| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Н.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Батбаатарт холбогдох 163/2021/0165/Э индекстэй, эрүүгийн 2115000000173 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бодь овогт Намжилдоржийн Батбаатар, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандалд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, … ажилтай, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт … тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: …./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Батбаатарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батбаатарын өгсөн: 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явахдаа ээж, дүү, эгчийн хамт явсан. Замдаа сааталгүй явж байгаад 16 цаг 30 минутын орчимд Булган аймгийн Баяннуур сумын пост дээр мөнгө өгөөд цааш хөдөлсөн. Зам гайгүй харагдаж байсан болохоор тухайн үед жоохон хурд хэтрүүлсэн. Тэгтэл замын эвдрэл таараад би уг нь тормос гишгэсэн боловч амжаагүй жолоогоо дартал буруу тийш жолоогоо дарсан. Тэгээд осол гарч ослын улмаас гурван хүний биед гэмтэл учруулж, мөн тээврийн хэрэгсэлдээ гэмтэл учруулсан. Машин маань 14.500.000 төгрөг гэж байсан. Хувь хүнээс машин авах гэтэл мөнгө хүрэлцэхгүй болохоор нь 5.000.000 төгрөг барьцаалж 9.500.000 төгрөгийн хүүтэй “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ний нэр дээр тухайн тээврийн хэрэгслийг авсан. Машиныхаа мөнгийг төлж барагдуулж дуусгана гэсэн зорилготой байгаа гэх мэдүүлэг, эрүүгийн 2115000000173 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Батбаатар нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат 1 дүгээр багийн нутаг “Зүүн гүдэн” гэх газарт Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд **-** УАО улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4, 12.6А заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Туяагийн биед хүнд, Э.Нарансувд, Н.Одгэрэл нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-13 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-18 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Туяагийн өгсөн: "...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би хүү Батбаатарын хамт “Тоёота приус-20” маркийн машинд нь суугаад охин Одгэрэл, дүү Отгонтуяагийн охин Э.Нарансувд нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд засмал замаар явж байгаад Дашинчилэн сумын нутагт осолдсон юм. ...Миний хүү Батбаатар машинаа барьж явсан. ...Би ослын шалтгааныг мэдэхгүй байна. Гэнэт осол болоод машин хазайгаад хар, нойтон шороо миний нүүр хэсэгт цацагдсан. Надад ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэх мэдүүлэг /хх-39-42 тал/,
Хохирогч Н.Одгэрэлийн өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг, Эрдэнэмандал сумын чиглэлд хамаатны дүү Нарансувдыг хүргэж өгөх гээд манай дүү Батбаатарын **-** УАО улсын дугаартай машинтай Батбаатар, ээж Туяа, Нарансувд нарын хамт Булган аймгийн Баяннуур сум өнгөрөөд явж байгаад осолдсон юм. Тэгээд осолд орсныхоо дараа ээж Туяа, Нарансувд нарын хамт гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм. ...Манай дүү Батбаатар тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа их хурдтай явснаас болоод осол болсон гэж бодож байна. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэх мэдүүлэг/хх-27-29 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Нарансувдын өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сумын чиглэлд манай гэрт намайг хүргэж өгөх гээд Батбаатар ахын машинтай би, Туяа, Одгэрэл эгч бид дөрөв явсан юм. Тэгээд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт явж байгаад гэнэт машин эргэлдээд газарт унасан. Тэгээд осолдсон. Би хурдан явснаас болоод осол болсон байх гэж бодож байна. ...Ослын улмаас зүүн хөлийн дунд чөмөгний яс, баруун хөлийн шилбэний яс хугарсан. Одоо миний хөл өвдөхгүй байна. Харин босч явж болохгүй гипстэй байгаа. ...Осол болох үед Батбаатар ах машинаа барьчихсан, Туяа эгч урд суучихсан, хойд суудалд Одгэрэл эгч бид хоёр суучихсан явж байсан. Туяа эгч, Одгэрэл эгч бид гурав суудлын бүс зүүгээгүй байсан. ...Надад гомдол санал байхгүй. ..." гэх мэдүүлэг /хх-34-36 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгийн өгсөн: “...Манай компаниас Намжилдорж овогтой Батбаатар нь 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 36 сарын хугацаатай 2.5 хувийн 9.500.000 төгрөгөөр “ЗГ1004210183” дугаартай гэрээ байгуулан өөрийн хүсэлтээр зээл авсан. ...36-75 УАО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машины өмчлөгч нь манай байгууллага болж эзэмшил, ашиглалт нь Н.Батбаатарт байсан. Иймд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 5.1-6-д заасны дагуу учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй. Зээлдэгч Батбаатарын зээлийн үлдэгдэл нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8.561.745.27 төгрөг байна. Манай байгууллага өөрийн өмч хөрөнгө болох авто машинаа, зээлийн үлдэгдлийн хамт гаргуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх- 47 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Нарансувдын хууль ёсны төлөөлөгч Д.Отгонтуяагийн өгсөн: “...Ослын улмаас миний охин Нарансувдын баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн дунд чөмөгний яс хугарсан байсан. Одоо миний охины биеийн байдал хэвийн байгаа. Хоёр хөлийг нь гипсэдсэн, цаашид хэвийн эдгэнэ гэсэн өөрөө ямар зовиур ярихгүй байгаа. ...Би ослын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан Батбаатар өөрийнхөө “Тоёота приус-20” машинаа барьчихсан явж байсан гэсэн. Тэгээд Батбаатар надад хэлэхдээ “засмал зам дээр хурдтай явж байгаад замын хувил таарахаар нь буруу дарснаас болоод осолдчихлоо” гэж хэлж байсан. Үүнээс л болсон байх. Миний болоод манай гэр бүлийн зүгээс Батбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй, Батбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй. Батбаатар дүү маань миний охины эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн. Цаашид Нарансувдын уух эм, эмчилгээний асуудал болон зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон. ..." гэх мэдүүлэг /хх-51- 52 тал/,
Гэрч Б.Орхоны өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр намайг Булган аймгийн Дашинчилэн сумын ЗДТГ-т ажил дээрээ байхад 16 цаг 50 минутын орчимд Д.Ган-Отгон над руу гар утсаар залгаад “Улаанбаатар хотоос Дашинчилэн сумын чиглэлд явах засмал замын “Зүүн гүдэн” гэх газарт автомашины осол гарчихлаа цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөч” гэхээр нь би сумын цагдаад гар утсаараа залгаж дуудлага өгсөн юм. ..." гэх мэдүүлэг /хх-63-64 тал/,
Гэрч Д.Ган-Отгоны “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ гараад адуундаа явж байсан чинь 16 цаг 50 минутын орчим Дашинчилэн сумын хараат 1 дүгээр багийн нутаг “Зүүн гүдэн” гэх газарт засмал замын хойд талд саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замаас гараад уначихсан байсан. Ингээд би эхнэр Орхонтой яриад “машин уначихсан байна цагдаа, эмнэлэг дуудаарай” гэсэн. Ингээд намайг осол болсон газарт ирэхэд 3 дугаар ангийн 9 настай хүүхдийн хөл хугарсан, настай эмэгтэй хүний гар нь хугарчихсан яс нь гараад ирсэн байсан. Нэг эмэгтэй машины хойд суудалд гацчихсан машинаас гараагүй байсан. Ингээд би настай эмэгтэйгийн гарыг нь даавуугаар боож өгөөд цусыг нь нойтон сальфеткаар арчиж өгсөн. Тэгээд 9 настай эмэгтэй хүүхдийг юманд ороож газарт хэвтүүлсэн. Тухайн машиныг барьж явсан гэх 180 см өндөртэй 20 гаран насны залуу миний толгой өвдөөд байна гээд энд тэнд суугаад байсан. Ингээд байж байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Тэгээд эмнэлэг, цагдаа нартай хамтраад машины хойд суудалд гацсан байсан эмэгтэйг гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-55-56 тал/,
Гэрч П.Намжилдоржийн өгсөн: “...Манай хүү Батбаатар нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр над руу гар утсаар залгаж “аав би Улаанбаатар хотоос Эрдэнэмандал сум руу ээж Туяа, эгч Одгэрэл, баз Энхболдын охин Нарансувд нарын хамт гарах гэж байна” гэж ярьсан. ...Тэгтэл 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай хүү Батбаатар төрсөн эгч Одонтуяад “машинтайгаа явж байгаад осолдчихлоо” гэж гар утсаар ярьсан байсан. Тэгээд би хүүхдүүдээсээ осол болсон талаар мэдсэн. ..." гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,
Гэрч Б.Мажигийн өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд Дашинчилэн сумын нутагт засмал замд тээврийн хэрэгсэл осолдсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд сумын цагдаа нартай хамт уг дуудлага мэдээлэлд очиход Булган аймгийн Дашинчилэн сумын хараат 1 дүгээр багийн нутаг “Зүүн гүдэн” гэх газарт осол болсон байсан. Осолдсон машины гадна 2 эмэгтэй 1 эрэгтэй машины хойд суудалд нэг эмэгтэй нийт 4 хүн байсан. ...Ингээд тус хүмүүсийг ослын газраас зөөвөрлөж сумын эрүүл мэндийн төвд авч ирээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. ..." гэх мэдүүлэг /хх-67-68 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5974 дугаартай шинжээчийн:
1. Н.Одгэрэлийн биед зүүн шаант ясны гадна хэсгийн мушгирсан, ташуу зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээж, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх- 81-83 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5972 дугаартай шинжээчийн:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5970 дугаартай шинжээчийн:
1. Д.Туяагийн биед 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга бяцарсан зөрүүтэй хугарал, баруун 1, 2-р хавирга, зүүн 2, 10, 11, 12-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралт, зүүн дал ясны эх бие бяцарсан зөрүүтэй, зүүн эгэм ясны гадна 1/3-ийн зөрүүтэй хугарал, сээрний 3, 11, бүсэлхийн 1, 3-р нугаламын эх биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2, 3-р нугаламын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн дунд чөмөгний доод 1/3-ийн зөрүүтэй сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун шуу ясны хугарамтгай хэсгийн далд хугарал, баруун шуу, тохой үений дотор хэсгийн том хэмжээний хууларсан шарх, арьсны үхжил, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх дүгнэлт /хх-97-99 тал/,
Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн:
1. Жолооч Н.Батбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, мөн дүрмийн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж, мөн дүрмийн 12.6-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Зам тээврийн осол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4, 12.6А заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарсан байх магадлалтай байна.
3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлгүй байна.
4. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч Н.Батбаатар нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ осол болох үед 130-140 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн байна.
5. Зам тээврийн осол, хэрэг гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх- 113 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Батбаатарын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал сум орох зорилгоор өөрийн төрсөн ээж Туяа, төрсөн эгч Одгэрэл, манай ээжийн дүүгийн хүүхэд 9 настай Нарансувд нарын хамтаар өөрийн эзэмшлийн **-** УАО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. ...Цаашаа замдаа явж байтал замын ховил таарсан юм. Тэгэхээр нь тормосоо гишгээд, машины хүрдийг баруун гар тийш нь дарсан. Тэгээд замын хажуу тийш орж осолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-166-167 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Н.Батбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Батбаатар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн магадлагаанаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Н.Батбаатар нь суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй, хөдөлгөөний явцад аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүгдэгч Н.Батбаатар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Батбаатарын үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Батбаатарыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат 1 дүгээр багийн нутаг “Зүүн гүдэн” гэх газарт Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд **-** УАО улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4, 12.6А заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Туяагийн биед хүнд, иргэн Э.Нарансувд, Н.Одгэрэл нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Туяагийн биед хүнд, насанд хүрээгүй хохирогч Э.Нарансувд, хохирогч Н.Одгэрэл нарын биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Батчимэг нь шүүгдэгч Н.Батбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 8.561.745 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүгдэгч Н.Батбаатараас 8.561.745 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Батчимэгт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Батбаатарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Н.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Батбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Батбаатар нь урьд ял шийтгүүлж байгаагүй, “Титэм хийц” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 11-31 тоотод амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 134-135 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Батбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Батбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/74 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.Батбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Батбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодь овогт Намжилдоржийн Батбаатарыг автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Батбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Батбаатарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Батбаатарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаатараас 8.561.745 /найман сая таван зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхоны Энгельс 18-15 тоотод оршин суух хаягтай, Баттулгын Батчимэгт олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Туяа, Н.Одгэрэл, насанд хүрээгүй хохирогч Э.Нарансувд, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Отгонтуяа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР