Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 28/А

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил,

улсын яллагч Б.Мөнхдөл,

хохирогч Д.Б

иргэний нэхэмжлэгч Я.Ж

иргэний хариуцагч Д.Б

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-н Б-д холбогдох эрүүгийн 201508000202 дугаартай хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Дорноговь аймаг, Сүмбэр суманд 19 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум,  дугаар баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ дугаарын регистртэй, Б овгийн Ч-н Б

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Ч.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед тус аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатараас Чойр чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 65-46 УНО улсын дугаартай Ренаулт экспресс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалуудыг зөрчиж иргэн Г.Э-н жолоодож явсан 33-09 УНО улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байхад нь мөргөсний улмаас зорчигч Д.Б-гын бие махбодид хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Я.Ж-нд 3.900.000 төгрөгийн, Д.Б-д 8.355.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн:

2015 оны 09 дүгээр сарын  26-ны өдрийн 16-17 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Баатархуягтай хамт хөдөлсөн. Тэгээд Дорноговь аймгийн Өргөн сум хүртэл би машин барьж байгаад нойр хүрээд байхаар нь Д.Баатархуягт үрүүл шилжүүлсэн. Д.Баатархуяг Баянтал сум өнгөрөөд намайг дуудаж сэрээсэн. Тэгээд 16 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад урд талд ачаатай том машин явж байсан. Том тэрэг их удаан явж байсан. Би 50 километр цагийн хурдтай явж байсан. Би гүйцэж түрүүлэх гээд дохио өгсөн. Миний барьж явсан машин 5 тэнхлэгтэй 5 тэнхлэгийн хоёр тэнхлэг нь тоормос барьдаг. Нэг нь гар тоормос, нэг нь хөл тоормос барьдаг байсан. Уг осол миний анхаарал болгоомжгүйгээс. Мөн урд явж байсан машин стандарт бус чиргүүлтэй байсан. Д.Баярсайханд 1,500,000 төгрөг, Д.Баатархуягт эмчилгээний зардалд 2054000 төгрөг тус тус төлсөн. Жамъяансүрэнд төлбөр төлөгдөөгүй байгаа.

 

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Баатархуягийн: Шүүгдэгч Ч.Бат-Өлзий нь надад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.3 Шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнгийн: Өмнөх шүүх хуралдаанд миний бие ирж очсон унааны зардлыг нэмж нэхэмжилжлээд 4280000 төгрөг нэхэмжилсэн. Харин одоо бол хөргөгчний үнэ болох 3900000 төгрөгийг шүүгдэгч Ч.Бат-Өлзийгөөс нэхэмжилж байна гэв.

 

1.4 Шүүхийн шатанд иргэний хариуцагч Д.Баярсайханы:  Надад 8,355,000 төгрөгийн хохирол учирсан. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэлгээгээр нийт 8355000 төгрөг болсон. Үүнээс 1,500,000 төгрөгийг нь бэлнээр авсан. Харин одоо үлдэх 6,855,000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хариуцагчийн хувьд учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчийн надад учруулсан хохирлоо төлж барагдуулсны дараагаар төлнө. Миний машин бүрэн бүтэн оношлогоонд орсон байсан. Шүүгдэгч түрүүнд хэлсэн. Гар тоормос, хөл тоормос нь заримдаа бариад заримдаа барьдаггүй байсан гэсэн энэ нь тухайн унаж яваа хүнээсээ шалтгаална. Би Ч.Бат-Өлзий, Д.Баатархуяг нарын дунд 250000 төгрөг өгөхөөр тохиролцоод машинаа бариулсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Баатархуягийн:

“...Би 2015 он 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Бат-Өлзийгийн хамт 65-46 УНО улсын дугаартай ачааны авто машинтай ачаа ачаад Улаанбаатар хот орохоор Замын-Үүд сумаас үдээс хойш хөдөлсөн. Хөдлөхөд Бат-Өлзий барьж явж байгаад Дорноговь аймгийн Өргөн сумын зогсоол дээр зогсоход би унаад хөдөлсөн. Тэр үед нар шингэж харанхуй болчихсон байсан. Тэгээд Бат-Өлзий жолоочийн хажууд унтаад би машинаа бариад Чойр өнгөрөөгөөд 16 дугаар зөрлөг арай ороогүй байхад зогсоод Бат-Өлзийг сэрээгээд “миний нойр хүрээд байна, чи жоохон барь” гэж хэлсэн. Тэр үед 04 цаг өнгөрч байсан байх. Тэгээд цааш хөдлөөд би жолоочийн хажуу талаар унтаад явсан. Гэнэт жолооч намайг сэрээрэй болохоо байлаа гээд хашгираад сэрээсэн. Сэрээд хартал том ачааны машин мөргөөд шажигнах чимээ сонсогдож байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд машин замын хажуу талд буучихсан Бат-Өлзий миний хөлийг /машины кабинд шахагдсан/ гаргах гээд оролдоод зогсож байсан. Унтаж явсан болохоор Бат-Өлзий хэдэн км/цагийн хурдтай явсан, ямар шалтгаанаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснийг мэдэхгүй. Бас хэний буруутай үйлдлээс тухайн осол болсныг би мэдэхгүй. Санал, гомдолгүй...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний  нэхэмжлэгч Д.Баярсайханы:

"...Энэ машиныг би ТИ ЗЭТ ЖИ ХХК- аас 2 жилийн өмнө худалдаж авч байсан юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Би энэ машинаараа Улаанбаатар Замын-Үүд 2-ын хооронд ачаа зөөдөг юм. 2015-оны 09-р сарын 27-ний өдөр би түрээсийн жолооч Бат-Өлзий, Баатархуяг гэдэг 2 жолоочид /түрээсийн жолооч нар/ машиндаа хүний ачаа ачуулаад Улаанбаатар хот руу Замын-Үүдээс 17 цагийн үед явуулсан. Би урд өгсөн тайлбар дээрээ бүх зүйлийг ярьсан байгаа. Хохирлоо барагдуулчихвал надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний хариуцагч Д.Баярсайханы:

"...Би энэ машиныг Ти ЗЭТ Жи ХХК-иас 2014 оны 07 дугаар сард худалдаж авсан. Одоо өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан. Осол болох үед машинаа нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан. Төлбөр тооцоо нь дуусаад миний нэр дээр шилжихэд бэлэн болсон бичиг баримт бүрдсэн байсан. 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутагт осолд орсон талаараа тухайн үед жолоодож явсан Бат-Өлзий надад хэлсэн. Тухайн үед том ачаатай машины араас мөргөөд 2 хөргөгч эвдэлсэн байсан. Би Бат-Өлзийд 250,000 төгрөгийн хөлс өгөөд машинаа бариулаад явуулж байсан юм. Би Бат-Өлзийд машинаа хариуцуулаад зохих хөлсийг өгөөд явуулсан. Тиймээс учирсан хохирлыг Бат-Өлзий өөрөө төлөх ёстой...” /хх-ийн 155 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнгийн:

"...2015 оны 09 дугаар сарын 14-нд би БНХАУ-н эрээн хотын ЗУН ЯН нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс нийт 43 ширхэг хөлдөөгч лангуу худалдаж аваад тээвэрлэлт хийдэг хүмүүстэйгээ үнэ хөлсөө тохироод бараагаа тэнд тус дэлгүүрийн Өвөр Монгол орчуулагч Баясаа гэж хүнд орхиод би Улаанбаатарлуу буцсан. Намайг Улаанбаатар хотод 2015 оны 09 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад өглөөгүүр 99105109 дугаараас залгаад би таны 43 ширхэг хөлдөөгч лангууг Эрээнээс ачиж явж байгаа хүн байна миний араас машин мөргөөд ачиж явсан 2 хөлдөөгч лангууг эвдчихлээ тэр 2-ийг ашиглах боломжгүй болсон тул мөргөсөн машины жолооч аваад үлдсэн Чойрын цагдаа дээр очиж уулзаарай. Мөргөсөн машины жолооч /Ж.Бат-Өлзий/ таны хохиролыг бүрэн барагдуулна гэсэн. Тээврийн хөлс 1050 /тухайн үеийн ханшаар 333.900 төгрөг/ юанийг бид нарт төлчихөөрөй гэж хэлсэн. Тэгээд би бараагаа хүлээж авсан 41 ширхэг хөлдөөгч лангуу байсан. Дутуу 2 ширхэг хөлдөөгч лангууны тээврийн зардал болох 1050 /тухайн үеийн ханшаар 333.900 төгрөг/ юанийг ачаа тээвэрлэж ирсэн жолооч Г.Энхтөрд би төлсөн. 2 метрийн урттай шилэн нүүртэй “ВА1.Е” маркын хөлдөөгч лангууг 5400/1.717.200 төгрөгөөр тухайн үеийн ханшаар/юаниар, 3 метрийн урттай шилэн нүүртэй “ВА1.Е” маркын хөлдөөгч лангууг 6900/2.194.200 төгрөгөөр тухайн үеийн ханшаар/юаниар авсан. Хөлдөөгч лангуу гэдэг нь бууз, банш, мах хийж хөлдөөх зориулалттай тийм болохоороо иймэрхүү үнэ ханштай байдаг. Тухайн 2 эвдэрсэн хөлдөөгч лангууг худалдаж авсан баримтуудыг авчирсан байгаа. Надад нийтдээ 4.291.800 /дөрвөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн хохирол учирсан. Үүнд: хөлдөөгч лангууны 2м урттай нь 5400 юань /1.717.200 төгрөг тухайн үеийн ханшаар/, хөлдөөгч лангууны Зм урттай нь 6900 юань /2.194.200 төгрөг тухайн үеийн ханшаар/, тээврийн хөлс 1050 /тухайн үеийн ханшаар 333.900 төгрөг/ юанийг тэгээд баримт орчуулсан мөнгө 6500, Чойр-Улаанбаатар хот хооронд явахад машинд бензин хийсэн 40.000 төгрөг болсон. Надад учирсан нийт хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Энхтөрийн:

"...2015 оны 09-дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн НОРД БЕНЗ маркын 33-09 УНО улсын дугаартай машинаараа хувь хүмүүсийн ачаа ачаад 17-н цагийн орчим хөдөлсөн. 2015 оны 09- дүгээр сарын 27-ны үүрээр Говьсүмбэр аймгийн нутаг 16-р зөрлөг өнгөрөөд явж байтал 05 цагийн үед холын гэрлийн үзүүрт бөөн адуу /2,3-н азрага/ харагдсан хурдаа сааруулаад 20-30 КМ цагийн хурдтай явж байсан зөв талын толиндоо хартал хурц цагаан өнгийн гэрэлтэй машин хурдтай ардаас ирж байсан. Анхааруулах зорилгоор би аваарын гэрлээ асаагаад толиндоо байн байн хараад явж байтал миний машины араас ирж явсан тэр машин маш хүчтэй мөргөсөн. Мөргөнгүүт нь би машинаа зогсоох арга хэмжээ авсан. Намайг машинаа зогсооход тэр машин миний зөв талаар засмал замаас гараад яваад өгсөн /замаас нэг их холдолгүй зогссон/. Тэгээд намайг зогсоод цагаа харахад 05.00 минут болж байсан. Тэгээд тэр машинаас жолооч нь туслаарай гэж хашгирах чимээ сонсогдсон. Машинаасаа бууж очиход уг машины чиргүүлийн гар нь тасраад засмал замын хажууд хажуугаараа харсан байдалтай машин нь болохоор жолоочийн буруу талын кабины хэсэг тэр чигээрээ дотогшоо цөмөрсөн байдалтай байсан ба жолооч зөв талынхаа хаалгаа онгойлгочихсон цуг явсан хүн нь машиныхаа жолоочийн буруу талын суудал дээр хавчуулагдсан /хэвтсэн/ байдалтай орилоод байж байсан. Жолооч бид 2 хавчуулагдсан хүнийг татаж авах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд би машинруугаа гүйж төмөр лоом авчирч хөшиж гаргахад хөл хугарчих шиг боллоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь Говьсүмбэр аймгийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага дуудчихаад бид хэд байж байхдаа би жолоочоос аваарын гэрлээ асаагаад анхааруулаад байхад яагаад машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй юм бэ? гэж асуухад тормозны систем маш муу. Урд 2 дугуй л зуурдаг бусад нь ажиллагаа муу учраас дарж гарч амжихгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Би тэр хүнд хэлэхдээ та 2 миний машины араас ирж мөргөөгүй. Улаанбаатар эрт орох боломжтой байсан гэдгээ хэлж байсан. Бусдаар надад ямар нэгэн зугтах шалтгаан байхгүй. Овор хэмжээ ихтэй ачаатай байсан болохоор бас тэгж хэлсэн. Би 40 орчим тонн хувь хүмүүсийн ахуйн болон цахилгаан бараа ачаад явж байсан. Миний чирж явсан чиргүүл стандартын тавцан чиргүүл байсан. Би урд холын гэрлийн үзүүрт зам дээр адуу байсан болохоор тэр машиныг гүйцэж түрүүлээд адуу мөргөчих байх гэж санаад аваарын гэрлээ анхааруулах зорилгоор асаагаад урсгалдаа явж байсан /би голын цагаан зураас даваагүй/. Арын машинд тухайн үед миний урд зам дээр байсан адуу харагдах боломжгүй байсан байх тэгэхэд харанхуй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, шаардлага байхгүй миний биед учирсан гэмтэл байхгүй болохоор тэгж хэлсэн. Миний машины чиргүүлийн зөв талын хойд поорчиг болон хойд багана арын поорчиг эвдэрсэн тэр эвдрэлийг би өөрөө янзална Ч.Бат-Өлзийд санал гомдол байхгүй. Учир нь тэр хүнд тэр байтугай хохирол гэмтэл учирчихаад байхад би эвдрэлээ засуулах гээд яах вэ гэж бодсон юм...” /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 370 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлтэд

         “...Ч.Бат-өлзийгийн биед өвчүүний дээд хэсгээр зулгаралт гэмтэл учирчээ.

         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлтэд:

          “...Д.Баатархуягийн биед зүүн хөлийн шилбэ ясны ил хугарал, баруун талын суудал ясны доод салааны далд хугарал, цээжинд, баруун бөөрний байрлалд зулгаралт гэмтэл учирчээ.

          Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          Зүүн хөлийн шилбэ ясны ил хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          Баруун талын суудал ясны доод салааны далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

          Цээжинд, баруун бөөрний байрлалд зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

          Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь амь биенд аюултай гэмтлийн эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” /хх-ийн 157 дугаар хуудас/,

 

          2.8. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд:

“...Ренаулт экспресс маркийн 65-46 уно улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Ч.Бат-өлзий нь МУ-ын ЗХД-ийг 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Норд Бенц маркийн 33-09 УНО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн жолооч Г.Энхтөр нь зам тээврийн осолд нөлөөлөх МУ-ын ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна. Ренаулт экспресс маркийн 65-46 уно улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Бат-өлзий нь МУ-ын ЗХД-ийг 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” /тоормозны мөр байхгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна..." /хх-ийн 77 дугаар хуудас/,

 

          Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Осол гарсан газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-17 дугаар хуудас/,

3.3. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

3.4. “Ашид Билгүүн ХХК”-ий зам тээврийн ослын улмаас эвдэрсэн гэх хөргөгч лангууны зах зээлийн дундаж үнэлгээг тогтоосон үнэлгээний хуудас, автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

3.5. Төлбөрийн баримтууд /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

3.6. Говьсүмбэр аймгийн Авто тээврийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “65-46 улсын дугаартай авто машины тоормосны систем, явах эд ангийг шалгах боломжгүй тухай албан бичиг”, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас № 1805 /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

3.7. Ч.Бат-Өлзийгийн банкин дахь харилцах болон хадгаламжийн данс, үлдэгдлийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл /хх-ийн 82-86 дугаар хуудас/,

3.8. Шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 87-90 дүгээр хуудас/,

3.9. Баримтад үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, Ч.Бат-Өлзийгийн жолооны 516759 дугаартай жолооны үнэмлэхний /хх-ийн 92-93 дүгээр хуудас/,

3.10. 33-09 УНО улсын дугаартай Норд бенз маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 75-70 АЧ улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Г.Энхтөрийн жолооны үнэмлэхийн хуулбар, 01-12 АЧ улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 65-46 УНО улсын  дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Д.Баатархуягийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 94-99 дүгээр хуудас/,

3.11. Иргэн Д.Баярсайханыг иргэний хариуцагчаар тогтоох тухай тогтоол, түүнийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 154, 155 дугаар хуудас/,

3.12. Эрүүгийн 201508000202 дугаартай хэргийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын тооцоо /хх-ийн 162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Ч.Бат-Өлзий нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Улаанбаатараас Чойр чиглэлийн хатуу хучилттай засмал замын 508, 165 дахь километрт “Ренаулт экспресс” маркийн 65-46 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Г.Энхтөрийн жолоодож явсан “Норд Бенз” маркийн 33-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байхад араас нь мөргөсний улмаас зорчигч Д.Баатархуягийн бие махбодид хүнд гэмтэл учирч, иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэн, Д.Баярсайхан нарт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хохирогч Д.Баатархуягийн ...гэнэт жолооч намайг сэрээрэй болохоо байлаа гээд хашгираад сэрээсэн. Сэрээд хартал том ачааны машин мөргөөд шажигнах чимээ сонсогдож байсан...,

гэрч Г.Энхтөрийн ...анхааруулах зорилгоор би аваарын гэрлээ асаагаад толиндоо байн байн хараад явж байтал миний машины араас ирж явсан тэр машин маш хүчтэй мөргөсөн... гэх мэдүүлгүүд, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 88, Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзэж байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Ч.Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн болон эрүүл мэндийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Бат-Өлзийд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Баатархуяг нь шүүгдэгч Ч.Бат-Өлзийгөөс эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн зүйлийн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтгүй хэдий ч шүүгдэгч Ч.Бат-Өлзий нь хохирогч Д.Баатархуягийг эмчлүүлж, эмчилгээний зардлыг нь бүрэн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Д.Баатархуягт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэн нь 4.291.800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3900000 /гурван сая есэн зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн байх тул иргэний хариуцагч Д.Баярсайханаас 3900000 /гурван сая есэн зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнд,

 

Харин иргэний нэхэмжлэгч Д.Баярсайханы эзэмшлийн “Ренаулт экспресс” маркийн 65-46 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон 8.355.000 /найман сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирлоос төлсөн Б.Оюунцэцэгийн 5003313888 дугаарын дансанд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хасаж, үлдэх 6.855.000 /зургаан сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Бат-Өлзийгөөс гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Баярсайханд тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь 55 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, мөн иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнгийн хөргөгчтэй лангуун дотор байсан барималын хохирол болох 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг П.Наранцэцэг гэх хүний 5945057898 дугаарын дансанд шилжүүлсэн болохыг дурдаж, харин бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн В, С, Е ангилалын № 516759 дугаарын жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад нь шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 294., 295-297., 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.4., 299

дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайх хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч Д.Баатархуягт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүйг, мөн иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнгийн хөргөгчтэй лангуун дотор байсан барималын хохирол болох 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг П.Наранцэцэг гэх хүний 5945057898 дугаарын дансанд шилжүүлсэн болохыг, харин бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн В, С, Е ангилалын № 516759 дугаарын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 72а-203 тоотод оршин суух, ЕО65021971 дугаар регистртэй, Боржигон овгийн Даваагийн Баярсайханаас 3900000 /гурван сая есэн зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 50-30 тоотод оршин суух, ЧТ77041213 дугаарын регистртэй, Мэргэд овгийн Ядамжавын Жамъянсүрэнд,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийгөөс 6.855.000 /зургаан сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 72а-203 тоотод оршин суух, ЕО65021971 дугаар регистртэй, Боржигон овгийн Даваагийн Баярсайханд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, эдлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлах ял эдлэх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ