Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0468

 

221/МА2023/0468

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.С, Х.З нарын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.С, Х.З

Нэхэмжлэгч Х.С*******, Х.З*******

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын 2 дугаар багийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Н*******

Хэргийн индекс: 110/2022/0063/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл-ийг илт хууль бус болохыг тогтоох, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсэг, Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Е.Ж-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 019 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С, Х.З нарын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл-ийг илт хууль бус болохыг тогтоох, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсэг, Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн Е.Ж-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.С, Х.З нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заажээ.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бус үйл ажиллагааны явцад бий болсон баримтад тулгуурлан олж авсан нотлох баримт, шүүхэд хэлэлцэгдэж байгаа нотлох баримт хооронд шалтгаант холбоо байгаа, эсхүл шүүхэд хэлэлцэгдэж байгаа нотлох баримтыг эхний зөрчил гаргасан этгээдийн идэвхтэй үргэлжилсэн үйл ажиллагааны үр дүнд олж авсан тохиолдолд хууль бус гэж үздэг. /Хортой модны жимсний онол/

3.3. Дээрхээс үзвэл Толбо сумын 2-р багийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл гэх хууль бус хуурамч баримтаас улбаатай маргаан бүхий актууд гарахад хүргэсэн болох нь нотлогдож байх бөгөөд шүүх үүнийг анхаараагүй байна.

3.4. Өөрөөр хэлбэл, хууль бус актыг үндэслэж Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар хуралдааны тогтоол гарсан байх тул үүнээс холбогдох хэсэг болох Толбо сумын 2-р багийн “хүнгүй” гэх газарт хуучин иргэн Х түүний хүү Ш, Х нарын эзэмшиж байсан газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн хэсэг хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй юм.

3.5. Угтаа бол Толбо сумын 2-р багийн нутаг дэвсгэр “хүнгүй буюу Күнгей” гэсэн өвөлжөө бүхий газар тухайн үед уг газрын нэгж талбар 031000075 гэсэн дугаартайг анх иргэн Х эзэмшиж байгаад үүнээс маргаан бүхий өвөлжөө газрыг хүү нь болох Ш-д, баруун талын газар нэгж талбарын дугаар 8308000749-г иргэн М, Е нарт тус тус шилжүүлэн өгсөн. Дараа нь Х.Ш Казахстан улс руу явахдаа уг өвөлжөө бүхий газрыг Н.Х-д шилжүүлж өгсөн байдаг. Үүний дараа Толбо сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 127 дугаар захирамжийн дагуу уг маргаантай өвөлжөө бүхий газрыг нэхэмжлэгч бидний эцэг Б.Х-д шилжсэн. Сүүлд нь бидний хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/120 дугаар захирамжийн дагуу уг өвөлжөө бүхий газрыг эзэмшиж байна.

3.6. Энэхүү өвөлжөө бүхий газар нь Х болон түүний хүү Ш нарын эзэмшил газар болох нь 0066082 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг гэрчилгээнээс үзвэл нэгж талбарын 031000075 дугаартай “Күнгей Ш-ын өвөлжөө” гэж газрын зориулалтыг маш тодорхой бичигдсэн байна.

3.7. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын даамал Б.С гэгч нь дураараа аашилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын Засаг даргын 2016 оны А/120 дугаар захирамжтай хувийн хэргээс нь 0066082 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг авч хаясан. Бидэнд эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг газрын биржид оруулахгүй явж байгаад 2022 оны сүүлээр Е.Ж гэгчид давуу байдал бий болгож уг өвөлжөө Е.Ж мэтээр кадастр үйлдэж биднийг хохироож байгаа явдалд маш их гомдолтой байна. 2022 оны 8-11 дүгээр сарын байдлаар бидний эзэмшил газарт давхардуулж кадастрын зураг үйлдсэн байсан болох нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 505 дугаар албан бичгээр нотлогдоно.

3.8. Шүүх нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

3.9. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрт “2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2 дугаар багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлт”-ийг оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.С, Х.З нараас “Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Засаг даргын  2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2 дугаар багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтын 418 дахь хэсэг, Толбо сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Е.Ж******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Газрын тухай хуулийн 31 дугээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан  сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийтлэг бүрэн эрхэд хамаарахаар зохицуулсан.

 

4. Гуравдагч этгээд Е.Ж-ээс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад хандаж, өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар хуралдаанаар “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” баталсан, мөн хуралдаанаар газар эзэмшихийг хүссэн иргэдийн асуудлыг хэлэлцэн  батлахдаа тогтоолын нэгдүгээр хавсралтын 418 дугаарт газрын координатыг тусгаж, хоёрдугаар хавсралтын 6 дугаарт Е.Ж-т өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхээр баталгаажуулсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий 25 дугаар тогтоолоор маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлж болохоор төлөвлөж ийнхүү шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

5. Хурал тогтоол гаргахдаа Засаг даргаас ирүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах удирдамж, малчин иргэдээс ирүүлсэн санал зэргийг үндэслэн сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байгааг үгүйсгэх боломжгүйг дурьдаж байна.

 

6. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолыг үндэслэн, тус сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хүнгүйд байгаа 700 м.кв газрыг Е.Ж-т шинээр өвөлжөө барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, түүнд Ш-ын хуучин өвөлжөө гэх хаягт байрлах, нэгж талбарын 8308000856 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших гэрчилгээ олгогдсон байна.

 

7. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/102 дугаар захирамжаар 2 дугаар багийн газар нутаг болох Күнгейд хуучин хара жүрек хороо, 700 м.кв газрыг нэхэмжлэгч Х.С-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэгж талбарын 031000985 дугаар бүхий 700 м.кв газрыг Х.С*******д 30 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхдээ Х.З-ыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн байна.

 

8. Нэхэмжлэгч Х.С, Х.З нараас “бидний эзэмшиж байгаа газрыг гуравдагч этгээд Е.Ж-т давхцуулан олгосон” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

9. Учир нь хэрэгт авагдсан баримт, кадастрын зураг, газрын үзлэгийн схем зураг, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараас үзвэл, Х.Ж, Е.Ж нарын өвөлжөөний хоорондын зай 918,1 м, Е.Ж болон Х.С, Х.З нарынх 946,7 м, Х.С, Х.Ж нарын хоорондын зай 702,6 м зайтай болох нь тогтоогдсон, газрын нэгж талбарын дугаарууд, мөн байршил өөр байх тул  Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

10. Нэхэмжлэгч нараас “Е.Ж-т эзэмшүүлсэн газарт анх Х дараа нь Х.Ш өвөлжиж байгаад малын өвчин гарсан шалтгаанаар тус газраас 500 м зайд шилжиж суурьшсан. Шинэ газарт барьсан хашаа, байшингаа газрын хамт Н.Х-д худалдсан. Н.Х Казакстан руу нүүх үедээ бидний эцэг Х, ах Х.Ж нарт 2011 онд худалдсан. “Шаймуратын хуучин өвөлжөө”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу 2016 онд Х.Ж-аас шилжүүлэн авч эзэмшсэн” гэж маргах боловч шүүх дээрх маргаан бүхий газрыг 1960 оноос хойш Хавхайн хүүхдүүд Х.М, Х Ш нар хамтран эзэмшиж байгаад малын өвчин гарсан шалтгаанаар тус газрын урд байрлалтай 700 м зайд хашаа хороогоо шилжүүлж, шинээр газар эзэмшсэнээр өмнөх газар нь сул үлдсэн, тэднийг нүүснээс хойш уг газрыг хэн нэгэн эзэмшиж ашиглаагүй болох нь тогтоогдсон, энэ сул газрыг Е.Ж-т эзэмшүүлсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-8 дахь хэсгүүдээр тогтоогдож байна.

 

11. Харин Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байна.

 

12. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “захиргааны акт” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

 

13. Тодруулбал, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2-р багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл” нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа байх бөгөөд уг үйл баримтыг захиргааны байгууллагаас хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй, энэ үндэслэлээр маргасныг захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааруулах боломжгүй, уг тэмдэглэлд дотоод зохион байгуулалт, асуулгын шинжтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

 

14. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул шийдвэрлэсэн асуудлыг хэвээр үлдээж, холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...”Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2 дугаар багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоох” гэснийг хасч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Толбо сумын 2 дугаар багийн хэсэгчилсэн хурлын тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дугаар заалт нэмж, шийдвэрийн 2 дугаар заалтыг 3 дугаар заалт болгон өөрчилж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН