино савхи, хөх өнгийн, улаан, цагаан өнгө орсон босоо захтай бэлтгэлийн цамц, хөх өнгийн 2 хажуу талдаа босоо цагаан судалтай биеийн тамирын өмд, бор саарал өнгийн дотуур өмд, хар эрээн давуун дотоож, хар өнгийн гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.*******гийн өмсөж байсан гэх саарал өнгийн урд талдаа 2 халаастай, нэг халаас нь хөндлөн олон судал бүхий өмд, шаргал өнгийн торгон цэцгэн хээ оруулгатай дотоож зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

        Дээрх нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэг, үйл баримт болох үед амь хохирогч Б.*******, амь хохирогчийн ээж Ж.*******, насанд хүрээгүй Ү.******* нар нь бага насны нэг хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт гэртээ унтаж байхад шүүгдэгч О. нь байшингийн цонхыг хагарсан блокоор цохиж хагалан байшинд нэвтэрч, тухайн үед амь хохирогчийг орноосоо босож зугтаах үед үснээс чирж байшинд оруулж шалны модоор цохих, өөрийн биед авч явсан хутгаар олон удаа хутгалж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Б.*******г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироосон нь насанд хүрээгүй /11 настай/ Ү.*******ын 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 6 дугаар сарын 11-ний өдөр, Ж.*******ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон цээж, хэвлийн хөндийрүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвуунд олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу, шилбэ, зүүн буглага, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд олон тооны зулгаралт гэмтэл бүхий үхэлд шууд хүргэх гэмтэл нь шүүгдэгч О.гийн цээжин тус газарт олон удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О. нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж амь хохирогчийн цээж, хэвлийн хөндийрүү нь олон удаагийн давтамжтайгаар хатгахад хохирогчийн бие махбодод зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О. нь амь хохирогч Б.*******г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг бөгөөд хохирочийн биед хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 20 тооны шарх үүссэн, хохирогчийг эмнэлэг рүү тээвэрлэх явцад “эмнэлэг дээр ирж байна уу?” гэж нэг бус удаа асууж байсан нь түүний бие, сэтгэлийг өвтгөн шаналгасныг илэрхийлж байна.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх нэр томъёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлохдоо тус хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж;

мөн хуулийн 3.2-т  “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж;

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж;

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О., амь хохирогч Б.******* нар нь 2003 оноос гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Ү.******* нь төрсөн байна.

Харин Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 00902 дугаартай шийдвэрээр амь хохирогч Б.*******гийн “О. нь олон жил архи ууж дарамталсан, бие махбодид гэмтэл учруулсан” гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу О.,  Б.******* нар нь гэрлэлтээ цуцлуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /1хх-44 тал/, насанд хүрээгүй гэрч Ү.*******ын өгсөн мэдүүлэг /1хх-56-57 тал/, гэрч О.*******гийн өгсөн мэдүүлэг /1хх-65 тал/, гэрч Ж.*******ийн өгсөн мэдүүлэг /1хх-72-74 тал/, гэрч Ө.*******гийн өгсөн мэдүүлэг /1хх-78-79 тал/, гэрч П.гийн өгсөн мэдүүлэг /1хх-82-83 тал/, гэрч Д.*******ы өгсөн мэдүүлэг /1хх-85-86 тал/, гэрч Ж.ын өгсөн мэдүүлэг /1хх-90-91 тал/, гэрч А.Нандин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-94-95 тал/ болон хавтаст хэрэгт цугларсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал, тэмдэглэл зэргээс дүгнэлт хийхэд гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч шүүгдэгч О. нь хүүхэдтэйгээ уулзах шалтгаанаар байнгын харилцаа үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч О. нь онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.*******гийн амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* талийгаачийн оршуулгын зардал 13.123.605 төгрөг, гэмт хэрэг гарах үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн түрээслэж байсан гэх байшингийн үнэ 15.000.000 төгрөг, нийт 28.123.605 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирлын баримтыг нэг бүрчлэн хянан үзээд нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай /хүнсний бараа материал, буяны эд зүйлд 4000₮, 79125₮, 9080₮, 23200₮, 13700₮, 6250₮, 30000₮, 41550₮, 360000₮, 5800₮, 4600₮, 14400₮, 6300₮, 27600₮, 53000₮, 8600₮, 20000₮, 20000₮, 4000₮, 25850₮, 15950₮, 1696000₮, 2150000₮, 1922000₮, 583500₮, 90000₮, 4000₮, 2000₮, 16000₮, 4000₮, 20000₮, 8000₮, 12900₮, 62100₮, 4000₮, 60800₮, 50000₮, 12000₮, 58300₮, 33000₮, 3700₮, 6100₮, 26500₮, 8420₮, 27500₮, 108600₮, 1979000₮, 776000₮, 553400₮, 303000₮, шарилын хайрцаг, хөшөө, зэд 1401000₮,   бензины зардалд 20680₮, 14600₮, 333500₮ /1хх-104 тал/ буюу нийт 13.123.605 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Булган аймаг, Булган сумын 3 дугаар багийн 3В хэсгийн 20 тоотод байрлах гурван айлын хэмжээтэй газар, болон 28-11 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээр шилжүүлэх замаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, шүүгдэгч О.гаас 13.123.605 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* түрээслэн амьдарч байсан байшингийн эзэмшигч нь тухайн байшинд хүн амины хэрэг гарсан гэх шалтгаанаар байшинг буцааж авахгүй, үнийг өгөхийг шаардсан тул байшингийн үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй /түрээсийн гэрээ, байшингийн зах зээлийн үнэ гэх мэт/ тул шүүх хэргийн шалтгаант холбоог тогтоож, хохирлыг гаргуулах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:

Шүүгдэгч О.г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр шүүгдэгч О. нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч О.гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хоёр дугаар хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, байнгын шинжтэйгээр гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч О.гийн хувийн байдал болох шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-1-6, 1хх-231-251 тал/, түүний урьд ял шийтгүүлж байсан лавлагаагаар /1хх-228 тал/ шүүгдэгч О. нь 5 удаагийн ял шийтгэлтэйгээс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал, мөрдөн байцаалтын шатанд О.д холбогдох хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/258 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэргээр шүүгдэгч О.г өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй гэж үзэх үндэстэй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасны дагуу шүүгдэгч О. нь 2020 оны 6 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн байх бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч О.д тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.гийн 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болон 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тал саарал өнгийн блок, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг хугарсан шалны мод, шалан дээр үүссэн байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн хоёр хэсгээс дээж болгон авсан 2 дээж, О.гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан хар өнгийн богино савхи, хөх өнгийн, улаан, цагаан өнгө орсон босоо захтай бэлтгэлийн цамц, хөх өнгийн 2 хажуу талдаа босоо цагаан судалтай биеийн тамирын өмд, бор саарал өнгийн дотуур өмд, хар эрээн давуун дотоож, хар өнгийн гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.*******гийн өмсөж байсан гэх саарал өнгийн урд талдаа 2 халаастай, нэг нь хөндлөн олон судал бүхий өмд, шаргал өнгийн торгон цэцгэн хээ оруулгатай дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч О.г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.д тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг оршин суугаа газар буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.гийн цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссаны дараа 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд 13.123.605 /арван гурван сая нэг зуун хорин гурван мянга зургаан зуун тав/ төгрөгийг шүүгдэгч О.гаас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3В хэсгийн 20-08 тоотод оршин суух Болдбаатарын ******* /РД:ГЮ90060809/-т олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тал саарал өнгийн блок, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг хугарсан шалны мод, шалан дээр үүссэн байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн хоёр хэсгээс дээж болгон авсан 2 дээж, О.гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан хар өнгийн богино савхи, хөх өнгийн, улаан, цагаан өнгө орсон босоо захтай бэлтгэлийн цамц, хөх өнгийн 2 хажуу талдаа босоо цагаан судалтай биеийн тамирын өмд, бор саарал өнгийн дотуур өмд, хар эрээн давуун дотоож, хар өнгийн гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.*******гийн өмсөж байсан гэх саарал өнгийн урд талдаа 2 халаастай, нэг нь хөндлөн олон судал бүхий өмд, шаргал өнгийн торгон цэцгэн хээ оруулгатай дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР

 

              ШҮҮГЧИД                                  С.ЦЭРЭНХАНД

 

                                                          Э.ЭНЭРЭЛ