| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0154/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Я.*******, түүний өмгөөлөгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.*******д холбогдох эрүүгийн 2115000000162 дугаартай, 163/2021/0154/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шир овогт Ягаанбандийн *******, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ..................... оршин суух хаягтай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр 2 дугаар багийн нутагт “Уртын гуя” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******ийг чөдрөөр ороолгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч Я.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөлд хамрагдаж байгаа тул түүнд оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч М.******* нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялын гуравны нэгийг хасаж 1жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөн хасаж шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
Эрүүгийн 2115000000162 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.******* нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр 2 дугаар багийн нутагт “Уртын гуя” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.*******ийг чөдрөөр ороолгож, түүний зүүн нүдэнд алимны нэвт гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ийн өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оторлож явсан. Манай найз болох Ягаанбандийн ******* /гэрийнхэн нь Мөнгөө гэж дууддаг/ гар утсаар залгаад намайг “гэр нүүлгээд өг” гэхээр нь яваад очсон. Тухайн үед эхнэр *******гийн хамт очсон юм. Тэгээд Мөнгөөгийн гэрт 3-4 шил архи ууж дуусгаад өөрийнхөө машины дэргэд унтаж байтал манай эхнэр Туяа ирж намайг дуудаж сэрээгээд “гэрт орж амар” гэсэн. Тэгтэл Мөнгөө хүрч ирээд яасан бэ? гэж асуухаар нь би Мөнгөөгийн цээжин тус газарт 1 удаа гараараа цохисон чинь Мөнгөө гартаа байсан улаан алаг өнгийн чөдрөөр миний толгой орчимд 2-3 удаа цохисон. Миний зүүн талын нүднээс цус их хэмжээгээр гоожоод боосон боловч тогтохгүй байхаар нь эхнэрийн хамт Рашаант сумын эмнэлэгт үзүүлсэн. Улаанбаатар хотод очиж 1 дүгээр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж зүүн талын нүдээ хагалгаа хийлгүүлж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-14-16 тал/,
Гэрч Ш.*******гийн “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оторлож явсан. Тухайн үед манай нөхрийн найз болох ******* /Мөнгөө/ нь Баярмагнайг эхнэрийн хамт дуудсан. Манай нөхөр ******* нар нь 2-3 шил архи уусан. Ууж дуусаад ******* нь машиныхаа гадна унтаж байхаар нь би татаж сэрээгээд гэрт орж амар гээд хэлээд зогсож байтал Мөнгөө хүрээд ирсэн. ******* Бат-Эрдэнийг цээж хэсэг рүү нь нэг удаа цохисон. ******* зөрүүлээд чөдрөөр *******ийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа ороолгосон. Тэгэхэд ******* “нүд сохолчихлоо” гээд зүүн талын нүдээ дараад суусан. Тэгээд цус гоожоод эхлэхээр нь эмнэлэг явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт байрлах ******* гэх айлын гадна тоглож байтал ******* ах гэнэтхэн босож ирээд ******* ахыг сууж байтал хажуудаа байсан чөдрийг аваад толгой хэсэг рүү нь ганц хоёр удаа цохисон. Би гэрлүүгээ ороод удалгүй гараад ирсэн чинь ******* ахын зүүн, баруун сайн санахгүй байна нэг нүднээс нь цус гарч байсан. Тэгээд уг хоёр хүн салсан. ...” гэх мэдүүлэг /хх- 21 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №5285 дугаартай “...Г.*******ийн биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл /нүдний хиймэл алим суулгах мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 31.1-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох буюу цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65% алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-31-32 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Бат-Эрдэний яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “...Тэр үед манайд манай саахалтын Баярмагнай, Чанцалсүрэн нар ирчихсэн байсан. Тэгээд *******, *******, Баярмагнай, Чанцалсүрэн, манай эхнэр Сарантуяа бид 6 тэр архи, пиво хувааж уусан. ******* гэрээс гарч яваад 18 цагийн орчимд гэрийн баруун урд талд гадаа унтаж байсан. Тэгтэл ******* гараад *******т “Миний хөгшин босоо, оръё” гэж хэлтэл “Банзал, янхан минь чамайг ална шүү” гэж хэлээд босоод ирсэн. Тэр үед нь би гэрээс гарч ирсэн бөгөөд “яах нь вэ?” гээд тэр хоёрын дундуур орсон. Тэгтэл ******* миний толгой руу 3 удаа цохихоор нь би газарт байсан чөдрийг аваад *******ийн толгой руу 1 удаа ороолготол ******* “нүд, нүд” гээд газарт суусан. Тэр үед эхнэр ******* нь машиндаа суугаад явсан. Харин *******ийн нүднээс цус гараад байсан учир Сарантуяа, Чанцалсүрэн 2 нүдийг нь боогоод эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд тэд нар Рашаант сумын эмнэлэгт үзүүлтэл “Хот руу яаралтай аваад яв” гэж хэлсэн гэсэн. Ингээд манай эхнэр Сарантуяа, *******ийн ээж хоёр *******ийг хот руу аваад явсан. ******* нь хотод очоод хагалгаа хийлгэж зүүн нүдээ авхуулсан гэсэн. Тэр үед нь хагалгааны зардал болгож би зохих хэмжээний мөнгө өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.*******ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Я.Бат-Эрдэний үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Я.Бат-Эрдэний хохирогчийн толгойн тус газарт чөдрөөр ороолгож буй үйлдэл идэвхтэй, ийнхүү чөдрөөр ороолгох нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Я.Бат-Эрдэний гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр 2 дугаар багийн нутагт “Уртын гуя” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.*******ийн толгойн тус газарт нь чөдрөөр ороолгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Я.Бат-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд зүүн нүдний алимны нэвт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16.300.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Бат-Эрдэний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Я.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 48-59 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлийн талаарх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, малын “А” данс зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Я.******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт мал маллан амьдардаг, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4/68 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Я.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасны дагуу шүүгдэгч Я.******* нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Түүнчлэн Я.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэх боломжтой байна.
Тиймээс 2021 Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан алаг өнгийн чөдөр 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шир овогт Ягаанбандийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.*******д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан алаг өнгийн чөдөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР