| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0163/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Г.*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2115000000174 дугаартай, 163/2021/0163/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Цагаан адууч овогт Галбадрахын Алтангэрэл, 1983 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ____________ гэх газарт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан. /РД:______/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Г.Алтангэрэл нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутагт иргэн Л.*******ы биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000174 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутагт иргэн Л.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний нүдэнд зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт, баруун нүдний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Л.*******ы өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед хөрш Алтангэрэлийн гэрт өөрийн нөхөр *******ы хамт очиж хонь хяргах хайчаа авахаар гэрт нь ороход *******нь ямар ч шалтаангүй намайг цохиж надад хөнгөн гэмтэл учруулсан. Гэрт нь ороход *******нь ******* гэж залуутай юм яриад сууж байсан. Би Алтангэрэлд хандан “өглөө ирлээд өгөөч гэж гуйсан хайчаа авах гэсэн юм аа” гэж хэлэхэд эхнэр Сараа, *******хоёр нь “хайчийг чинь ирлээгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд хүүхэд нь айраг хийгээд өгөхөөр нь уугаад сууж байтал *******“та хоёр явахгүй юм уу? би ууртай байгаа шүү” гээд босож ирээд миний нүд рүү цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-8 дугаар тал/,
Гэрч Н.*******ы өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед хурга хайчилдаг хайчаа ирлүүлэх санаатай дүү Алтангэрэлийн гэрт очиж хайчаа үлдээгээд явсан. Орой 22 цагийн үед эхнэрийн хамт Г.Алтангэрэлийн гэрт хайчаа авах гээд ороход Алтангэрэл, ******* нар нь юм яриад сууж байсан. Манай гэр бүлийн хүн “хайчаа авах гэсэн юм ирэлсэн болов уу?” гэж байсан. Тэгтэл *******“ирлээгүй байгаа, ирлэх хүн цаана чинь унтаж байна” гэсэн. Тэгээд хүүхэд айраг өгөхөөр нь уугад сууж байхад *******“та хоёр одоо явахгүй юм уу?, би ууртай байна шүү” гэж байсан. Манай эхнэр “чи яачаад байгаа юм бэ?” гэтэл босч ирээд манай эхнэрийн нүүрэнд цохисон. Би “Чи яаж байгаа юм” гээд босоод очиход *******“та хоёр амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-12 дугаар тал/,
Гэрч Ш.*******гийн өгсөн: “...23 цагийн үед гаднаас ******* нөхөр *******ы хамт орж ирээд Жамсранжаваас “хайч ирэлсэн юм уу?” гэж асууж байсан. Тэгээд *******“наад хүн чинь ирлээгүй байгаа” гэж хэлсэн чинь ******* гэх эмэгтэй “ганц хайч ирлээд өгөхөд юун сүртэй юм” гээд уурлаад байсан. Мөн “айраг хийж өгөхгүй харамлаад байгаа юм уу?” гэж хэлээд гэрт нулимаад байсан. Тэгээд л *******гэнэт уурлаад босч ирээд *******ы нүүрэнд нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-21-23 дугаар тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №175 дугаартай “...Магадлуулагчийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт, баруун зүүн нүдний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Хохирогчийн биед үүссэн гэмтлээр цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Магадлуулагчийн биед хөнгөн зэргийн хохирол учирсан байна” гэх дүгнэлт /хх-31-32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Алтангэрэлийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “...12 цагийн орчимд манай нутгийн *******, ******* нар гэрээр орж ирчихээд “Борынд очиж хонь хяргалаа гэж” хэлээд гараад явцгаасан. Тэгээд орой 21 цагийн орчимд гэрийнхэн маань амрах гээд байцгааж байтал *******, ******* нар нь манайд халамцуу орж ирчихээд Жамсранжав ахыг “Хайч ирлээгүй юм уу” гээд татаад байхаар нь би “Наад хүн чинь бие нь өвдөөд амарч байна” гэж хэлтэл ******* нь “Чи юу болчихоо вэ?” гээд уурлаад байсан. Доржоо, Жамсранжав нар нь манайд хонож байсан. Тэгээд би “Та хоёр харьж амар” гэж хэлтэл “Чи цагаагаа харамлаа юу” гээд нулимахаар нь би “та яагаад гэрт нулимж байгаа юм” гээд очоод түлхэх гэж байгаад нүд рүү нь санаандгүй цохисон юм. Тэгээд *******, ******* 2 намайг харааж байгаад л гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.******* биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Алтангэрэлийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Алтангэрэлийн хохирогчийн толгойн тус газарт цохиж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Алтангэрэлийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутагт иргэн Л.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний нүдэнд зөөлөн эдийн няцрал, салстын цус харвалт, баруун нүдний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Алтангэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Алтангэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Алтангэрэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Г.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Алтангэрэлийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 43-54 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн талаарх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.*******нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн “Сайхан овоо” гэх газар мал маллан амьдардаг, малчин, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.*******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4/69 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.*******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан адууч овогтой Галбадрахын Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэлийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.*******нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.*******нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР