Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч С.*******,

Шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн 2015000000175 дугаартай, 163/2021/0166/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Батсуурийн *******, 1984 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, __________________ оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Ял шийтгүүлж байгаагүй. /РД: _____________/,

Монгол Улсын иргэн, Гөрөөчин Нацаг овогт Нацагийн *******, 1965 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, ___________________ оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хуурайн хөндийн” ХХК-д сахиул ажилтай, ам бүл 1. Ял шийтгүүлж байгаагүй. /РД:_______________/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бат-Эрдэний өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.*******ын өгсөн: Чихний хагалгаанд орсон. Одоогоор чих шуугих өвчтэй байна. Бусад гэмтэл зүгээр болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000175 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-өндөр сумын нутаг “Гөгөстэй” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар иргэн С.*******ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагууу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.*******ын өгсөн “ ...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-өндөр сумын нутаг “Гөгөстэй” гэх газар бодис холих ус авах гээд хамт ажилладаг ******* гэх хүний хамт гол дээр зогсож байсан. Голоос ус аваад явж байтал гол дээр надтай хэрүүл өдөөд  байсан залуу машинтайгаа зам хөндлөөд урдуур орж зогссон.Тэгээд зүс таних ******* ахтай хамт машинаас бууж ирсэн.Тэгээд би бас машинаасаа буусан. Тэгээд  би зүс таних ахыг “сайн байна уу?“ гэж мэндлэхэд ******* намайг шууд гараараа нүүр хэсэгт цохисон. Мөн ******* ах намайг цохиж байсан. Тэгээд би *******тай тэврэлдээд газарт унасан. Тэгэхэд ******* “миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Тийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-17 тал/, 

Гэрч *******ийнн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Гөгөстэй” гэх газарт хар уснаас хор найруулах ус ачихаар ******* гэдэг залуутай хамт ирсэн. ******* гэдэг залуу бид хоёрын урдуур зам хөндлөн зогссон. Тэгтэл нөгөө залуу хоёулаа буугаад гараад ирсэн. Тэр хоёр надтай хамт явсан ******* гэдэг залууг шууд бүлэглээд зодсон. Тэгэхээр нь ******* гэдэг залууг араас нь салгасан. Тэгсэн нөгөө 2 ноцолдож байгаад шавар дээр халтираад унасан.Тэгсэн ******* хөл болохоо байлаа гэж хэлсэн. Миний хөл хугарсан байх аа гээд орилоод хэвтсэн. Тэгсэн эргээд надтай хамт явсан *******, ******* хоёр бас зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №176 дугаартай:

1. Магадлуулагчийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна.

3. Цаг хугацааны хувьд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх- 24-25 тал/,

  Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: ...Би 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хонгор багт байх өөрийн гэртээ байж байгаад “Гөгөстэй” гэх газарт хамаатны ахын гэрт очсон. Хамаатны ах Бат-Өлзийгийнд очиход түүний эхнэр Цэцгээ, хамаатны ах ******* нар монгол архи тойруулж уугаад сууж байсан. Уг архинаас би бага зэрэг уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж байхад 12-21 улсын дугаартай трактор гол дээр ирж ус авч байгаа нь харагдсан юм. Тэгэхэд 20.000 төгрөг надад байсан ба уг мөнгөөрөө 10 литр түлш авчих санаатай уг трактор дээр очиж уулзсан. Трактор дээр очиход 2 хүн байсан. ******* гэх зүс таних залуу нь намайг очиход өөдөөс үгийн зөрөөгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би дуугүй байж байгаад яваад Бат-Өлзий ахын гэрт ирсэн. Бат-Өлзий ахын гэрт байсан ******* ахыг дагуулаад тракторын араас нь очисон. Трактор дээр ******* сууж байснаа бид хоёрыг очиж хажууд нь машинтайгаа зогсоход ******* трактор дээрээсээ бууж ирсэн. Тэгээд ******* бид хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан. Тэгтэл газарт би *******тай хамт унасан. Тэгээд босох гэхэд миний хөл болохгүй хугарсан юм шиг байсан. ******* надтай газар унахдаа миний зүүн хөлний шилбэ рүү жийж унасан юм. Тэгэхэд л миний хөл бэртсэн. ...” гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бат-Эрдэнийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ах Бат-Өлзийгийн гэрт байж байтал манай төрсөн ах Батсуурийн хүү ******* ирсэн. ******* ирээд удаагүй Бат-Өлзий ахын гэрт сууж байтал гол дээр трактор ирж байгаа харагдсан. Уг тракторыг ******* хараад “түлш зарах юм болов уу?, би асуучихаад ирье” гэж хэлээд явсан. Ингээд удалгүй ******* “намайг хүмүүс зодлоо хамт очъё” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тракторын араас *******ын машинтай хамт явсан. Уг тракторын хажууд очиж зогсоход трактор зогссон. Трактораас ******* гэх хуучин танил дүү бууж ирсэн.  Би *******ыг “чи яасан бэ?” гэж хэлэхэд ******* намайг бариад авсан. Тэгэхээр нь би *******ыг хоёр гурван удаа цохисон. ******* миний цээж хэсэгт цохисон. Тэгэхэд *******, ******* нар хоорондоо барьцалдаад үлдсэн. Тэгээд би гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх-87-88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бүлэглэж С.*******ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ бүлэглэж иргэн С.*******ын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Н.******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч С.******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг бүлэглэж бусдын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******, Н.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Хутаг-Өндөр сумын 5 дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй байна.  

Мөн хавтаст хэргийн 35-40 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, улсын бүртгэлийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.******* нь ам бүл ганцаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4/70 дугаартай тогтоолоор хангаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.*******, Н.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Батсуурийн *******, Гөрөөчин Нацаг овогт Нацагийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНБААТАР